Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 

     2023         2           03                                     2023/ШЦТ/98

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Ш.Анужин

шүүгдэгч Д.Б

хохирогч Э.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210502031**** дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн **** оны *** дүгээр сарын ****-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч, электроник инженер мэргэжилтэй, МУИС-д Төслийн удирдлагын багт менежер, шинжээч ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хотхоны ****  дугаар байр, *** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** дугаарын регистртэй, Д овогт Д-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны урд талд хохирогч Э.Гтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт, 1 шүдний сулрал, уруулд шарх гэмтэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би охиноо эхнэртэйгээ авахаар тэр байранд очсон юм. Охиныгоо даарчихна гээд машиндаа суутал ар талд машин таглаад зогссон байхаар нь утас руу нь 5-6 удаа залгасан боловч утсаа аваагүй. Зөвхөн миний машин биш сантехникийн ажилтан энэ тэр гээд зөндөө хүмүүсийн машин гарч чадахгүй байсан. Энэ эмэгтэйг удаж байгаад ирэхээр нь машинаа холдуул гэтэл машин дотроо тамхи татаад суучихсан. Үүнээс болоод маргаан үүссэн. Гэтэл намайг зайлаач гээд татаж байсан тамхиа миний энгэр рүү нясалж шидсэн нь миний куртикийг цоолж түлэх шахсан. Би энэ хүний хамар руу цохиогүй. Би багш хүн болохоор гараараа чичлэж ярьдаг. Тэр үед нүүр рүү нь гараараа шүргэсэн байх. Г биш манай эхнэр цагдаа дуудсан. Өөрсдөө буруутай бол юу гэж цагдаа дуудах юм бэ. Гэрчүүд бас худлаа ярьж байна. Нэг байранд олон жил хамт байсан болохоор СӨХ-ийн ажилтан эд нар нийлж худлаа ярьж байна. Энэ гэмтлийг би учруулаагүй. Хөндлөнгийн гэрчээр нотлуулах ёстой. Г нотлох баримтыг устгасан байж болзошгүй. Камерийн бичлэг алга болсон нь сэжигтэй гэв.

 

Хохирогч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би дүүгийнхээ машинаар нөхөр, хүүхдээ хүргэж ирсэн бөгөөд уг машин дээр манай дүүгийн утасны дугаар байсан. Гэртээ ороод 5-10 минут болоод гарч иртэл нэг залуу зогсож байсан. Гэтэл утсаа авсангүй, машинаа холдуул, хөдөөнийх, гичий энэ тэр гэж намайг доромжлоод маргаан үүссэн. Энэ залуу хэрэлдэж байгаад намайг цохиод авсан. Над руу тамхины ишээ шидсэн гэж хэлсэн. Би чам руу хаяагүй гэж хэлсэн. Эхнэр нь гарч ирээд зайлаач гэхээр нь би холдохгүй, танай нөхөр намайг цохисон, цагдаа дуудна гэдгээ хэлсэн. Миний машин асахгүй байхад тэнд байсан хүмүүс миний машиныг түрж холдуулсан. Цагдаа ирээд мэдүүлэг аваад гомдол саналтай бол шүүхээр яв гэж хэлсэн. Хохирол төлбөр төлөгдөөгүй, гомдолтой байна. Энэ хүнтэй одоо л уулзаж байна. Нийт 7.835.919 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ын Г “... 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 дугаар хороололд хүүхдийн үсний найранд уригдаад 23:00 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны урд нөхрийнхөө дүүгийн Тоёота Вокси загварын 38-67 УБД улсын дугаартай машинаар нөхөр Буянбаатар, охин Цэлмүүн нарын хамт гэртээ ирээд, нөхөр охин хоёроо гэртээ оруулчихаад 10 минутын дараа машинаа зогсоолд байрлуулах гээд гартал үл таних эрэгтэй намайг “хөдөөний юм уу, яасан уддаг юм бэ” гээд байхаар нь би “за одоо машинаа холдууллаа” гээд машин дотроо суугаад цонхоо буулгаад тамхиа асааж байтал нөгөө үл таних залуу хажууд ирээд “эргүү хөдөөний юм бэ, машин тэргээ холдуулахгүй, утсаа авдаггүй юм уу” гээд хэл амаар доромжлоод байсан. Би машинаа асаах гэтэл асахгүй байсан ба татаж байсан тамхиа цонхоороо шидчихсэн чинь нөгөө залуу “чи миний нүүр рүү шидчихлээ” гээд намайг алгадаагүй байхад миний хамар руу баруун гараараа цохисон. Тэгээд би “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэтэл “чи над руу тамхи шидчихсэн, бас алгадсан” гээд байсан. Би тэр залуу руу тамхины иш шидээгүй, газар хажуу тийшээ шидсэн. Мөн би тэр залууд хүрээгүй, цохисон зүйл байхгүй. Удалгүй эхнэр нь гарч ирээд “чи эргүү юм уу, холдооч” гээд байхаар нь би цохиулсан байсан учир цагдаа дуудна гээд машинаа холдуулаагүй. Хажууд байсан сантехникч нар “чи машинаа холдуулчих, бид нар дуудлагатай байна” гэхээр нь би “машин асахгүй байна” гэтэл миний машиныг түрээд урагшлуулсан. Би тэр залуугийн биед халдсан зүйл байхгүй.

Намайг машинаа холдуул гэсэн залуу миний хамар руу гараа атгаж байгаад нэг удаа цохиж гэмтээсэн. Намайг цохичихоод цохиогүй гээд байгаад, мөн миний хохирлыг барагдуулаагүйд гомдолтой байна /хх-ийн 32-34, 146/ гэж,

гэрч Э-ийн Э “...  2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд цагдаа жолооч Т.Пүрэвжаргалын хамт 22:47 цагийн үед “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны урд **** УБП улсын дугаартай машины жолооч машин хааж тавьчихаад гарч ирэхгүй байсан, сая нэг эмэгтэй гарч ирээд манай нөхрийг алгадаж аваад, тамхиа шидээд, машинаа холдуулахгүй гээд байна” гэх дуудлагын дагуу очиход зодуулсан гэх иргэн Г, зодсон гэх иргэн Б гэх хүмүүс байсан. Зодуулсан гэх иргэн Гийн хамар амнаас цус гарсан байдалтай, цус нь хатсан байдалтай байсан.

Гээс тайлбар мэдүүлэг авахад “би машинаа гаргах гээд татаж байсан тамхиа хаях гээд цонхоороо гаргаж шидэх гэж байгаад тэр залуугийн өмсөж байсан куртик дээр нь оносон юм. Тэгсэн тэр залуу шууд миний ам хамар руу алгадаад авсан” гэж хэлсэн.

Зодсон гэх иргэн Б нь “тэр эмэгтэй намайг цохих гээд дайраад байхаар нь бултах гэж байгаад цохисон” гэж тайлбар мэдүүлэг өгсөн байдаг.

Шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэж тухайн үед асуухад үзүүлнэ гэхээр нь “за, та тэгвэл манай хэлтэс дээр очоод жижүүрийн мөрдөнгөөс шүүхийн тогтоол авч очоод үзүүлээрэй” гэж хэлээд тайлбар мэдүүлгээ аваад дараагийн дуудлага руу явсан” /хх-ийн 20-21/ гэж,

гэрч Т-ын Б  “... тэр өдөр манай эгчийн хүүхдийн үсний найр болоод Голден парк хотхонд очоод би эхнэрээрээ машин бариулаад гэртээ ирээд унтаад өгсөн. Харин маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Г “өчигдөр машины зогсоол дээр машин холдуулах гэж байтал танихгүй хүн ирээд намайг цохичихсон. Тэгээд би дуудлага өгөөд цагдаад хандсан" гэж хэлсэн.

Манай эхнэрийн уруул дотор сэтрээд хавдчихсан, хамарны хажуу тал нь улайчихсан байсан. Үсний найранд хамт явж байх үед манай эхнэрийн биед ил харагдах гэмтэл огт байгаагүй” /хх-ийн 43-44/ гэж,

гэрч Б-ын А “... би Баянгол дүүргийн 7 дугаар хороог хариуцсан цагдаагаар 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 3 дугаар cap хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Гийн гаргасан гомдол мэдээллийг шалгаж, Г, Б нараас гэрчийн мэдүүлэг авч, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд Гийн биеийн гэмтлийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл гарч ирсэн.

Зөрчлийн хэрэг шалгах явцад Б, Г гэх хүмүүсийг таньдаг болсон. Үүнээс өмнө таньдаггүй байсан. Тухайн дуудлагын дагуу эргүүлийн офицер Эаас мэдүүлэг авахад “иргэн Гийн хамар, амнаас цус гарч, цус нь хатсан байдалтай байсан, татаж байсан тамхины ишээ шидэх гэж байгаад маргалдсан залуугийн куртикыг оночихсон. Тэгтэл тэр залуу миний хамар ам руу цохисон” гэж мэдүүлсэн. Цохисон гэх Бэс мэдүүлэг авахад “тэр эмэгтэй намайг цохих гээд дайраад байхаар нь цохисон” гэж мэдүүлэг өгсөн.

Би хэрэг гарсны маргааш өглөө нь тус гомдлыг хүлээн аваад Бийг дуудаж, манай хэсгийн байцаагч Ганболд, Б, түүний эхнэрийн хамт хэрэг болсон гэх газар очоод Сууц өмчлөгчдийн холбооны хүнийг дуудаад камерын хяналтын өрөө рүү нь Бий хамт орсон. Тэгтэл Сууц өмчлөгчдийн холбооны нэг эмэгтэй байсан ба намайг тухайн үед хяналтын камерыг шүүж үзье гэтэл тухайн камерыг шүүж болохгүй байсан. Тэгэхэд тухайн эмэгтэй “манай камер болохгүй байгаа юм аа, та нар өчигдөр болсон асуудлын талаар явж байна уу” гэснээ “чи тэр эмэгтэйг цохио биз дээ” гэж хэлж байсан” /хх-ийн 48-49, 51/ гэж,

гэрч С-ын Б “... би уг байранд оршин суугчаар 30 гаруй жил, СӨХ-д тасралтгүй 5 гаруй жил ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би 1 дүгээр орц руу явчихаад 4 дүгээр орц руу явж байтал манай байрны оршин суугч Г нь нэг залуутай машины зогсоолоос болоод маргалдсан ба тухайн залуу Гийн мөр хэсэг рүү түлхээд, хамар хэсэг рүү нь 1 удаа цохиод, Гийн хамарнаас цус гараад хавдчихсан. Тухайн залуу Гийг улаан цайм цохисон. Тухайн үед “Өрнөх” дэлгүүрийн эзэн С, слесерь гээд хоёр залуу байсан ба Гийн машин асахгүй байсан тул түрж өгсөн. Г тухайн залууд гар хүрээгүй.

Дараа нь Гийн нөхөр орж ирээд камер шүүсэн ба нөхөр нь камерын бичлэг хуулж аваагүй. Тэрний дараа 7 дугаар хорооны эмэгтэй цагдаа орж ирэхээр нь би камер шүүлгүүлээгүй. Харин цохисон залуу орж ирэхээр нь би “чи эмэгтэй хүн цохисон биз дээ” гэж хэлээд гаргасан” /хх-ийн 46-47/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Бд холбогдох гэмт хэргийн үйл баримтаас үзвэл 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 23:00 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны гадна автомашиныг зогсоолд буруу байрлуулсан буюу автомашинаа холдуулсангүй, удлаа гэх шалтгааны улмаас иргэд хооронд маргаан үүсчээ.

Маргааны явцад шүүгдэгч Д.Б хохирогч Э.Гийн эрх чөлөөнд халдсанаар түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол /гэмтэл/ учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан

“Э.Гийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, 1 шүдний сулрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9791 тоот дүгнэлтэд тусгагдсан байна. /хх-н 54-55/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” байхыг тухайлбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол /гэмтэл/ учирсан байхаар хуульчилсан ба шүүгдэгч Д.Бийн гэмт үйлдэл хохирогч Э.Гийн эрүүл мэндэд хохирол учирсан гэмт үр дагаврын хооронд шалтгаант холбоотой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд тэрээр хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй байдаг.

Шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авчээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Б гэм буруугийн талаар маргаж байх боловч түүний гэм буруугүй гэх байдал нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэнэ.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны хувьд маргаантай, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй гэх байдал үгүйгээс гадна шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд бүгд тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг нотлосон, зарим гэрчүүдийн /үүнд: цагдаагийн ажилтан, СӨХ-ийн ажилтан гэх мэт/ мэдүүлэг нь тухайн цаг хугацааны үйл явдлын талаар хожим нь мэдүүлэхдээ уг гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болохыг гэрчлэн мэдүүлсэн байгааг, шинжээч эмчийн дүгнэлт хугацаа алдаагүй буюу 3 хоногийн дараа гарсан байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д овогт Дгийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн түүний хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг нь харгалзав.

 

Шүүгдэгч Д.Бийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 86/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 66/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 95/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт 235.919 төгрөгийн баримт авагдсан байхаас гадна хохирогч Э.Г нь нэмж 7.600.000 төгрөг, нийт 7.835.919 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Нэмж нэхэмжилж буй 7.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг задалж үзвэл:

“Сайн сайхан медикал” эмнэлэг, “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолтуудыг үндэслэн хамрын хагалгаанд ороход 7.000.000 төгрөг, “Гүүд клиник” эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн шүдний эмчилгээ 600.000 төгрөг болж байгаа гэж хохирогч тайлбарлав.

 

Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг өнөөдрийн шүүх хуралдаанаар хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ хохирогчид учирсан хохирол, хор уршигт бодитойгоор зарцуулагдсан мөнгөн дүнгээр хохирлыг гаргахаас биш, ирээдүйд хийгдэх эмчилгээний зардлыг урьдчилан гаргаж шийдвэрлэдэггүй.

 

Хохирогч Э.Гийн гаргасан “Гүүд клиник” эмнэлгийн тодорхойлолтоос үзвэл “Онош: Гэмтлийн гаралтай шүдний холбоосын үрэвсэл 21-р шүд. Эмчилгээ: Шүдэнд сувгийн эмчилгээ хийж суваг пломбодож шүдийг циркон бүрээсээр бүрж эмчилсэн. Эмчилгээний төлбөр: 600.000 төгрөг болов” гэжээ.

 

Гэмтлийн гаралтай шүдээ янзлуулсан гэх хохирогчийн нэхэмжлэлийг шүүх үгүйсгэхгүй. Гэвч хохирогч үүнийгээ өөр нотлох баримтаар давхар нотлох /тухайлбал; шүдний рентгэн зураг, өвчний түүх гэх мэт/ шаардлагатайгаас гадна уг тодорхойлолтод тусгагдсан “21-р шүд” гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9791 дугаартай дүгнэлтийн Хэсэг газрын үзлэгт тусгагдсан “Дээд зүүн 1-р шүд ...” гэснээс өөр байгаа нь шүүхэд эргэлзээтэй байдлыг төрүүлж байна.

 

Харин хохирогч Э.Г нотлох баримтаа дахин бүрдүүлэн дээрх эргэлзээг гаргаж, шүдний болон хамар ясны хугаралтай холбоотой эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Д.Бэс жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ эрхийг нь эрүүгийн хэргийн шүүх нээлттэй үлдээв.

 

Нөгөөтэйгүүр хохирогч Э.Г “... ажилгүй байсан хугацааны цалин өдрийн 40.000 төгрөгөөр тооцож 14 хоногийн мөнгө нэхэмжилнэ” гэж “Анарболор” ХХК-н тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ тус тус өгсний дагуу шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь, аж ахуйн нэгжийн тодорхойлолтоос гадна тухайн компанид ажилд авсан тухай эрх бүхий албан тушаалтны Тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Мөн энэ хэрэгт хавсаргасан байгаа 1 ширхэг CD нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй тул шүүх нотлох баримт гэж үзээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг 800.000 төгрөгөөр торгох, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Д овогт Дгийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бэс 235.919 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун арван ес/ төгрөг гаргуулж хохирогч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байр, 76 тоотод оршин суух, ШВ83080665 дугаарын регистртэй, Хонгор овогт Энхбатын Гт олгож,

хохирогч Э.Гийн энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ