| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2019/00157/И |
| Дугаар | 221 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 221
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ТБ ” ХХК /РД:................/, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг Өмнөговь салбар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /
Хариуцагч: Боржгон овогт Д.Н /РД:.................../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг ................. тоот
Хариуцагч: Тайж овогт С.Б /РД:................/, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг ....................... тоот
Зээлийн гэрээний үүрэгт 12 364 377.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , хариуцагч С.Б , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Н , хамтран зээлдэгч С.Б нар нь ТБ тай 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 210000461986 тоот зээлийн гэрээ байгуулан 12 800 000 төгрөгийг жилийн 20.4 %-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлийг авсан. Нэмэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 210000461986 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 %-ийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд: Цалин, 5 ханатай гэр, 40 инч зурагт, хөргөгч, угаалгын машин зэрэг хөрөнгө барьцаалсан. Зээлдэгч Д.Н нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлийг хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч зээл төлөх орлого байхгүй шалтгаанаар өнөөдрийг хүрээд байна. Зээлдэгч Д.Н нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 12 031 150.48 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 330 541.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2685.20 төгрөг нийт төлөх дүн 12 364 377.14 төгрөг байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Н , С.Б нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 800 000 төгрөгийн зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийн нэмэлт зээлийг 50 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй нэмж авсан. Зээлдэгч нь зээлээ хэвийн төлж байгаад 2019 оны 02 дугаар сараас зээлийг төлөөгүй тул 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан. Бид нар шүүх шийдвэр гаргах хүртэл хамгийн багадаа 15 хоног гэж тооцоод нэмэгдүүлсэн хүү болон хүүг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл дээр үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн. Одоогийн байдлаар үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хувьд өөрчлөлт орсон байгаа. Зээлдэгч Д.Н болон хамтран зээлдэгч С.Б нараас үндсэн зээл болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 12 364 377.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надад холбогдуулан ТБ наас ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 210000461986 “Барьцаат зээлийн гэрээ”-ний 2.1.5-д зээлийн хугацаа 50 сар байхад буюу гэрээний хугацаа дуусаагүй, төлөлт хийгдсээр байхад талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг цуцлаагүй атал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Д.Н миний бие 2018 онд ажилгүй болсон мөн 1 хүүхэд оюутан, 1 хүүхэд маань хотод сургуульд суух болсон тул хамт шилжин ирсэн. 2019.03 сард цөсний хагалгаанд орж арга буюу дээрх төлбөрийг зарим тохиолдолд хугацаа хэтрүүлж байсан боловч төлбөрөө төлсөөр ирсэн. Мөн ТБ наас үндсэн зээлд хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй нэмж нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээл авснаас хойш Д.Н миний бие нийт 8 717 045 төгрөгийг ТБ ны 21000005516 тоот дансаар төлсөн. Иймд нийт зээл 15 800 000 төгрөгөөс төлсөн төлбөрийг хасч тооцвол үлдэгдэл 7.082.955 төгрөг болж байхад ТБ наас 2.364.377,14 төгрөг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 800 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг зээлсэн байхад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх 2 удаагийн зээл авсан хугацаанаас тус бүрт нь хэрхэн тооцон нэхэмжилж байгаа тооцоо дэлгэрэнгүй гаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд үндсэн зээлийн хүү, нэмэлт хүүг хэт өндөр тооцон гаргасныг шүүхээс харгалзан үзэж багасгаж, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Б миний бие Д.Н д ТБ наас цалингийн зээл болох 12 364 377.14 төгрөг авахад хамтран зээлдэгчээр орсон билээ. Тухайн үед нөхөрөө ирэх үед таныг хамтран зээлдэгчээс чөлөөлнө. Охин оюутан болох гээд төлбөрийн асуудалтай хэцүү байна гэхээр нь тус болсон юм. Гэтэл Д.Н нь зээлээ төлж чадахгүй нилээдгүй хугацаа хэтэрснээс тус банкнаас шүүхэд хандсан учир миний хувьд шүүхийн дуудсан цагт ирж байсан нь үнэн. Уг зээлээс би нэг ч төгрөг аваагүй учир төлөх боломжгүй гэжээ.
Хариуцагч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би хамтран зээлдэгчээр хамт очиж зээл авч байсан. Дараа нь нэмэлт зээл авсныг би мэдээгүй. Ямар ч тохиолдолд нэмэлт зээл авахад хамтран зээлдэгч нь заавал хамт очдог. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар намайг хамтран зээлдэгчээр дуудаад байдаг боловч нэмэлт зээл авахад намайг яагаад дуудаагүйг гайхаж байна. ТБ ийг яагаад зээлээ төлж чадахгүй байгаа хүнд хамтран зээлдэгчгүйгээр нэмээд 3 000 000 төгрөг зээлдүүлсэнийг би ойлгохгүй байна. Д.Н нь тухайн үед намайг ээлжийн амралттай байхад манай гэрт ирээд та надад нэг тус болооч гээд гуйсан юм. Манай нөхөр хүртэл наад хүн чинь арга нь барагдаад л чамаас гуйж байгаа байлгүй, чи тус болооч гээд биднийг ТБ ин дээр хүргэж ирсэн. Би тэр зээлсэн мөнгөнөөс нь нэг ч төгрөг аваагүй. Би Д.Н д чи хүүхдээ сургуульд явуулах гэж байгаа юм бол би туслая гэсэн чинь ганц хоёр сарын дараа манай нөхөр хүрээд ирэхээр таныг би хамтран зээлдэгчээс чөлөөлчихнө гэсэн юм. Тэгээд Д.Н г чимээгүй байгаад байхаар нь зээлээ төлөөд яваад байгаа юм байна, хүнд хар буруу санаад яахав гэж бодоод явж байсан чинь сүүлд нь би шүүхэд дуудагдсан. Д.Н гийн гэр бүлийнх нь хүн зүүн хил дээр хүнд даацын машин унадаг гэсэн. Тэр хүнээ авчирч хамтран зээлдэгч болгох юм гэсэн. Би өөрийгөө энэ хамтран зээлдэгчээс хурдхан чөлөөлүүлмээр байна. Би тэр зээлсэн мөнгөнөөс нь авч хэрэглэсэн бол өөр асуудал. Гэтэл би нэг ч төгрөг аваагүй, хүнд сайхан сэтгэлээр тус болсон байж шүүхэд дуудагдаад байгаа нь надад хэцүү байна. Одоо Д.Н надтай нэг ч удаа утсаар ярихгүй байгаа. Би энэ асуудлаас салмаар байгаа учраас түргэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТБ ” ХХКомпани нь Д.Н , С.Б нарт холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 12 031 150.48 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 330 541.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2685.20 төгрөг нийт 12 364 377.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нар нь ТБ наас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 800 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар тус тус зээлжээ.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 08, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд 50 сарын хугацаатайгаар хариуцагч Д.Н , С.Б нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь шаарджээ.
Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч Д.Н нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна, банкны зүгээс зээлийг гэрээг цуцлаагүй ба энэ талаар шаардлага гаргаагүй” гэж, хариуцагч Д.Н нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, ...арга буюу дээрх төлбөрийг зарим тохиолдолд хугацаа хэтрүүлж байсан боловч төлбөрөө төлсөөр ирсэн...” гэж тус тус тайлбар гаргажээ.
Энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гэрээний хугацаа дуусахаас өмнө шаардах болсон үндэслэл тодорхойгүй байх ба хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасан “гэрээг дуусгавар болох, гэрээг цуцлах” үндэслэл бий болсон нь тогтоогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар хариуцагч талд мэдэгдэж гэрээг цуцлаагүй, хариуцагч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй талаар хангалттай нотлогдохгүй, үүрэг гүйцэтгэх талаар шаардаж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар шийдвэр гаргаж боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч тал нь уг хэтэрсэн хугацааны хариуцагчийн хүлээх үүргийг нотлоогүй тул шүүх энэ хэмжээг тооцон гаргуулан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “ТБ ” ХХКомпани нь Д.Н , С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 364 377.14 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Д.Н “...хамтран зээлдэгч С.Б нь нийт зээлсэн мөнгөнөөс дансаар болон бэлнээр ямар ч мөнгө аваагүй...”, хариуцагч С.Б “...зээлээс нэг ч төгрөг аваагүй, Д.Н гуйгаад байсан тул гарын үсэг зурсан, нөхрөө ирэх үед хамтран зээлдэгчээс чөлөөлнө...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 08, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд 50 сарын хугацаатайгаар хариуцагч Д.Н , С.Б нартай барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулсан байх ба уг гэрээнд С.Б хамтран зээлдэгчээр гарын үсэг зуржээ.
Дээрх гэрээнд зээлдэгч нь зээлийн төлбөрийг цалин, түүнтэй адилтгах орлогоор төлөх, банк Д.Н гийн цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Д.Н гийн цалин орлогын хэмжээ, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч С.Б тэй холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.
Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно. Д.Н цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагч С.Б т зээлийн гэрээний үүргийг хамааруулах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүх хариуцагч Д.Н гийн “...Улаанбаатар хотод оршин сууж байгаа тул шүүх хурлын товыг 10-14 хоногийн өмнө мэдэгдэж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүх хуралдааны товыг түүнд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “ТБ ” ХХК-ийн Д.Н , С.Б нараас 12 364 377.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 780 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг өөрсдөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН