Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

         шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ид холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн,  Б.И 

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.И нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн  Хөвсгөл сумын 4 дүгээр баг Жагдалын гудамжинд байрлах ерөнхий боловсролын сургуулийн баруун талын шороон зам дээр баруун гар талаас замын хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.Эд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс ... улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөн, зам тээврийн осол гаргаж зорчигч С.Агийн биед “гавлын суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий” хүнд хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Иы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өөрийнхөө гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

 

хохирогч С.Аугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би юу болсон талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  37 дугаар тал),

 

Хууль ёсны төлөөлөгч Ө.Эийн “...анх хүүхдээ харах үед тархины баруун талын оройн хэсгээс цус гарч хавдсан байдалтай. Баруун талын чихнээс цус гарсан бөөлжсөн ухаан санаа нь самуурсан байдалтай байсан. Яг ухаангүй гэхээр ухаантай юм шиг ухаантай байна гэхээр хариулах таних чадваргүй байсан. Дорноговь аймгийн эмнэлэгт үзүүлээд суурь ясны хугаралттай, тархи няцралттай 3-4 газарт цус харвалттай, уйланхай үүссэн, 4 төрлийн тархины хунд гэмтэлтэй комын хамгийн наад талын байдалтай байна гэсэн. Одоо С.Ау нь 2022 оны 12 дугаар сарын 21 -ны едрөөс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэсний үр дүнд орноос босож нойлын өрөө орох хэмжээнд хөл дээрээ явж байгаа. Маш их хэмжээний бөөлжилттэй байж байгаад 2 өдрийн өмнөөс бөөлжихөө больсон. Юм асуухаар эсрэг утгаар нь ярина. Ярьсан зүйл ойлгохгүй байдалтай байна... гэсэн мэдүүлэг

Аугийн биеийн байдал арай дээрдэж байгаа гэхдээ тухайн үед болсон асуудлыг санахгүй...зарим үгийг яаж бичихээ мэдэхгүй байдалтай байна. Тархи толгой нь асуудалтай байна. Гэрт хэвтрийн дэглэм сахиж эм тариа хийлгэж байна. ...Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Иаас хохирол төлбөр барагдуулсан  гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  41,168  дугаар тал),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...... улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл зүүн талаас баруун чиглэлд зорчиж явсан. Улсын дугааргүй даюун маркийн тээврийн хэрэгсэл урдаас хойш чиглэлд зорчиж явсан...”, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн  4-12 дугаар тал),

 

Гэрч Б.Эгийн "... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрт байж байтал манай эхнэр Э ажил дээр хүрээд ирж сумын тамгын газарт бичиг өгнө гэхээр нь эхнэрээ очиж аваад эрүүл мэндийн төвөөс сумын тамгын газар явж байсан. Сургуулийн шороон зам дээр уулзвар дээр орж ирээд явж байтал эхнэр хажуугаас мотоцикл гэж хашгартал мотоциклтой хүн миний машины зөв талын урд гупер хэсэг дээр ирж мөргөөд зөв талын хаалга мөргөөд би уулзвар дөнгөж гараад зогссон. Тэгтэл Б.И БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой нэг хөл нь мотоциклдоо даруулсан байдалтай байсан. Мотоциклын ард Соёлхүү овогтой А гэх охин сууж явсан. Тэгээд манай эхнэр түргэн дуудаад би цагдаа руу гүйсэн... Би 35-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Яг хараагүй. Би зөөлхөн явж байсан... Би баруун гар талаа харж байсан. Зүүн талаа харалгүй орсон. Би мотоциклтой хүн ирж байгааг хараагүй...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн  28 дугаар тал),

 

Гэрч Н.Эийн ... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байгаад нехер болох Б.Эг дуудаж сумын засаг даргын тамгын газарт бичиг өгөх гэж ... улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эрүүл мэндийн төвөөс сумын засаг даргын тамгын газар руу явж байсан. Манай нөхөр машин бариад би жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Сургуулийн баруун урд талын хуссан шороон замын уулзвар дээр явж байтал мотоциклтой хоёр хүн зүүн талаас ирээд манай нөхөр хараагүй би хөөе энэ 2 мотоциклтой хүн гэж хэлэх хооронд машины хажуу талаас буюу миний сууж явсан талаас ирж мөргөсөн. Тэгээд манай нөхөр машинаа зогсоогоод буугаад очих үед Б.И БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой нэг хөл нь мотоциклдоо даруулсан байдалтай байсан... Миний сууж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 35-40 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Яг заалтыг нь хараагүй..." гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  29 дүгээр тал),

 

"Хас үнэлгээ"-ХХК-ийн шинжээч Э.Даваасүрэнгийн ... дугаартай "... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 848.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон" дүгнэлт( хавтаст хэргийн  42-43 дугаар тал),

 Дорноговь аймгийн авто тээврийн ТӨВИЙН техникийн инженер Б.Пгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан 01, 02 дугаартай дүгнэлтүүд ( хавтаст хэргийн  75-87 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай ... С.Аугийн биед гавлын суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн  93-94 дүгээр тал),

 

Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн магадалгаа ( хавтаст хэргийн  141-186  дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн  178 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.И  нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 дүгээр баг Жагдалын гудамжинд байрлах ерөнхий боловсролын сургуулийн баруун талын шороон зам дээр Даюун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7 в, 3.4 в, 15.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас  Б.Эгийн жолоодон явсан баруун гар талаас замын хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай, приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж мотоцикл дээр сундалж явсан  С.Аугийн биед “гавлын суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт бүхий” хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.И нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “...в. зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2023 оны 01 сарын 11-ний өдөр гаргасан мөрдөгчийн магадалгаа, 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 01 дугаартай Дорноговь аймгийн тээврийн шинжээчийн дүгнэлтээр

Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 15.8 “адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасан дүрмийн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадалгаа, гэрч Б.Эгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Жолооч нь аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх арга юм. Зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгон явах үүрэгтэй болохыг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулсан байна.

 

Адил замын уулзвар гэдэг нь зохицуулдаггүй уулзвар болон нэг түвшинд огтлолцсон уулзваруудын хучилт нь адилхан ба гол туслах замын тэмдэг байхгүй байхыг ойлгоно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.И нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.И нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтдаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас баруун талаас ирж байгаа мотоциклтой хүнийг харсан атлаа зогсоох арга хэмжээ авалгүй тод замаар явж байгаа учир түрүүлж явах ёстой гэж өөртөө итгэснээс, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.И нь замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэлгүй, аюул саад тулгарч болзошгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж хөдөлгөөнд оролцож чадаагүйгээс зам тээврийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.  

Шүүгдэгч Б.И нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.И нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Эт учирсан хохирол болох 700,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Эд 850,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э нь хохирогч С.Агийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.И нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “ Шүүгдэгч Б.Ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж оролцсон болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Иы хувийн байдал, улсын яллагчаас ялын төрөл хэмжээний талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 Бусад асуудлаар:

 Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэгт хавсарган ирүүлсэн 929866 дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Г Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ид 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын  хязгаарыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр  зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

 4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг, ял оногдуулсан үеэс тоолсугай.

          6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь цаашид эмчлүүлэх  зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шүүгдэгч Б.И  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 929866 дугаартай жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН