Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0145

 

 

 

 

 

 

Ц.Д гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э

Нэхэмжлэгч: Ц.Д

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Гуравдагч этгээд Б.Д , өмгөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 125/2024/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Д нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан ““Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Д г урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Нэхэмжлэгч Ц.Д нь Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/149 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймгийн ******* 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 35.4 хувийн хангалтгүй үнэлгээ авсан байна. Мөн тус байгууллагын нягтлан бодогч Б.Э нь хууль зөрчиж өөртөө 8.8 сая төгрөгийн илүү цалин авсан гэдэг нь тогтоогдон шүүхээс гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан байдаг. Нэхэмжлэгч Ц.Д гийн хувьд байгууллагын дарга учир аливаа гүйлгээ баримтад нэгдүгээр гарын үсэг зурдаг. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

3.2. Гуравдагч этгээд Б.Д нь Ховд аймгийн Засаг дарга Э.Б-ийн санал шаардлага ажлын зайлшгүй шаардлагаар харилцан тохиролцсоны дагуу төрийн ажил эрчимжүүлэх, сайжруулах зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/02 захирамжаар Ховд аймгийн Сум дундын ой ангийн даргаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу шилжин томилогдсон байдаг. Мөн Сум дундын ой анги нь сүүлийн 2 жилийн хугацаанд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй байхад нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

3.3. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

 

Иймд тухайн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Ц.Д-гээс Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

 

2.2. Нэхэмжлэгчийн маргаж буй Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Ц.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/35 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ******* дарга Ц.Д-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

2.3. Ховд аймгийн ******* даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу Төсвийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэснээр үүрэг хүлээсэн, төсвийн шууд захирагч тул Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг маргааны үйл баримтад хэрэглэх үндэслэлтэй.

 

2.4. Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд “...Ховд аймгийн ******* даргын албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаалд хамаарах тул Төрийн албаны тухай хуулийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан зохицуулалтад хамаарна” гэж дүгнээд Төрийн албаны тухай хуулийг баримтлан хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

2.5. Гэвч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын талаар “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар заасан, ...нэхэмжлэгч Ц.Д г албан үүргээ 2 удаа хангалтгүй биелүүлснийг тогтоосон хэрнээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

2.6. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж тус тус зааснаар төсвийн шууд захирагч нь харьяалагдах дээд шатны төсвийн захирагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг харьяалах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээ дүгнэхээр хуульчилсан, мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг тодорхойлсон бөгөөд 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” үүрэгтэй гэж заасан.

 

2.7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/808 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор 5 байгууллагын 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан ба үүний дотор Ховд аймгийн Сум дундын ойн анги багтсан, ийнхүү Хяналт шалгалтын ажлын хэсгээс “...Ойн анги нь “Улаан” буюу 35.4 хувийн үнэлгээ авсан, цаашид үйл ажиллагаагаа анхаарах шаардлагатай ангилалд орсон тул зөвлөмж дүгнэлт өгөх шаардлагатай...” гэж дүгнээд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийг Сум дундын ойн ангид хүргүүлсэн,

Үүний дараа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/97 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын 2023 оны А/149 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус захирамжийн дагуу хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт, биелэлтэд хяналт хийх ажлын хэсгийг дахин байгуулсан байх ба уг ажлын хэсгээс 2023 оны 03 дугаар сард хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Сум дундын ойн анги нь 35,4 хувийн үнэлгээ буюу үйл ажиллагаандаа анхаарах муу үнэлгээ авсан бөгөөд энэ удаагийн дахин үнэлгээгээр 37 хувийн үнэлгээ авсан нь зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, ажил сайжраагүй муу хэвээр байна гэсэн дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан,

Улмаар дээрх хяналт шалгалтын явцад илэрсэн санхүүгийн зөрчлийг тогтоолгохоор Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хандаж, тус албаны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35-01/17 дугаартай хяналт шалгалтын удирдамжийн дагуу ******* 2022-2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 33,361,504 төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлснээс нийт 17,183,146 төгрөгийн 7 төлбөрийн акт тогтоосон байх ба үүнээс нэхэмжлэгч Ц.Д-г бензин шатахууныг норм хэмжээнээс илүү зарцуулсан, томилолтыг анхан шатны баримтын бүрдэл дутуу, илүү зарлагадаж, төсвийн байгууллагын кассын ажиллагааны журам зөрчсөн зэрэг зөрчил гаргасныг тогтоож, Улсын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Шатахууны үнэ төлүүлэх тухай” 35-01/224 дугаартай актаар “...Сайдын тушаал зөрчиж илүү тооцож олгосон шатахууны үнэ 1,097,600 төгрөгийг дарга Ц.Д, жолооч Б.Ц нараар төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар”, мөн өдрийн “Томилолт төлүүлэх тухай” 35-01/226 дугаартай актаар “...Анхан шатны баримтын бүрдэл болоогүй 374,000 төгрөгийг дарга Ц.Д гээр төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар”, мөн өдрийн 35-01/223 дугаартай актаар “...байгууллагын туслах үйл ажиллагааны орлогыг хувийн харилцах дансанд байршуулж, төрийн сангийн дансанд оруулаагүй” зөрчилд 3,081,088 төгрөгийг нягтлан бодогч Б.Э-аар, 2,500,000 төгрөгийг “ХС” ХХК-аар төлүүлэхээр,  35-01/225, 35-01/227, 35-01/228 дугаартай актуудаар “...тушаал, шийдвэр зөрчиж цалин, нийгмийн даатгалын шимтгэл илүү олгосон” зөрчилд 8,851,805 төгрөгийг нягтлан бодогч Б.Э-аар, 257,178 төгрөгийг Б.Х-аар төлүүлэхээр тус тус акт тогтоож, байгууллагын санхүүгийн сахилга бат, дотоод зохион байгуулалт сул байгаа талаар Хяналт, шалгалтын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35-01/33 дугаартай танилцуулгад дүгнэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь эдгээр актуудад холбогдуулан холбогдох эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй, уг актууд хүчин төгөлдөр болжээ.

 

2.8. Улмаар Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Б.Э нь 2019 оноос 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа үндсэн цалингийн 40 хувиар цалинжих тушаалтай байхад цалингаа бүтнээр бодож 8,851,805 төгрөг, туслах үйл ажиллагааны орлогыг хувийн харилцах дансаар дамжуулан 1,861,188 төгрөг хувьдаа завшиж, хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж Ховд аймгийн Сум дундын ойн ангид нийт 10,712,993 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон... гэж дүгнээд, нягтлан бодогч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2.1-т заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож...” шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол хавтаст хэрэгт авагдсан байна.

 

2.9. Дээрх ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмж, улсын байцаагчийн актуудаар нэхэмжлэгч Ц.Д г Ховд аймгийн ******* даргаар ажиллаж байх хугацаандаа тухайн байгууллагад хамааралтай бодлогын баримт бичгүүдийг хяналтад авч бүртгэн, биелэлт тооцож баталгаажуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим системд холбогдож ажиллах, батлагдсан журмын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөг эрх бүхий албан тушаалтнаар хугацаанд нь баталгаажуулж, тайлагнаж ажиллах, төрийн албан хаагчийн судалгаа, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан батлах, хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг тооцож ажиллах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлтээр гаргаж, тайлагналтын чанарт анхаарах зэрэг үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүй, санхүүгийн албан хаагчид хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргээ биелүүлээгүй, санхүүгийн зөрчил зэргийг гаргасан нь тогтоогдсон бөгөөд хариуцагчаас эдгээр зөрчлүүдэд нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/35 дугаар тушаал нь хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцсэн байна.

 

2.10. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь (төсвийн шууд захирагч) хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг нэхэмжлэгч Ц.Д  зөрчсөн, нягтлан бодогчийн санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй зэргээр төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих чиг үүргээ болон төсвийн хариуцлагатай байх зарчмыг хангалттай хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Ховд аймгийн Сум дундын ойн ангид 10,712,993 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

 

2.11. Тухайн тохиолдолд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд Ц.Д д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохирсон шийдвэр болжээ.

 

2.12. Энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Нэхэмжлэгч Ц.Д гийн хувьд байгууллагын дарга учир аливаа гүйлгээ баримтад нэгдүгээр гарын үсэг зурдаг, ... мөн Сум дундын ой анги нь сүүлийн 2 жилийн хугацаанд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ...анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй. 

 

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д гийн “Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/35 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн ******* даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА