| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0059/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/056 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, ******* овогт *******гийн *******, / РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багт иргэн *******той үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 2, 3 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....би 2022 оны 12 сарын 03-ны өдөр аав, ээжийн хамт худаг дээр малаа усалж байхад манай аавын дүү гэх хүн ирээд “манай малаас тасарч үлдсэн хонь ямаа, танай тэнд байгааг хэлчихгүй яасан юм бэ” гэж уурлаад аав руу хажуудаа байсан модыг бариад дайраад байсан юм. Тэгэхээр нь ахыг тайвшруулах санаатай хажуугаас нь очоод барьж авахад “чи намайг барьж авдаг, хэн бэ, чам шиг тэнэг бацаан намайг барьж авах болоогүй, чи тэнэг болохоороо мал дагаж яваа биз дээ” гэж хэлэхээр нь миний уур хүрээд ахыг нэг удаа цохисон. Би хийсэн үйлдэлдээ гүнээс гэмшиж байна, миний буруу дахин ийм зүйл хийхгүй. Бид хоёр хоёулаа эрүүл байсан. Би ахын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Шүд нь хөдөлсөн гэж байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 45-46 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой малаа хотлуулахад манай малаас 30 гаран тооны хонь, ямаа дутуу байсан. Тэгээд 12 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед ******* гар утсаар залгаад манай гадаа танай хэдэн хонь, ямаа байна гэж хэлсэн. Тэгээд би 11 цагийн үед ******* аав ******* ээж гийн хамт худаг дээр малаа усалж байхаар нь очиж манай мал танай гадаа байсныг хэлчихэд яасан юм гэхэд ******* гэх хүн хэлэх албатай юм уу сүлжээ байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь сүлжээн дээр гарж ирэхдээ хэлчихгүй яасан танай мал манай өвөлжөөний газрыг идэх болохоороо иддэг биз дээ гэж маргаан үүсэж би хажууд байсан жижиг модын бариад юу гээд байгаа гэхэд ******* хажуу талаас аав руу дайрлаа гэж намайг заамдан авсан. Тэгээд чи намайг яагаад заамдаад байгаа юм заамдах болцон юм уу гэхэд гараараа миний нүүрэн тус нэг удаа цохисон. Тэгээд миний шүд хөдөлж завж язарч жоохон цус гараад байхаар нь Баянбаатарын ээж -д харуулаад энэ шүд янзлуулж өгөөрэй гэж хэлээд салаад явсан. Тэгээд гэртээ очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний үүдэн 2 шүд хөдөлсөн байсан би сумын төвд ирээд сумын эмнэлэгт үзүүлж байхад унасан. Надад одоо өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Одоохондоо миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан, эм авсан, наашаа цаашаа эмнэлэгт үзүүлэхдээ хэрэглэсэн бензиний мөнгө нийт 160.000 төгрөг болж байгаа. Үүн дээр шүүх шинжилгээний 8.000 төгрөгийн нэмээд нийт 200,680 төгрөг болж байгаа. ******* манай ахын хүүхэд болохоор миний хохирлыг барагдуулж шүдийг минь янзлуулаад өгвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 05-06 /,
4. Гэрч Ө.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2022 оны 12 сарын 03-ны өдрийн 11 цагийн үед эхнэр , хүү *******ын хамт худаг дээр малаа усалж байхад миний төрсөн дүү ирсэн. Тэгээд “манай малаас тасарч үлдсэн хонь ямаа танай тэнд байгааг утсаар хэлчихгүй яасан юм бэ” гэж уурлаад над руу хажуудаа байсан модыг барьж дайрсан. Тэгэхээр нь манай хүүхэд ******* очоод ыг хориод тайвшруулах гэхэд манай хүүхэд *******ын тэнэг мангараар нь дуудан хэл амаар доромжлоод “чи тэнэгдээ мал дагаж байгаа шүү дээ” гэж хэлээд байхаар нь манай хүүхэд *******ын уур нь хүрч нэг удаа цохисон. Тэгээд Бат- Очир газар унаад босож ирэхэд амнаас нь жаахан цус гарсан байсан. Тэгээд Бат- Очир мотоциклоо унаад явсан...гэх мэдүүлэг / хх-ийн 11 /,
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “манай малаас тасарч үлдсэн хонь, ямаа танай тэнд байгааг хэлчихгүй яасан юм бэ” гэж уурлаад манай нөхөр ******* руу хажуудаа байсан модыг барьж дайрсан. Тэгэхээр нь манай хүүхэд ******* хажуу талаас нь очоод ыг салгах гэж барьж авсан. Тэгээд тэр хоёр нэгнийгээ заамдан аваад маргалдаад байсан. Тэгээд удалгүй над дээр ирээд “танай мангар хүүхэд чинь намайг цохисон, миний завж язарсан гээд уруулаа үзүүлсэн. Тэгээд мотоциклоо унаад явсан. Шүд нь хөдөлсөн талаар мэдэхгүй, уруул нь бол язарсан цус бага зэрэг гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 747 дугаартай шинжээчийн:
1.2. *******ын биед баруун дээд 2, 3 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 20-21 / болон шүүгдэгч ******* урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 /, Баянхонгор аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4-р багт өөрийн аавын төрсөн дүү *******той үл ялих зүйл бэлчээрээс болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 2, 3 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч Ө.*******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 747 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 200.680 төгрөг эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч уг зардлын талаар нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй мөн 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “*******тай болон аав ээжтэй нь уулзаж шатахууны зардал, шүдний эмнэлэгтэй ярьж шүдээ янзлуулах болсон “ гэж мэдүүлсэн зэргийг үндэслэн шүүгдэгч *******ыг хохирогч *******т төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******т зодуулсаны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал тооцоологдоогүй талаар тодорхойлолт хавсаргагдсан тул шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирол байхгүй байгааг харгалзан Прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг оногдуулж уг оногдуулсан Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ