| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2019/00159/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 207
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт Б.Х /РД:.................../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Хан-Уул .............. тоот
Хариуцагч: ******* овогт Г.О /РД:.............../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1-р ............... тоот
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Г.О , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.О тэй 2008 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охин О.Г , 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О.Гэ нар төрсөн. Одоо О.Г 7 настай, О.Гэ 3 настай. Г.О нь байнга үндэслэлгүй хардаж, сэтгэл санааны дарамтад оруулдаг тул амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байна. Хүүхдүүд өсөж томрох тусам мөнгө хэрэгтэй болох учраас хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 2018 оны 07 дугаар сард намайг зодож цохиод, ална хядна гээд байхаар нь Сэврэй сум руу ээж дээрээ очсон. Тэгээд Г.О ийг миний араас ирэх нь үү гэж хүлээж харсан боловч ирээгүй. Хараагүй биш харсан, хүлээгээгүй биш хүлээсэн гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Х гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Х гийн хэлж байгаа үнэн. Би 2018 оны 09 дүгээр сард хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг нь бэлдчихээд хүрээд ир гэж хэлсэн боловч ирээгүй байж байгаад Б.Х гэнэт хулгайгаар ирж юмаа аваад явсан байсан. 2018 оны 07 сараас тусдаа амьдарсан гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч Б.Х гийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, охин О.Г , О.Гэ нарын төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч Г.О ийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Г.О ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсчээ.
Хариуцагч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Б.Х , Г.О нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охин О.Г , 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин О.Гэ нар төрсөн болох нь тэдний 0000596529, 4601000177 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч Г.О нь 2008 оны 07 дугаар сараас хойш Б.Х болон хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс нь нэхэмжлэгч дээрх үүргийг шаардах эрхтэй.
Охин О.Г , охин А.О.Гэ нарын эцэг Г.О мөн болох нь тогтоогдсон тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй О.Г , О.Гэ нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн О.Г , О.Гэ нарын асрамжийн талаар зохигчид маргахгүй байх бөгөөд О.Г , О.Гэ нар одоо эх Б.Х гийн асрамжид байгаа, хүүхдийн насны байдал, дассан орчин зэргийг харгалзан О.Г , О.Гэ нарыг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Х хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 50 873 төгрөг төлөх тул илүү төлсөн 19 327 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Г.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 50 873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.О ээс 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Г , 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин О.Гэ нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.О ээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин О.Г , О.Гэ нарыг 18 насанд хүртэл эх Б.Х гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О ээс улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 19 327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Х д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ