| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр
Шүүгдэгч О.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Рд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2023 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Р /..../,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Р нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биеийн зүүн дал тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ргийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв,нэмж ярих зүйлгүй. Өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө ... тоотод найз Нийн гэрт Н, А, Д нарын хамт архи пиво ууцгааж байсан юм. Тэгтэл А, Д нар нь найз Рыг дуудсан байсан юм байна лээ. Р нь ирээд гар утасны талаар хулгайлсан, орхисон гээд маргалдаад би Рыг 2 удаа цохисон чинь Р гал тогооны шүүгээнээс хутга гаргаж ирээд миний ар талаас зүүн дал руу 1 удаа хутгалсан. Миний нуруу дал орчимд хутгалснаас болоод босож суухад өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
Гэрч Ч.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..М нь Рг чи хэзээ ийм байсан юм яачхаад байгаа юм учраа олчхоод гар гэж хэлсэн тэгсэн чинь Р өөдөөс нь хэрэлдээд тэгсэн тэр хоёр хоёулаа босож ирээд дээр доороо ороод зодолдсон тэгээд Би Д, Н гурав дэр хоёрыг салгасан тэгээд удалгүй Р нь манай найз Мын нуруу руу нь хутгалчихсан тэгснээ хутгаа баруун гартаа барьчхаад хаалгаа нээ гэсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),
Гэрч Б.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар хамтдаа 2 пиво уучхаад байж байтал гаднаас зүс харж байсан залуу ирсэн. Тэгээд 3 дахь пивоо уугаад байж байтал Р гэдэг залуу манай найз Мтай гар утаснаас болоод маргалдаад эхэлсэн бөгөөд М Рыг 3 удаа цохисон, би очоод салгачхаад байж байтал Мын ар талаас Р 1 удаа хутгалчихсан” гэсэн мэдүүлэг /хх- ийн 22 дугаар тал/,
гэрч З.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэг мэдэхэд нөгөө эрэгтэй найз нь хутгалуулчихсан байсан тэгээд харахад Ргийн баруун гарт ямар хэмжээтэй ямар өнгийн гэдгийг нь мэдэхгүй хутга байсан тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд эргээд хартал Р нь цонхоор гараад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний албаны .... дугаартай “...1. Д.Мын биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 44 дүгээр тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч О.Р нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн зүүн дал тус газар нь хутгалсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.М, гэрч Ч.А, Б.Н, З.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн нарын мэдүүлэг болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02/017 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Д.Мын биед учирсан нурууны шарх бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 02/017 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.М нь хохирогчийн нуруун тус газар хутгаар хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.Мад шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй хохирол төлбөрт 200,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч О.Рд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж,хохирол төлбөр төлөгдсөн болон улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзаж, шүүгдэгч О.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч О.Рд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч О.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см урттай, ажлын хэсэг нь 18 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч О.Р нь бага боловсролтой / 6 дугаар анги төгссөн уншиж бичиж чаддаг/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Рд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч О.Рд оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см урттай, ажлын хэсэг нь 18 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН