Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0185

 

 

 

Б.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар

Гуравдагч этгээд: “ДШГ” ТӨХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 9,055,598 төгрөг олгохыг даалгах”,

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 114/2024/0034/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 2 дугаар зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, 2, 7 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Б.Эийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдох ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 9 055 598,0 төгрөг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "... Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.11-ны өдрийн 114\ШШ2025\0007 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д "Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй." гэж заасан.

2.2.Анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 8-д "... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэл гаргах хугацааг маш нарийн зохицуулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийгмийн даатгалын хэлтсийн гомдол шаардлагын зөвлөлийн 2023.08.29-ны өдрийн 15 дугаар тогтоолыг 2023.09.01-ны өдөр хүлээн авсан гэж бичсэн байгаа нь нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл болно.

Мөн нэхэмжлэгч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.С нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.22-ны өдрийн 135/ШТ2024/00089 дугаартай тогтоолыг гардан авсан 2024.11.05-ны өдрөөр тоолсон /хх-4/ гэж нэхэмжлэлдээ бичсэн бөгөөд энэ тайлбартай харьцуулбал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч Б.Сын хувьд хэргийн харьяалал, нэхэмжлэл гаргах хугацаа, нэхэмжлэлийн шаардлагын төрлийг мэдэхгүй байх боломжгүй тул хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2.3.Анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 9-д " Гуравдагч этгээдийн хувьд Б.Э нь ажлаас чөлөөлөгдсөн атлаа охиныхоо нэр дээр ажиллаж цалин авсан, өөрөө ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уг нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг бий болгосон гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа бөгөөд энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй тул тухайн асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Б.Э нь өөрөө гуравдагч этгээд болох “ДШГ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016.09.30-аас 2020.12.24-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацаандаа хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу 2016.12.31-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өр 57,9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсныг /хх-219/, 2020.12.31-ны өдрийн байдлаар 350.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй болгож /хх-219/ огцом өсгөж үлдээсэн. Нэхэмжлэгч Б.Э нь 2022.05.18-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн /хх-160/ мөртлөө 2022.05.23-ны өдрөөс /хх-223/ эхлэн ажил эрхэлж байсныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.01-ны 163 дугаартай шийтгэх тогтоолоор нотолсон байхад шүүх хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй тул тухайн асуудалд тус тус дүгнэлт өгөx шаардлагагүй гэж үзсэнд маш их гомдолтой байна.

2.4.Анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 10-д нэхэмжлэгч Б.Эийн хувьд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүйтэй холбогдуулан өөрт учирсан хохирлыг гуравдагч этгээдээс нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэснийг бас л хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Б.Э нь "ДШГ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020.12.31-ны өдрийн байдлаар 350.8 сая төгрөгийн өртэй болгосон /хх-219/, учраас л ажлаас чөлөөлөгдсөн. Энэ өрнөөс болж “ДШГ” ТӨХК-ийн нийт 120 ажилтны эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, тэтгэвэр болон ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөж зэрэг эрх ашгийг хөсөрдүүлэх үүргийг өөрөө гардан гүйцэтгэсэн бөгөөд өөрийнхөө тавьсан онц их хэмжээний өрөнд өөрөө л унасан. Мөн Б.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.Сын хувьд хэргийн харьяалал, нэхэмжлэл гаргах хугацаа, нэхэмжлэлийн шаардлагын төрлийг мэдэхгүй байх боломжгүй тул хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.11-ны өдрийн 114/ШШ2025/0007 дугаартай шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1-т Нийгмийн даатгалын тухай хууль 1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 2 дугаар зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гэсэн заалтыг хүчингүй болгож, Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Б.Эээс “Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилгүйдлийн тэтгэмж 9,055,598 төгрөг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн дагуу цомхотголд орж ажлаасаа чөлөөлөгдсөн, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн, Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн чиглэл, өр төлбөр барагдуулахаар харилцан тохиролцсон тул ажилгүйдлийн тэтгэмжийг ажил олгогч биш, нийгмийн даатгалын хэлтэс төлөх үүрэгтэй” гэж маргасан.

3.Хариуцагчаас “нэхэмжлэгчийн ажиллаж байсан “ДШГ” ТӨХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй учир ажилгүйдлийн тэтгэмж олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр хуульд заасан, тэтгэмж олгох хуулийн хугацаа дууссан, хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд уг тэтгэмжийг нөхөн олгох хуулийн зохицуулалт байхгүй, ажил олгогч нь хариуцаж төлөх үүрэгтэй.” гэсэн хариу тайлбарыг өгчээ.  

4.Харин гуравдагч этгээд ТӨХК нь “нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бий болгосон, ажлаас чөлөөлөгдсөн атлаа охиныхоо нэр дээр ажиллаж цалин авсан, захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж маргажээ.

5.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Эийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “ДШГ” ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар[1] “...Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамт /тариф/-ийн хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 5.17 дахь хэсэг, Эрчим хүчний сайдын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/1953 тоот удирдамж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 14 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны контрактын 3 дугаар зүйлийн 3.7.6 дахь заалтыг тус тус үндэслэн Бүтэц орон тоонд өөрчлөлт орсонтой холбогдуулан Дэд захирамж Б.Эийн хөдөлмөрийн гэрээг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 24 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх 51,600,000 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмжийг нэг удаа олгох”-оор хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. 

6.Хэрэгт авагдсан баримтуудаас[2]  нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг Шарын гол сумын нийгмийн даатгалын тасаг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус “ажилгүйдлийн тэтгэмж авах” хүсэлтийг гаргаж байсан гэдэг нь тогтоогдож байна.

7.Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан. “ДШГ” ТӨХК нь ажиллагчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, өртэй байсан  тул ажилгүйдлийн тэтгэмжийг олгох боломжгүй” гэх агуулга бүхий хариуг өгч, нэхэмжлэгчийн “ажилгүйдлийн тэтгэмж авах” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзжээ.  

8.Анхан шатны шүүхээс “Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж зааснаар ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөхөөр хуульчилсан, гуравдагч этгээдийн хувьд өөрөөс үл хамаарах шалтгаанаар /буруугүй үйлдлээс/ нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээ хангалттай нотолж чадаагүй, “...өөрөө гүйцэтгэх захирал хийж байсан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх бүрэн боломжтой байсан” гэх гуравдагч этгээдийн тайлбар зэргээс хариуцагчийг буруутгах боломжгүй юм.” гэж үзэн нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд талуудаас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой, тодруулбал, маргааны үйл баримт болон хууль зүйн үндэслэлийн талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлттэй холбоотой давж заалдах гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.Харин гуравдагч этгээдээс гаргасан “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, хэрэг авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь анх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд тус тус хүсэлт, гомдол гаргасан. Гомдлын шаардлагын зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид хариу өгч, улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд мөн гомдол гаргажээ. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хариу албан бичиг өгсөн.

Үүний дараа нэхэмжлэгчээс Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргасанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр шүүхийн тогтоолоор гомдлыг хангаагүй байна. Дээрх шүүхийн тогтоолыг гардаж аваад, нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

11.Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-14.4-т заасан захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “...нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

12.Мөн анхан шатны шүүхийн “...Б.Э нь ажлаас чөлөөлөгдсөн атлаа охиныхоо нэр дээр ажиллаж цалин авсан, өөрөө ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уг нийгмийн даатгалын шимтгэлийг өрийг бий болгосон гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа бөгөөд энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй тул тухайн асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй”, “...ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүйтэй холбогдуулан өөрт учирсан хохирлыг гуравдагч этгээдээс нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй” зэрэг дүгнэлтийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсанаар өөрчлөх үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж заасантай нийцжээ.

Эдгээр үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 114 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 8, 152-155, 161-162 дахь тал