Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0502

 

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0502

Улаанбаатар хот



Шийдвэрийн нэр

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр  даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Ж”  ХХК

 Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн “Ж”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж”  ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд тогтоомжид нийцүүлэн ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг 30 орчим жил эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаа компани юм. Манай компани 2002 онд анх ашигт малтмалын 6721A дугаар зөвшөөрөлтэй байсан. Баянхонгор аймгийн Ж******* сумын нутаг дэвсгэр Б******* гэх нэртэй газарт орших 318 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглах эрхийн тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2004 оны 1652 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн 2658А дугаартайгаар шилжүүлэн авсан байдаг.

Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг тасралтгүй жил бүр төлж, Хуульд заасны дагуу 17 жил эзэмшиж, ашиглаж байгаа. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр 2007 онд 01 дүгээр сарын 29-ны өдөр 318 талбайгаараа тусгай зөвшөөрлийн 5145A дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан байдаг. Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 127 тоот тушаалын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг WGS-84 тогтолцоонд албан ёсоор хөрвүүлж талбайн хэмжээг дахин тооцсон.

2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсантай холбогдуулж манай компанийн дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг уг хуульд хамаарч, тодорхой хэсгийг төрд шилжүүлж, 5145А дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр компанийн нэр дээрх З18 гектар талбай бүхий 5145A дугаартай тусгай зөвшөөрлийг З хуваан салгаж MV-020399 дугаартай 74.17 гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг, мөн 5145A тусгай зөвшөөрлөөс салгаж 38.61 гектар талбай бүхий MV-020400 Дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2032 оны 1 дүгээр сарбн 22-ны өдөр хүртэл хугацаатайгаар ”Ж" ХХК-ийн нэр дээр олгосон байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг тус тусад нь салгаж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дээрх MV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг манай компанид олгосон.

Үүнээс хойш Монгол улсад хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, тогтоол, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалыг ашиглаж, эзэмшиж ашигласаар ирсэн. “Ж”  ХХК нь дээрх MV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг жил бур төлсөөр ирсэн бөгөөд МУ-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2020 оны ашигт малтмалын төлбөрт 1,613,198 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, МУ-020400 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 839,768 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлсөн. Энэ нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэчилж авсан тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 -т ”...Тустай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө...” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ”...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө...” гэж заасанд нийцүүлэн төлсөн.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ярьж байна. Танай компанийн MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2020 оны төлбөрт 14.519 төгрөгийг алданги бодогдсон байна гэснийг, мөн MV-020400 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 2020 оны төлбөрт алдангид 22,539 төгрөг бодогдсон байна төлөөрэй гэж хэлсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банкнаас төлсөн байдаг.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1 цагийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс ярьж байна ”...Танай компани MV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул цуцлахаар байна. Тиймээс алданги төлөх шаардлагагүй...” миний бие “...юу яриад байгаа юм бэ?, би бүх төлбөрийг төлсөн шүү дээ гэж хэлэхэд “...тийм юм байхгүй...” гээд утсаа тасалсан.

     Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэр нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дараах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөний зэрэгцээ “Ж” ХХК-ийн шилжүүлэн авснаас хойш 17 жил болж байгаа, ашиглалтын хугацаа дуусахад 11 жил дутуу байгаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр хууль тогтоомжид заасан хэмжээгээр төлсөөр ирсэн үйлдлийг үгүйсгэсэн хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан.

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-т “...тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг..." хэлнэ гэж тодорхойлсон байна. хуульд заасны дагуу манай компанийн дээрх 2 тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авснаас хойш тасралтгүй цаг хугацаанд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж хүчин төгөлдөр байдлыг хадгалсаар ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т ”...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бур төлнө...” мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ”...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө...” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү заалтад анх тусгай зөвшөөрлийг олгосон буюу 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой гэж заагаагүй. Манай компани МV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг урт нэртэй хуульд нийцүүлэн улсад тодорхой хэсгийг буцаан өгч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин шинээр гэрчилгээжүүлж авсан байдаг.

Үүнээс үзвэл MV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг манай компанид 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэчилж олгосон. Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал хадгалагдахаар байна.

Хоёр. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021.01.08-ны өдрийн 8/74, 8/75 дугаартай мэдэгдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах гээд 31.1-т “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална...” гэх заалтыг баримталж хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийг төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2-ыг баримтлан тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн MV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг үндэслэлгүйгээр цуцалсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон байдаг бөгөөд эдгээр зарчмыг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс ноцтойгоор зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “... үндэслэх...”, 4.2.6-д заасан “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан. мэдэгдэх, оролцоог нь хангах...”, 4.2.8-д

“...Хууль ёсны итгэлийг хамгаалах...” гэх зарчмуудыг зөрчиж шийдвэр гаргасан байна. Үндсэндээ бол Ашигт малтмал, газрын тосны газар манай компани MV-020400 дугаар, MV-020399 дугаартай ашигm малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн төлбөрүүдийг хуулийн хугацаанд төлсөн, харин алдангид MV-020399 дугаартай тусгай зөвшөөрөл дээр 2020 оны төлбөрт 14.519 төгрөгийн алданги, MV-020400 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 2020 оны төлбөрт алданги 22539 төгрөг бодогдсон байгаа болохыг 2021.01.08-ны өдөр мэдэгдэж төлөхийг шаардсан бөгөөд түүний дагуу Голомт банкнаас төлсөөр байтал мөн өдрөө тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөхдөө МУ-020399 дугаартай тусгай зөвшөөрөл дээр 2020 оны төлбөрт 14.519 төгрөгийн алданги, MV-020400 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт 22,539 төгрөг төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрлийг цуцлах болсонтой холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт хийлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь мөн л дээрх хуулийн 4.2.6-д заасан зарчмыг ноцтойгоор зөрчсөн байна.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана...”, 56.3-т “...Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ...”, 56.4-т ”...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ...” гэж заасныг зөрчсөн байдаг.

Гурав. Дэлхий дахинд Корона вирусын халдвар гарсны улмаас Монгол улсад анхны тохиолдол бүртгэгдэж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тогтоосон. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж тэг зогсолт хийж төрийн байгууллага, банкнууд огт ажиллаагүй. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл тэг зогсолт хийж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдаг. Ийнхүү бух нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалж манай компани тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой асуудлыг тодруулах, төлбөрийн баримтыг эх хуваарь аваачиж өгөх боломж гараагүй байх үед ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын тогтоолыг үл хэрэгсэж хууль бус шийдвэрийг ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс гаргажээ гэж үзэхээр байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн ”Ж” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан болохыг мэдмэгцээ 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 02 дугаар гомдлыг ЗЕХ-ийн 92 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад, мөн өдөр 03 дугаартай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан боловч холбогдох хариуг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тул нэхэмжлэл шүүхэд гаргасан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн ”Ж” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсье.

Дашрамд дурдахад Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн ”Ж” ХХК-д өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, гомдол гаргаж түүнийг шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 2З-ны өдрийн 1/680 тоот албан бичигт ч хавсаргаж ирүүлээгүй тул маргаан бүхий актыг шүүхээс хариуцагч байгууллагаас шаардан гаргуулж өгөхийг дахин хүсье” гэжээ.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийн “Ж”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Дээрх шийдвэрээр хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан учир холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. “Ж”  ХХК нь ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Маргаан бүхий хоёр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас анх 2002 онд хайгуулын тусгай зөвшөөрөл хэлбэрээр олгож, 2015 онд “Ж”  ХХК-д 2015-2032 он хүртэлх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон олгосон. МҮ020400, МҮ020399 хоёр тусгай зөвшөөрлийн дугаарыг шинэчилж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон. Үүнээс хойш “Ж”  ХХК нь 6 жилийн турш, хуульд заасан хугацаанд төлбөрийг төлж, Ашигт малтмал, газрын тосны газартай холбогдох гэрээг байгуулж, хүчинтэй байх эрхийг хангаж ирсэн. Уг тусгай зөвшөөрлийг анх 2002 оноос хойш зөвшөөрөл авч, Баянхонгор аймгийн Ж******* сумын нутаг Бөөрөнгийн ам гэх газар 312 гектар талбай бүхий зөвшөөрлийг авч байсан. 2004 онд уг тусгай зөвшөөрлийг өөр компанийн нэр дээр шилжүүлсэн. Үүний дараа 2007 онд “Ж”  ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 318 гектар талбайтай бүхий 5145а дугаар тусгай зөвшөөрлийг авч байсан. Үүнээс хойш 14 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Үүний дараа 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Дээрх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2010, 2011, 2015 онд батлагдаж, хилийн заагийг тогтоож, хуулийг дагаж мөрдөх дүрэм журам, Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Ж”  ХХК-ийн 318 гектар талбай бүхий дугаар тусгай зөвшөөрлийг гурав хувааж салгасан. 318 гектар талбайтай байсан тусгай зөвшөөрлийн 214 гектар талбайг хасаж, 74.17, 38.61 гэж хоёр хэсэг 110 гектар талбайг шинэчлэн олгосон. Бусад хэсгийг нь хуульд орсон давхцалтай хэсэг байна гэж үзэж солбилцолд өөрчлөлт оруулж, тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнээс хойш “Ж”  ХХК нь 318 гектар талбайгаар биш МҮ020399 74 гектар талбай, МҮ020400 38.61 гектар талбайн тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын тушаалаар эзэмшиж ашиглаж байна. Энэ хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газартай гэрээ байгуулж, тооцоо хийж, бүх дүрэм журмыг мөрдүүлж ажиллаж байсан. Гэтэл 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг цуцлах талаар асуудлыг ярьж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цуцалсан болохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс мэдэгдсэн. Уг шийдвэрийг үндэслэлгүй гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

Нэгдүгээрт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар тухайн жил бүр төлөх ёстой байдаг. Манай компанийн зүгээс жил бүр төлж ирсэн. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, тухайн жил бүр төлнө гэж заасан байдаг. Манай компанийн нэг тусгай зөвшөөрөл байсан зөвшөөрлийг хоёр тусгай зөвшөөрөл болгож 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон байдаг. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн байх ёстой гэх хуулийн зохицуулалт байна. Бид төлбөрийг төлж 2032 он хүртэл эзэмших бүрэн боломжтой байна. Манай компани 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2020 оны 11 дүгээр сар, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлсөн. Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрт танай компани 2020 оны төлбөртөө 14519 төгрөгийн алдангийг нэмж төлөөгүй байна гэдэг. 14519 төгрөгийн алдангийг төлөөгүйн улмаас 17 жилийн турш эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг цуцалсанд бид гомдолтой байгаа.

Ашигт малтмал газрын тосны газраас уг алдангийг ярьдаг боловч бид бодит байдал дээр тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлсөн байдаг. Тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасны дагуу хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс хуульд заасан хугацаанд төлж байгаа төлбөрийг тусгай зөвшөөрлийн төлбөр гэж заасан байдаг. Гэтэл манай компанийн зүгээс тухайн үед нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө албан ёсоор төлсөн байгаа. Ашигт малтмал газрын тосны газраас 2002 онд анх уг зөвшөөрлийг олгохдоо 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон байгаа учир 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлбөрөө төлсөн байх ёстой гэж хэлдэг. Бид тусгай зөвшөөрлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу шинээр авсан өдрөөс эхлэн тооцож, энэ хугацаагаараа төлбөрөө төлж байсан.

Гуравдугаарт. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34.2-т төлбөрөө урьдчилан төлсөн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн төлбөрөө хуулийн хугацаанд урьдчилан төлсөн бөгөөд төлбөрийг төлсөн баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгчийн гаргаж буй гол үндэслэл нь манай компанийн тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэн олгосон, тусгай зөвшөөрлийн төлбөрөө хүчин төгөлдөр байдлаа хангах зорилгоор хугацаанаас нь өмнө төлсөн.

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дэлхий дахинд Ковид-19 /цар тахал/ гарсны улмаас Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын шийдвэр, тогтоолоор бүх нийтийн бэлэн байдал зарласан байдаг. Бэлэн байдлын хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилсэн талаарх баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хуулбарлан өгсөн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу хэрэв ашигт малтмалын төлбөр төлсөн бол уг баримтаа Ашигт малтмал газрын тосны газарт авч ирж өгснөөр хүчин төгөлдөр байдлаа хэвээр хадгалж, ашигт малтмалын төлбөрөө төлсөн гэж тооцно гэсэн. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорионд орж, бүх төрийн байгууллагууд хаасан, машин явуулахгүй, явган хүн явуулахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан энэ үед ямар ч байдлаар Ашигт малтмал газрын тосны газарт аваачиж өгөх боломжгүй байсан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 6.1.41.г-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд шууд хамаарна. Ашигт малтмал газрын тосны газраас 14519 төгрөгийн алдангийг төлөөгүй, алданги төлсөн баримтыг авч ирээгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцалж байгаа нь хууль тогтоомж зөрчиж, Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан бүрдсэн байтал тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтаа авч ирж өгөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байсан. Үүнтэй холбоотой үгүйсгэсэн баримтыг Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлээгүй. Тогтоол болон Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс өгсөн байгаа.

“Ж”  ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотойгоор 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг сүүлд авсан. Үүнээс өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах талаар, алдангид 14519 төгрөг төлөх дутуу талаар мэдэгдлийг Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдэж мэдэгдэл ирүүлээгүй. Ашигт малтмал газрын тосны газраас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлд тус тус заасан мэдэгдэх сонсгох үүргээ биелүүлж ажиллаагүй. Тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэж танай компани 14519 төгрөгийн алдангийг төлөхгүй бол бид тусгай зөвшөөрлийг тань цуцлах эрсдэлтэй байна гэж сонсгох мэдэгдэх ажиллагаа огт хийгдээгүй. Үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Учир нь мэдэгдэх сонсгох ажиллагааг хариуцагч тал хийгээгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. “Ж”  ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлсөн, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Уг баримтыг Ашигт малтмал газрын тосны газар авч ирж өгөөгүй гэдэг шалтгаанаар тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь дэлхий дахинд цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлыг тооцоолж үзээгүй, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлээгүй, манай компанийн тусгай зөвшөөрлийг олгосон он, сар өдөр дуусгавар болох хугацааг тооцоолоогүй, мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгүйгээр тусгай зөвшөөрөл цуцалсан тул үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/-ын даргын 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 722 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Ж******* сумын нутаг дэвсгэрт байрлах Б******* нэртэй 318 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 6721А дугаартай уурхайн эдэлбэрийг “Г”  ХХК-д олгосон, 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 дугаартай шийдвэрээр “М*******" ******* ХХК-д шилжүүлсэн, 2004 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 1104 дугаартай шийдвэрээр “ Г” ХХК-д шилжүүлсэн, 2004 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1177 дугаартай шийдвэрээр “С" ХХК-д шилжүүлсэн, 2004 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1652 дугаартай шийдвэрээр “Ж”  ХХК-д шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1144 дугаартай шийдвэрээр Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмалын ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай “Ж”  ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн давхцалгүй хэсэгт солбицолд өөрчлөлт оруулж шинээр үүссэн MV-020399 дугаартай 74.17 гектар, МV-020400 дугаартай 38.61 гектар талбайтай тусгай зөвшөөрлүүдийг “Ж" ХХК-д олгосон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлөөгүй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д ”Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дунгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” 34 дүгээр зүйлийн 34.7-д ”Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заажээ.

Гэтэл “Ж”  ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс өмнө төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын MV-020399, MV-020400 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн 09 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 202 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8/74, 8/75 тоот албан бичгээр тус тус “Ж”  ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн систем /СМСS/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо “Г” ХХК-ний байр 04 тоот хаягаар мэдэгдсэн бөгөөд шуудангийн буцалтаар ирээгүй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйлд заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан ”мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан бөгөөд холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д ”Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно" гэж заажээ. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 1144 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл хуулийн дагуу солбилцолд орж, хоёр салсан гэсэн байгаа. Үүний хавсралтад төлбөр төлөх өдрийг зааж өгдөг.

Цуцлах үндэслэл бүрдэж байгаа, төлбөрөө төлөх ёстой компаниуд нь Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д заасны дагуу 30 хүртэлх хоногийн алдангитай төлөх ёстой байдаг. Нэхэмжлэгч компанийн 30 хоног нь 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусна. Үүнээс өмнө 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 8/5395 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Уг мэдэгдэлд цуцлах үндэслэл бүрдэж байгаа учир төлбөрөө төлнө үү гэх агуулгатай байгаа. Уг компани нь 2015 оноос хойш 2019 он хүртэл 4 жил төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан учир мэдээгүй гэх үндэслэлийг олж харахгүй байна. Ковид-19 /цар тахал/-ын хөл хорионы үед манай байгууллага 10%-ийг хангаж ажиллаж байсан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст өдөртөө 1-2 хүн ажиллаж байсан. тухайн үед Ашигт малтмал газрын тосны газраас заавал баримтыг авч ирэхгүйгээр интернетээр болон мобайл банкаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дугаарыг тавин шилжүүлсэн бол төлбөрийг төлсөнд тооцож байсан. Төлбөрийг төлөх боломж нэхэмжлэгч компанид байсан гэж үзэж байна.

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8/74, 8/75 дугаартай ”Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотоор мэдэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай шийдвэрийн ”Ж” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч “Ж”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О******* Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн “Ж”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

            Тэрээр тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тооцохдоо 2007 оны 318 гектар талбай бүхий 5154А тусгай зөвшөөрлийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг уг хуульд хамаарч тодорхой хэсгийг төрд шилжүүлсэнтэй холбоотой солбицолд өөрчлөлт орж энэхүү тусгай зөвшөөрлийг 3 хувааж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинээр гэрчилгээ олгосон өдрөөр тооцолгүй анх олгосон өдрөөр тооцож, алданги төлөөгүй үндэслэлээр цуцалсан нь хууль бус гэж, харин хариуцагч тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг анх олгосон өдрөөр тооцож жил бүр төлөх ёстой байсан бөгөөд MV-020399 дугаар тусгай зөвшөөрлийн тухайд алданги 14519 төгрөг, MV-020400 дугаар тусгай зөвшөөрлийн тухайд 22539 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй тул цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус маргаж байна.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Ж”  ХХК Баянхонгор аймгийн Ж******* сумын нутаг “Бөөргийн ам” нэртэй газарт 318 гектар талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг уг хуульд хамаарч тодорхой хэсгийг төрд шилжүүлсэнтэй холбоотой солбицолд өөрчлөлт орж энэхүү тусгай зөвшөөрлийг 3 хувааж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 74.17 гектар талбай бүхий MV-020399 болон 38.61 гектар талбай бүхий MV-020400 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгосон байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл  эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.3-д “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.”, 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж тус тус хуульчилжээ.

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг урьдчилан төлөхдөө тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, уг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн талбайн хэмжээг үндэслэхээр тодорхой заажээ.

            Өөрөөр хэлбэл 74.17 гектар талбай бүхий MV-020399, 38.61 гектар талбай бүхий MV-020400 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тооцохдоо тухайн тусгай зөвшөөрлүүдийг олгосон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн уг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн талбайн хэмжээг үндэслэн тооцохоор ойлгогдож байна.  

            Тодруулбал маргааны үйл баримт нь анх олгосон 318 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийн бус харин шинээр олгосон 74.17 гектар талбай бүхий MV-020399, 38.61 гектар талбай бүхий MV-020400 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн хугацааны талаар байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамгийн анх тусгай зөвшөөрөл олгосон өдрөөр тооцож 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлөх байсан гэх тайлбар хуулийн 34.7-д заасан агуулгатай нийцэхгүй байна.

            Нэхэмжлэгч MV-020399 дугаартай тусгай зөвшөөрлийн 2020 оны төлбөрт 1613198 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, MV-020400 дугаартай тусгай зөвшөөрлийн мөн оны төлбөрт 839768 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр тус тус төлсөн байна.

            Нэхэмжлэгч “Ж”  ХХК өөрийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг тухайн оны өөр өөр саруудад төлж ирсэн бөгөөд өмнөх жилүүдийн төлбөрийн талаар маргаан гарч байгаагүй байна.

            Түүнчлэн хариуцагч тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөрийг хуулийн 34.7-д заасан хугацаанд төлсөн гэж үзсэн атлаа 74.17 гектар талбай бүхий MV-020399 дугаар тусгай зөвшөөрөлд хамаарах 14519 төгрөгийн, 38.61 гектар талбай бүхий MV-020400 дугаар тусгай зөвшөөрөлд хамаарах 22539 төгрөгийн алданги төлөөгүй гэж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгосон нь олон жил тусгай зөвшөөрлийн төлбөр төлж ажилласан нэхэмжлэгч компанийн эрхийг хөндсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” зарчмуудтай нийцээгүй хууль бус шийдвэр болжээ.

            Учир нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.”, 7.2-т “Монгол улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:”, 7.2.7-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;” гэж хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшил бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь Монгол улсын татварын бүрдэл хэсэг байна.

            Мөн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Их хурлаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” хуулийн 1 дэх хэсэгт “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх”-өөр хуульчилжээ.

            Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн алдангийг хуулийн хугацаанд төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч компани ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийн алданги төлөөгүй үндэслэлээр хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байжээ.

            Харин нэхэмжлэгч талаас хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх өөр нэг үндэслэлээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, мэдэгдэх, оролцоог нь хангах ажиллагааг хийгээгүй гэж маргаж байгаа хэдий ч шүүх Ашигт малтмалын тухай болон Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шаардлагын энэ хэсэгт тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн “Ж”  ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.4, 34.6, 34.7, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.7, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ж”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн “Ж”  ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР