Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: Э.Нандинчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Нандинчимэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Харчин овогт Энхбаярын Нандинчимэг, / РД: ВР92052701 /,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Нандинчимэг нь 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 21-22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Монгол караоке"-д үйлчлүүлж байсан иргэн Н.Баярмаагийн гадуур хувцасны халааснаас самсунг А-90 маркийн гар утас, 514.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Баярмаад 514.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Нандинчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахин цаашид гэмт хэрэг хийхгүй. Би өмнө нь мэдүүлэг өгсөн байгаа учраас мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд энэ удаа мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,

2. Шүүгдэгч Э.Нандинчимэг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би нөхөр Баянжаргалын хамт Амчуулд Дэлгэрдалай гэх айлд байж байгаад 19 цагийн үед айлаасаа гараад “Хишиг монгол” руу орчихоод буцаж гараад Цацрах гэгээ рүү орж ирээд сууж байтал Н.Баярмаа гэх эмэгтэй орж ирээд өчигдөр та хоёр миний гар утсыг авсан байна гээд цагдаагийн байгууллагад хамт ирээд драйгер багаж үлээгээд айл руу явцгаасан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөх толгойд айлд байж байгаад 20-21 цагийн үед нөхөр Баянжаргалын хамт “Хишиг монгол” караоке рүү ороод сууж байсан. Хүмүүс их байсан болохоор ширээнд багталцахгүй байсан тул таних танихгүй хүмүүс нэг ширээнд хамт суусан. Харалдаа ширээнд 3 эгч сууж байгаад гараад явсан. Тэр ширээнд нь хамт сууж байсан эрэгтэйг таньдаг болохоор тухайн ширээнд суусан. Тэгтэл нөгөө гурван эгч буцаад орж ирэхээр нь буцаад өөрийн ширээндээ суухдаа сандал дээр байсан куртикээ авахдаа хамт бараан өнгийн куртикыг аваад ширээндээ суусан. Тухайн куртикний кармад цагаан өнгийн гар утас байхаар нь авсан. Тэгээд уух юмаа дуусаад 22 цаг өнгөрөөгөөд нөхрийн хамт гараад 4-11 тоотод байх айлд очиж амарсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 10 цагийн үед би ганцаараа Баруун бүс худалдааны төвийн өргөтгөлийн гар утас худалдааны төвийн 2 давхарт байрлах 13 тоот лангуун дээр суух эрэгтэй хүнд тухайн цагаан өнгийн Самсунг А90 маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан. Тухайн хүнээс хадам ээж Гэрэлийн данс руу 80.000 төгрөгийг шилжүүлээд төв хаан банкны АТМ дээр очиж хадам ээж рүүгээ яриад танихгүй хүний данс руу шилжүүлээд бэлнээр авахуулсан. 20.000 төгрөгийг нь амчуулийн Хийморь гэх дэлгүүрийн данс руу шилжүүлж авсан. Намайг тухайн куртикийг авахад ширээн дээр хоёр эмэгтэй нэг эрэгтэй хүн байсан би өөрийн куртик, нөхрийн куртик өөрийн цүнхээ аваадахъя гээд авсан тэгэхэд нэг хүний куртик хамт авагдсан тэгээд өөрийн ширээний сандал тавиад тухайн куртикний кармад цагаан өнгийн самсунг маркийн гар утас байсныг аваад тухайн куртикийг сандал дээрээ үлдээгээд явсан. Тухайн өдөр гар утсыг авсныг мэдээгүй. Маргааш өглөө нь намайг гарахад тухайн гар утас надад байхыг харсан надаас юун утас талаар асуухаар нь манай эгчийн утас гэж хэлээд би явсан. Хулгайлсан гар утас болох талаар мэдээгүй. Би тухайн гар утсыг зарахдаа хулгайн утас болох талаар хэлээгүй тухайн утас кодгүй байсан болохоор өөрийн утас гээд зарсан....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нандинчимэг мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, буруугаа хүлээж байна гэв.

4. Хохирогч Н.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 21 цагийн үед өөрийн найз Хаш-Эрдэнэ, Байгальмаа нарын хамт Баянхонгор сумын төвд байрлах Хишиг монгол караокед орсон. Тэгээд ширээ суугаад пиво уугаад бүжиглэсэн. Бид гурав гадуур хувцас буюу куртикээ тайлаад сандал дээрээ тавьсан бид гурвын ширээн дээр гаднаас орж ирсэн 4 залуу ширээ хүрэлцэлгүй байна гээд хамт суусан 22 цагийн үед бид гурав тухайн газраас гараад Цацрах гэгээ рүү ороод удалгүй буцаж Хишиг монгол руу ороход Э.Нандинчимэг гэх эмэгтэй манай ширээнд тухайн 4 залуугийн нэгэнтэй л хамт сууж байсан. Тэгээд бид гурав гадуур хувцсаа сандал дээр тавиад суусан би нэг найзын хамт бүжиглэж байгаад 23 цаг 40 минутын орчим явах гээд куртикээ авах гэтэл байхгүй байсан тул найзуудаасаа асуутал Хаш-Эрдэнэ найз маань харалдаа ширээнд сууж байсан Э.Нандинчимэг та хоёрыг босоод явсны дараа куртикээ аваадахъя гээд манай сандал куртик хумиад аваад явсан гэхээр нь харалдаа ширээнд үзтэл сандал доогуур нь миний куртик байхаар нь үзтэл кармаад байсан миний гар утас болон бэлэн мөнгө алга байсан. Тэгээд камер шүүж үзэхэд доторх зүйл сайн харагдахгүй байсан. Э.Нандинчимэг гэх хүнийг нөхөр Н.Баянжаргалын хамт өнөөдөр 21 цагийн үед Хишиг монголд ороод цацрах гэгээ рүү орсон байхаар нь уулзаад гар утсаа асуухад аваагүй гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан 2022 оны 05-06 сард Баянхонгор баруун бүсийн 1111 лангуунаас 680.000 төгрөгөөр авсан Самсунг А90 маркийн цагаан өнгөтэй, өнгөгvй кейстэй, шилэн наалттай, /ар хэсэг нь хагарсан байгаа/ гар утас байгаа......гэх мэдүүлэг/ хх-ийн 17-18/,

.....Миний алдсан гар утас мөн байна ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Миний куртикны кармаанд гар утас, бэлнээр 14.000 төгрөг байсан. Куртикээ олсны дараа гар утас болон 14.000 төгрөг байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 /,

5. Гэрч Н.Баянжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би тухайн өдөр амчуулд Дэлгэрдалай гэх айлд байж байгаад 21 цагийн үед эхнэрийн хамт Хишиг монгол караоке рүү орчихоод удалгүй буцаж гараад Цацрах гэгээ рүү ороод байж байтал Н.Баярмаа гэх эмэгтэй орж ирээд урьд шөнө Хишиг монгол дотор миний куртикнээс гар утас авсан байна гээд цагдаагийн байгууллага дээр хамт ирээд согтууралтай байсан тул мэдүүлэг өгөөгүй явсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орой эхнэр Нандинчимэгийн хамт Хишиг монгол руу ороод ширээнд суусан. Хүмүүс их байсан тул ширээнд танихгүй хүмүүсийн хамт суусан эхнэрийн хамт хоёр хоёр пиво уугаад 23 цагийн үед явцгаасан. Н.Баярмаа гэх хүнийг танихгүй. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Цацрах гэгээ дотор орж ирээд гар утас авсан гэх үеэр л уулзсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хишиг монгол дотор Н.Баярмаа гэх хүн байсан эсэхийг би мэдэхгүй. Манай эхнэр бол ар талын ширээнд сууж байсныг бол мэдэж байна лээ. Би бусдад гар утас зараагүй. Мөн ломбарданд гар утас барьцаалаагүй. Би эхнэрийн хамт Хүрээмарал сумаас 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт ирсэн. Тэрнээс хойш гар утас бусдад зарж, ломбарданд тавьсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /  хх-ийн 22-23 /,

6. Гэрч Б.Жанчивсэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

.... 2023 оны 01 дүгээр сарны 04-ний өдрийн 12 цагийн үед Баруун бүс-2 худалдааны төвийн 2 давхар 13 номерын лангуун дээр сууж байтал үл таних эмэгтэй хүн самсунг А90 маркийн ар хэсэг нь цагаан өнгөтэй хагарсан байдалтай, өнгөгүй кейстэй гар утсыг мөнгөний хэрэг гарсан, Улаанбаатар хот руу эмчилгээнд явах ажилтай гэх шалтгаанаар 100.000 төгрөгөөр заръя бэлнээр мөнгө авна гэхээр нь дансаар 80.000 төгрөгөөр 5225302568 тоот Гэрэл гэх данс руу, үдээс хойш 16 цагийн үед хажуу талын засварчны данснаас өөр данс руу 20.000 төгрөгийг шилжүүлсэн. Самсунг А 90 маркийн дэлгэц нь хагараагүй шилэн наалт наалт нь хагарсан, арын таг нь хагарсан цагаан өнгөтэй, өнгөгүй кейстэй, кодгүй, доторх файл зураггүй гар утас байсан. Тухайн гар утас надад байгаа тул одоо хүлээлгэн өгье. Мөн тухайн эмэгтэй надаас авсан 100.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,

7. Гэрч М.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

.... 2023 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр манай бэр охин Э.Нандинчимэг танихгүй дугаараас залгаад ээж дансаа өгөөч манай ээж хөдөөнөөс машины сэлбэг эв гээд мөнгө явуулсан юм таны данс руу хийлгээд буцаагаад аваадахъя гээд миний 5225302568 тоот данс руу 80.000 төгрөг шилжүүлж хийгээд удалгүй данс явуулаад буцааж авсан. Э.Нандинчимэг надтай ярихдаа тухайн мөнгийг ээж хөдөөнөөс машины сэлбэг авахуулахаар явуулж байгаа гэж ойлгуулаад буцаагаад авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 /,

8. “Энх нахиа” ХХК-ын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн:

...Самсунги  А90  маркийн гар утас 500.000 төгрөг

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 500.000 / таван зуун мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 38 / болон шүүгдэгч Э.Нандинчимэгийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 57 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Э.Нандинчимэг нь 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 21-22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг Монгол караоке"-д үйлчлүүлж байсан иргэн Н.Баярмаагийн гадуур хувцасны халааснаас самсунг А-90 маркийн гар утас, 514.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Н.Баярмаад 514.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч Н.Баярмаа, гэрч Б.Жанчивсэнгээ, Н.Баянжаргал, М.Гэрэл нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Нандинчимэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул  шүүгдэгч Э.Нандинчимэгт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Баярмаа нь гар утсаа буцаан авсан талаар илэрхийлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 40000 төгрөг нэхэмжилж байгаа талаар шүүхэд бичгээр илэрхийлсэн, мөн шүүгдэгч Э.Нандинчимэг нь 40000 төгрөгийг төлөх талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Нандинчимэгээс 40000 төгрөг гаргуулж хохирогч Н.Баярмаад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх Э.Нандинчимэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг  харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Энэ хэргийн учир  шүүгдэгч Э.Нандинчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч Харчин овогт Энхбаярын Нандинчимэгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Энхбаярын Нандинчимэгийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.Нандинчимэгт оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Нандинчимэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Э.Нандинчимэг нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Нандинчимэгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 40.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баярмаад олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Э.Нандинчимэг нь хэргийн учир хохирогчид гар утас төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Нандинчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Нандинчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ