Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******  овогт   Д.А

 /РД:.............../, Өвөрхангай аймгийн

Арвайхээр сум,   .....................  тоот

Хариуцагч:   ******* овогт  Д.Ал

 /РД:............./,   Өмнөговь   аймгийн

 Сэврэй сум, .................” гэх газар

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Д.Ал, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: миний бие Д.Алтэй 2010 онд танилцаж, дотносон 2012 онд гэр бүл болсон. 2012 оны 09 дүгээр сарын 20-нд охин, 2015 оны 07 дугаар сарын13-нд хүүтэй болсон. Хамтран амьдрах хугацаанд Д.Ал архи ууж зоддог, энэ нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж хамт амьдрах аргагүй байдалд хүргэлээ. Иймд цаашид энэ хүнтэй амьдрах аргагүй байдалд хүргэсэн тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаангүй болно гэжээ.

Хариуцагч Д.Ал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Ал би нэхэмжлэгч Д.А ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Би нэхэмжлэгчтэй нэг гэр бүл болон амьдарч бидний дундаас охин А.Э , хүү А.Эн  нар төрсөн нь үнэн нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргасаныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин А.Э , хүү А.Эн  нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дугаартай нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Д.Н-ийн тодорхойлолт, Д.Ал, Д.А нарын гэрчилгээний хуулбар,  2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Алгийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.А аас гэрлэлтээ цуцлуулахыг шаарджээ.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.

Д.А , Д.Ал нар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0009 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байх ба тэдний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр охин А.Э , 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Эн  нар төрсөн болох тэдний 568/0015, 4628000010 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Шүүхээс шаардлагатай гэж үзэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрлэгчдэд 1 сар 20 хоногийн хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авчээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас уулзалт ярилцлага зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, улмаар гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн А.Э  эх Д.А ын асрамжид, А.Эн  эцэг Д.А ын асрамжид байгаа ба цаашид хүү А.Эн ийг эцэг Д.Ал, охин А.Э ийг эх Д.А өөрсдийн асрамжид байлгахаар санал нэгтэй байгааг хариуцагч харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эх, эцгийн тус тусынх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.

Нэхэмжлэгч Д.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алгээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А , Д.Ал, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин А.Э ийг 18 насанд хүртэл эх Д.А ын асрамжид, 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү А.Эн ийг 18 насанд хүртэл эцэг Д.Алгийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алгээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т олгосугай.

5. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ