Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/28

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ************************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овогтой *************** холбогдох эрүүгийн 2327000000024 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

            Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****************аймгийн *********** сумын ******** дугаар баг, “******************** гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ***********овогтой ****************/РД:*************/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ******************нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг “Улиайстайн гол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаар урсаж байгаа Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 22 ширхэг “Зэвэг” загас барьж байгаль экологид 748 000 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************** мэдүүлэхдээ:

Тухайн өдөр малдаа явж байгаад загас барьсан. Би тусгай хамгаалалттай газар нутгаас загас барьж болохгүй гэдгийг сайн мэдэхгүй учраас гэмт хэрэг үйлдсэн байна. Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би ********гэдэг хүнийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Бат-Өлзий сумын 6 дугаар баг Орхон гол улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 22 ширхэг зэвэг загас барьсан талаар мэдээгүй цагдаагийн байгууллагаас л мэдээлэл авлаа. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Учирсан хохирлын үнэлгээнд дурдсан мөнгийг нэхэмжилж байна. Тэр мөнгийг төлчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч************* нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

“...2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар баг баруун голын ам гэх газраас хууль бусаар 22 ширхэг загас барьсан. Би өөрийн үйлдлийг хууль бус үйлдэл гэдгийг мэдэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02, 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоолууд, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 36-37, 41, 30-31, 24 дүгээр хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаар албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-02 тоот:

“...Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг зэвгэ загасны үнэ 17 000 төгрөг, 22 ширхэг зэвгэ загасны үнэлгээ 374 000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-02 тоот:

“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасныг үндэслэн 748 000 төгрөгийн үнэлгээ гарч байна ...” гэх нөхөн төлбөр тогтоосон акт /хх-ийн 19 дүгээр хуудас/,  

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үеийн тодорхойлолт, **********аймгийн *********** сумын ******** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого, хохирол төлсөн баримт  /хх-ийн 54, 56, 58, 59, 60-62, 63 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч **************** нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг “Улиайстайн гол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаар урсаж байгаа Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 22 ширхэг “Зэвэг” загас барьж байгаль экологид 748 000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ***************үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч*********мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/,  Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-02 тоот: “...Монгол улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 1 ширхэг зэвэг загасны үнэ 17 000 төгрөг, 22 ширхэг зэвэг загасны үнэлгээ 374 000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн №39-04-078-02 тоот: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т заасныг үндэслэн 748 000 төгрөгийн үнэлгээ гарч байна ...” гэх нөхөн төлбөр тогтоосон акт /хх-ийн 19 дүгээр хуудас/,  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ****************нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг “Улиайстайн гол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгаар урсаж байгаа Орхон голоос зөвшөөрөлгүйгээр 22 ширхэг зэвэг нэртэй загас барьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

            Шүүгдэгч *****************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас амьтны аймагт эдийн засгийн үнэлгээгээр 374 000  төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т амьтны аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 374 000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 748 000 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч *************** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч *****************нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хар өнгийн дамартай, хар өнгийн бариултай өвлийн загасны уурга 1 ширхгийг ашигласан болох нь гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх үйлдэхдээ ашигласан хар өнгийн дамартай, хар өнгийн бариултай, 108 000 төгрөгийн үнэлгээ бүхий өвлийн загасны уурга 1 ширхгийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч ************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 374 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг зэвэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** овогтой ****************улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар *************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан ***********тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар **************тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг мэдэгдсүгэй.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар ******************** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн дамартай, хар өнгийн бариултай, 108 000 төгрөгийн үнэлгээ бүхий өвлийн загасны уурга 1 ширхгийг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлого болгож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 374 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг зэвэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. ***************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА