Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           3             09                                           2023/ШЦТ/298

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Л.Баатар, Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л,

шүүхийн иргэдийн төлөөлөгч Ж.Ариунболд,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Д.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Н.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1644 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сар, 8 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1008 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод хохирогч Н.Бг өөрийн гэрт байсан гар хийцийн сүхээр толгойн тус газарт нь цохиж, түүний биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1286 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Л.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бол түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар эсрэг санал гаргаагүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Н.Лг хүнийг сүхээр толгойн тус газарт нь цохиж, хүнд гэмтэл учруулсан гэм буруутай талаар дүгнэлт гаргасан.  

3. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, мэдүүлгийг дүгнэн үзээд улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авсан болно.

4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: шүүгдэгч Н.Л нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, *** тоотод хохирогч Н.Бг өөрийн гэрт байсан гар хийцийн төмөр сүхээр толгойн тус газарт нь цохиж, түүний биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.Бгийн “...Төв аймгаас Улаанбаатар хотод ирээд М, Э, Лхагва нартай хамт Лхагваагийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байх Монгол гэрт нь 2 хоног архи согтууруулах ундааны зүйл ууцгаасан юм. Тэгээд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн орой хэдэн цагийн үед байсан гэдгийг нь санахгүй байна. Би жоохон архи уучихсан согтуу байсан юм. Лхагваагийн гэрт баруун талын орон дээр нь унтах гээд тонгойгоод сууж байхад Лхагва нь гэртээ байсан мод хагалдаг сүхээр миний толгойн баруун хойд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон юм. Тэгээд би тухайн үед ухаан алдаж унаад тэр чигээрээ унтаад өглөө сэрсэн. Тэгээд би толгой өвдсөн чигээрээ 2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Явуу гэдэг нэртэй дэлгүүртэй, дээрээ караокетой газрын ард гудамжинд найз Этай хамт сууж байхад Э нь гэнэт миний нүүр лүү хөлөөрөө хөшиглөөд, газар байсан тоосго авч миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиж миний нүүрийг гэмтээж, үүдэн шүдийг хугалсан юм. Тэгээд би тэр үед бага зэрэг согтолттой байсан бөгөөд эмээ С.Игийн гэрт очиж гал тогооны өрөөнд нь таталт өгөөд ухаан алдаад унасан байсан. Миний биеийн байдал дээрдэж байгаа гэх дээ маш их эмчилгээ хийлгэсэн. Л сүхээр миний зулайн баруун хэсэгт сүхээр цохисон. Сүхнийхээ ир үзүүртэй хэсгээр биш хойд талынх нь мохоо хэсгээр нэг удаа цохисон. Эм тарианд одоогийн байдлаар 1.431.300 төгрөгийн зардал гарсан байна. Үүн дээр гавал тархины хагалгаанд 583.000 төгрөгийн хагалгаанд орсон. Ингээд одоогийн байдлаар 2.014.300 төгрөгийн зардал гарсан байна...” гэсэн мэдүүлэг /хх14-18/,

- гэрч Н.Бан “...Өнөөдөр гэртээ байж байхад манай ээж Энхтуяа 10 цагийн орчим над руу залгаад “Б ухаан алдаад татаад уначихлаа гэж байна, чи гялс яваад очоодох” гэсэн. Б нь миний төрсөн ах байгаа юм. Манай ах эмээтэй нэг хашаанд амьдардаг. Эмээ ээж рүү залгаж хэлсэн байсан. Ээж бид хоёрыг ирэхэд Б эмээгийн гэрт нь шалан дээр нь хэвтчихсэн, нүүр гар нь цус нөж болчихсон нэг нүд нь тагларчихсан байсан. Тэгээд ээж бид 2 дамжилж босгоод ГССҮТөв рүү аваад явсан. Би ахаасаа юу болсон юм, хэн зодсон юм гэж асуухад “Э буюу Кадр” намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх21-22/,

- гэрч С.Игийн “...би гэртээ байхад 10 цагийн үед Б архи уусан байдалтай “Сондор” дэлгүүрийн Сундуй гэдэг залуутай орж ирсэн. Тухайн үед би гал тогооны өрөөнд сууж байсан ба Б манай гэрт орж ирээд татаад унасан. Би гар утсаа аваад 103 түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 10 цаг 30 минутад ирээд манай ач Бг үзээд тархиндаа гэмтэлтэй байна, яаралтай эмнэлэг рүү авч яв гэж хэлсэн. Ач хүү Бгаас юу болсон талаар асуухад Б надад хэлэхдээ, “Кадр буюу Э намайг тоосгоор цохисон” гэж хэлсэн. Өмнө нь хүнд бас сүхээр цохиулсан гэж хэлж байсан. Яг ямар хүнд цохиулсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх24-26/,

- гэрч Н.Оын “...2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 ионы 9 дүгээр 06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би гэрээсээ бие засахаар гартал Лгийн гэрт чимээ шуугиан гараад байхаар нь яваад ортол орны хөлд нэг эрэгтэй толгойноос нь цус гарчихсан байдалтай сууж байсан. Энэ үед миний дүү Л орон дээрээ хэвтчихсэн Лг нэг залуу энгэрээс нь зуурчихсан, бас нэг залуу зуухны хажуу талд зогсож байсан. Тэгэхээр нь би яасан бэ, юу болсон бэ гэж асуусан чинь зуухны хажуу талд зогсож байсан эрэгтэй надад хэлэхдээ танай дүү Л сүхээр энэ залуугийн толгой руу цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Би толгойноос нь цус гарч байсан залууд 103 дуудах уу гэж хэлсэн чинь үгүй ээ зүгээ гэж хэлсэн. Намайг гэрт ороход тухайн сүх нь зуухных нь хажууд байсан...” гэсэн мэдүүлэг /хх28-29/,

- гэрч Х.Мын “...2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэгдүгээр хорооллын 34 гүүрний хойд талд өглөө 10 цаг өнгөрч байхад Кадр хочтой Э, Л, Б нартай тааралдсан. Ингээд бид 4 хамтдаа архи ууж сууж байгаад орой нь одоо миний санаж байгаагаар 20 цагийн орчимд Лгийн гэрт очиж дахин архи уусан. Архи уугаад сууж байгаад би хоол хийхээр зогсож байтал түг гээд чимээ гарахаар нь эргээд хартал Л гартаа сүх барьчихсан, Б газар ухаан алдаад уначихсан байсан. Энэ үед гаднаас Лгийн ах О орж ирээд Лгийн гарнаас сүхийг нь булааж, Лг загнаж 2, 3 удаа гараараа цохиж авсан. Б ч ухаан алдчихаад удаагүй буцаад сэрчихсэн. Энэ үед Лгийн ах О нь Бд хандаж түргэн, цагдаа дуудах уу зүгээр үү гэж асуусан чинь Б би зүгээрээ түргэн, цагдаа дуудаад хэрэггүй гээд байсан учир О ах сүхийг нь аваад гэр лүүгээ яваад орчихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх34-35/,

- гэрч Н.Эын “...2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б, М, Л бид 4 тааралдаж архи ууж явж байгаад орой нь Лгийн гэрт очиж архи ууцгаасан. Би архи хундаглаад доошоо хараад сууж байтал түг гээд чимээ гарахаар нь гайхаад хартал Л гартаа сүх барьчихсан Бгийн толгойны хэсгээс цус гараад газар ухаан алдаад уначихсан. Тэгэхээр нь би айгаад Лд чи яаж байгаа юм бэ гэж хэлээд байж байтал гаднаас Лгийн төрсөн ах О орж ирээд Лг загнаад “чи пизда минь хүн аллаа шүү дээ, наад архиа болиоч” гэж хэлээд гараас нь сүхийг булааж авсан чинь Л орон дээрээ очоод хэвтчихсэн. Үүний дараагаар О ах нь Бг “зүгээр үү, эмнэлэг цагдаа дуудъя, эмнэлэг орж үзүүлье” гэж хэлээд татсан чинь Б нүдээ нээж сэргээд би зүгээрээ эмнэлэг цагдаа дуудаад хэрэггүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх37-38/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, эд мөрийн баримтаар хураагдсан сүх, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12752 дугаар дүгнэлтэд “...Н.Бгийн биед баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, дух ясны зүүн талд дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн дух, баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /хх45-46/, мөн дүгнэлттэй холбоотой шинжээч Ц.Бадрал мэдүүлэхдээ “...Н.Бгийн толгойн зулайн баруун хэсэгт сүхээр 1 удаа цохиулсан тохиолдолд баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нүүрний хэсэгтээ тоосгоор 1 удаа цохиулснаас дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн цусан хураа, зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, хамар, эрүүнд зулгаралт гэмтэл үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт  хамаарна...”   гэжээ. /хх48-49/,

6. Хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд “баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд гэмтэл, мөн “дух ясны зүүн талд гадна дотор ялтас, ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, хамар ясны хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн цусан хураа” бүхий хүнд гэмтэл учирсныг шинжээч зааглан мэдүүлсэн, хохирогч нь 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр эмнэлгийн яаралтай тусламжаар хүргэгдэн хагалгаанд орж, эмчлүүлэн гарсан байна. 

7. Дээр дурдсан хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ шүүгдэгч Н.Лг хохирогч Н.Бгийн толгойн орой хэсэгт сүхээр нэг удаа цохисон, хохирогчийн толгойноос нь цус гарч байсан, мөн ухаан балартаад сэргэсэн талаар харилцан зөрүүгүй мэдүүлжээ. Мөн хохирогч нь мөн өдрөөс хойш толгой өвдөж явж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бусдад нүүрэн тус газраа тоосгоор цохиулсан, тэр өдрөө эмнэлэгт хүргэгдсэн гэсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр толгойдоо болон 9-ний өдөр нүүрэндээ цохиулан гэмтэл авсан, гэмтэл тус бүрийг хэн учруулснаа тодорхой мэдүүлжээ.

8. Тиймээс хохирогчийн биед учирсан “баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд гэмтлийг шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр сүхээр цохиж учруулжээ.   

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Сүх нь аливаа биетийг цавчих, хагалах, бутлах, устгах зориулалттай тул зэвсэг гэж үзэхээр байна.

10. Иймд шүүгдэгч Н.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            11. Хохирогч Н.Б нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой 1.426.900 төгрөгийн баримтыг гаргаж, мөн тархины хагалгаанд ороход 583.000 төгрөг төлсөн нийт 2.014.300 төгрөгийг шүүгдэгч Н.Лгээс нэхэмжилжээ. 

12. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

13. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэндэд 2 өөр хүн хүнд гэмтэл учруулж, нэгтгэн эмчлүүлсэн тул хохирлын асуудлыг хэлэлцэхгүй үлдээх дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь хохирогчийн эрүүл мэндэд “баруун зулай ясны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун зулайн дэлбэнгийн цусархаг няцрал” бүхий хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон, бусад хүнд гэмтэлтэй холбоотой хохирол хэрхэн төлөгдсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн хохирогч 2.014.300 төгрөгийг холбогдох баримтаар шүүгдэгчээс нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зөв байна. Тиймээс шүүгдэгчээс 2.014.300 төгрөг гаргуулж хохирогч Н.Бд олгуулахаар шийдвэрлэв.

 

   Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

14. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан. 

15. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх дүгнэлт гаргасан. 

16. Шүүгдэгч Н.Л нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, улмаар түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

17. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар сүхээр хүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, учирсан хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

18. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лгийн шүүхийн шатанд цагдан хоригдсон /2023.02.16-2023.3.07/ нийт 21 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Лг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2.014.300 /хоёр сая, арван дөрвөн мянга, гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР

 

 

                                           ШҮҮГЧИД                                    Л.БААТАР

 

 

  Б.БУЛГАНТАМИР