| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/23 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа
Улсын яллагч Б.Батцоож
Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2236000000299 дугаартай, 178/2023/0221/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2-16 тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПЮ*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутагт байрлах Итгэл баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/
2.Гэрч Э.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Мөнхболд,
******* бид гурав Итгэл баарны гадна машин дотроо юм яриад сууж байтал манай 2 найзын найз охидууд нь баарнаас гараад ирж байтал 2 залуу араас нь татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь Мөнхболд, ******* хоёр тэдэн дээр очоод нөгөө хоёр залуутай түлхэлцээд байсан.Тэр хоёрыг машиндаа суулгаж аваад Торго төв өнгөрөөд явж байсан 2 охиныг нь машиндаа суулгах гэж байтал нөгөө хоёр залуу араас ирээд орилж хашгираад байсан. Манай хоёр найз машинаас бууж очоод тэр хоёртой зодолдсон.Би машинаас буугаад очиход ******* нэг залуугийн дээр нь гарчихсан цохиж байсан.Тэгээд Төгсөө бид хоёр тэднийг салгаад аваад явсан. Нөгөө 2 залуу үлдээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 4-6-р хуудас/
3.Гэрч Г.Төгсбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай найз ******* над руу яриад Итгэл баарны гадна хүрээд ир гэхээр нь яваад очиход баарны гадна *******, Мөнхболд, Э.Амарзаяа гурав машин дотор сууж байсан. Тэгтэл баарнаас 2 найз охин нь гараад иртэл бас хоёр залуу тэр охидуудыг нь хоргоогоод явуулахгүй болохоор Мөнхболд авч ирэхээр машинаас буугаад явсан. Араас нь ******* очоод тэр хэд хоорондоо зодолдсон. Э.Амарзаяа бид хоёр салгаж аваад машиндаа суулгаад явж байтал Торго төвийн хажууд 2 найз охин нь явж байхаар тэднийг суулгах гэтэл нөгөө хоёр залуу ирээд орилж хашгираад байхаар нь Мөнхболд, ******* хоёр бууж очоод тэр дөрөв зодолдсон... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/
4.Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 11 дүгээр сарын 03-ны орой найз Н.Отгонбаатарын хамт Итгэл баар ороод пиво уугаад бүжиглэж байгаад 2 охинтой танилцсан. Тэгээд тэндээсээ гараад тамхины цэг дээр нөгөө хоёр охинтойгоо юм яриад байж байтал өндөр нуруутай хар өнгийн куртиктай залуу ирээд дээрэлхүү өнгө аясаар яриад манай найз Н.Отгонбаатартай маргалдаж эхэлсэн.Тэгтэл зүс таних намхан нуруутай зулуу ирээд юм ярилгүй миний нүүр хэсэгт цохиод куртикээр толгой бүрхсэн. Тухайн үед би хэн цохисныг мэдэхгүй. Араас хавсарч унагаасан, хэн хавсарч унагаасныг мэдээгүй.Хүмүүс салгасан.Манай найз “зугтъя” гэхээр нь бид хоёр зугтаад захын доод талд гүйж явтал зам дээр 2 машин зогсож байсан. Машин дотроос “нөгөө хоёр залуу байна” гэж хэлээд өндөр залуу намхан залуу хоёр бууж ирээд дахин зодсон. Тэгээд манай найз цагдаа дуудсан.Намхан залуу нь миний нүүр хэсэгт цохиход өндөр залуу нь намайг өшиглөсөн.Би гутлаар нь таньж байна... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/
5.Гэрч Н.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би өндөр нуруутай залуутай маргалдаж байгаад нэг харахад намхан нуруутай залуу нь Б.*******ийг зодож байсан. Би Б.*******ийг “ явъя” гэж хэлээд бид хоёр зам хөндлөн гараад Торго төвийн ойролцоо явж байтал нэг машин дотроос “ нөгөө хоёр залуу байна” гэж хэлээд машин дотроос өндөр нуруутай хар куртиктэй залуу гарч ирээд миний зүүн чих рүү гараараа цохисон. Би газарт унаад босож ирэхэд дахиад цохисон. Би цагдаа руу залгаж байх хооронд намхан нуруутай залуу нь Б.*******ийг унагаачихсан цохиж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/
6.Гэрч Б.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би хар өнгийн куртиктай залууг барьж аваад ноцолдож байсан, ******* саарал өнгийн куртиктай залуутай ноцолдож нүүр толгой хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд захын доод талд Таван эрдэнэ дэлгүүрийн урд талд нөгөө хоёр залуутай дахин зодоон хийсэн.Төгсбаяр Итгэл баарны үүдэнд саарал куртиктай залууг өргөж газарт унагаасан. Нэг өшиглөсөн, өөр цохиогүй...гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/
7.Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 931 дугаартай... Б.*******ийн биед баруун талын нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал,хамар ясны хугарал,хамрын таславчны муруйлт, нүдний дээд доод зовхины цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, зулайн дунд хэсэг, дагзны дунд дээд хэсгийн хуйхны цус хуралт, духны хэсэг, зүүн хацрын хэсэг, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод эрүү, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралтууд, хамрын дунд хэсгийн зулгаралт, хүзүүний урд доод хэсэг, 2 гарын тохой хэсэг, баруун гарын сарвууны ар хэсгийн зулгаралтууд, бүсэлхий нурууны баруун хэсгийн зулгаралт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт, 2 өвдөг, баруун шилбэний урд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 46-47-р хуудас/
8.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******: хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой нэг удаа уулзахад 7 сая төгрөг нэхэмжилсэн. Шүүхээр шийдвэрлэсэн бодит хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэж мэдүүлэв.
Хохирогч Б.******* шүүхэд: Миний бие нь зодуулсны улмаас нүд толгойн хэсэгт гэмтэл авсан.Ажил хийх цаг хугацаагаа алдсан, нүдний хараа муудан баруун нүдний ухархайн дотор хана 2.3х0.5 см хэмжээтэй цөмөрсөн хугарал, толгой шилэн хүзүү хэсгээр хатгуулж өвддөг болсон. Эмчилгээ хийлгэхийн тулд эмнэлгээр явж цаг хугацаа зардал мөнгө их гарсан. Одоогийн байдлаар нүдний ухархайн хэсэгт хугалгаанд орох шаардлагатай байгаа,гарсан зардлын баримт-4.087.646 төгрөг, 3500000 төгрөгөөр Улаанбаатар хотод Орбита эмнэлэгт хагалгаанд орох шаардлагатай байгаа. Хойшид эрүүл мэндэд гарах хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлснийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Итгэл баарны гадна “найз охиныг нь баарны гадна хоргоосон” гэх шалтгаанаар Б.*******ийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоодож байна.
Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч нар хохирогч Б.******* өмнө нь хохирлын баримтаа гаргаж өгсөн бол хохирлыг төлөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломж байсан, гэвч хохирогч хохирлын баримтыг яг шүүх хурал эхлэхэд ирүүлсэн нь хохирол төлөх боломж олгосонгүй гэж үзэж байна.Иймд шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна гэснийг дурдах нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч,хохирогч нар болон тэнд байсан залуус нь хоорондоо зодолдсон болох нь гэрч нарын мэдүүлэг, М.*******, Н.Отгонбаатар нарын биед гэмтэл учирсан талаар 933,934 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, хоорондоо зүй бус харьцсанаас энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч М.******* хохирогчийн толгой тус газар нь гараараа цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын талаар ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй байсан боловч шүүхэд “...4.087.646 төгрөгийг нэхэмжилж, цаашид 3.500.000 төгрөгөөр хагалгаанд орох шаардлагатай тул эрүүл мэндэд гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх” хүсэлт ирүүлсэн.Шүүх хохирогч Б.*******өөс ирүүлсэн эмчилгээний зардлын баримтыг хэлэлцээд “Сөүл” нүдний төвд үзүүлсэн тухай Е- баримтыг,”Орбита” эмнэлгийн баримтыг тус тус үнэлж шүүгдэгчээс 408.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 88-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.*******дуламын өгсөн...М.******* нь тогтуун томоотой, тайван дөлгөөн, даруухан, хүнд тусархуу зан чанартай залуу юм. Эцэг эхээс 4-үүлээ, 3 эгчтэй, одоогоор тусдаа гараагүй, эцэг эхийнхээ хамт амьдардаг.Өмнөговь аймгийн Цогт цэций суманд Таван толгой ХХК-д ачааны том машин барьдаг... гэх мэдүүлэг / хэргийн 80-81-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 / хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас: шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс гаргах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогч нь Улаанбаатар хот явахдаа ямар тээврийн хэрэгслээр зорчсон нь тодорхойгүй тул түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хараа зүйн эмчилгээ хийлгэсэн 17100 төгрөгний баримт авагдсан боловч үүний төлбөр нь эрүүл мэндийн даатгалаас авагдсан байна. 44,000 төгрөгийн баримт, Орбита эмнэлэгт үзүүлсэн 65,000 төгрөг нийт 224,500 төгрөгийг төлөх боломжтой. Бусад баримтаар нэхэмжилж буй хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Улсын яллагчийн санал болгож буй ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүгдэгч нь Улаанбаатар хот руу явж ажил хийх шаардлагатай. Иймээс торгох ялаар шийтгэж өгнө үү гэх санал, тайлбар гаргасан болно.
Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч М.*******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, өмгөөлөгчийн санал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2236000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 / долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.*******оос 408000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******өд олгосугай.
6.Эрүүгийн 2236000000299 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС