| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00270/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 270
| 2019 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 104/ШШ2019/00270 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,******* 9 дүгээр гудамжны *******од *******,******* Д.Т /РД:**********/
Хариуцагч: *******, Өгөөмөрийн 7 дугаар гудамжны *******од *******,Ц.Б /РД:**********/-т холбогдуулан
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ц.Бтай 2003 онд танилцаад, 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Т.Б төрсөн.
Тухай үед Ц.Бын бичиг баримт зөрчилтэй байсан учир өөрийн нэрээр овоглосон. Би анх сайхан амьдарч байсан. Харин Ц.Б Налайх дүүргийн Эрчим хүчний байгууллагад монитороор ажилд ороод, удалгүй даргын жолооч болсон цагаас хойш байнга оройтож, заримдаа гэртэй хонохгүй гадуур явж, архи уудаг болсон. Энэ байдлаас болж бид маргалдсан. Ц.Бын өмнө нь хамт амьдарч байсан эмэгтэй ирж хэрүүл, маргаан үүсгэсэн. Энэ бүх байдлаасболж бид бие биеэ хардаж таарамжгүй харилцаатай болсон. Мөн хадам талын хүмүүс “...Та хоёр таарч тохирохгүй бол хоёр талдаа амьдар...” гээд хөөсөн. Би ингэж амьдарч байхаар салсан нь дээр гэж бодоод хүүгээ аваад гэр рүүгээ явсан. Ц.Б уучлалт гуйж байсан ч би шийдсэн учир буцаж эвлэрч хамт амьдраагүй. Тэгээд Ц.Бын Эрдэнэт хот руу яваад сураг тасарсан.
Бид 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Одоо хүү Т.Б 15 нас хүрч байгаа болохоор эцгийнхээ талаар асуудаг болсон. Би энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй ч хүүтэйгээ ярьж холбодож байхыг хүсч байна. Одоо бидэнд хайр сэтгэл байхгүй өөр өөрийн гэсэн амьдрал үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн өөрийн асрамжид хэвээр үлдээхийг хүсэж байна. Бид анх Ц.Бын аавын байшинг засч янзлаад амьдар ч болохоор хуваах эд хөрөнгийн асуудал байхгүй гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.Ттай 2003 онд танилцаж, 2004 онд хүүхэдтэй болсон. Би тухайн үед Налайх дүүргийн эрчим хүчний даргын жолоочоор ажилладаг байсан. Ажлын онцлогоос болж хөдөө орон нутаг руу хоногоор явах шаардлага үүсдэг байсан. Үүнийг Д.Т ойлгохгүй хардах болсон. Мөн миний урьд нь амьдарч байсан эмэгтэй Д.Ттай уулзаж маргаан үүсгэсэн байсан. Түүнээс болж бидний харилцаа муудаж тул тусдаа амьдрах болсон. Би 2009 онд Эрдэнэт хот руу ажиллахаар явсан. Тэгээд эхнэр хүүхэдтэйгээ холбоогүй болсон. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Харин хүүтэйгээ уулзаж холбоотой байх болно гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ц.Б гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч насанд хүрээгүй хүүхэдтэй тул нэхэмжлэгч Д.Т гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Д.Т хариуцагч Ц.Б нар 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү Т.Б төрсөн. Хүү Т.Б одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 189 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Т.Бын 0137772-47 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Суврага налайх” өрхийн эмчийн “...хүү эрүүл бойжиж байгаа” гэсэн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “...Т.Б нь 91 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-10/
Нэхэмжлэгч Д.Т гэрлэлт цуцлуулах болсоноо “Бид тусдаа амьдраад олон жил болсон. Одоо өөр өөр хүнтэй сууж үр хүүхэдтэй...” гэж тайлбарласан, хариуцагч Ц.Б “бид тухайн үед үл ойлголцлоос болж салсан. Одоо тус тусдаа амьдралтай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй ч тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эр, эмийн харьцаагүй, өөр бусадтай хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч амьдрах хүсэлгүй байгаа зэрэг байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Ц.Б нарыг гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Д.Т үр хүүхэддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Ц.Баас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү Т.Бын “...Манай хойд эцэг, мөн ээж надад илүү анхаарал халамж тавьдаг, Ээжтэйгээ хамт амьдрахыг хүсч байна. өөрийн аавын талаар сайн мэдэхгүй” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Быг эх Д.Тын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг тул нэхэмжлэгч Д.Т хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Ц.Б үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймээс хариуцагч Ц.Б үр хүүхдээ сайн дураар тэжээн тэтгэж байхыг дурдаж байна.
Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Баас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч******* Д.Т, хариуцагчЦ.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Быг эх Д.Тын асрамжид байлгасугай.
3.Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Баас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС