Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

 

      2023           3         01                                          2023/ШЦТ/255  

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02137 0108 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 4-6 насны 2 хүүхдийн хамт,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч У.А нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо *** тоот хашаанд байх монгол гэрийг түрээслэн сууж байхдаа бусдад худалдан завшсаны улмаас хохирогч Ж.Ид 5.520.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч У.А.

          1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

          2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.А нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо *** тоот хашаанд Ж.Игийн монгол гэрийг түрээслэн сууж байхдаа тус монгол гэрийг бусдад худалдан завшсаны улмаас хохирогчид 5.520.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

          Энэ нь хохирогч Ж.Игийн “...2022 оны 6 дугаар сарын 05-ны орой нэг эмэгтэй манай нөхөртэй холбогдож 2 хүүхэдтэйгээ ирсэн ба манай нөхөр тухайн үед гэрээ хийгээгүй, сарын 100.000 төгрөгөөр тохирсон байсан. Улмаар эхний 2 сарын мөнгө болох 200.000 төгрөгийг манай нөхрийн 5070148993 гэсэн данс руу А гэх эмэгтэй хийсэн байсан. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоод байрлах гэртээ иртэл хашаанд түрээслүүлж байсан гэр маань байхгүй байсан учир цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх13-14/,

- гэрч С.Тын “...2022 оны 6 дугаар сарын 05-ны орой нэг хүн холбогдож гэрт ирж үзээд гэрээ А гэх эмэгтэйд түрээслүүлэхээр болж сарын 100.000 төгрөгөөр тохиролцож 2 сарын мөнгө болох 200.000 төгрөгийг над руу А гэх эмэгтэй шилжүүлсэн. Тэр эмэгтэй ирэхдээ 2 жоохон хүүхэдтэйгээ ирж гэрийг түрээслэхээр болж 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж түрээсэлж эхэлсэн. Өнөөдөр гэтэл манай амбаарт юмаа хийсэн байсан зүс таних ах болох Баярмагнай ах хашаанд очоод манай гэр байхгүй болохоор нь гайхаад бид хоёр руу залгаад “танайх гэрээ нүүлгэсэн юм уу, хүн байхгүй байгаа юм уу” гэхээр нь гайхаад хашаандаа очтол манай гэр байхгүй, нүүлгээд аваад явчихсан байсан. Ингээд түрээсэлж суусан охин нүүлгээд аваад явчихжээ гэж бодоод хамар хашааны эгчээсээ асуутал 2022 оны 6 дугаар сарын 17-ны орой танай гэрийг буулгаад ачаад аваад явчих шиг болсон. Би бодохдоо танайхыг нүүж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд гэр нүүлгэж байхад манай гэрийг түрээсэлсэн охин, 2 хүүхэдтэйгээ байж байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

- шүүгдэгч У.Агийн “...ажил байхгүй, хоёр бага насны хүүхэдтэй, мөнгөний хэрэгцээ гарахаар нь би уг гэрийг заръя гэж бодоод өөрийн фэйсбүүк хаяг дээр зар тавьж, хөдөөгийн бололтой ах, эгч хоёр өөрсдөө портер машин хөлслөөд уг гэрийг ачаад явсан. Би гэрийг 450.000 төгрөгөөр зарсан ба мөнгөө хоёр хуваагаад бэлнээр авсан. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухаарч байна...” гэсэн мэдүүлэг /хх37/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1144 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд монгол гэрийн мод, эсгий дээвэр, туурга, цагаан бүрээс, өрх, ор, зуух, яндан зэрэг нийт хохирлын дүнг 5.520.000 төгрөгөөр тогтоожээ. /хх 24/, Шүүгдэгч нь хохирлын үнэлгээтэй холбоотой аливаа санал, хүсэлт гаргаагүй байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 5.520.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж дүгнэлээ.

4. Хохирогч нь шүүгдэгч У.Агийн эзэмшилд өөрийн монгол гэрээ түрээслэхээр шилжүүлсэн буюу итгэмжлэн хариуцуулсан, шүүгдэгч нь тухайн гэрийг эзэмших эрхтэй болохоос бусдад худалдах, захиран зарцуулахгүй эрхгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Ж.Ид энэ гэмт хэргийн улмаас 5.520.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь уг хохирлоос 160.000 төгрөгийг төлж, үлдэх 5.360.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно.   

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

Иймд шүүгдэгч У.Агаас 5.360.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч У.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.

9. Шүүгдэгч нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, 2 хүүхдийг минь харах хүн байхгүй гэжээ.

10. Шүүгдэгч У.Агийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

13. Шүүгдэгчийн хувьд оршин суугаа тодорхой хаяггүй, ажлын газраа хоноглож ажилладаг, давхар угаалгын газарт ажиллаж байгаа хохирол төлөхөө илэрхийлж байна гэснийг болон түүний бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах шаардлагагүй, харин хорих ял оногдуулахгүй тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

14. Иймд шүүгдэгч У.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

15. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

17. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

18. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Агаас 5.360.000 /таван сая, гурван зуун жаран мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ид олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР