Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

    2023         3             13                                     2023/ШЦТ/199

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч Б.П

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 230500000*** дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны ** дугаар сарын **-нд Булган аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг гэх, ам бүл 3; эцэг, эхийн хамт Булган аймаг, Хутаг өндөр сум, 1 дүгээр баг, 3 дугаар гудамж, **** тоотод оршин суух, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

********** дугаарын регистртэй Ж овогт Бын П

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.П 2023 оны 1 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кроун” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Э.Бг зодож, түүний эрүүл мэндэд “дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, баруун дээд 1, баруун доод 3 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, баруун зулайн хуйханд няцарсан шарх” бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохирогчид учруулсан хохиролд гэж 3 сая төгрөг өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ын Б “... 2023 оны 1 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрлах “Кроун” нэртэй бааранд ганцаараа явж байгаад гадаа нь тамхи татаад зогсож байсан хэсэг хүмүүс дээр очоод тамхи асуух санаатай “сайн байна уу” гэхэд нэг үл таних залуу миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгэхэд би арагш саваад унасан. Тэгээд доош хараад шүлсээ хаятал миний шүд эвгүй оргиод цуг унасан. Гэтэл нэг эмэгтэй ирээд надаас зүгээр үү гэж асуусан. Миний шүд унасан байна гээд би цагдаа дуудсан” /хх-н 7-8/ гэж,

гэрч Н-ийн М “... би 2023 оны 1 дүгээр сарын 11-ний орой 23:00 цагийн үед “Кроун” гэх нэртэй бааранд найз П, манай нөхөр Буяннэмэх, өөр нэрийг нь мэдэхгүй 2-3 хүний хамт ороод нэг шил архи, 6 пиво аваад ууж байгаад П, Буяннэмэх бид 3 гадагш тамхи татахаар гарсан. Гараад тамхиа татаад зогсож байтал нэг үл таних залуу ирээд Паас тамхи асуугаад байсан. П байхгүй гээд явуулахад тухайн залуу хэд хэдэн удаа ирээд тамхи асуугаад байсан. Тэгээд сүүлийн нэг ирэлт дээр нь П уурлаад тухайн хүний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд тухайн хүн арагшаагаа толгойгоороо газарт унасан. Тэгээд би тухайн хүнийг босгоод зүгээр үү гэхэд амнаас нь цус гарсан байсан. Тухайн хүн Пыг зодож цохисон зүйл байхгүй” /хх-17-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Бын П “... би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тухайн үед Э.Б нь олон удаа ирж тамхи асуугаад надаас яриа өдөөд байсан. Би тамхи байхгүй гээд 2-3 удаа хэлж явуулахад надаас салахгүй байсан. Сүүлд ирж тамхи асуухдаа “чи өгчих л дөө” гэж над руу зандрангуй хэлэхээр нь би нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Э.Б нь арагш унасан. Манай найз Э.Бг босгоод юм ярьж байгаа харагдсан. Тэгээд босоод яваад өгсөн” /хх-н 31-32/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Э.Бгийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, цус хуралт, баруун дээд 1, баруун доод 3 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, баруун зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар. сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн 1471 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20-21/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Б.Пын гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ж овогт Бын Пыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

 

Шүүгдэгч Б.Пын хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 45/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Б.П “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргажээ. /хх-н 70/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Пд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.Б “... би эмчилгээний зардалд нийт 3 сая төгрөг хүлээн авсан. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” /хх-н 11/ гэж мэдүүлснээс гадна “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” /хх-н 68/ гэх хүсэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.П цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Ж овогт Бын Пыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.П торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.П цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Пд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ