Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

    2023         3             02                                       2023/ШЦТ/157

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/

шүүгдэгч Д.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230200018*** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны * дугаар сарын **-нд Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил булагт ** гудамж, ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Грийн хаус хотхоны ** дугаар байр *тоотыг түрээслэдэг гэх,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн,

******** дугаарын регистртэй Б овогт Дийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 9 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, уг өвсийг ахуйн газаар шахаж ойл буюу тосыг гаргаж аваад “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэсэн,

улмаар 2022 оны 9 дүгээр сарын эхэн үеэс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хуванцар савны хамт 178 грамм жинтэй, ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутны хамт 0,7796 грамм жинтэй “шавар” мэт зүйлийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Bull’’ нэртэй сүлжээ хоолны газрын гадна цүнхэн дотроо худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэргийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид өөрийн хувийн байдалдаа дүгнэлт хийх болно. Надад хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Год холбогдох эрүүгийн хэргийг шүүх “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээ хязгаарт хянан шийдвэрлэснийг дурдая.

 

Хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалбал:

шүүгдэгч Д.Г нь “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь

хүний биед үзлэг хийсэн “... Д.Г нь “... миний цүнхний тасалгаа дотор гадаадаар марихуан монгол хар өвс гэсэн нэршилтэй өвс ургамал байгаа” гэж хэлээд өөрийн гартаа барьсан цүнхний том тасалгааг нээж дотор талаас нь цагаан өнгийн тагтай ямар нэгэн бичиггүй 2 литрийн хуванцар саван дотор хийсэн ургамал мэт зүйлийг гаргаж ирснийг 1 гэж дугаарлан албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 177,9 грамм жинтэй байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. Мөн цүнхнээс гялгар цаасанд наасан шавар мэт зүйл гаргаж ирж “өвснөөс гаргаж авсан тосоор хийсэн ойл” гэснийг 2 гэж дугаарлан жинлэхэд 0,3 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр, уг ойл гэх зүйлтэй хамт байсан харлаж бохирлогдсон бритва, бритваны хайрцаг зэргийг 3, өөрийн өмсөж явсан куртканы энгэрийн дотор талын халааснаас гаргасан зах хэсгээрээ шарласан 20 төгрөгийн дэвсгэрт, цаасанд хийсэн тугалган цаас зэргийг 4 гэж дугаарлан хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр авлаа ...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 4-8/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... тестийн савны 2 талд байрлуулсан нийт 10 ширхэг баганын ТНС гэх баганын С хэсэгт нь 1 улаан зураас, бусад 9 баганын Т болон С хэсэгт 2 улаан зураас гарч байгаа нь Д.Г нь урьдчилсан байдлаар тестийн үр дүнд байрлуулсан 10 төрлийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн байна гэж хариу гарсныг тэмдэглэлд тусгаж...шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжлэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 10-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

“Д.Г ***** 2022.12.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн 129 дугаартай дүгнэлт /хх-н 49-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн нунтаг ногоон өнгийн “ургамал” мэт зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн ногоон зүйл, 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, бритва, бритваны цаасан хайрцаг зэргээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. ...1 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 178 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай жин нь 0,7796 грамм, цэвэр жин нь 0.3057 грамм байна” гэсэн 130 дугаартай дүгнэлт /хх-н 54-57/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Д-ийн Г “... 2022 оны 9 дүгээр сарын 10-ын үеэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хот руу 10 жилийн найзынхаа хүүхдийн үсний найранд хоол хийхээр яваад тэндээсээ өвсийг түүсэн. Яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Түүсэн өвсөө Улаанбаатар хотод авч ирж гэрийнхээ ойролцоо байх үеийн даланд нууж, өөрөө хуванцар саванд өвсөө хийн ахуйн хэрэглээний газ дээрээс нь шахаж боловсруулан ойл гэх зүйлийг гарган авч хэрэглэж байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үлдсэн хамгийн сүүлийн өвсийг хуванцар саванд хийгээд авч явж байгаад баригдсан. Би түүсэн өвс ургамлаа ганцаараа л хэрэглэсэн. Хэн нэгэн хүнд өгч хамт хэрэглэсэн, худалдан борлуулсан зүйл байхгүй” /хх 72/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 95/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1306 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 98-103/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Д.Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт уг гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг оршино.

 

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенцоор зохицуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, ... ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын Зорилгыг тодорхойлсон.

 

Шүүхээс гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхаарах, гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох учиртай.

 

Өөрөөр хэлбэл мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлэх, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөөтэй талаас түүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой юм.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Улсболдоос шүүгдэгч Д.Год 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан, шүүгдэгч Д.Г өөрөө “... надад хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны аль алийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Учир нь, шүүгдэгч Д.Г Улаанбаатар хотод оршин суух үндсэн хаяггүй мөртлөө Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч, ажиллаж байгаа, Орхон аймаг буюу Эрдэнэт хотод иргэний үнэмлэхийн хаягийн бүртгэлтэй боловч тухайн орон нутагт оршин суудаггүй гэх байдал зэрэг нь шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг хэрхэн яаж тогтоох вэ гэдэгт эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь дүгнэж үзээд шүүгдэгч Д.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, улмаар түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний хувийн байдал /үүнд: үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцаас маргаагүй/-д нийцэхээс гадна,

нөгөө талаас албадлагын арга хэмжээгээр үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож байгаа нь түүнийг цаашид өөртөө хариуцлагатай байх анхааруулга, санамж гэж хэлж болно.

 

Харин шүүгдэгч Д.Г нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулъя.

 

Шүүгдэгч Д.Г урьд өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ.

Түүний хорих ялаар шийтгүүлж байсан дээрх байдал нь өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж оногдуулж байгаа ялыг хүндрүүлэх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалтад нийцнэ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан өнгийн хуванцар савны хамт 177.9 грамм, гялгар цаасанд наасан 0.3 грамм жинтэй “шавар” мэт зүйл, 3 гэж дугаарласан мөнгөлөг цаас, бритва, бритваны цаасан хайрцаг, 4 гэж дугаарласан мөнгөлөг цаас”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг,

“АМ0228440 серийн дугаартай, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Монгол банк”-нд шилжүүлэхийг тус тус

Хар тамхитай тэмцэх тухайн газарт даалгаж, устгасан болон шилжүүлсэн талаарх мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорт хүргүүлэхийг үүрэг болгов.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Д-ийн Г-ыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Г-ыг хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “..., мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Д.Г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус түүнд анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан өнгийн хуванцар савны хамт 177.9 грамм, гялгар цаасанд наасан 0.3 грамм жинтэй “шавар” мэт зүйл, 3 гэж дугаарласан мөнгөлөг цаас, бритва, бритваны цаасан хайрцаг, 4 гэж дугаарласан мөнгөлөг цаас”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг,

“АМ0228440 серийн дугаартай, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Монгол банк”-нд шилжүүлэхийг тус тус

Хар тамхитай тэмцэх тухайн газарт даалгаж, устгасан болон шилжүүлсэн талаарх мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорт хүргүүлэхийг үүрэг болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ