Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

 

 

    2023         1         27                                    2023/ШЦТ/85

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа

иргэдийн төлөөлөгч Ц.Цогтгэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220500000**** дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 5; эхнэр, 2-16 насны гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, “Их монгол” хотхон ** байр, ** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

**** дугаарын регистртэй, Б овогт Мын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “SEA” нэртэй бааранд бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Хын хэвлийн зүүн хэсэг газарт хутгаар 1 удаа хатган эрүүл мэндэд нь хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахгэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад бүгдийг үнэн зөвөөр ярьсан тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Хутга хэрэглэсэн үйлдэлдээ санаатайгаар биед нь хохирол учруулна гэж бодоогүй. Би эхнэрийнхээ шавь нартай ах дүүс шиг байдаг, тэгээд тэр өдөр хамтдаа уг баар руу орсон юм. Гэтэл хэдэн залуус тэднийг өдөж хоргоогоод, хэрүүл маргаан хийгээд байхаар нь хамгаалах гэсэн үүднээс салгая гээд очсон. Маш их харамсаж, гэмшиж байна. Би уг нь тийм догшин ширүүн үйлдэл гаргахаар хүн биш.

Хохирогчтой нэг удаа уулзсан. Мөрдөгчөөс гар утасных нь дугаарыг аваад ярихад эмнэлгээс гараад уулзана гэж хэлсэн. Одоо хохирогчийн биеийн байдал хэвийн байдалдаа орсон, ажлаа хийгээд явж байгаа гэсэн. Ахыгаа уучлаарай гэхэд танд баярлалаа гэж байсан. Хохирол, эмчилгээний зардалд гэж тухайн үед 1.250.000 төгрөг өгсөн.

Миний аав 10 жилийн өмнө бурхан болсон. Энэ хэрэг гарсны дараа би аавынхаа газар дээр очоод хүү нь дахиж хэзээ ч архи уухгүй гэж амласан. Эхнэр маань одоо текреттэй байгаа. Хүүхдүүд маань шилжилтийн насан дээрээ ирж байна. Хүүхдүүдийнхээ баяр баясгалантай харцыг хараад баярладаг, хүүхдүүддээ ингэж болохгүй, тэгж болохгүй гэдэг байсан аав нь шоронд ороод явж байна гэж бодохоор л маш их шаналж байна. Үнэхээр маш их харамсаж байна. Надад маш том сургамж боллоо. Ийм явдал болно гэдгийг хүсээгүй, мэдээгүй. Би Төрийн тусгай хамгаалалтын газарт 10 гаруй жил ажиллаж байгаад 2020 онд шалгалт өгч офицер цолоо авсан. Өөрийн бор зүрхээрээ ажиллаж, зүтгэлтэй хариуцлагатай ажиллаа гээд саяхан УИХ даргын комиссараар томилогдсон. Одоо л нэг амьдрал жигдрээд явж байна гэтэл ийм харамсалтай зүйлд орлоо. Та бүхэн ганцхан удаа намайг харж үзэж, надад боломж олгоно уу. Би та бүхний итгэлийг алдахгүй маш их хичээж амьдрах болно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н-ын Х “... би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найзуудаараа шоудаад явж байсан бөгөөд 00:00 цагийн үед хорооллын “Sea” гэх баар руу орсон. Тэндээ виски ууцгаагаад сууцгаасан ба найз С буйдан дээр тасарчихсан миний хажууд сууж байсан. Б, С хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгээд уух юм дуусаад гаръя гээд бүжгийн талбай руу хартал Б, С хоёр хүмүүстэй маргалдаад байх шиг байхаар нь би явж очоод маргалдсан. Яг юу гэж маргалдсаныг нь би мэдээгүй, хоёр тийшээ салцгаагаад ширээ ширээ рүүгээ явцгаасан. Хувцсаа өмсөөд гарах гэтэл миний хэвлийн зүүн хэсэгт хөндүүр оргиод байхаар нь харсан чинь цус гоожоод хутгалуулсан байсан” /хх-н 6/ гэж,

гэрч Б-ийн Б  “... бүжгийн талбай дээр бүжиглэж байтал араас нэг залуу түлхэхээр нь “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яасан” гээд над руу дайрахад Х босоод хүрч ирээд дундуур ороод салгасан. Энэ хооронд нээх удаагүй бөгөөд бид хэд ширээн дээрээ ирээд хувцсаа өмсөөд гарах гэтэл Х “миний гэдэсний энд эвгүй болоод байна” гэж хэлэхээр нь цамцыг нь сөхөөд харсан чинь цус гарч байсан” /хх-н 12/ гэж,

гэрч Э-ын Ц  “... тэгээд бид нар бааранд сууцгаагаад архи, пиво захиалаад сууж байсан бөгөөд ороод удаагүй байж байхад манай найз охиныг бүжиглэж байхад залуучууд тойроод бүжиглэж, биед нь хүрээд байхаар нь би найз охиноо татаад “жаахан соёлтой бүжиглэж болох уу?” гэж хэлчихээд нуруугаа харуулаад зогссон. Тэгэхэд араас түлхсэн чинь Б ах урдуур орж ирээд салгах гээд маргалдаж эхэлсэн. Сүүлд Б ах надад хэлэхдээ түрүүлж баар руу ороод буйдан дээр суусан бөгөөд тэгэхдээ буйдангийн завсраас хутга олсон гэж ярьж байна лээ” /хх-н 10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Н.Хын биед хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”” гэсэн 14856 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 14-15/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч М.Б “... 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд эхнэр Дарихжав болон дүү нарын хамт Хорооллын “Sea” бааранд орцгоосон. Эхэлж би ороод ширээгээ захиалаад булангийн ширээн дээр суулгасан бөгөөд намайг түрүүлж суух гэхэд бор иштэй тонгорог байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн. Ингээд би уух юмаа захиалаад ширээн дээрээ сууж байхад хамт явж байсан хүмүүс бүжгийн талбай руу гарцгаасан бөгөөд нэг харахад Ц хэдэн залуучуудтай муудалцаад байгаа харагдахаар нь явж очиход нэг бүдүүн залуу над руу “чи юу юм, писда минь” гээд энэ хохирогч залуу дайраад хамт явж байсан 3-4 залуучууд намайг тойроод нийлж зодох гээд байсан. Тэгэхэд нь би айлгая гэж бодоод халаасанд байсан тонгоргийнхоо үзүүр хэсгийг нь ил гаргаж чимхэж байгаад уг хохирогч залуугийн гэдэс рүү нэг хатгасан. Хамгаалагч нар ирээд муудалцдаг залуучуудыг аваад явсан бөгөөд би тонгоргоо бүжгийн талбайн хажуу талын явган хананы буланд хаясан. Удалгүй цагдаа нар ирээд тонгоргоо зааж олж өг гэхэд нь би тэр хаясан газраа үзсэн чинь байхгүй болчихсон байсан” /хх-н 31/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Харин хохирогч Н.Х гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “... 10 дугаар сарын 07-ны өдөр” гэж зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл “10 дугаар сарын 07-ны өдөр” биш “10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө” гарсан нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддог.

Тухайлбал хохирогч Н.Х нь уг гэмтлийг авсны дараагаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 07.00 цагаас эхлэн түүнд үзлэг, эмчилгээ хийгджээ.

Мөрдөгчөөс өвчтөн Н.Хын “Өвчний түүх”-ийг хуулбарлан авах тухай албан бичгийг хүргүүлснээр Цэргийн төв эмнэлгээс Н.Хын “Өвчний түүх”-ийг хуулбарлан ирүүлснийг шүүх хуралдааны явцад улсын яллагч нотлох баримтаар нэмж гаргаж өгснийг дурдах нь зүйтэй.

 

Прокурор яллах дүгнэлтдээ “... хохирогчийн хэвлийн тус газарт хутгаар 1 удаа хатгасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, энэ нь санаатай үйлдэл бөгөөд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” гэж дүгнэсэн үндэслэл бүхий болжээ.

 

Өөрөөр хэлбэл хүний биеийн анатомийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж хохирол, хор уршиг учруулсан гэмт этгээдийн идэвхтэй үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол /гэмтэл/-ын хоёрын хооронд шалтгаант холбоотойгоор уг гэмт хэргийн обьектив тал илэрнэ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Д.Бурмаа “... Б өөрөө л хүлээн мэдүүлдэг болохоос биш энэ гэмт хэргийг тэрээр үйлдсэн гэдгийг нотолж чадаагүй, хохирогч Хыг хутгалсан гэх хутга олдоогүй, хутгыг эд мөрийн баримтаар хурааж аваагүй ...” гэсэн тайлбар хэлэв.

 

Хохирогч Н.Х-ын биед “... хэвлийн зүүн хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн ...” нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, уг гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг шинжээч дүгнэлтдээ тусгасан байдаг.

Шинжээчийн дүгнэлт бол тухайн хүний эрүүл мэндэд үүссэн гэмтлийн зэрэг болон уг гэмтэл ямар хүчин зүйлийн үйчлэлээр, хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн бэ? гэдгийг тогтоодог.

Энэ байдал нь хэргийн үйл баримттай уялдаж бусад нотлох баримтуудаар нотлогдохын зэрэгцээ цаг хугацааны хувьд маргаангүй байх ёстой.

 

Шүүгдэгч М.Б-т холбогдох энэ хэргийн үйл баримтаас үзвэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны хувьд маргаантай, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй гэх байдал тус тус байдаггүйгээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

Түүнчлэн Эрүүгийн хуульд “зэвсэг, ...” гэдгийг тодорхой тайлбарласан бөгөөд тухайн үед тонгорог хутга байсан гэдгийг шүүгдэгч М.Б өөрөө хүлээн мэдүүлснээс гадна гэрч Э.Цын “... сүүлд Б ах надад хэлэхдээ түрүүлж баар руу ороод буйдан дээр суусан бөгөөд тэгэхдээ буйдангийн завсраас хутга олсон гэж ярьж байна лээ” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдоно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Мын Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бт ял оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хувьд хэдийгээр санаатай хэлбэртэй боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч М.Бын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 38/, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажлын тодорхойлолт /хх-н 41/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Н.Х нь 1.247.630 төгрөгийн хохирлын баримт /хх-н 21-24/ гаргаж өгсөн бөгөөд “... миний бие эмчилгээний зардалд 1.250.000 төгрөг авлаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 35/ гэсэн байх тул шүүгдэгч М.Б бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч М.Бын холбогдсон хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэгт хамаарч, ... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хариуцлагын хэм хэмжээг зохицуулжээ.

 

Шүүгдэгч М.Бын хувийн /ар гэрийн/ байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал зэрэг нь хуулийн дээрх шаардлагад нийцэх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялаас доогуур хэмжээгээр буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдууллаа.

 

Мөн шүүгдэгч М.Бын хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлж иргэдийн байр сууринаас дүгнэлтээ гаргасан иргэн Ц.Цогтгэрэл нь “... шүүгдэгч М.Быг гэм буруутай” гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ын Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б-ыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б-т оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн,

2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч М.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-т авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                       ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ