Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0186

 

 

 

Д.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 989 дүгээр шийдвэр,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Н

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2024/0707/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан тус албанаас Д.Нгийн нэр дээр газар эзэмших эрхийг  шилжүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг тус албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 989 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.8, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1.Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 "ойн сан бүхий газарт ой тэлэн ургах боломжийг хангахуйц газар хамаарна" гэж зааснаар ойн тэлэн ургах нөхцөл шаардлагын үүднээс хэрэгжүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна." гэж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөл шаардлагыг хангаагүй.

3.2.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 20.2.1-д "нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;" гэж хуульчилсан нь шүүхийн шийдвэрт "Нийслэлийн Засаг даргын тушаалыг хэрэгжүүлнэ" гэсэн тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний алдаа гаргасан.

3.3.Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны турш "Нийслэлийн Засаг даргын А/1*** тушаалыг хэрэгжүүлж газар олголтыг зогсоосон" гэх тайлбарыг хийж байсан ба Газрын тухай хуулийн 14.1-д заасан үндэслэлийг тайлбарлаагүй байтал тайлбарласан мэт шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

3.4.Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхтэй болохын тулд тэр дундаа хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газрыг шилжүүлэн авахын тулд заавал хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж, хүсэлтээ гаргаж холбогдох баримт бичгийг хавсаргах хуулийн үүрэгтэй, мөн заавал хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх хатуу зохицуулалтыг хангах шаардлагатай гэж  тайлбарлан хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

3.5.Нэхэмжлэгч нь газрын эрхээ хуульд заасны дагуу олж авахтай холбоотой Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байтал шүүхээс нэхэмжлэгчийг хууль ёсны газрын гэрчилгээгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж хууль хэрэглээний ноцтой алдаа гарган шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

            3.6.Нэхэмжлэгч нь хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөнтэй холбоотой эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 "газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх" газар эзэмшигчийн эрхийг шууд эдэлж шүүхээс шаардах боломжгүй", “Газрын албаны газар эзэмших эрх олгох эсэх асуудалд шүүх хөндлөнгөөс оролцохгүй" гэсэн тайлбарыг хийж байгаа нь үндэслэлгүй байна.

3.7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг хариуцагчийн тайлбараас давуулан байхгүй нөхцөл байдлыг байгаа мэт дүгнэн

нийслэлийн Засаг даргын 12/68 дугаар захирамжид заасан хориглосон нөхцөл байдалд хамаараагүй байхад эрхийг хязгаарласан захирамжийн буруу хэрэглээтэй холбоотой үндэслэлгүй татгалзсан нөхцөл байдлыг тайлбарлаагүй.

3.8.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1*** дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болох зохицуулалт биш харин ".... Нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах шинээр эрх олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон". Нэхэмжлэгчийн хувьд захирамжид хориглосон ямар нэгэн зохицуулалтад хамаарахгүй байхад хамааруулах хэт туйлшруулж шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд оруулж тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний гол алдаа.

3.9.Шүүх нэхэмжлэгчийг "...газар эзэмшигчийн эрхийг шууд эдэлж шүүхээс шаардах боломжгүй" гэсэн боловч 14 дэх хэсэгт "нэхэмжлэгчийг маргаж буй газрын эрхээр маргах эрхгүй гэж шүүх үзээгүй болохыг..." тэмдэглэсэн. Шүүхийн эдгээр дүгнэлт нь хоорондоо зөрчилтэй, нөгөө талаасаа шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үндэслэл, зөрчигдсөн эрхийг бүрэн тодорхойлж чадаагүй.

3.10.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана" гээд мөн зүйлийн 38.2 дахь хэсэгт "Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ" гэж зохицуулжээ. Энэ нь Монгол Улсын иргэн Газрын тухай хуулийн 6.1-д заасан газар эзэмших эрхийг олж авах арга замын нэг нь бусдаас газар эзэмших эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авахаар гэрээ байгуулсан тал нь өмнөх газар эзэмшигчийн нэгэн адил газар эзэмших эрх шилжүүлэх, шилжүүлэн хүлээн авах харилцааны нэгэн тал юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0989 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

4.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалах байр суурьтайгаар оролцож байна.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Д.Нгээс “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэнээс шилжүүлэн авсан газрыг түүний нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан, түүнийг хууль бус болохыг тогтоолгож, нэр шилжүүлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргажээ.

2.Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/226 дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт хаягт байрлах 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нэгж талбарын 1462**** дугаартай, 305 м.кв газрыг шилжүүлэн авахаар иргэн П.Аэй 2023 оны 10 дугаар сард **/**дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”[1] байгуулжээ.

3.Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтээ[2]  2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд түүний хүсэлтэд хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас “...таны газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан газар нь Ойн сан бүхий газарт хамаарч байна, нийслэлийн Засаг даргын “Зарим арга хэмжээ авах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/1*** дугаар захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоох захирамж гарсан тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг[3] 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгчээ.

4.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Зарим арга хэмжээ авах тухай” A/1*** дугаар захирамжаар[4] “...Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 15 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн ногоон бүс дэх ойн заагийг шинэчлэн тогтоох хүртэл ойн сан бүхий газарт газар эзэмших, ашиглах эрх олгох, Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож...” шийдвэрлэсэн байна.

5.Маргааны хувьд авч үзвэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн “газар эзэмших эрх шилжүүлэх” хүсэлтийг “хүсэлт гаргасан газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Зарим арга хэмжээ авах тухай” A/1*** дугаар захирамжаар ойн сан бүхий газарт газар эзэмшиж буй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зогсоохоор шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзжээ.

6.Маргаан бүхий татгалзлын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2023 оны A/1*** дугаар захирамжаар “ойн сан бүхий газрыг эзэмшигч нь Газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй иргэн, хуулийн этгээд хоорондын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхийг зогсоохыг хариуцагчид үүрэг болгосон” байна. Тодруулбал, уг A/1*** дугаар захирамж нь ойн сан бүхий газрыг эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг бүгдийг хамруулан газар эзэмших эрхийг шилжүүлэх үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон буюу хориглосон агуулгагүй, харин ойн сан бүхий газарт газар эзэмшигч нь хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхийг зогсоохыг үүрэг болгосон  гэж үзэхээр байна.

7.Газар эзэмшигч П.А нь газар эзэмшүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хариуцагчаас маргаагүй, газар эзэмших эрх шилжүүлэгч П.Аийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаарх Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[5], газрын төлсөн баримтууд[6], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх шилжүүлэхтэй холбогдон гарсан татвар төлсөн баримт[7] зэрэг хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрыг эзэмшигч буюу шилжүүлэгч талаас Газрын тухай хууль болон газар эзэмшигчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

8.Гэтэл хариуцагчаас маргаан бүхий газрыг эзэмшигч буюу шилжүүлэгч талаас Газрын тухай хууль болон газар эзэмшигчийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэхийг шалган тогтоолгүйгээр Нийслэлийн Засаг даргын A/1*** дугаар захирамжийн агуулгыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.

9.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан.

Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй, уг газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хооронд явагдахаар заасан. Түүнчлэн  уул эрхийн хүрээнд газар эзэмшигч, газрыг шилжүүлэн авч буй этгээдүүд нь хамтаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-38.3-т зааснаар хүсэлт, холбогдох баримтыг өгсний дагуу мөн 23 дугаар зүйлийн 23.8, 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэрийг холбогдох Засаг дарга, газар зохион байгуулалтын алба гаргахаар хуулиар зохицуулжээ.

10.Хариуцагчаас “Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх агентлагийн доод субъект буюу дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчиж, эрх шилжүүлэх боломжгүй.” гэж тайлбарлан маргах боловч доод шатны захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ тухайн шийдвэрт заасан агуулгыг өөрчлөхгүйгээр, гажуудуулахгүйгээр хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагын шийдвэр нь “үндэслэл бүхий” байх дээр дурдсан хуулийн шаардлагад нийцнэ.

11.Үүний учир хариуцагчийн “газар эзэмшигч нь хууль болон гэрээний үүргийн биелэлтийг хангасан эсэх нөхцөл байдлыг шалган тогтоолгүйгээр, Нийслэлийн Засаг даргын А/1*** захирамжийн агуулгыг буруу тайлбарлан” нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “захиргааны шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасантай тус тус нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн “газар эзэмших эрхийг шилжүүлэн авах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “хууль бус”  татгалзал гэж үзэхээр байна.

12.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад буруу дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 989 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Нгээс Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Энэхүү магадлалыг биелүүлэхдээ хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд газар шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан шаардлага, тодруулгыг хийсний үндсэн дээр, хуульд заасан журмын дагуу тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх болохыг дурдсугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

       ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ  

 

 

[1] Хэргийн 42-45 дахь тал

[2] Хэргийн 46-53 дахь тал

[3] Хэргийн 57-58 дахь тал

[4] Хэргийн 101 дэх тал

[5] Хэргийн 17 дахь тал

[6] Хэргийн 18-34 дэх тал

[7] Хэргийн 35-37 дахь тал