| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/258 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/258
2023 3 01 2023/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Ганчимэг,
шинжээч эмч Л.Баттулга,
шүүгдэгч М.Эийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт
Холбогдсон хэргийн талаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Э.
1. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах прокурорын дүгнэлттэй холбоотой эсрэг санал, дүгнэлт гаргаагүй болно.
2. Шүүгдэгч М.Э нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орбитын тойргийн орчимд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Баийн өмчлөлийн “Хонда сивик” маркийн, *** улсын дугаартай автомашиныг буюу авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож байна
Энэ нь хохирогч Б.Баийн “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ...16 цагийн орчимд ажлаа тараад машинаа авах гээд тойрог дээр иртэл миний *** улсын дугаартай, сувдан цагаан өнгийн “Сивик” маркийн машин байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд орой над руу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсээс таны машиныг олсон одоо журмын хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд би журмын хашаанд очиж машинаа харсан. Нэг танихгүй хүн миний машиныг хулгайлж авч явсан байсан. Миний машины жолоочийн эсрэг талын крило цөмөрсөн, урд буфер хагарсан, жолоочийн эсрэг талын их гэрэл хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-30/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Ц.Баяийн “...Би хувиараа өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай хар өнгийн Пруис 41 маркийн автомашинтайгаа таксинд явдаг юм. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтаас Орбитын тойрог руу орох замд замын хөдөлгөөнд оролцоод явж байхад баруун талаас цагаан өнгийн Хонда сивик маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруун талын 2 хаалгыг мөргөж гэмтээгээд тэгээд ухраад зугтаасан. Тэгээд араас нь би хөөгөөд Орбитын хуучин эцэс дээр зогсоогоод цагдаад дуудлага өгч тухайн хүнийг барьж өгсөн. Миний машинд 1.5 сая төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн “...Миний хүү Э нь айлын ганц хүүхэд бөгөөд 2009 онд Өмнөд Солонгос улс руу ажиллахаар яваад 2010 оны 9 дүгээр сарын дундуур Өмнөд Солонгос улсад байхдаа бусдад зодуулж тархиндаа хүнд гэмтэл аваад сэтгэцийн өвчтэй болоод ирсэн бөгөөд түүнээсээ хойш ажил төрөл хийлгүй СЭМҮТөвд байнгын хяналтад байдаг болсон. Өвчин нь тодорхой цаг хугацаанд эм уусан үед гайгүй байж байгаад гэнэт өвчин нь хөдлөөд өөрийн юу хийснээ мэддэггүй. Миний санаж байгаагаар 3-4 удаа хүний машиныг яаж гэдгийг нь мэдэхгүй онгойлгоод зөвшөөрөлгүй авч яваад энд тэнд аваачаад хаячхаад байдаг юм. Шархадны СЭМҮТ-с байнга хүүгээ эмнэлгийн хяналтад эмнэлэг дээр байлга гэж шаарддаг боловч манай хүү эмийн хордлого өгөөд хэцүү байдаг болохоор би өөрийн хяналтад байлгана гээд өөр дээрээ аваад гэртээ хамт байдаг боловч намайг гадуур ажил хийхээр гарах үед гэрээсээ гарч яваад асуудал үүсгээд байгаа юм. Манай хүү хөдөлмөрийн 80 хувийн чадвараа алдсан гэж тогтоогдоод одоог хүртэл СЭМҮТөвийн хяналтад байгаа...” гэсэн мэдүүлэг /хх48/, М.Эийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт /хх59-61/, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
3. Шүүгдэгч М.Эийн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
4. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 898 дугаар автомашин техникийн үнэлгээний тайланд Тоёота Приус 41 Альфа *** улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнг 1.500.000 төгрөг /хх38/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1734 дугаар автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд Хонда Свик *** улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнг 360.000 төгрөгөөр /хх41/ тус тус тогтоожээ.
Шүүгдэгч М.Эийн үйлдлийн улмаас хохирогч Б.Баийн автомашинд 360.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ц.Баяийн автомашинд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
5. Шүүгдэгч М.Эийг эрх зүйн чадамжгүйд тооцсон нөхцөл байдал байхгүй байх тул түүний бусдад учруулсан хохирлыг өөрөөс нь гаргуулахаар шийдвэрлэв. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Баяөд, 360.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Баэд олгуулж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
6. Улсын яллагчаас шүүгдэгч М.Эийн хэрэг хариуцах чадваргүй байдалтай холбоотойгоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаагаар авах санал дүгнэлт гаргасан.
7. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг бага хугацаагаар авхуулах саналтай байна гэв.
8. М.Эийг “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэрт 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалттай /хх51-52/, М.Эийн СЭМҮТөвөөр үйлчлүүлсэн мэдээлэл /хх57/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1151 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд “М.Э нь сэтгэцийн хувьд "Р25.2 Шизоаффектив эмгэг холимог хэлбэр, дэмийрлийн байдал" эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаант сэтгэцийн эмгэг болно. М.Э нь одоогоор болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэх чадваргүй байна. М.Эийн сэтгэцийн хөгжлийн түвшин нь өөрийн насны түвшинд тохирсон байна. М.Э нь хэрэг үйлдэгдэх үед Шизоаффектив эмгэг холимог хэлбэр эмгэгтэй байсан байна. М.Э нь өөрийн үйлдэл, үйл ажиллагааг сэтгэцийн хувьд удирдан жолоодох чадваргүй байна. М.Э сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. М.Э нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж баримт үгүй байна. М.Э нь хэрэг үйлдэгдэх үед Р25.2 Шизоаффектив эмгэг холимог хэлбэр эмгэгтэй байсан байна. М.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналтай байна.” гэжээ. /хх61/,
Дүгнэлттэй холбоотой шинжээч хуралдаанд мэдүүлэхдээ “..эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм гэж нарийвчлан заах шаардлагагүй, хугацаа заах шаардлага тавигддаг тул түүний хувийн байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сараар авах саналтай байна, уг хугацааны үед үргэлжлүүлэн сунгах, өөрчлөх эсэхийг шийдвэрлэх боломжтой байдаг, яг тэд гэсэн хугацааг нарийвчлах боломжгүй...” гэжээ.
9. Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1131 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан нөхцөлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно гэж заасны дагуу шүүгдэгчийн сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, прокурорын саналыг тус тус харгалзан М.Эд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинжээчийн дүгнэлт, хууль ёсны төлөөлөгчийн тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч М.Эд 2 сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд /Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт/ хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэр гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлнэ гэж заасны дагуу холбогдох баримтыг хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Эд 2 /хоёр/ сарын хугацаатайгаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх заалтад шүүгдэгч М.Эөөс 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Баэд, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Ц.Баяөд тус тус олгуулсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР