Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 

 

 

 

 

 

 

 

2022        12         21                          2022/ШЦТ/01

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7; эх, дүү нар, 07-12 насны хоёр хүүхдийн хамт ******* дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр уг торгох ялыг биелүүлсэн,

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

**** дугаарын регистртэй, Б овогт Л-гийн /эх/ Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Л.Б 2022 оны *** дугаар сарын **-наас ***-нд шилжих шөнө ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** нэртэй зочид буудлын **** тоот өрөөнд өөрийн гар цүнхэндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс гэх нэршилтэй, цэвэр жин нь 41.4 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өмнө нь мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэхгүй. Тэр юм уг нь миний юм биш байсан, Б гэж хүнийх. Б энийг хийчих гээд миний цүнхэнд хийлгэсэн юм. Гэхдээ одоо бүх юм ийм болсон болохоор би гэм буруу дээрээ маргахгүй гэв.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалбал:

шүүгдэгч Л.Б нь “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь

гэрч Б-ийн Б “... 2022 оны ** дугаар сарын ***-ны өдөр ** тоотод цагдаад дуудлага өгсөн байна гээд 2 цагдаа ирсэн. Дээшээ гарч ** тоотын эмэгтэйтэй уулзаад яваад өгсөн ба тухайн эмэгтэйтэй хамт байсан залуу над дээр ирээд миний машины түлхүүр, бичиг баримт, түрийвч олдохгүй байна гэхээр нь уг залуутай хамт 502 тоот руу ороод эд зүйлийг нь хайлцаж өгсөн. Тэгтэл 00-ын өрөөний суултуур дотор хар өнгийн өмд болон хайгаад байсан түрийвч бичиг баримт зэрэг зүйлс нь байсан. Харин машиных нь түлхүүр байхгүй болохоор нь орны хажууд байдаг бор ширээг холдуулаад ар хэсгийг нь үзсэн чинь “Экос нэртэй ногоон шошготой усны сав байсан. Дотроо бага зэрэг устай, ёроол хэсгийг нь цоолоод 500 төгрөг хуйлаад хийчихсэн сав байсан. “Энэ юу вэ?" гэж асуухад тэр эмэгтэй гүйж ирээд надаас шүүрч авах гээд байхад эрэгтэй нь ирээд битгий наадахдаа өг эгч ээ гэхээр нь гаргаад хогийн савны хажууд тавьсан. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр дахин шуугилдаад байсан ба өөр хүн цагдаа дуудсан байсан. Би машины түлхүүрийг нь хайх гээд 2 цагдаагийн хамт дахин өрөөнд орсон. Тэгээд тэр эмэгтэйн хар өнгийн жижиг цүнхийг онгойлгоод түлхүүр хайсан чинь цагаан өнгийн ууттай өвс гараад ирэхээр нь тэнд байсан цагдаад очоод нөгөө усны савтай зүйлийг бас гаргаж өгсөн /хх-н 23-25/ гэсэн,

гэрч О-ын Ш-ын “... би 2022 оны ** дугаар сарын **-ны өдрийн өмнөх өдөр нь архи уугаад найзындаа хоносон бөгөөд өглөө гэрт нь согтуу сэрээд, гэртээ харихаар дуудлагын жолооч дуудчихаад хүлээж байх зуураа Google мэдээллийн сайтаас биеэ үнэлдэг эмэгтэй хүний дугаар хайтал “***” гэсэн дугаарын хэрэглэгч “одоо уулзах эрэгтэй хүн байна уу?” гэсэн зар байршуулсан байхаар нь би өөрийнхөө “***” гэсэн дугаараасаа залгаад уулзах уу гэхэд надтай ярьсан эмэгтэй “одоогоор уулзах боломжгүй байна”, үдээс хойш уулзъя гэхээр нь би өдөр болтол хүлээж чадахгүй гэдгээ хэлэхэд намайг ***-ын дунд байрлах “***” нэртэй зочид буудалд нэг эмэгтэй найз нь өрөө авчихсан байж байгаа, манай найз эмэгтэйтэй хамт буудлын өрөөнд намайг хүлээгээд байж бай гээд “***” гэсэн дугаарыг тухайн эмэгтэй надад өгсөн. Тэгээд би “***” гэсэн дугаарын утас руу залгахад нэг эмэгтэй авахаар нь хаана байгааг нь асуугаад одоо очлоо гэхэд өөрийгөө “Намуун” гэх зочид буудалд байна, хүрээд ир гэхээр нь “***” нэртэй зочид буудлын үүдэнд очоод өрөөний дугаар асуунгаа уух юм авах уу гэхэд өөрөө мэд гэхээр нь гаднаас нэг шил “Соёрхол” нэртэй, 750 граммын савалгаатай архи аваад тухайн эмэгтэйн хэлсэн **** тоот өрөөнд ороход уг эмэгтэй ганцаараа байж байсан.

Би анх намайг буудалд очиход байсан болон араас орж ирсэн зэрэг хоёр эмэгтэй хүнийг урьд өмнө нь огт танихгүй. Тухайн өдөр анх удаа уулзсан. Тэгээд өрөөнд байсан эмэгтэй бид хоёр миний авч орсон нэг шил архийг хувааж уугаад дуудлагаар хоол захиалаад байж байтал хамт байсан эмэгтэй маань надад “буудлын өрөөнөөс гарах цаг нь болчихож, чи буудлын өрөө сунгаад өгөөч” гэхээр нь би 80.000 төгрөгөөр тухайн өрөөг нэг хоногоор сунгаж өгсөн.

Нөгөө эмэгтэй маань над руу дөхөж ирээд миний хөхний толгойгоор оролдоод, уруул дээр үнсээд байхаар нь би тухайн эмэгтэйтэй нэг удаа бэлгэвчгүй бэлгийн харилцаанд ороод үргэжлүүлээд ууж байгаад хэсэг хугацаанд тасарчихаад сэрээд харихаар шийдээд явлаа гэтэл надтай унтсан эмэгтэй миний автомашины түлхүүрийг нуучихаад өгөхгүй байсан. Би уурлаад муудалцтал намайг мөнгө өгвөл миний машины түлхүүрийг өгнө гэхээр нь би мөнгө өгөхгүй гээд бид хоёр муудалцаад байж байтал хажуу өрөөнд байж байсан үл таних эрэгтэй хүн манай өрөөнд орж ирээд та нар чимээгүй байгаач, унтаж амарч байна гэхээр нь би тухайн эмэгтэйг миний машины түлхүүрийг авчихаад өгөхгүй байна гэж тайлбарлаад өрөөний гадаа зогсож байгаад буцаад өрөөндөө орох гэтэл нөгөө эмэгтэй өрөөний хаалгыг дотор талаас нь түгжчихээд онгойлгож өгөхгүй байхаар нь ресейпшн рүү бууж болсон асуудлыг хэлээд бэлэн гоймон идчихээд ресейпшнтэй хамт буцаж өрөө руу орсон бөгөөд 20-30 минут болсон байх, өөрөөр би буудлын өрөөнөөс гараагүй.

Ресейпшн эмэгтэй бид хоёр хамтдаа миний түлхүүрийг хайгаад өрөөнд байсан эд хогшлуудыг байрнаас нь хөдөлгөж үзээд байж байтал ресейпшн эмэгтэй орны хажууд байрлах жижиг шүүгээг ухаж байгаад ард талаас нь хуванцар цэвэр усны дотроо ямар нэгэн зүйлгүй хажуудаа цоолоод цоолсон нүхээрээ мөнгөн дэвсгэрт хуйлаад хийчихсэн сав гаргаж ирээд энэ юу вэ? гэхээр нь би ресейпшнд хандаж наадах чинь өвс энэ тэр сороход хэрэглэдэг эд юм биш үү?, наадахаа хаялгүй хадгалж байгаарай, цагдаа энэ тэр дуудвал хэрэг болно гэж хэлсэн бөгөөд миний санаж байгаагаар ресепшин эгч тэрхүү усны савыг аваад өрөөнөөс гарсан санагдаж байна. Тэгээд гаднаас цагдаа нар орж ирэхэд ресейпшн эгч нөгөө хуванцар савтай зуйлийг гаргаж өгөхөд цагдаа үзлэг хийгээд үзлэг хийх явцад тухайн эмэгтэйн гар цүнхнээс цагаан гялгар ууттай нунтаглачихсан өвс гарч ирсэн /хх-н 29-30/ гэсэн мэдүүлгүүд болон

хэргийн газарт үзлэг хийсэн ... *** дүүргийн ***8 дугаар хороо, "***" зочид буудлын тавдугаар давхарт гарахад урд талд *** дугаартай бор өнгийн модон хаалга байх ба уг хаалгаар дотогш ороход 1 эрэгтэй, 1 эмэгтэй мансуурсан байдалтай байв. Уг өрөөнд үзлэгийг үргэлжлүүлэхэд доод хэсэгтээ шургуулга бүхий хэсэгтэй ширээ байв. Уг ширээний ар хэсгээс "Экос" нэртэй усны сав, доод хажуу хэсэгт нь цоолж 500 төгрөгийн дэвсгэртийг хуйлж хийсэн байх ба доод ёроол хэсгээр нь бага зэрэг усны шавхруутай байв...бор өнгийн модон ширээ байх ба түүн дээр хар өнгийн эмэгтэй хүний жижиг хар цүнх байх ба 2 бариултай голоороо цахилгаантай уг цахилгааныг нээж онгойлгоход цагаан өнгийн уутанд өвс мэт зүйл хийсэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 13-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнШинжилгээнд ирүүлсэн 41.4 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтад багтдаг гэсэн 1617 дугаартай дүгнэлт /хх-н 72-74/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тест хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... 5 дугаар багананд 1 улаан зураас заасан нь тухайн төрлийн бодисыг ТНС буюу Марихуан хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 141-143/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнЛ.Б гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /THC/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн I жагсаалтад багтдаггэх 4742 дугаартай дүгнэлт /хх-н 146-147/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Л-ийн Б “... миний зүс мэдэх найз Б гэдэг залуу надад өвс гэх зүйлийг авчирж өгөөд явсан. Би тухайн үед халамцуу байсан. Өр ширэнд ороод мөнгөний хэрэг гараад гадуур шоудаад явж байсан. Би архи үнэртүүлсэн болохоор гэр рүүгээ орж чадаагүй. Тэгтэл манай найз **** намайг 2022 оны *** дугаар сарын ***-ны шөнө “***” гэх зочид буудалд хүрээд ирээч гэж дуудсан. Би уг буудалд ороход Б ганцаараа байхаар нь өрөөнд нь ороод унтсан. Б гараад явсан байсан. Би маргааш өглөө нь босоод нөгөөх өвснөөсөө жоохоныг хэрэглэж үзэх санаатай байсан. Тухайн өвсийг хэрэглэж чадаагүй. Тэгээд би ямар ч хэрэггүй өвс байна гэж бодоод цүнхэндээ хийсэн үгүйгээ санахгүй байна. Уг буудлын өрөөнд байж байхад Б над руу нэг хүн явуулсан шүү гэж хэлсэн. Удалгүй гаднаас нэг залуу орж ирсэн. Тэр залуутай пиво архи уугаад хоол идээд суусан. Тэр залууг Ш гэж байсан. Шинэбаяр гэх залуу над руу дайраад би чамтай унтана, би буудлын чинь мөнгө төгрөгийг төлж сунгасан, хоол унд авч өгсөн гээд намайг явуулахгүй байсан. Түүнээс болоод хэрэлдэж маргалдаж байтал буудлын ресепшин нь орж ирээд, дараа нь цагдаа дуудсан гэж сонссон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би гэм буруугаа маш сайн ойлгож байна” /хх-н 173-174/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Л.Б-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/, “АСАП” сангийн лавлагаа /хх-н 38-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/, О.Ц, О.Н гэх хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 113-114/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 105-108/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 99-104/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Л.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодог төдийгүй, нийгмийн хор аюул, хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцоор зохицуулсан байдаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго бөгөөд шүүх ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхаарах, гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх, түүнтэй хамаарал бүхий бусад хүмүүст анхаарал санамжийг бий болгох, хорт зуршил, буруу үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэй талаас тухайн хүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан.

Гэвч шүүгдэгч Л.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд буюу шүүхийн шийдвэрээс үзвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны ** дүгээр сарын **-ны өдөр ** дугаартай шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан тул ялыг нэмж нэгтгэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолтой, Л.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэдийгээр шүүгдэгч Л.Б гэм буруугийн талаар маргахгүй гэх боловч түүний цүнхнээс гарсан “өвс” гэх бодисыг “... минийх биш, Б гэж хүнийх. Б энийг хийчих гээд миний цүнхэнд хийлгэсэн юм” гэсэн тайлбар мэдүүлгийг шүүх хуралдааны явцад хэлэв.

Гэрч Н-ийн Б “... Б гэж хүнийг танина. Манай ах Б-ийн найз нь байсан. Би танилцаад 2 жил болж байна. Нэг их байнга уулзаад байдаггүй. Гэр нь Баянхошуунд байдаг, манайх бас **** байдаг. Би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар хальт сонсож байсан болохоос биш огт мэдэхгүй. Би өөрөө эрхзүйч мэргэжилтэй. Цагдаагийн албанд ажиллаж байгаад ар гэрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр гараад одоо бөө, бариач хийдэг. ... надаас авсан гэж яагаад мэдүүлснийг мэдэхгүй байна. Би тийм сүрхий сайн мэдэхгүй шүү дээ. Надад Б-тай хамт машин тэргээр явсан удаа байхгүй. Ганц нэг удаа л таарч байсан” гэж мэдүүлжээ. /хх-н 186/

Дээрх мэдүүлгээс үзвэл яллагдагч Л.Б-ыг Н.Б гэгчтэй энэ хэрэгт хамтран оролцсон буюу хамааралтай гэдгийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоож чадаагүй байна.

Тиймээс ч Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “... шүүхээс урьд өмнө тэнссэн нь заавал хорих ял оногдуулах гэсэн ойлголт биш тул зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, мөн энэ шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж ялыг нэмж нэгтгэж өгнө үү, ... энэ гэмт хэрэг бол хохирогч байдаггүй гэмт хэрэг ...” гэсэн байдлаар өмгөөлөл явуулсанд шүүх дараах тайлбар, няцаалтыг хийх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн Долдугаар бүлэгт “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн зохицуулалтыг шинээр хэм хэмжээ болгон хуульчилсан.

Хуулийн энэ зохицуулалт нь 5 жил хүртэл хугацаагаар “хорих ял”-тай хөнгөн гэмт хэрэгт зөвхөн хэрэглэж болох агуулгатай, өөрөөр хэлбэл бусад ялын төрөл болох “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” ялуудыг тэнсэх гэсэн ойлголт хуульд байхгүй.

Нөгөөтэйгүүр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг гэж үзэж болохгүй, эсрэгээрээ нийгмийн хор аюул их буюу хүн ам, үндэстэнийг сүйрүүлэх аюултай гэмт үйлдэл юм.

Харин шүүгдэгч Л.Б-ын төрсөн хүүхдүүд болох 2011 оны ** дугаар сарын **-нд төрсөн, ***** дугаарын регистртэй, О-ын Ц, 2015 оны ** дугаар сарын **-нд төрсөн, ******* дугаарын регистртэй О-ын Н нарын эрх, ашиг сонирхол зөрчигдвөл тэдгээрт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн Засаг даргад даалгав.

Шүүгдэгч Л.Б 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 27 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй 41.4 грамм жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон       ТОГТООХ нь:

  1. Б овогт Л-ийн Б-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ** дүгээр сарын **-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож,

шүүгдэгч Л.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ** дүгээр сарын **-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Л.Б-ын цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Л.Б-т урьд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох”- таслан сэргийлэх арга хэмжээ, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн,

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “өвс” гэх нэршилтэй 41.4 грамм жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тухайн хэлтэст даалгаж, устгасан талаарх хариуг шүүхэд мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

8. Шүүгдэгч Л.Б-ын төрсөн хүүхдүүд болох 2011 оны ** дугаар сарын **-нд төрсөн, **** дугаарын регистртэй, О-ын Ц, 2015 оны ** дугаар сарын **-нд төрсөн, ****** дугаарын регистртэй О-ын Н нарын эрх, ашиг сонирхол зөрчигдвөл тэдгээрт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар *** дүүргийн Засаг даргад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б-т авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ