Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/116

 

 

 

 

 

 

 

 

    2023         2             13                                     2023/ШЦТ/116

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн

улсын яллагч П.Отгонбаатар

шүүгдэгч Ц.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 220503766****дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн *** оны * дүгээр сарын **-нд Хөвсгөл аймагт төрсөн, 43 настай эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Мөнх дулаан констракшн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Арцат таун” хотхоны **** дугаар байр, 03 тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

***** дугаарын регистртэй Х овогт Цийн А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21:00 цагийн орчим Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уранган” спорт цогцолборт байрлах бильяард дотор Б.Мын биед халдаж хамар хэсэгт нь гараараа цохиж түүнд хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохирогч М бид нар бие биеэ таньж мэддэг найзууд. М 4 дүгээр сард амралтаа аваад эмчилгээ хийлгэх юм гэсэн. Тэгэхэд нь би эмчилгээний мөнгийг нь төлөх болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын М “... 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед найз А над руу залгаад хамт билльярд тоглоё гээд дуудсан. Би 16 цагийн орчимд “Уранган” барилгын материалын зах дотор байрлах снүүкер билльярдны газар руу ороход найз А, танил О, Э, Э нар байсан, бусдынх нь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Намайг дугуй ширээний хажууд сандал дээр сууж байхад А өөдөөс хараад эсрэг талд сууж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас санахгүй байна. А миний хамар руу баруун гараараа цохисон. А нь миний нүүр, хамар руу цохисны дараа би сэргэсэн. Би найз Аэд цохиулсныхаа дараа 2022 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 29 минутанд цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгаад хүнд цохиулчихлаа дуудлага өгье гэж хэлсэн” /хх-н 7-8/ гэж,

гэрч Г-ын Э “... орой 19 цагийн үед би “Уранган” худалдааны төвийн биллъяард руу очсон. Өрөөнд найзуудаараа биллъярд тоглож байгаад сүүлдээ архи уугаад хөзөр тоглож эхэлсэн. Э нь түрүүлээд ажилтай гээд гараад явсан. Өрөөнд О, А, М бид дөрөв хөзөр тоглож байсан. Тэгээд М, А хоёр төлбөр тооцооноос болоод муудалцаж эхэлсэн. О гадагшаа гараад явсан байсан. Би М, А нартай хамт байж байхад А Мын хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. А нь гараад явсан. Би араас нь гарахад байхгүй байсан” /хх-н 14-15/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Цийн А “... 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найзууд болох О, Эрдэмбаяр, Э дөрвүүлээ Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Уранган” худалдааны төвд байрлах биллъярд дотор биллъярд тоглохоор орсон. М гаднаас хуурай цэвэр спирттэй орж ирсэн. Мын араас удалгүй Эрдэмбаяр орж ирсэн. Найзуудаараа биллъярдны тусгай өрөөнд хөзөр тоглож байхад найз Э нь ажилтай гээд гараад явсан. О нь угаалгын өрөө рүү явсан байсан. Эрдэмбаяр, М бид гурав үлдсэн төлбөр тооцооны асуудлаас болоод маргаан үүссэн. Би Мын хамар хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиод гараад явсан” /хх-н 32-33/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Мын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна” гэсэн 15767 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 23-24/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Ц.Аийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Цийн Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Аийн хувийн байдалтай холбоотой:

АСАП сангийн мэдээлэл /хх-н 50-61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 48-49/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Ц.А “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 66/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Ц.Аэд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Харин шүүгдэгч Ц.А цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.М “... миний бие ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” /хх-н 67/ гэжээ.

 

Харин шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Мт учруулсан гэмтлээс улбаатай эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгааг шүүхийн энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайлан тэмдэглье.

 

Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Цийн Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.А торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ