| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/050 |
| Огноо | 2023-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,
Шүүгдэгч: Д.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000230036 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Их Загал овогт Даваадоржийн Батболд, /РД: ВД81120811 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Батболд нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагаас 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гүнж дэлгүүрийн орчимд 88-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор эхнэр Л.Мэндбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, баруун даланд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Өөрийн эсрэг мэдүүлэхгүй өгөхөөс татгалзаж байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 /
2. Шүүгдэгч Д.Батболдын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
.... 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой том тэрэгний жолооч нарын шинэ жил болоод тэрэнд эхнэр Мэндбаярын хамт оролцоод 02 цагийн үед гараад эхнэрийн хамт гэртээ хариад хоорондоо хэрэлдээд би урьд нь хэлэх үг байснаа хэлээд над руу дайрч давшлаад цохиж бариад байхаар нь зөрүүлээд эхнэрээ нүүр лүү нь хоёр талаас нь буюу хоёр шанаа руу нь алгадсан тэгээд цагдаа дуудна. гэхээр нь тэг гээд цагдаа ирээд цагдаагийн байгууллагад эхнэрийн хамт авчрахад манай эхнэр буцаж гараад гэртээ харьсан байна. Манай эхнэр надаас илүү согтолттой байгаа. Би архи уугаагүй шинэ жилдээ оролцоод манай эхнэр архи уугаад байхаар нь гарч ирээд яагаад архи уусан юм бэ гэдгээс маргалдах шалтгаан үүссэн. Би эхнэрийнхээ хоёр талын шанааг нэг удаа алгадсан. Манай эхнэр намайг цохисон эмэгтэй хүн цохисон тул надад гэмтэл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батболд мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хохирогч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2022 оны 12 сарын 26-ны орой Тээвэрчдийн шинэ жилд нөхрийн хамт оролцоод тэгээд 12 цагийн үед тараад 10 дугаар баг "Аялгуу" ресторанаас гараад гэрүүгээ 9 дүгээр багийн нутагт хамт 8800 БНА тэврийн хэрэгслээр явж байгаад намайг архи уулаа гээд уурлаад байхаар нь би бас уурлаад адилхан уучхаад яах гэж тэгж байдаг юм гээд бид хоёр маргалдаад би дунд хайрцаг руугаа гараараа цохиод авах үед манай нөхөр миний нүүр лүү 2-3 удаа цохисон тэгээд би тухайн үед бас зөрүүлээд цохиод авсан юм тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Өөрөө хамт уучхаад намайг архи уулаа гээд уурлаад зодсон. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай нөхөр барьж явсан тухайн үед машин дотор нөхөр бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Нүүр лүү гараараа 2-3 цохисон. Нүүр лүү гараараа 2-3 цохисон....гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,
.... 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тээвэрчдийн шинэ жилийн баярын арга хэмжээ Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах Аялгуу ресторанд болоод 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цагийн үед тарсан. Тэгээд тэндээс гараад нөхөр Батболд бид хоёр гэр лүүгээ явах замдаа намайг “архи уулаа” гээд уурлаад байсан. Тэгээд энэ асуудлаас болоод бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгээд Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт байрлах “Гүнж” дэлгүүрийн орчимд машин дотор зогсож байхдаа миний нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд гэртээ ирээд Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. Бид хоёр 2005 оноос хойш хамт амьдарч байгаа юм. Бид хоёр хоёулаа тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би бол өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Манай нөхөр бол гайгүй, бага зэргийн согтолттой байсан. Миний зүүн талын нүд хөхөрсөн, баруун нүдний дээд хэсэгт хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. Би тухайн үед эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн нөхөн төлбөр авсан зүйл байхгүй юм. Намайг өмнө нь цохиж зодож байсан зүйл байхгүй юм. Тухайн үед л намайг анх удаа цохиод авсан юм. Тухайн үед нөхөр бид хоёр хоёулхнаа байсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Мэндбаяр мэдүүлэхдээ: Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгч ярина. Бид хоёр 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Тээвэрчдийн шинэ жилд орсон. Тэгээд шинэ жилээсээ гарч ирээд гэр лүүгээ явж байх замдаа бид хоёр маргалдсан. Би жоохон архи уусан байсан. Тэгтэл манай нөхөр надад “эмэгтэй хүн байж яах гэж архи уугаад байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамтай явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ, буруу зүйл юу байгаа юм гэж маргалдсан. Би нөхрийнхөө мөр лүү 2 удаа цохисон. Тэгээд л манай нөхрийн уур хүрчих шиг болсон. Тэгтэл намайг 2 алгадсан. Би нэг эсхүл юм мөргөчихсөн юм болов уу сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр маргалдаж явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд миний уур хүрээд “цагдаа дуудаад өгчихнө шүү” гээд нөхөртөө хэлтэл “тэг тэг” гэсэн. Би жоохон архи уусан байсан болохоор цагдаа дуудсан гэв.
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн:
1. Л.Мэндбаярын биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, баруун даланд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....гэх дүгнэлт / хх-ийн 24-25 / болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэг хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Батболд нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 00 цагаас 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гүнж” дэлгүүрийн орчимд 88-00 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор эхнэр Л.Мэндбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхи, баруун даланд цус хуралт, хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч Л.Мэндбаярын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 21 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Мэндбаяр нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Д.Батболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол байхгүй байгааг харгалзан шүүгдэгч Д.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Батболд нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их Загал овогт Даваадоржийн Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Их Загал овогт Даваадоржийн Батболдыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Их Загал овогт Даваадоржийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Батболд нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ