Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

     2023       3             09                                       2023/ШЦТ/192

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Г.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220501962**** дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын**-нд Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, “***” ХХК-д *** ажилтай, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод хаягийн бүртгэлттэй боловч *** дүүргийн ** дугаар хороо, “***” ***дугаар байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

****** регистрийн дугаартай,  Ж овогт Гийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Г 2022 оны ** дугаар сарын **-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*** хотхон”-ы урд замын орчимд хохирогч Ц.Ц-ийг зам хааж зогсон түгжрэл үүсгэлээ гэх шалтгааны улмаас цээж хэсэгт нь нэг удаа цохиж улмаар хохирогч Ц.Ц унах үед түүний эрүүл мэндэд баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун тохой, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр ярьсан, миний үйлдэл прокуророос уншсан яллах дүгнэлттэй таарч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Хохирогчид 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ХААН банк дахь дансаар нь 800.000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа надаас дахиад 2.5 сая төгрөг нэхсэн. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн гэх баримт байдаггүй. Миний үндсэн цалин буюу сарын орлого 600.000 төгрөг. Манай компаний ажил өвлийн улиралд зогсохоор ийм хэмжээний цалин авдаг юм гэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц-ий Ц “... би 2022 оны ** дугаар сарын **-ны өдөр ** дүгээр үйлчилгээний төвийн Монгол шуудангийн үүдэнд байрлах ажил дээрээ хүний телевиз засварлаж өгсөн. Гэтэл тухайн хүн нь надад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч өгөхөөр нь би уг архийг нь ганцаараа уусан. Ингээд гараад хойшоо гэр рүүгээ харих гээд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** авто баазын хажууд байрлах *** хотхоны харалдаа явган хүний гарцаар гарах гэж байсан. Энэ үедээ зам гарах үедээ такси барих гээд таксинд гараа өргөөд зогсож байхад бетон зуурмагийн мексир автомашин урсгал сөрж орж ирээд жолооч гэх 30-35 орчим насны, хууз сахалтай, биерхүү эрэгтэй бууж ирээд хөгшин төгцөг минь замаас зайлаач, ална шүү гээд миний цээж рүү гараараа цохих үед би замын хажуугийн бродюр дээр биеийн баруун тал хэсгээр буюу хавиргаараа унаж гэмтсэн. Тухайн үед ухаан балартсан ба хажуугаар явж байсан үл таних эмэгтэй тэр хүнийг болиоч гэхэд тэр жолооч автомашиндаа суугаад явсан. Тухайн үед би согтолттой байсан учир зам дээр зогсоод гар өргөж түгжрэл үүсгэсэн байж магадгүй. Тэгээд тэр жолооч залуу уурлаад над руу уурлаж бууж ирээд намайг цээж рүү цохиж газар унагасан гэж бодож байна. Тэр жолооч гараараа нэг л удаа цээж рүү цохих үед би газар унасан. Би өмнө нь тал цус харвасан, бие муутай, группт байдаг хүн. Надад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт байхгүй /хх-н 13-18/ гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Г-ийн Г “... 2022 оны ** дугаар сарын **-ны өдөр бетон зуурмагийн мексир маркийн автомашинтай ** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэр байрлах *** хотхоны урд засмал замаар явж байхад тухайн зам дээр түгжрэл үүссэн байх ба урд талын суудлын автомашинууд хөдлөөд явсан тэгээд араас нь явахад зам дээр үл таних 50-60 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай автомашинуудыг явуулахгүй, жолооч нараас 1000 төгрөг нэхээд зогсож байсан. Би тэр эрэгтэйн хажууд очиж зогсоод автомашинаасаа буугаад та замаас холдооч гэхэд 1000 төгрөг нэхэхээр нь байхгүй пизда минь гээд цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн чинь замын бродюр дээр суух шиг болоод үлдсэн” /хх-н 40-42/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “ Ц-ийн биед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун 6, 7 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин баруун тохой, шууны цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүйгэсэн 7745 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 27-28/

Түүнчлэн хохирогч Ц.Ц “Гэмтэл согог судлалын үндэсний төв” эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсэн талаарх “Өвчний түүх” /хх-н 58-61/, “Хэвлийн хэт авиан оношлогоо” /хх-н 62-63/, Нийслэлийн түргэн тусламжийн эмнэлгийн хүлээн авахын бүртгэл /хх-н 64-65/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийн үйл баримттай цаг хугацааны хувьд тохирч байгаа, түүний гэм буруутайг нотолсон баримтуудад хамаарна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ж овогт Г-ийн Г-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 69/, АСАП сангийн лавлагаа /хх-н 71-91/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ц.Ц “ ... би эмнэлгийн зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-н 18/ гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгчээс түүнд 800.000 төгрөгийг эмчилгээний зардалд гэж өгчээ.

Харин хохирогч Ц.Ц дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш дахин эмнэлэгт үзүүлсэн хийгээд эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хавтаст хэрэгт огт байдаггүй ба түүнд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “... шүүгдэгч надад 800.000 төгрөг өгсөн. Би одоо 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ, хохирлоо авмаар байна” гэжээ.

Хохирогч ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа зэргээ тайлбарлаж шүүх хуралдаанд ирэхгүй байгаа, нөгөөтэйгүүр ямар нэгэн нотлох баримтгүйгээр хохирогчийн хэлснээр хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй тул Ц.Ц-ийн “2.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-д холбогдох энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан ба шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын **-ны өдрийн *** дугаартай захирамжид хохирогч Ц.Цийн нэрийг “Ц” гэж ташаа бичсэнийг залруулан тэмдэглэе.

Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г-д оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ж овогт Г-ийн Г-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Г хохирогч Ц.Цт 800.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Цогтгэрэлийн “... 2.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Гид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ