Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0146

 

 

 

 

 

 

 

З.Цгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг 

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Ө.Мгийн өмгөөлөгч Ш.Б

Нэхэмжлэгч: З.Ц

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: “ХХБ” ХК, Ө.М

Нэхэмжлэлийн шаардлага: “З.Цг улсын бүртгэлийн Ү-**********  дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** хотхон *** байр, *** тоот, зоорийн давхрын **, ** тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, эрхийн улсын бүртгэлийн Ү-***********  дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоот, 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 935 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Б

Гуравдагч этгээд “ХХБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Гуравдагч этгээд Ө.Мгийн өмгөөлөгч Ш.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0568/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Цгээс Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “З.Цг улсын бүртгэлийн Ү-**********  дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** хотхон *** байр, *** тоот, зоорийн давхрын **, ** тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, эрхийн улсын бүртгэлийн Ү-***********  дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоот, 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 935 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Цгийн гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар З.Цг улсын бүртгэлийн Ү-**********  дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** хотхон *** байр, *** тоот, зоорийн давхрын **, ** тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, Эрхийн улсын бүртгэлийн Ү-***********  дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоот 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож....” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Ө.Мгийн өмгөөлөгч Ш.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр З.Ц нь улсын бүртгэлийн Ү-**********  дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ********* хотхон 311 дүгээр  байр, 604 тоот, зоорийн давхрын **, ** тоот хаягт байрлалтай, 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,459,824,000 төгрөгөөр Ө.Мгөөс худалдан авсан бөгөөд Ө.М нь энэ тухайд маргахгүй дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг З.Цгийн нэр дээр бүртгүүлэхээс татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0935 дугаартай шийдвэрийн 3.9, 3.10 дээр он цаг хугацааны өмнө 2014 онд ХХБтай зээлийн гэрээ байгуулсан... гэсэн байх ба нэхэмжлэгч нь Ө.Мг ХХБнаас зээл авсан талаар мэдээгүй, мэдэх боломж ч байгаагүй. Тухайн орон сууцуудыг төлбөрөө төлж худалдаж авсан ба нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөнө. Тухайн эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй болно. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д улсын бүртгэгч нь үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.3-д зааснаар улсын бүртгэлд хүсэлт гаргахад татгалзсан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/Ш32023/00743 дугаартай шүүхийн шийдвэр заавал зайлшгүй биелэгдэх зарчимтай зөрчилдөж байна.

3.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, уг хуулийн 7.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэсэн нь нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандахаар заасан боловч уг бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй нөхцөл шаардаж байгаа нь эс үйлдэхүй юм.

3.4. Улсын бүртгэлд шүүхийн шийдвэрээр өмчлөлд өөрчлөлт оруулахад ХХБны зөвшөөрөл хэрэггүй бөгөөд З.Цд хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх үүссэн байна.

3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0935 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчаас гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч З.Цгээс Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан “улсын бүртгэлийн Ү-**********  дугаартай, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** хотхон *** байр, *** тоот, зоорийн давхрын **, ** тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, эрхийн улсын бүртгэлийн Ү-***********  дугаартай Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоот 169.58 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гээд 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ” гээд 30.1.3-д “тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан” гэж,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна” гээд 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасан төдийгүй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмаар тус бүртгэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан.

 

2.3. Тухайлбал, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог хуулийн зохицуулалттай.

 

2.4. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...маргаан бүхий Ү-********** , Ү-***********  дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах, шилжүүлэхтэй холбоотой 2 шүүхийн шийдвэр гарсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллага эхэлж гарсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00368 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ГХ2020/00806 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20280918/10, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20280976/151-11 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч З.Цгийн нэр дээр шилжүүлэн бүртгэхээс татгалзсан нь улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглосон заалттай нийцсэн, хууль ёсны шийдвэр байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гуравдагч этгээд Ө.М нь ХХБтай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ/208 дугаартай Орон сууц зээлийн гэрээ, ЗБ/208 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ********* хотхон, *** дүгээр байрны *** тоот, зоорийн давхрын **, ** тоот авто зогсоолд байршилтай орон сууц, авто зогсоолын зориулалттай 200 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-**********  дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Сүхбаатарын гудамж, ** байрны ** тоот, орон сууцны зориулалттай 169.58 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-***********  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байхдаа буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч З.Цд худалдсан байна.

2.6. Үүнээс үзвэл нэхэмжлэгч З.Цг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг гуравдагч этгээд Ө.Мгөөс худалдан авахаас өмнө ХХБтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,201,282,963.81 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд худалдан борлуулж, төлбөрийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/368 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20280918/10, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20280976/151-11 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор маргаан бүхий Ү-********** , Ү-***********  дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарах тул хариуцагч захиргааны байгууллагаас бүртгэхээс татгалзсаныг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

 

2.7. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар З.Цгийн гаргасан дээрх мэдүүлгийг улсын бүртгэгч бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй талаар, мөн 11 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.

 

2.8. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасан, нэхэмжлэгч З.Цг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ү-********** , Ү-***********  дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа боловч нэгэнт цаг хугацааны хувьд эхэлж бүртгэгдэж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа энэ тохиолдолд хуулийн зөвхөн энэ заалтын хүрээнд өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолуудыг үгүйсгэх боломжгүй тул гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ө.Мгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА