Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 166

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Тайж овогт О.Н  /РД: ................../, Өмнөговь аймгийн, Даланзадгад сум, 6 дугаар баг ................... тоот

Хариуцагч: Боржгон овогт Н.А  /РД: ......................./, Өмнөговь аймгийн, Даланзадгад сум, 3 дугаар .................... тоот

2 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н , хариуцагч Н.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Н.А т 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд би өөрийн хүүгээ гадаад явуулахаар “ХБ ”-аас зээл авах гэж байхад найз Н.А  маань банкнаас надад нэмээд 10 000 000 төгрөгийн зээл аваад өгөөч. Би хөрөнгөө барьцаалуулъя гэж гуйсан тул би “ХБ ”-аас зээл авч 8 000 000 төгрөгийг нь Н.А т зээлдүүлсэн юм. Ингээд удахгүй Н.А  нь зээлсэн мөнгөнийхөө 5 000 000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 3 000 000 төгрөгийг нь банкны хүүтэй нь эргүүлж өгнө гэсэн боловч өгнө өгнө гэж явсаар өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. Н.А  нь ноднин хавар 100 000 төгрөг хүү Б.Н ынхаа данснаас миний данс руу шилүүлсэн. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөн дансаар 250 000 төгрөг шилжүүлснээс өөрөөр зээлсэн мөнгөө өгөөгүй тул үлдэгдэл 2 650 000 төгрөгөө Н.А ээс гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Н.А ээс 2 650 000   төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2015-2016 оны хооронд НД ХХК-д даатгалын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд тухайн үед Н.А  нь тус даатгалын газрын Өмнөговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байсан юм. Энэ үед би хийсэн даатгалынхаа хувиар цалинждаг байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр надад олгогдсон 208.649 төгрөгийн цалинг Н.А  нь надад өгөх байсан өрнөөсөө өгсөн мэтээр тайлбар гаргасан нь үндэслэлгүй худал бөгөөд би хийсэн ажлынхаа хөлсийг л авсан юм. Тухайн өдөр Н.А  цалинг маань Хаан банкаар дамжуулан миний данс руу шилжүүлэх гэхэд нь банкны ажилтан нь андуураад НД ХХК-ийн данс руу шилжүүлчихээд буцаагаад миний данс руу шилжүүлсэн учраас гүйлгээний утга дээр нь НД аас буцаалт гэж бичигдсэн болно. Мөн Н.А  нь намайг ажилд орсны дараа ажилд принтер хэрэгтэй байна гэхэд нь би хүүгийнхээ худалдаж аваад бараг хэрэглээгүй байсан принтерийг 300 000 төгрөгөөр зарсан бөгөөд тус принтерийнхээ үнийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлчихээд одоо принтерийнхээ үнээс илүү мөнгө өгсөн гэж бичсэнийг би ойлгохгүй байна. Н.А  нь надаас 300 000 төгрөгөөр принтер авсан гэдгээ сайн мэдэж байгаа. Хариуцагч Н.А ийн хариу тайлбарт 2016 оны 05 дугаар сарын 16-ний өдөр өгсөн гэж бичсэн 400 000 төгрөгийг миний бие огт аваагүй бөгөөд НД ХХК-ийн харилцагч Соёмбо бичиг хэргийн дэлгүүрийн эзэн О.Н  рүү шилжүүлсэн мөнгөө надад өгсөн мэтээр бичсэн байна. Мөн би Н.А  болон Н  түүний гэр бүлийнх нь хүн болох Д  нарын хооронд мөнгө өгөлцөж авалцсан асуудлыг огт мэдэхгүй бөгөөд хариу тайлбарт нь дурьдсан шиг өрөнд суутгасан асуудал байхгүй тул миний бие өөрт учирсан хохирол 2 650 000 төгрөгөө Н.А ээс хурдан гаргуулж авах хүсэлтэй байна. Хариуцагч нь намайг нэхэмжлэл гаргах хүртэл надад худал үнэн шалтаг тоочиж байсан бөгөөд одоо харин найздаа туслах гэсэн сэтгэл рүү минь ус цацаж өрөө төлсөн мэтээр худлаа баахан баримт гаргаж өгсөнд үнэхээр гомдож байна. Миний бие Н.А ээс өрөндөө авсан мөнгөө нэхэмжлэлдээ үнэн зөвөөр нь бичсэн бөгөөд түүний цаасан дээр гараар бичсэн 180 000, 76 000, 223 600, 350 000 төгрөгүүдийг огт аваагүй болно.

Анх манай хүүхэд гадаад руу явахаар болоод банкнаас мөнгө зээлэх гэж явахдаа Н.А тэй тааралдсан. Би хүүхдээ явах болсныг хэлээд банкнаас их мөнгө зээлж чадахгүй байгаагаа хэлэхэд надад бас мөнгөний хэрэг байна, миний байрыг барьцаанд тавиад надад мөнгө зээлээд өгчих гэсэн боловч банкнаас барьцаа нэмсэн ч гэсэн мөнгө нэмж өгөөгүй юм. Би нөхрийнхөө хамт Н.А т 8 000 000 төгрөг өгсөн. Н.А  ч хэлснээрээ 5 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 3 000 000 төгрөгийг банкны эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөд яваарай гэж хэлсэн. Түүнээс хойш би банкны мөнгөө хүүтэй нь төлсөөр байгаад дуусгасан. Н.А ээс мөнгөгүй болсон үедээ нөгөө мөнгөө авъя гэхээр өгнө гэдэг байсан. 3 000 000 төгрөгөөс  350 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Би хотод эмчилгээ хийлгэж байхдаа Н.А т мөнгөө гүйцээж авъя гэхэд би чамд мөнгөө төлөөд дууссан, шүүхдээд аваарай гэж хэлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн асуудал яригддаг. Үүн дээр нэхэмжлэгч, хариуцагч нар маргадаггүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэж байна. Иймд зээлийн гэрээний дагуу тухайн зээлдүүлсэн мөнгийг зээлдэгч нь төлөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч нь биелүүлэхгүй, удаа дараа нэхүүлээд хамгийн сүүлд 350 000 төгрөг өгөөд түүнээс хойш өгөхгүй байсан учраас О.Н  нь Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргасан байгаа. Үүний дагуу 2 650 000 төгрөгийг хариуцагч Н.А  нь төлж барагдуулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр хариуцагч нь тухайн мөнгийг төлж байсан гэж баримтууд гаргаж өгсөн боловч үүнийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эдгээр баримтууд нь тухайн зээлийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй баримтууд биш байна. Тухайлбал 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 299 600 төгрөг принтерийн үнэ гэсэн баримт. Талууд зөвхөн принтерийн үнийн дүн дээр маргадаг хэдий боловч баримтын агуулга дээр принтерийн үнэ гээд гүйлгээг “НД ” ХХК-аас шилжүүлсэн байгаа нь зээл төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 649 төгрөгийн баримт байна. Үүнийг нэхэмжлэгч надад цалин олгох ёстой байснаа банкны теллерийн буруу гүйлгээ хийгдээд “НД ” ХХК-аас буцаалт гэж орсон юм гэж ярьдаг. Гүйлгээний утгыг харсан ч энэ бол компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал байгаа учраас үүнийг хувь хүний зээлтэй холбож тайлбарлах боломжгүй. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 400 000 төгрөгийн баримт байна. Үүнийг андуурч өгсөн баримт байна, энэ мөнгийг О.Н т өгөөгүй гэдгээ хариуцагч өөрөө тайлбарлаж байна. Тийм учраас энэ баримтыг мөн зээл төлсөн гэж үзэх боломжгүй. 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 350 000 төгрөгийн асуудал байдаг. 8 хувийн хүүтэй зээл төлөв гэсэн зүйлийг гүйлгээний утга хэсэгт бичсэн. Энэ гүйлгээний утгыг харахад О.Н  мөн эсэх нь эргэлзээтэй. Энэ баримтыг мөн зээлсэн мөнгөнөөсөө буцааж төлсөн байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Бусад цаасан дээр бичсэн мөнгөнүүдийг хариуцагч төлсөн гэж тайлбарладаг ч О.Н  аваагүй гэж тайлбарладаг. Энэ баримтууд ч нотлох баримтын шаардлага хангадаггүй. Цаасан дээр бичсэн жагсаалт нь ажил үүрэгтэй нь холбоотой төлбөр мөнгө юм шиг байгаа юм. Хэрэв О.Н  нь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өр төлбөртэй байсан бол тухайн компани нь нэхэмжлэх ч юм уу, өр төлбөрийн акт тооцох байсан байх. Тиймээс үүнийг мөн зээлийн харилцаатай холбож тайлбарлах үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Н д 1 000 000 төгрөгийг өгч өр дамжуулсан гэсэн асуудал яригддаг. Яг баримтыг нь үзэхээр Д  гэж хүн рүү шилжүүлсэн байдаг. Үнэхээр Д , Н  нар нь гэр бүлийн харилцаатай юм уу, үнэхээр өр дамжуулсан уу, эсхүл О.Н т өгөх мөнгөнөөсөө татгалзаад байна уу гэдэг байдал нь тодорхойгүй. О.Н  нь тэр хүнээс мөнгө аваагүй гэдгээ хэлдэг. Н.А  нь эхний тайлбар дээрээ би өгсөн шүү гэхэд О.Н  нь би аваагүй шүү, чи тэр Н тэй тооцоогоо хийгээрэй гэдэг зүйлийг удаа дараа ярьж байсан гэдгийг хэлсэн. Тийм учраас энэ мөнгийг шууд Н.А ээс О.Н т өр барагдуулсан төлбөрөө гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж О.Н т Н.А ээс 2 650 000 төгрөгийг гаргуулж өгөх нь зүйтэй гэж дүгнэж байна гэв.

Хариуцагч Н.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Оргой овогтой О.Н ийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 1 жил гаруйн өмнө нэхэмжилсэн 2 650 000 төгрөгийг миний хувьд төлж барагдуулсан. 2013 онд О.Н  нь хүүгээ гадаадад сургуульд явуулах гэсэн мөнгө байдаггүй банкнаас зээл авах гэсэн барьцаа хөрөнгө байдаггүй чи барьцаа хөрөнгөө тавих байшингийн ордероо өгөөч өөрөө мөнгө хэрэгтэй бол нэмж аваад чамд өгье. Барьцаа хөрөнгөө хэрэглүүлж байгаа юм чинь чамд авч өгье. Банкны хүүгээ яах вэ  гэж хэлээд байрны бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа гаргуулж авсан. Надад 3 000 000 төгрөг өгсөн. Үүнийг би цувуулж төлөөд дуусгасан. 2013-2014 онд өгсөн баримтаа олоогүй. 2015 оны 05 дугаар сарын 21-нд 299 600 төгрөг шилжүүлснээс принтер О.Н ээс худалдаж авсан. Түүний үнэ 150 000 төгрөг хасаад 149 600 төгрөг төлсөн. 2015 оны 06 дугаар сарын 24 өдөр 208 649 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 350 000 төгрөг мөн 04 дүгээр сарын 25 өдөр 76 000 + 223 600 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 180 000 төгрөг тус тус төлсөн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 24-нд Н  гэдэг хүн надаас 1 000 000 төгрөг түр зээлээч гээд би 2 хоногийн хугацаатай өөрийнхөө цалингаас өгье гэж 1 000 200 төгрөг гэр бүлийнх нь хүн Д гийн нэр дээр шилжүүлсэн. Хугацаанд нь өгөхгүй удаад байхаар нь нэхсэн чинь таныг надад өртэй тэр өрнөөс чинь суутгачих гэсэн өгөхгүй Нараа эгчийн өрөнд суутгалаа гэж хэлээд өгөөгүй. О.Н т өөрт нь ч хэлсэн. Мөн манайд төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа хийсэн даатгалынхаа орлогыг тушаагаагүй байсныг би өөрөө төлсөн. Манай хүүгээс 100 000 төгрөг, надаас 250 000 төгрөг, бас дансанд нь орсон байгаа. Ийм учраас энэ нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй болно гэжээ.

Хариуцагч Н.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Н ээс мөнгө авсан нь үнэн. Гэхдээ О.Н  над дээр ирээд хүүхдээ гадаадад сургуульд явуулах гээд банкнаас мөнгө зээлэх гэсэн чинь банкны барьцаа хүрдэггүй ээ, чамд банкны барьцаанд тавих зүйл байна уу? Чамд мөнгө хэрэгтэй бол бас нэмээд авч болно шүү дээ гэхээр нь би байрны ордер байна, манай байрны ордерыг барьцаанд тавиад авч болно гээд улсын бүртгэлээс лавлагааг нь гаргуулаад барьцаанд тавиулаад мөнгөө авсан юм. Би 5 000 000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. 3 000 000 төгрөгийг нь жижиг жижгээр өгсөөр байгаад 250 000 төгрөг үлдсэн байна гээд 250 000 төгрөгийг нь шилжүүлээд өргүй боллоо гэж бодсон. 2016 оны 05 дугаар сард Н  над руу утсаар яриад 1 000 000 төгрөг зээлээч, ганц хоногийн хугацаатай хэрэглээд өгье гэж хэлэхээр нь урамшууллын мөнгөнөөсөө 1 020 000 төгрөгийг Н гийн эхнэрийнх нь данс руу шилжүүлээд, хугацаандаа өгөөрэй гэсэн чинь тэгнэ, хугацаандаа өгнө гэсэн. Тэгээд нөгөө мөнгөө Н  маргааш нь өгдөггүй, нөгөөдөр нь өгдөггүй. Би бас тухайн үед хөдөөгүүр явах ажилтай байж байгаад явж ирээд Н тэй уулзахад О.Н  эгч танаас 3 000 000 төгрөгийн авлагатай гээд явж байна лээ. О.Н  эгч манайд 2 000 000 төгрөгийн өртэй юм чинь би танд өгөх ёстой энэ 1 000 000 төгрөгийг чинь О.Н  эгчийн  өрөнд авчихъя гэж хэлэхээр нь би за тэгвэл тэг, тэг гэж хэлсэн. О.Н т би Н  чамаас ийм мөнгө авах юм гэж байна, би Н тэй тооцоогүй боллоо шүү, Н д чи намайг өртэй гэж хэлсэн юм байна. Би Н гийн тооцооны энэ мөнгийг чамд өгөх өрнөөсөө хаслаа шүү гэж хэлсэн. Угаасаа Н г О.Н  бол сайн танина. Ах дүү, садангийн холбоотой ч байж магадгүй гэж би боддог. Ах нь ч билүү, дүү нь ч билүү нэг хүүхэн ирсэн нөгөө 1 000 000 шилжүүлсэн баримтыг чинь үзье, уулзъя, бид хоёр хамт явж байна, энэ хүн үдээс хойш хот явах юм гээд хэлсэн. Би тэр үед хоёр машин мөргөлдөөд нөхөн төлбөрийн асуудал шийдвэрлэх гээд ажилтай явж байна, уулзаж чадахгүй юм байна гээд тэр хүнтэй уулзаж чадаагүй өнгөрсөн юм. Би өнөөдөр Н тэй уулзаад эхнэрээр нь бичиг хийлгэж аваад ирэх гэсэн боловч өглөө 06 цагаас хойш гэрт нь хэд хэд очоод гэр нь эзгүй байлаа. Эхнэр Д г нь авч ирээд уулзуулаад учрыг нь олох гэж бодсон юм. 360 000 төгрөг гэдэг нь энэ хүний найз Б  гэдэг хүнээс 500 000 төгрөг 10%-ийн хүүтэй зээлээд, тэр мөнгөнөөсөө 360 000 төгрөгийг тэр өдөрт нь О.Н т өгсөн. Н гээс 570 000 төгрөг зээлээд, тэр мөнгөнөөсөө 180 000 төгрөгийг бэлнээр О.Н т өгсөн. Миний гаргаж өгсөн баримтууд үндэслэлтэй үнэн баримтууд байгаа. Ямар ч байсан би тооцоогоо хийж үзээд 250 000 төгрөг өгөх юм байна. Үүнийг нь төлье гэж бодоод шилжүүлсэн. Над дээр нэг өдөр бас мөнгөний хэрэгцээтэй байна гээд О.Н ийг ирэхээр нь надад мөнгө байхгүй байна, хүүхдэд мөнгө байвал шилжүүлье гэж хэлээд хүүгийнхээ данснаас 100 000 төгрөг шилжүүлсэн. Ер нь бол ийм зүйл болсон. Би баримтуудаа өгсөн. Ийм тооцоонууд байгаа боловч өөрөө санахгүй байгаа юм уу, нэг ч мөнгө өгөөгүй гэж яриад байдаг. ... Тэр уутны мөнгө бол андуурсан зүйл болсон байна лээ. Принтерийн хувьд 299 000 төгрөгөөр аваад шилжүүлсэн. Би 150 000 төгрөгөөр принтерийг үнэлж аваад 149 000 төгрөгийг нь өөрийнхөө өрийг дарах гэж шилжүүлсэн. Угаасаа тэр принтерийг авсны дараа “Номин” бөөний төвд принтер 89 999 төгрөгийн үнэтэй байсан. Би О.Н т чиний принтерийг нэг нугалсан үнээр авсан байна шүү гэж хэлээд өнгөрсөн. Н гийн хувьд Н  би О.Н ээс 2 300 000 төгрөг авах ёстой гэж хэлсэн. О.Н  өөрөө над дээр ирээд чи тэр мөнгөө миний өрөнд суутгачих, би Н д өртэй юм чинь гэж хэлсэн. Би Н тэй уулзаад тэр мөнгөө суутгачихаарай, чи надад тооцоо байхгүй, би ч чамд тооцоо байхгүй. Чи О.Н тэйгээ тооцоогоо дуусгасан юм  байгаа биз гэж хэлээд орхисон. Ер нь бол би Н тэй ийм юм боллоо гээд гарын үсгийг нь аваагүй. Тэр нь миний алдаа. Миний Н гийн эхнэр Д гийн данс руу шилжүүлсэн мөнгийг О.Н ийн 2 000 000 төгрөгийн өрнөөс хасаж байгаа шүү л гэж хэлсэн. О.Н  өөрөө ч гэсэн би Н д өртэй юм чинь чиний тэр мөнгийг өрөндөө суутгаад тооцъё гэж хэлсэн. Би тэг тэг, би Н гээс угаасаа мөнгөө авч чадахгүй юм байна гэж хэлээд өнгөрч байсан. Бусад мөнгөний хувьд би өгсөн өдрөө он, сар, өдөртэй нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авснаа нотлох баримтаар гаргаад өгсөн. Буруу зөрүү юм гаргаж өгөөгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Н  нь хариуцагч Н.А т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь дээрх мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр О.Н  нь банкнаас зээл авч Н.А т 8 000 000 төгрөг өгсөн ба үүнээс хариуцагч нь 5 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг авсан үйл баримтын талаар талууд маргахгүй байна. Мөн энэхүү 3 000 000 төгрөгөөс 2018 оны хавар 100 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 250 000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэн авснаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүрэг үүснэ.

Хариуцагч Н.А  нь “...уг мөнгийг би цувуулж төлөөд дууссан, үүнийгээ нотлох баримтуудаа хариу тайлбартаа хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн...” гэсэн тайлбарыг гаргаж байх ба хариуцагчаас татгалзлаа нотолж гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Нэхэмжлэгч О.Н ийн ХААН банк дахь дансанд 2015 оны 05  сарын 21-ний өдөр НД ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбараас “Н.А  принтерийн үнэ” гэх гүйлгээний утгатай 299 600 төгрөг шилжүүлсэн баримт, Нэхэмжлэгч О.Н ийн ХААН банк дахь дансанд 2015 оны 06 сарын 24-ний өдөр НД ХХК-с “НД аас буцаалт” гэсэн гүйлгээний утгатай 208 649 төгрөг шилжүүлсэн баримт, 2016 оны 05 сарын 24-ний өдөр Д  гэх данс эзэмшигчид НД ХХК-с “НД шимтгэлийн мөнгө шилжүүлэв” гэх гүйлгээний утгатай 1 000 200 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, О.Н  2015 гэж гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийн 1 хуудас гар бичмэл зэрэг баримтуудыг тухайн маргалдагч талуудын зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.Н ийн дансанд мөнгө шилжүүлсэн 2 ширхэг баримтын гүйлгээний утга болон мөнгөн дүн, шилжүүлэгч /НД ХХК/ зэргээс хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Д гийн дансанд НД ХХК-с мөнгө шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүйн дээр хариуцагч нь “уг мөнгийг Н  гэх хүний эхнэр Д гийн дансанд шилжүүлсэн, улмаар О.Н  Н д өртэй тул өрөндөө суутгаад тооцсон” гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаар нотолсон өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Тэмдэглэлийн дэвтрийн 1 хуудсанд наасан цаасан дээр “Нараад 76000+223600, Нараад 180 000 төгрөг өгөв” гэх бичвэр байх ба хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй энэхүү баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгч О.Н т зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Харин 2015 оны 08 сарын 10-ны өдрийн 350 000 төгрөг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан гарын үсэгтэй бэлэн мөнгөний орлогын баримтыг хариуцагч татгалзлаа нотолсон баримт гэж үзэн үнэлсэн болно.  

Хариуцагч Н.А  нь шүүх хуралдаанд “О.Н  данс эзэмшигчид уутны үнэ 400 000 төгрөг шилжүүлсэн баримтаа адилхан нэртэй болохоор нь гаргаж өгсөн ба энэ нь нэхэмжлэгч О.Н  биш болох нь баримтаар тогтоогдсон тул уг 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар гаргаж байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэж байна.

Иймд хариуцагчаас 2 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А ээс зээлийн гэрээний үүрэгт 2 300 000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 51 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНСҮРЭН