Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

    2023         2            03                                     2023/ШЦТ/97

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэбаяр

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр

хохирогч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210502463******** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Яргайтын *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, ***** дугаарын регистртэй, Б овогт Цын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10-11 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны урд талын замд **** УНЦ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийн жолооч Н.Быг “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан түүний *** УНЭ улсын дугаартай “Волксваген Таурег” маркийн тээврийн хэрэгслийн копудыг гараараа цохиж хонхойлгон, зүүн талын урд крыло болон зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж толины гадна гэрийг хагалж нийт 535.000 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Замын хөдөлгөөний дүрэм гэж байдаг. Энэ хүн урсгал сөрж орж ирээд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урдаас улам дайраад байсан. Миний явах эгнээ явган хүний замд шахагдаад хөдөлж болохгүй байсан. Тухайн зам дээр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Миний хувьд энэ хүний машины копуд дээр 2 удаа гараараа цохьсон. Түүнээс биш машины толийг нь яагаа ч үгүй. Хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгш эрх үйлчилмээр юм. Би буяндаа бузар хийх хүн биш. Намайг машины толь өшиглөсөн гээд байна. Машины толины дээд хэсгийн эмтэрсэнг би яаж өшиглөсөн байх вэ. Гэтэл толин дээр нь ядаж миний гутлын мөр, зураас ч гараагүй. Хийсэн хэргийнхээ төлөө үүрэг хүлээхээс биш хийгээгүй хэргийнхээ төлөө хэрэг хүлээмээргүй байна гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би тэр өглөө 10:00 цагийн үед ахынхаа хүүхдийг хичээлд нь хүргэж өгөхөөр төмөр замын “Ахмадын өргөө”-гийн хажуугийн байрны замаар эргэсэн. Байрны дундах зам болохоор хоёр чиглэлийн хөдөлгөөнтэй, гэхдээ нэгдүгээр эгнээнд нь машинууд тавьсан байсан болохоор би тойроод ортол өөдөөс цагаан өнгийн Приус загварын машин гарч ирснээ хамраараа тулаад зогссон. Энэ хүний машин зөрөөд өнгөрөх боломжтой байсан боловч намайг ухар гэхээр нь хажуугаар гарчих гэж би хэлтэл “яадаг хар гичий вэ, зам тавьж өгөхгүй” гээд хараалын үгээр намайг доромжилсон. Чамтай би хэрэлдмээргүй байна, яагаад жаахан хүүхдийн дэргэд хараагаад байгаа юм бэ, зүгээр яв гэхэд миний машинтай зэрэгцэж машинтайгаа шахаад зогссон. Би айсандаа цонхоо хаагаад машинаасаа буулгүй суухдаа нөхөр рүүгээ залгатал яг одоо хөдөө гарч явна очих боломжгүй гэж хэлсэн. Тэр үед энэ залуу миний машины копуд дээр гараараа цохиод байхаар нь би айгаад уйлсан. Манай дүү бас айгаад уйлсан. Энэ залуу балбаад буугаад ир гээд байсан. Энэ хооронд би ах руугаа залгасан. Эхнэрт нь нөхрөө аваач гэтэл эхнэр нь надад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би цонхоо хаагаад сууж байтал эхнэр нь бууж ирснээ намайг шүлсээ хаялаа гэхээр нь танай нөхөр чинь миний машин руу цэрээр нулимсан гэдгийг нь хэлсэн. Эхнэр нь намайг муу жүжигчин, худлаа уйллаа гэж доромжлоод гар утсаараа бичлэг хийгээд байсан. Энэ үед нөхөр нь /энэ залуу/ миний машины толь руу өшиглөчхөөд хоёулаа машиндаа суугаад хурдтай яваад өгсөн. Яг хөдөлж байхад нь манай ах Гранд-ын тэндээсээ ажлаасаа гүйж ирж таарсан. Би амжиж гар утсаараа машиных нь дугаарын зургийг дарж авсан. Тэгээд манай ах ирээд Замын цагдаа руу ярьж, машины дугаараар нь хөөж утсыг нь олоод залгатал эхнэр нь авсан. Буцаж ирэхгүй бол цагдаа сэргийлэхээр явлаа шүү гэтэл 11 цагийн үед ирснээ дэвээд, манай ах уулзаад чи эмэгтэй хүнийг ингэж дээрэлхэж, эд хөрөнгийг нь ингэж болдог юм уу гэхэд яасан хөгшөөн би наад хохирлыг нь барагдуулчихъя гээд байсан. Намайг энэ залуу энэ муу хүүхэн чинь гээд миний нүүр рүү хуруугаараа чичсэн. Түрүүнээс хойш яагаад дээрэлхээд байгаа юм бэ, наад гараа ав гээд би түлхтэл хажуугаас эхнэр нь миний нүүрэн тус газар зүүн нүд рүү нэг удаа цохисон. Үүнийг нь манай ах болиулсан. Та нар болиоч ээ, эмэгтэй хүнийг гэж замын хажуугаар явж байсан хүмүүс хэлсэн. Би бодохдоо энэ залуу тухайн үед эхнэртэйгээ муудалцсан байсан, тэр уураа надад гаргасан болов уу гэж бодсон. Түүнээс биш ямар ч шаардлага үүсээгүй.

Миний машины копуд болон толинд хохирол учирсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирлоо төлүүлж авмаар байна. Би машинаа 2021 оноос хойш унаж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Б “... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10:00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрны урд талын туслах зам дээр өөрийн эзэмшлийн ** УНЭ улсын дугаартай “Волксваген Таурег” загварын машинаар авга дүү Эрхэсийг хичээлд нь хүргэж өгөх гээд явж байсан. Намайг машинаа жолоодоод явж байхад **** УБД улсын дугаартай “Тоёота приус-30” загварын машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн урсгал сөрж өөдөөс гарч ирээд намайг хойшоо ухар гэж гараараа дохисон. Би урсгал дагуу явж байсан учир “зөндөө зай байна, хажуугаар гараач” гэж хэлсэн. Тухайн эрэгтэй миний зүүн тал буюу жолооч талд автомашинтайгаа ирж зогсоод “яадаг гичий вэ, зам тавьж өгөхгүй” гээд хараалын үгээр хэлэхээр нь би чамтай хэрэлдмээргүй байна, хангалттай хажуугаар багтах зайтай байна, чи өөрийнхөө явах замаар яв” гэхэд тухайн залуу бууж ирээд миний машины копут хэсэг рүү гараараа балбаж, зүүн тал буюу жолооч талын крыло болон жолооч талын толь өшиглөсөн” /хх-н 25-27/ гэж,

насанд хүрээгүй гэрч Н-ын Э  “... эгч намайг хичээлд хүргэж өгөх гээд машинтай явж байхад хоёр хүн урсгал сөрж орж ирээд бид хоёрыг ухар гэсэн. Хажуугаар зөрөөд явчих гэхэд бууж ирээд манай эгчийн машиныг цохиж, толь өшиглөж, миний талын хаалга татаж цонх нүдээд шүлсээрээ нулимж хаяад байсан. Эгч уйлаад аав руу залгасан бичлэг хийхэд тэр хүмүүс “жүжигчин авгай” гэж хэлээд байсан” /хх-н 41-42/ гэж,

гэрч Б-ийн Н “... намайг ажил дээрээ байхад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүү Б утсаар залгаж та хаана байна, нэг машинтай хүн намайг хэл амаар доромжлоод, машин цохиод, барьж авч зодох гээд дайраад байна гэж ярихаар нь би хаана байгаа талаар асуухад Гранд плаза худалдааны төвийн баруун урд байх 9 давхар байрны урд зам дээр гэж хэлсэн.

Би ажлаасаа гарч удалгүй дүү Б дээр очиход нэг цагаан өнгийн Приус машин мөргөх шахам хурдтай миний хажуугаар зөрж өнгөрсөн. Тухайн үед юу ч бодолгүй дүү дээрээ очиход “сая өнгөрсөн цагаан өнгийн приус машин” гэж зааж хэлсэн. Би юу болсон талаар асуухад манай хүүхдийг зөөж явж байхад машинд зам тавьж өгсөнгүй гэж хэлээд машины урд копут цохиж хонхойлгосон, жолооч талын толийг хагалчихсан, машинаар дүүрэн нулимж цэр болгочихсон гэж хэлээд машин нь тийм байдалтай байсан. Тэр машины дугаарыг дүү гар утсан дээрээ дарчихсан байсан.

Нөхөр нь болох залуу намайг барьж заамдсан. Та нартай учраа олж чадахгүй юм байна, цагдаа дээр учраа олъё гэж намайг хэлэхэд нөхөр нь “за за” гэж хэлээд яваад өгсөн. Би дүүдээ цагдаа дууд гэж хэлээд Баянгол дүүргийн цагдаа дээр ирсэн. Урд копуд нь нилээн хонхойчихсон, их олон газар, жолооч талын толины суурь хэсэг хагарчихсан байдалтай харагдаж байсан. Нөхөр гэх эрэгтэй хүн нь гараараа копуд руу цохиж, хөлөөрөө толийг өшиглөсөн гэж хэлсэн” /хх-н 38/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ц.Б-д холбогдох энэ хэрэгт “Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийжээ.

Хөрөнгө үнэлгээний БГ1-21-486 дугаартай тайланд “... зах зээлийн үнэлгээгээр нийт 612.800 төгрөгөөр үнэлэгдэв” /хх-н 58/ гэсэн нь хуулийн энэ зүйл хэсгийн шинжийг хангаж байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Б-д холбогдох гэмт хэргийн үйл баримтаас үзвэл 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10:00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 81 дүгээр байрны урд зам буюу орон сууцны хорооллын дундах авто зам дээр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар “... зам тавьж өгнө, өгөхгүй, урсгал сөрсөн, сөрөөгүй” гэх шалтгааны улмаас өөр хоорондоо маргалджээ.

Маргааны явцад шүүгдэгч Ц.Б хохирогч Б.Б-ы эд хөрөнгө буюу түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн копутыг гараараа цохиж хонхойлгосон, толь руу нь хөлөөрөө өшиглөснөөс толины суурь хэсэг эмтэрч хагарсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний БГ1-21-486 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

“Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ” гэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульд тус тус тодорхойлон, тэдгээр нь хэрхэн яаж хохирсон болон өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэйг сануулан хуульчилсан.

Шүүгдэгч Ц.Бод холбогдох хэргийн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авчээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж байх боловч шүүгдэгчийн гэм буруугүй гэх байдал дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэнэ.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч Б.Мөнхбаяр “... автомашины толины суурь хэсэг тухайн үед хагарч гэмтсэн гэдгийг хангалттай нотолж чадаагүй. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээ хийх журмыг зөрчсөн, хууль бус дүгнэлтээр хохирлыг тогтоохгүй, толины хохирлыг нотолсон баримт байхгүй, ... хохирлын хэмжээ хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргав.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэмт хэргийн шинжтэй уг үйлдэл 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн байдаг ба цагдаагийн Эрх бүхий албан тушаалтнаас даруй хугацаанд буюу тухайн өдрөөс 3 хоногийн дараа 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөрөнгийн үнэлгээний байгууллагад үнэлгээ хийлгэх хүсэлтээ хүргүүлжээ. /хх-н 54-55/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас гаргасан тайланд “... зүүн толины гадна аяга үнэлгээ 270.000 төгрөг ...” гэж тусгасан байна.

 

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг нотлосон, үнэлгээ /дүгнэлт/ эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны хувьд маргаантай, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй гэх байдал үгүйгээс гадна шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Цын Быг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Бод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн түүний хувийн байдал, хохирол, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг нь харгалзав.

Тухайлбал, энэ гэмт хэрэг нь “Бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн зэрэгт шилжсэн” цаг хугацаанд буюу “Ковид-19” цар тахлын үед үйлдэгдсэн байдгийг онцлон тэмдэглэе.

 

Шүүгдэгч Ц.Бын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 83/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 79/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Б нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн хохирлын 612.800 төгрөг, эмчилгээний зардалд 280.000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 44.000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8000 төгрөг, автомашин угаалгын төлбөр 70.000 төгрөг нийт 1.014.800 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилж байжээ.

 

Харин шүүх хуралдааны явцад автомашины эвдрэл 612.800 төгрөг, үнэлгээний зардал 44.000 төгрөг, ариутгалтай угаалга 70.000 төгрөг нийт 726.800 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “ариутгалтай угаалгын төлбөр 70.000 төгрөг” гэснийг хасч тооцоод 656.800 төгрөгийг шүүгдэгч Ц.Боос гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэлээ. Учир нь, “ариутгалтай угаалгын төлбөр 70.000 төгрөг” гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилж, прокурор Яллах дүгнэлтийн хавсралтдаа дурдсан нийт 1.014.800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “... эмчилгээний зардал”-тай холбоотой баримтууд Эрүүгийн хуульд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт шууд хамааралгүй болно.

Түүнчлэн хохирогч Б.Бы бусдад зодуулж хохирсон гэх үйлдэлд прокуророос “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол гаргасан байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 101-103/

 

Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Цын Быг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Бод оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, уг ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-оос 656.800 /зургаан зуун тавин зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогч, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Авзага” 59 дүгээр байр, ***** тоотод оршин суух, ***** дугаарын регистртэй, Буурал овогт Б-ийн Хд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Бод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ