Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0577

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК

 Хариуцагч: Гаалийн ерөнхий газар,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Ө.Г, Гаалийн улсын байцаагч С.З нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Г, С.З нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005,89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох, Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах, гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828,25 төгрөг ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 тоот актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, О.М, Х.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц*******, хариуцагч Ө.З, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 тоот актаар ногдуулсан дүн болох 265 735 005 89 төгрөгийг 35 189 839 төгрөгөөр буруулж 230 545 166 төгрөг болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж байна.

 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 тоот актын тухайд актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр дэмжиж байгаа болно” гэжээ.

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, түүний үндэслэлдээ:Ч Т И” ХХК-д төлсөн 55,114,406,040 төгрөгийн тоног төхөөрөмжийн төлбөрийн тухайд:

Гаалийн байцаагч 2014 онд Ч Т ИХХК-д төлсөн 55, 114,406,040 төгрөгийн гадаад төлбөр тооцоог зөвхөн 2014 онд гаалийн хилээр оруулж ирсэн 43,283,446,413 төгрөгтэй харьцуулж 10,652,448,256 төгрөгийг гаальд мэдүүлээгүй гэж дүгнэн нөхөн татвар торгуульд нийт 2,146,468,323.58 төгрөгийн төлбөрийн акт ногдуулсан нь буруу бөгөөд ингэхдээ манай компанийн 2013-2016 оныг дуусталх гаалийн мэдүүлэг болон гаалийн статистик мэдээг бүрэн шалгалгүй 2015 онд “Ч Т И” ХХК-аас худалдан авсан тоног төхөөрөмжөөр гаальд мэдүүлсэн 17,940,365,664.39, 2016 онд мөн утгаар гаальд мэдүүлсэн 1,287,190,613.99 төгрөгийг тус тус дутуу орхиж тооцон дээрх зөрүүг гаргасан бөгөөд 2014, 2015,2016 онуудад “Ч Т И” ХХК-д төлсөн 55,114,406,040 төгрөгийн барааг бид гаальд нийтдээ 63,370,387,216.71 төгрөгөөр мэдүүлсэн /Хавсралт 1 “Ч Т И” ХХК-д төлсөн төлбөрийн гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны жагсаалтыг гаалийн мэдүүлгийн дугаараар түүвэрлэн жагсаалт харна уу/ нь Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээнд 56,281,550,647 төгрөгөөр туссан нь ч дээрх зөрүүг ногдуулсан гаалийн нөхөн татвар торгуулийг төлөх үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Иймд гаалийн хилээр оруулж ирсэн барааны мэдээ тайлангаа дутуу шалгаж 10,652,448,256 төгрөгийн төлбөрт ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. “У” ХХК-д төлсөн 23,137,776,00 төгрөгийн цементийн клинкерийн тухайд: “Гаалийн улсын байцаагч актдаа  “Ж” ХХК-д төлсөн 23,137,776,000 төгрөгөөс 16,206,583, 149 төгрөгийн барааг гаальд мэдүүлээгүй гэж үзэж нөхөн татвар торгуульд 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар торгууль ногдуулахдаа манай компанийн гадаад гэрээний биелэлт болон гадаад төлбөр тооцооны биелэлтийг бүрэн шалгаж нотлохгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлээгүй буюу татан авалт хийгдээгүй барааг ямар ч нотлох баримтгүйгээр хийсвэрээр тооцож, нөхөн татвар болон торгууль ногдуулсан.

Бид 2015 онд “Ж” ХХК-аас 200,000 тонн цементийн клинкер авахаар харилцан тохиролцож гэрээний үнийн дүнгийн 67 хувь болох 4,216,000 юань буюу тухайн үеийн ханшаар 23,137,776,000 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд уг гэрээний дагуу 2015-01-01 өдрөөс 2015 оны 0 дугаар сарын 25-ны  өдрийг хүртэл 5,948, 116,337.68 төгрөгийн 83,978тонн клинкерийн татан авалт хийж гаалийн хилээр нэвтрүүлсэн бөгөөд уг барааг тээврийн зардал шингэсэн дүнгээр гаальд 6,931,192,931 төгрөгөөр мэдүүлж тус дүнгээс татвар нийт 1,325,941,936.89 төгрөг төлсөн.

Ингээд 2015 оны 08-р сард цементийн клинкерийн гаалийн татвар нэмэгдэж 5 хувь байснаас 20 хувь болтлоо өссөн тул цаашид Бүгд найрамдах Хятад ард улсаас цементийн түүхий эд авах нь алдагдалтай байсан тул гэрээг зогсоож, улмаар 2016 оны 08 дугаар сарын 25- ны өдөр нийлүүлэгч талтай харилцан тохиролцож гэрээг цуцалсан ба урьдчилгаа болгон төлсөн 23,117,776,000 төгрөгөөс татан авалт хийгдээгүй 115 тонн цементийн клинкерийн төлбөр болох 34,017,955.96 юанийг манай толгой компанид буцаан төлөхөөр харилцан тохиролцож уг тохиролцооны дагуу 2018 оны 1-р сард төлбөрийг буцаан төлсөн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр 2017-06-30 өдрийн 44/17 актаар ногдуулсан буюу гаалийн мэдээ дутуу шалгаж 10,652,448,256 төгрөгийн төлбөрт ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар торгууль мөн татан авалт хийгдээгүй буюу биелэгдээгүй гэрээний дүнгээр дүгнэж, гаалийн хилээр нэвтрүүлээгүй 16,206,583,149 төгрөгийн төлбөрт тооцсон 3,265,626,504.66 төгрөгийн нөхөн татвар

торгууль нийт 5,412,094,828.25 төгрөгийн нөхөн татвар торгууль нийт 5,412,094,828.25 төгрөгийн нөхөн татвар торгуулийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 44/17 актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Манай компани нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

            Монгол улсын хөөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд “Дор дурдсан тохиолдолд импортлогдсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэл хувь, хэмжээгээр ногдуулж болно”. 11.2.1-д “Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж заажээ. “М” ХХК нь 2013 оноос эхлэн Төв аймгийн С******* сумын нутагт 1 жилд 1 000 000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж эхлэн 2019 онд Улсын комисст хүлээлгэн өгч, үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 2013 оноос эхлэн гаалиар орж ирсэн бөгөөд барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт явагдах хуваарийн дагуу он ондоо орж ирсэн юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр дурдсан заалтыг Гаалийн байгууллага болон ажил хариуцсан улсын байцаагч нар зөрчиж манай компаний цементийн үйлдвэрлэл барих зориулалтаар импортоор оруулж ирсэн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжинд 2014 онд гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татварт 6 708 938 615.11 төгрөг, 2015 онд гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татварт 2 726 218 445.51 төгрөг, 2016 онд 199 514 546.02 төгрөг нийт 9 634 671 687 төгрөгийг шалгалтад хамрагдах хугацаанд төлүүлсэн.

Компани 2013-2016 гаалийн татварт 3 813 106 977.35 төгрөг, Нэмэгдсэн өртөгийн албан татварт 7 644 100 108.39 төгрөгийг нийт 11 457 596 085.74 төгрөгийг төлүүлсэн. Шалгалт нэрээр үндэслэлгүй 44/17 тоот акт бичин нэмж 5,412,094,828.25 төгрөгийг төлүүлэх ажиллагаа явуулж байна. Манай компани нийт /11 457 596 085.74+5,412,094,828.25/ 16 869 690 913.99 төгрөгийг хуулийн үндэслэлгүй төлүүлсэн, төлүүлэхээр ажиллагаа хийгдэж байна. Энэ нь манай компанийн шинээр байгуулагдан ажлаа эхэлж байгаа Цементийн үйлдвэрийг санхүүгийн хувьд маш хүнд байдалд оруулж байна.

Монгол улсад Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдан Татварын таатай нөхцөл бүрдлээ гэж үзэн Манай компани 2013 оноос жилд 1 000 000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал Цементийн үйлдвэрийг гадны 100 хувийн хөрөнгө оруулалтаар 4 жил бүтээн босгож, ашиглалтад оруулсан.

Манай үйлдвэр нь улсын чанартаа төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдээгүй,

улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй юм. Энэ нь Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд хамаарахгүйг харуулж байна.

Манай компанийн зүгээс энэ асуудлаар Гаалийн байгууллагад хандаж байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэлгүй, тодорхой хариу өгөлгүй, шалгалт оруулан багагүй хугацаа өнгөрч өдий хүрлээ. Гаалийн байгууллага, түүний улсын байцаагчид Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх, 0 хүртэл хувиар ногдуулах хуулийн заалт байсаар байхад татвар ногдуулан төлүүлдэг , талаар гаргасан манай компанийн хүсэлтийг шийдвэрлэдэггүй, харин ч шалгалт оруулж хуулийн болон бодит үндэслэлгүй акт бичиж төлбөр, торгууль ногдуулан манай компанийг эдийн засгийн болон сэтгэл санааны дарамтад оруулан хохироож байна.

Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 акт нь:

       1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3 дүгээр зүйлд заасны дагуу Гааль, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх 0 хүртэл хуваарь байх тухай заасан Цементийн үйлдвэр барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг гаалиар оруулахад Гааль, Нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулна гэж үзсэн

2. Гаалийн хилээр оруулж ирээгүй цементийн клинкерийн үнэнд Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулсан

3. Монгол улсын болон гаалийн хилээр оруулахдаа Гааль, Нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулан төлсөн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид давхардуулан Гааль, Нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулсан. 

Энэ талаар эрх бүхий удирдах дээд байгууллагад гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн Цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулсан шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцох, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нөхөн татвар, торгууль нийт 5,412,094,828.25 төгрөгийг төлүүлэх 44/17 актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Х.Ц нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын гаалийн хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл, гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828.25 төгрөгийн төлбөр ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 тоот актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:  "М” ХХК нь Төв аймгийн С******* сумын нутагт 1 жилд 1 000 000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийг барьж 2019 онд Улсын хүлээлгэн өгч, албан ёсны Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эхний ээлжийн буюу бутлуурын хэсгийн тоног зөвшөөрөлтэй үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрлэлйн тоног төхөөрөмжийн эхний ээлжийн буюу бутлуурын хэсгийн тоног төхөөрөмжийг угсран 2016 оны 12 дугаар сарын 31-нд орон нутгийн комисст хүлээлгэн өгсөн. Хоёрдугаар ээлжийн буюу үйлдвэрлэлийн үндсэн хэсэг 2017-2018 онуудад угсрагдан туршилтын үйлдвэрлэл явуулан тохируулга хийгдэн 2019 онд улсын комисс хүлээн авсан.

Цементийн үйлдвэрийн техник тоног төхөөрөмж 2014 оноос 2018 оны хооронд гаалийн хилээр орж ирэн угсрагдаж дууссан ба үйлдвэр хэвийн ажиллаж байна. Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд “Дор дурдсан тохиолдолд импортлогдсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэл хувь, хэмжээгээр ногдуулж болно”. 11.2.1-д “Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж, мөн Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 38 дугаар зүйлийн Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараанд 38.1.13 “хууль, олон улсын гэрээнд заасан бараа”, 38.3-т “Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна” гэж заасан нь “М” ХХК-ийг цементийн үйлдвэр барихад хүргэсэн эрх зүйн чухал хүчин зүйл бөгөөд хууль ёсны итгэлийг бодитой болгосон байна.

Тус үйлдвэр нь улсын чанартай төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдээгүй, улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй нь Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд хамаарахгүй учраас Засгийн газар, түүний харьяа байгууллагад гааль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын хөнгөлөлт хүсэж хандаж байгаагүй.

“М” ХХК нь цементийн үйлдвэрийг 250.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ, гаалийн бүрдүүлэлт, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээ, бүртгэл, угсралтын ажлын зураг, угсралтын явцыг болон үйлдвэрийг хүлээн авсан орон нутгийн болон улсын комиссын актууд, татварын тайлан, санхүү, мөнгөний баримтууд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлээр батлагдсан.

Компаний удирдлагаас цементийн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн зураг, угсралтын ажлууд, улсын комиссын актууд тэдгээрт холбоотой баримтуудын нэг хувийг Үндэсний төв архивын газар нэгж үүсгэн хүлээлгэн өгсөн байна.

“М” ХХК нь хөрөнгө оруулалтыг бодитой хийж, цемент үйлдвэрлэхэд шаардлагатай шохойн чулуу, гөлтгөнө, төмөр, нүүрс, үнс зэрэг бүх түүхий эдийг дотоодын үйлдвэр, аж ахуй нэгжүүдээс худалдан авч ашигласан, ажлын байрыг нэмэгдүүлсэн байна.

Монгол улсад нэн хэрэгцээтэй байгаа үйлдвэр, түүний дотор жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг бүтээн байгуулснаараа “М" ХХК нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх эрхтэй. Энэхүү эрх нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 76.1.3-ийн “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" гаалийн байгууллагын нийтлэг үүргээр хангагдах ёстой.

Гэтэл Гаалийн байгууллагаас гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ “М” ХХК-ийн цементийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжид 2014 онд гааль болон Нэмэгдсэн өртөгийн албан татварт 708 938 615.11 төгрөг, 2015 онд гааль болон НӨАТ- 2 726 218 445.51 төгрөг, 2016 онд 199 514 546.02 төгрөг нийт 9 634 671 687 төгрөгийг ногдуулан төлүүлсэн нь дээр дурдсан хуулийн заалтуудыг илт зөрчсөн байна.

Мөн нэр бүхий гаалийн улсын байцаагч нар нь гаалийн татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвар нь 0%-тай байх тухай хуулийн заалтыг үл хэрэгсэн 2017.06.30-ны өдөр 44/17 тоот актаар 5 412 094 828.25 /таван тэрбум дөрвөн зуун арван хоёр сая ерэн дөрвөн мянга найман зуун хорин найм/ төгрөгийн нөхөн татвар, торгууль төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1."Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзэхэд Гаалийн байгууллага, улсын байцаагч нарын дээр дурдсан үйлдлүүд нь захиргааны акт юм.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийн “хуульд үндэслэсэн байх”, 4.2.2-ийн “шуурхай тасралтгүй байх”, 4.2.4-ийн “үр нөлөөтэй байх”, 4.2.8-ийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмуудыг Гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагч нар хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хуулиар гаалийн татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвар 0%-тай байх тухай заасан байхад гаалийн байгууллага, улсын байцаагч нараас татвар ногдуулсан, акт бичиж төлбөр төлүүлэх ажиллагаа явуулж байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийн “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, мөн зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” илт хууль бус үйл ажиллагаа байна. Өөрөөр хэлбэл “М” ХХК-ийг хууль бус үйлдэл хийлгэсэн, шаардсан төдийгүй хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд нь халдсан үйл ажиллагаа юм. “М” ХХК-ийн нэхэмжлэл нь хуульд нийцсэн, бодит үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү.

Мөн “Тайлбарыг уншихад Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан үйл ажиллагаа, захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй боловч барилгын материалын үйлдвэр барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг Гаалийн татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварыг 0%-иар ногдуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй, татвар төлөгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хохироосон үйлдэлдээ тайлбар хийхээс зайлсхийсэн байна.

 Хуулийн заалт байсаар байхад татвар төлөгчийг хүсэлт, гомдол гаргаагүй гэж үзэн татвар ногдуулсан ажиллагаагаа зөвтгөхийг оролджээ. Гомдол, хүсэл гаргаагүй нь гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хуулийн үндэслэл болохгүй. Тухайн үед буюу үйлдвэр барьж эхэлснээс техник, тоног төхөөрөмжийг нь Гаалийн татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татварыг 0%-иар ногдуулах асуудлыг “М” ХХК ярьсан. Татвар төлөгчийн тавьсан асуудалд Гаалийн байгууллагаас үйлдвэрээ барьж дууссаны дараа асуудлыг ярилцаж шийдвэрлэе, одоо үйлдвэр бүрэн босох эсэх нь тодорхойгоогүй байна гэсэн хариу өгч байжээ. Гэтэл үйлдвэрийн туршилтын хугацаа дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй байхад 2017 оны 06 сар гэнэт бүрдүүлэлтийн дараах шалгалт оруулж асар их хэмжээний нөхөн татвар, торгууль ногдуулсан акт бичсэн юм. Энэ “М” компанийн хүсэлт, тавьж байсан асуултын хариу болсон юм. Гаалийн байгууллагаас хууль бус ажиллагаагаа зогсоож, актуудыг хүчингүй болгуулах хүсэлт, гомдлыг гаргасан ч хүлээж аваагүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Гаалийн байгууллага хүсэлт гомдол гаргах татвар төлөгчийн эрхийг санаатайгаар хязгаарласан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан. Гаалийн ерөнхий газар “М” ХХК-д гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан захиргааны актаа хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хүчингүй болгох үүрэгтэй.

 Гаалийн байгууллага нь “М" ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төдийгүй, төрийн эрх барих байгууллага, Засгийн газрын үйлдвэрлэл, баялаг бүтээх бодлого, үйл ажиллагааг боймлон саад болоход чиглэн хууль зөрчиж, цементийн үнэ нэмэгдэхэд хүргэн хэрэглэгчийн эрх ашгийг хохироож байгаа юм. Гаалийн байгууллага үйл ажиллагаа нь Засгийн газрынхаа үйлдвэрлэлийг дэмжих замаар баялаг бүтээх, барилга, орон сууц, бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд, материалыг зөвхөн гадны орнуудаас импортоор авах байдлыг багасгах, өртгийг хямдруулах, улмаар иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх гэх мэт бодлого, үйл ажиллагаатай Гаалийн байгууллагын үйл ажиллагаа зөрчилдөж байгаа учраас илэрхий алдаатай юм.

 Гаалийн байгууллагын монгол улсын хилээр оруулж ирсэн барилгын материалын үйлдвэрийн техник тоног төхөөрөмжид гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан үйл ажиллагаа бүрдүүлэлт/, нөхөн татвар, торгууль ногдуулсан акт, түүнийгээ хүчингүй болгохгүй байгаа нь илт хууль бус юм. Татвар төлөгчийн хүсэлт, гомдол гаргасан эсэх нь Гаалийн байгууллагын илт хууль бус ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй юм” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу манай компанид шалгалт орсон. Уг шалгалт 2017 оны 02 дугаар сараас эхлэн 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн. Шалгалтаар 2012-2016 онуудын хоорондох санхүүгийн гадаад төлбөр, тооцоо, бараа татан авалт, гэрээний хэрэгжилт гэх мэтийг шалгасан. Удирдамжид заахдаа манай компанийн 2012-2016 онуудыг дуусах хүртэлх хугацааны импортолсон бараа, тээврийн хэрэгслийн гадаад худалдааны гэрээний биелэлт, бүрдүүлэлтийн орлого, зарлагын хөдөлгөөн, холбогдох баримт бичиг, тооцоо, тайлан, мэдээтэй тулган шалгах гэсэн байсан. Гэтэл гаалийн улсын байцаагч нар хяналт, шалгалтыг явуулахдаа удирдамжийн дагуу явуулаагүй. 44/17 тоот акт дээр хоёр төрлийн барааны тухай яригддаг. Тус тусад нь салгаад, товчхон үндэслэлээ яриад явъя гэж бодож байна.

Гаалийн улсын байцаагч нар хяналт, шалгалтыг явуулахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг бүрэн шалгаагүй гэх үндэслэлээр бид маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргаж байгаа. Тухайн акт дээр нэгдүгээрт “Ч*******” ХХК-д төлсөн 55 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн төлбөрийг зөрчилд тооцсон байдаг. Уг зөрчил дээр улсын байцаагч эхлээд гадаад төлбөр, тооцоог буруу тооцсон байдаг. Гаалийн байцаагчийн акт дээр 55 тэрбум 114 сая төгрөгийн дүнгээр тусгагдсан байдаг. Ингэхдээ манай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1 тэрбум 172 сая төгрөгийг журнал дээр утгын зөрүүтэй байсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын урьдчилгаа байсан байна, тоног төхөөрөмжийн төлбөр биш байна гэх үндэслэлээр оруулан тооцоогүй байдаг. Гэтэл энэ нь анхан шатны баримт дээр “Ч*******” ХХК-д төлсөн тоног төхөөрөмжийн төлбөр гэж маш тодорхой бичигдсэн байхад тухайн журнал дээр бичигдсэн дүн болон утгыг анхан шатны баримт, гэрээ, гэрээний хэрэгжилт, бусад баримттай тулган шалгаагүй гэж үзэж байгаа. Ингээд нэгдүгээрт, урьдчилсан төлбөр, тооцооны дүнг буруу тооцсон. 55 тэрбумыг шууд 53 тэрбумаар тооцон бичсэн.

Уг гэрээний дагуу тоног төхөөрөмж нь 2014-2016 онуудын хооронд буюу 3 жил дарааллан орж ирээд, 2014 онд 43 тэрбум, 2015 онд 17 тэрбум, 2016 онд 1 тэрбум төгрөгийн, нийт 62 тэрбум 405 сая төгрөгийн бараа орж ирсэн байхад зөвхөн 2014 оны 43 тэрбум төгрөгийн барааны татан авалттай, урьдчилж төлсөн зардал тооцоог зэрэгцүүлж, зөрүү 10 тэрбумыг  ямар ч үндэслэлгүйгээр шууд зөрчилд тооцож, нөхөн татвар, торгууль оногдуулсан. Уг хууль бус үйлдэл нь нэгдүгээрт, удирдамжид заасны дагуу тухайн бодит нөхцөл байдлыг тогтоохдоо манай санхүүгийн бүртгэл, мэдээллийг гэрээ, гэрээний хэрэгжилт, гаалийн статистик мэдээ, анхан шатны баримт гэх мэтчилэн шаардлагатай бусад санхүүгийн баримт бичигтэй тулган шалгаагүй хууль бус үйлдэл байдаг. Иймээс уг хууль бус актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Актын хоёрдугаар хэсэгт “У”, ”Ж” ХХК-д төлсөн 23 тэрбум 117 сая төгрөгийн урьдчилж төлсөн зардлыг мөн 2015 онд уг компаниас авсан 6 тэрбум 931 сая төгрөгийн цементийн клинкерийн авсан гэж үзээд зөрүү 16 тэрбум 206 сая төгрөгийн дүн дээр шууд зөрчил тооцсон. Анх бид 2014 онд 31 тэрбум төгрөгийн гэрээ байгуулаад, 69% хувь буюу 23 тэрбум 117 сая төгрөгийг урьдчилж төлсөн байсан. Гэрээ хэрэгжээд эхэлсэн, 2015 оны 4 дүгээр сараас бид 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал бид нийт 83.978 тонн цементийн клинкер татсан. Энэ 83.978 тонн цементийн клинкерийн барааны болон татвар ногдуулсан, гаальд мэдүүлсэн дүнгээрээ бол 6 тэрбум 931 сая төгрөгийн гэрээний дүнгээр барьж байгаа. Үүний зөрүү 16 тэрбум төгрөгийг шууд манай гадаад төлбөр тооцоо болон татаж авсан бараа хоёрын зөрүү буюу гадаад төлбөр тооцоо дээр гаалийн татвар ногдуулсан. Гаалийн татвар нь өөрөө Гаалийн тухай хуульд зааснаар гаалиар орж ирсэн бараа дээр ногдуулах ёстой татвар байдаг. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Монгол Улсад цементийн 2-3 үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор цемент болон цементийн бүтээгдэхүүний гаалийн татвар 5% байж байгаад 20% болж нэмэгдсэн. Ийнхүү нэмэгдсэнээр нэмэгдсэн өртгийн албан татвартай нийт 30%-ийн татвар төлж, алдагдалтай ажиллах болсон учраас цементийн клинкерийн таталтаа зогсоож, гэрээгээ цуцалж, уг гэрээний дагуу гэрээг дүгнэсэн акт үйлдэж бид 116 тэрбум төгрөгөө компани хоорондын өр, төлбөр, тооцоог хааж гэрээг дуусгавар болгосон.

Гэтэл манай гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтүүд, гэрээг цуцалсан баримтууд, түүний дагуу компани хооронд төлбөр, тооцоо дууссан баримтуудыг шалгалгүйгээр зөвхөн журнал дээрх гадаад төлбөр тооцоо болон гаалийн хилээр орж ирсэн барааны зөрүү 16 тэрбум төгрөгийг шууд зөрчилд тооцон акт тавьж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Ерөнхийд нь нэгтгэж үзвэл гаалийн улсын байцаагч нар манай баримтад дутуу шалгалт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Зөвхөн журналын дүнг баримталж, журнал дээр төлсөн төлбөр тооцоо, татан авалтын тооцоо хоёрын зөрүүгээр шууд акт тавьсан. Тухайн зөрүү дүн дээр бараа нь гаалийн хилээр орж ирсэн эсэх, үнийг бууруулж мэдүүлсэн эсэх, тухайн гэрээ нь хэрэгжсэн эсэх, гэрээг дүгнэсний дараа төлбөрийн үлдэгдлийг шилжүүлсэн эсэх талаар холбогдох бусад баримтуудтай тулган шалгаагүй. Зөвхөн гаалийн статистик мэдээгээ журналын дүнтэй харьцуулж үзээд, зөрүү мөнгөн дээр нь акт тавьсан. Иймд бид Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, түүнтэй холбогдох үндэслэл бүхий нотлох баримтуудыг бүрэн шалгаагүй нь илт хууль бус үйлдэл байна гэж үзэж байна. Ийм учраас уг 44/17 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гаалийн татвар ногдуулсан улсын байцаагч нарын үйлдэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага манай тал гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 удаа хэргийн анхан шатны шүүхэд буцаахдаа тодорхой заалтуудыг тусгасан. Магадлал дээр дурдсантай холбоотой маргаанаа шийдвэрлэхгүй бол болохгүй гэж харсан. “М” ХХК 2014-2015 онуудад Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортолсон барааны тоо, хэмжээ, нийт дүнг худал мэдүүлсэн гэдэг. Үүнд манай тал ач холбогдол өгч байна. Учир нь ямар байх ёстой дүнг яаж мэдүүлсэн гээд байгаа нь тодорхойгүй. Ямар бүтээгдэхүүний нийлүүлэлтийг худал мэдүүлсэн гэх талаар хэргийн материалаас огт харагдахгүй байгаа. Хариуцагч талыг гаргасан акт дээрээ дурдсан зөрчлийг тодорхой тайлбарлахыг хүсэж байна. Бидний зүгээс улсын гаалийн хилээр оруулж ирсэн бараа, бүтээгдэхүүнийг тухай бүр нь үнэн зөв мэдүүлж байсан. Түүнд ноогдох татвар болох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн. Ямар нэгэн бараа, бүтээгдэхүүнийг худал мэдүүлж, тоо, ширхгийг нь бууруулсан гэх үйлдэл гаргаагүй.

Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлүүд дээрээс харахад хариуцагч тал гаалийн бараа, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнийн дүнтэй маргаагүй. Акт тавигдсан бодит үндэслэл нь гарч ирэхгүй байгаа. Гаалийн татвар нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг” хэлнэ гэж заасан. Тэгэхээр гадаад руу мөнгө шилжүүлчхээд бараа нь орж ирээгүй байхад оруулж ирсэн гээд акт тооцож байгаа хариуцагчийн үйлдэл нь энэ хуулийн заалттай огт нийцэхгүй байна. Хариуцагч талын тайлбар нь нэхэмжлэгч компанийг мөнгө шилжүүлсэн учраас тэр мөнгөндөө тааруулан бараа оруулж ирсэн байх ёстой гэдэг. Нийт 62 тэрбум төгрөгийн цемент бараа орж ирсэн. Үүнээс 55 тэрбум төгрөгийн барааг нэхэмжлэгч оруулж ирсэн ба түүнийхээ 43 тэрбумыг бичээд, зөрүүтэй байна гээд акт тооцсон.

Цемент дээр мөн ялгаагүй, биднийг 23 тэрбум төгрөгийг шилжүүлсэн боловч оруулж ирсэн нь 6.9 тэрбум байсан ба зөрүү нь 16 тэрбум байна гэж үзсэн. 16 тэрбум төгрөгийн клинкер гэдэг чинь 120 орчим вагон бараа болно. Тийм их хэмжээний барааг бид яаж гаалиар нууж оруулж ирэх юм бэ. Иймэрхүү байдлаар ямар ч бодит үндэслэлгүй шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр дурдсантай холбоотойгоор шүүх энэ талаар асуудлыг нарийвчлан харж үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын хувьд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг дэмжих татварын болон татварын бус дэмжлэгийг эдлэх эрхтэй” гэж заасан. 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гээд, 11.2.1-д “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж заасан. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13-т “хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа”, 38.3-т “Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна” гэж тус тус заасан байна.

“М” ХХК нь 2013-2017 онуудын хооронд Төв аймгийн С******* сумын нутагт жилийн 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсан. Үүнийхээ тоног төхөөрөмжийг 2013 оны сүүлчээс 2016 оныг дуусах хүртэлх хугацаанд оруулж ирсэн. Үйлдвэрээ бариад, 2017, 2018 онуудыг дуусгаад, 2019 онд Улсын комисс хүлээж авсан. Туршилтын хугацаа явагдаад, эхний хэсгийг 2016 онд орон нутгийн комисс хүлээж аваад, дараа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисс хүлээж аваад, хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ хугацаанд тус үйлдвэр нь улсын чанартай төсөл арга, хэмжээний хүрээнд хийгдээгүй, улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй учраас энд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан заалтад хамаарахгүй гэж ойлгож байна.

Ингээд нийт 250 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар боссон үйлдвэр өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 2 жилийг эс тооцвол, нэг жилд дунджаар 30 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ цементийн үйлдвэрийг барьсан цагаас эхлэн ажилчид, гүйцэтгэх удирдлагуудын зүгээс гаалийн байгууллагад хүсэлтээ өгөхөөр хандаж байсан. Хариуцагч талыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан журмын дагуу бидэнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг өгөөч хэмээн хандаж байсан. Гаалийн байгууллагаас тухайн үед биднийг үйлдвэрээ барьж дуусгасны дараагаар уг асуудлыг чинь шийдвэрлэж өгье, тэр үед хүсэлтийг чинь шийдвэрлэх боломжтой гэж хариу өгч байсан. Гэтэл үйлдвэрийг Улсын комисс хүлээн аваагүй, дөнгөж баригдаад дуусаж байсан буюу 2017 оны 6 дугаар сард гаалийн байгууллагаас татварын шалгалт орж ирсэн. Татварын шалгалт орж ирээд, бидний өмнө тавьсан хүсэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх гэж байгаа юм байна гэж компанийн зүгээс ойлгож байсан. Гэтэл асуудлыг бүрэн хэмжээгээр судалж үзэлгүйгээр асар их хэмжээний татвар нөхөн төлүүлэх акт тавьсан. Уг актыг хүчингүй болгуулахаар гаалийн байгууллагад удаа дараа хандсан боловч шийдвэрлээгүй, шүүхээр маргаад 2 жил болж байна.

“М” ХХК-ийн зүгээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх хууль зүйн болон бодит хэд хэдэн нөхцөл байгаа гэж харж байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч компани нь уг үйлдвэрээ барих хугацаанд зөвхөн татварт 11.3 тэрбумыг төлсөн. Хоёрдугаарт, Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа уг барилга, бүтээн байгуулалт болох цементийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөлийг бий болгосон. Энэ бол тухайн үед С.А-ийн Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд Монгол Улсад 3 цементийн үйлдвэр баригдсаныг бүгд мэднэ. Энэ нь зах зээл дээр бодит өрсөлдөөнийг бий болгож байгаа. Цементийн үнэ аль болох бага байж орон сууц, бүтээн байгуулалтын үнэ хямд байлгах санаа зорилготойгоор ийнхүү дэмжсэн гэж ойлгож байгаа. Гэтэл дэмжлэгийг нь бодолгүйгээр 11.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулснаар нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж байна. Мөн энэ үйлдвэр анх Монгол Улсад барилгын материалыг үйлдвэрлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж нь гаалийн татвараас чөлөөлөгдөх юм байна, нэмэгдсэн өртгийн албан татвар нь 0% юм байна гэх нэхэмжлэгчийн итгэл үнэмшил байсан учраас хөнгөлөлт эдэлнэ гэж үзсэн. Нэхэмжлэгч компанийн хувьд хууль ёсны итгэл нь бодитой болсон. Өөрөөр хэлбэл, өөрсдөө ийм хэмжээний хөрөнгө оруулбал, хөнгөлөлт эдлэх нь бодитой юм байна гэж хараад, татвараас чөлөөлөгдөнө гэж итгэж байсан.

Өнөөдөр энэ үйлдвэр баригдсанаар Монгол Улсад, Төв аймагт ажлын байр нэмэгдсэн. Өнөөдрийг хүртэл энэ үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсад жижиг дунд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрийг дэмжихтэй холбоотой нэлээд их хөрөнгө оруулалт орсон байдгийг мэдсэн. Мах, газар тариалан, цемент, газрын тосны үйлдвэр зэрэгтэй холбоотойгоор их үйл ажиллагаа явагдаж байна. Хариуцагч тал татвараас нэхэмжлэгч компанийг чөлөөлөхгүй гэж бас хэлдэггүй. Тухайн үед хүсэлтийг нь хүлээн авалгүйгээр шалгалт оруулсан. Өнөөдөр хүсэлт тавихаар Сангийн яамтай ярилцана, бид хариу өгнө гэсээр шийдвэр гараагүй л байна. Сүүлдээ тухайн үед биднийг гомдол гаргах байсан, 4 жил өнгөрсөн байна гэх мэтээр тайлбар хэлээд байна. Энэ асуудлыг гаалийн байгууллага заавал шийдвэрлэх ёстой гэж бид ойлгож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар заасан. 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан. Тухайн үед хүсэлт гаргасан, холбогдох хууль нь гарсан байхад татвар ногдуулахдаа хариуцагч нар “М” ХХК-д сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэж үзэж байна. Татвар ногдуулж байгааг мэдэгдэж нэхэмжлэгч компанийн санал, хүсэлтийг сонсох ёстой байсан атал үйлдвэрээ барьж дуусаад хүсэлтээ дахин гаргах талаар хариу өгөөд асуудлаас зугтсан байдаг.

Сонсох ажиллагаа хийгдэж байж нэхэмжлэгч компанийн гомдол гаргах эрх нь нээгдэх байсан. Сангийн яаманд дээрх байдлын талаар хүсэлтээ гаргасан. Гаалийн байгууллагатай зөвшилцөөд шийдвэр гаргаж өгөх талаар хандсан. Энэ асуудлыг улсын төсөв, хуулийн этгээдэд аль алинд нь хүндрэл учруулахгүйгээр хэлэлцээрийн замаар шийдэж өгөхийг хүссэн боловч ямар ч хариу ирээгүй болохоор шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Сонсох ажиллагаа, татвар ногдуулсан, татварын чөлөөлөлт зэргийг шийдвэрлэхгүй байгааг хууль бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Дээр дурдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татвар болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэгийг бид авах эрхтэй. Энэ эрх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаар хангагдах ёстой. Өөрөөр хэлбэл, Сангийн яам болон гааль, татварын байгууллагууд уг асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэх ёстой байсан. Манай тохиолдолд татварын байгууллагаас гомдол, хүсэлт гаргаснаас үл хамааран шийдвэрлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл ийм байдалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Хариуцагч Ө.З нэхэмжлэгчийн бууруулсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхдөө: “Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаартай 265 735 005 төгрөгийн төлбөрийн актыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0668 дугаартай шийдвэрийн дагуу 35 189 839 төгрөгөөр бууруулж, 230 545 166 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрч байна.

  2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч тал нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан бичгээр гаргасан тайлбартаа:

 “1. Төлбөр гаргуулах тухай” 2017.06, 30-ны өдрийн 5,412.094.828,25 төгрөгийн 44/17 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах,

2. Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцох.

Нэхэмжлэгчийн "Төлбөр гаргуулах тухай” 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5.412.094.828,25 төгрөгийн 44/17 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар өмнө хүргүүлсэн хариу тайлбар хэвээрээ байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэсэг болох “2.Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцох.” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, мөн Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа “...Хөрөнгө оруулалтын хуулийн заалтыг гаалийн байгууллага зөрчин тус компанийн цементийн үйлдвэрлэл барих зориулалтаар импортоор оруулж ирсэн тоног төхөөрөмжид 2013-2016 гаалийн татварт 3.813.106.977,35 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 7.644.489.408,39 төгрөг нийт 11.457.596.085,74 төгрөгийг төлүүлсэн...Энэ асуудлаар гаалийн байгууллагад хандаж байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэлгүй, тодорхой хариу өгөлгүй, шалгалт оруулан багагүй хугацаа өнгөрч өдийг хүрлээ” хэмээжээ.

М ххк Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортолсон бараанд 2013 онд 18 мэдүүлгээр, 2014 онд 81 гаалийн мэдүүлгээр, 2015 онд 106 гаалийн мэдүүлгээр, 2016 онд 27 гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийж, тухай бүртээ ногдуулсан болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно."  гэсэн заалтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг нь захиргааны актад хамаарах бөгөөд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч үүнийг нэхэмжлэлд хийсэн нэмэлт тайлбартаа дурдсан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн зүйлийн "14.1.1 дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” тухайн захиргааны шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байна.

Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2013-2016 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийхдээ импортолж буй бараанд гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, ногдуулсан татварыг төлүүлэх шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн баримт болох “Гаалийн мэдүүлэг”-ийг тухай бүрт нь нэхэмжлэгч тал болох “М” ХХК-нд гардуулан өгсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч тал гаалийн байгууллагын гаргасан шийдвэр болох 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгт гомдол гаргаагүй.

Гаалийн бүрдүүлэлтийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бүтэн 4 жил, 7 сарын хугацаа өнгөрсөн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасныг үндэслэл болговол “М” ХХК 2013-2016 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж, импортолсон бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар ногдуулсан тухай бүрт өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн бол гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.

Гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг түүний дээд шатны захиргааны байгууллага болох гаалийн бүрдүүлэлт хийсэн тухайн гаалийн байгууллагын удирдлагад, эсхүл Гаалийн Ерөнхий газрын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал эрхэлсэн чиг үүргийн нэгжид гомдол, хүсэлт гаргаж, хянан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ асуудлаар ямар ч хүсэлт, гомдол гаргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн “93.1.Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь заалтыг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн шаардлага болох “Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцох." шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргахыг хүсэж байна” гэжээ.

Хариуцагч Ө.З шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Би нэхэмжлэгч компанид 2017 онд шалгалт хийсэн. Шалгалтын удирдамжийн дагуу тухайн компанийн гадаад худалдаа, санхүү бүртгэлийн баримт бичгүүд болон нэмэлтээр бусад баримт бичгүүдийг гаргуулан шалгалтыг хийсэн. Гаалийн байгууллагаас Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад эрх зүйн актуудын хүрээнд уг шалгалтыг хийсэн. Манайх шалгалт хийж, нийт 3 акт тогтоосноос өнөөдрийн шүүх хуралдаан дээр 44/17 дугаар тоот акттай холбоотой маргаж байна. Уг акт нь дотроо цементийн клинкер, тоног төхөөрөмж гэх хоёр бараатай холбоотойгоор гарсан. Уг актуудыг гаргахдаа бид нотлох баримтад суурилсан. Нотлох баримт гэдэгт удирдамжийн дагуу цуглуулсан гадаад худалдааны гэрээ, санхүүгийн бүртгэл болон бусад баримт бичгүүд хамаарсан. Эхний хэсэг буюу тоног төхөөрөмжийн тухайд 1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр талд авагдсан баримтаас харж болно. 2014 онд нэхэмжлэгч компанийн “Ч” ХХК-тай байгуулсан тоног төхөөрөмжийн гэрээний дагуу бол 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх хуваарьтай барааны жагсаалт байгаа. Энэ нь 1 дүгээр нотлох баримт хавтасны 3-17 дугаар талд авагдсан. Уг гэрээнд барааны жагсаалт, бараа нийлүүлэх хуваарийг дурдсан. 2014 онд тус компани нь санхүү, бүртгэлээр “Ч” ХХК-д 53 тэрбум төгрөгийн юань шилжүүлсэн нь нотлогдсон.

2014 онд хийсэн гаалийн бүрдүүлэлтийг шалгаж үзэхэд, 43.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт хийсэн байдаг. Энэ нотлох баримттай тулгасан дүн. Санхүү, бүртгэлд тусгахдаа тоног төхөөрөмжийг 43 тэрбум төгрөгөөр хүлээж аван орлого тайлагнасан. Тоног төхөөрөмжийг цементийн үйлдвэр гээд бүртгэж авсан нь нотлох баримтаар тогтоогддог. 2015-2016 онд нэхэмжлэгч компанийн импортолсон тоног төхөөрөмж гэх зүйл нь гэрээнд заагдаагүй нэмэлт эд анги байдаг. 2015-2016 онуудын тоног төхөөрөмжтэй холбоотой ямар ч санхүүгийн бүртгэлд энэ компанид байхгүй. Мөнгө шилжүүлсэн баримт, хүлээж авсан бүртгэлийн аль нь ч байхгүй. Эсхүл импортолж оруулж ирээд зарсан эсэхийг нь ч бид мэдэхгүй. Ямар ч нотлох баримт байхгүй. 2014 онд импортолсон тоног төхөөрөмжийн үнэ, орлогын бүртгэл байгаа. Зөрүүгээрээ энэ нь тухайн жилийнхээ авлагын данс бүртгэлийг хаагаад, нотлох баримтаар  тогтоогдсон 11 тэрбум төгрөгийн илэрсэн зөрчил. Тоног төхөөрөмжийн тухайд гэрээтэй, нотлох баримттай шалгалт хийгдсэн.

Клинкерийн хувьд 2015 онд импортолсон ба нийт 23.1 тэрбум төгрөгийн юань өөр компанид шилжүүлсэн ба үүний дагуу барааг хүлээж авахдаа 5.9 тэрбум төгрөгийн бараа авсан гэж бүртгэгдсэн. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан байна. Гэхдээ гаалийн мэдүүлэг нь 6.9 тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, тооцооллын хэмжээ, барааны үнийг дарж санхүүгийн бүртгэлдээ бүртгэж авдаг нь нотлогдсон. Үүний зөрүү 16.2 тэрбум төгрөгийн бүртгэлийг хааш нь хийснийг тодруулахад, уг дансаа тэр чигт нь үйлдвэрт хуримтлуулж бүртгэсэн гэдэг. 16.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, авлагатай, мөнгөө шилжүүлсэн боловч бараагаа дутуу авсан гэх маягаар тайлагнасан бол түүнийг зөрчилд тооцохгүй. Гэтэл энэ дансыг хаагаад бид бараагаа хүлээж авсан гэх бүртгэлийн хаалтаа хийгээд, нотлох баримтаар хаалт хийсэн нь тогтоогдсон.

2018 онд хамгийн анхны шүүх хуралдаан болоход гэнэт нэг гэрээ гарч ирсэн. Уг гэрээ нь зөрүү 16.2 тэрбум төгрөгийг БНХАУ дахь толгой компани хоорондоо шилжүүлсэн гэж хэлдэг. Гэтэл гэрээн дээр энэ мөнгийг харилцах дансаар шилжүүлнэ гэж заасан буюу хаалт үйлдэж болохыг заасан байсан. Гэрээний ар талд хятад бэлэн мөнгөний баримтыг  хавсаргасан. Энэ бол гэрээ болон түүнд хавсаргасан нотлох баримт хоорондоо зөрж байгаа санхүү бүртгэлээр нотлогдоогүй, илэрсэн зөрчлийг ямар нэг байдлаар хаах арга байсан. Клинкерийн асуудал нь аль 2014 оны асуудал байсан. Гэтэл шүүх хуралдааны өмнө гялс тийм баримт гаргаж ирсэн нь итгэхэд бэрх. Анхан шатны баримт, кассын баримт бичгүүд болон бусад баримтуудыг шалгасан. Шалгалтын төгсгөлд тухайн үед нэхэмжлэгч компанид ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогчид танилцуулж, тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед татвараас зайлсхийсэн байх зөрүүтэй бүртгэл хийсэн зөрчил илэрснийг хэлэхэд ерөнхий нягтлан бодогч нь “...манай удирдлагууд хоёр зөрүүтэй тайлан гарга гэж хэлдэг байсан. Надад өгсөн баримт бичгийн хүрээнд л би тайлан гаргаж тушаасан” гэх тайлбарыг бичгээр гаргаж өгсөн ба хавтаст хэрэгт авагдсан. Уг баримт нотариатаар баталгаажсан.

Шалгалтыг бид нотлох баримтын хүрээнд, он сартайгаар хийж акт тавьсан. Үүнийг бид ерөнхийд нь ярих биш тодорхой нотлох баримтын хүрээнд хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Тэгж байж уг актын үндэслэл, ямар нотлох баримтад суурилж гарсан нь тодорхой болно. Нэхэмжлэгч компанид бид 2 удаагийн алдаа, дутагдалтай тайлангаа залруулах боломжийг олгосон. Манайд мөн 2 удаа хүсэлт өгсөн. Бид эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгч, Сангийн яаманд хандах талаар хэлж явуулсан. Гэвч тухайн үед хариуцаж байсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хүсэлтээ гаргасан боловч Татварын тайлан хүлээж авах журам, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн яамны тушаалаар нэхэмжлэгч компанийн 2013-2015 онуудын санхүүгийн тайланд өөрчлөлт орох боломжгүй гэдгийг албан тоотоор ирүүлсэн. Уг албан тоот ирсэн учраас нэхэмжлэгч компанийг алдаагаа засах боломжгүй болсон, хууль зөрчих боломжгүй учраас бид нотлох баримтын хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр акт тавьсан. Бид нотлох баримтын хүрээнд өөрсдийгөө нотлох боломжийг олгож, 3-4 сар сунгаж байсан. Аж ахуй нэгжүүдийг 2 долоо хоног шалгаад, хүсэлтийн дагуу 2 долоо хоногоор л сунгадаг. Гэтэл нэхэмжлэгчийг 3-4 сар сунгаж, сонсох ажиллагаануудыг хэрэгжүүлсэн” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “44/17 тоот акттай холбоотойгоор нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт гаргасан тайлбар болон санхүүгийн баримт бичгийн бүртгэл зэрэгтээ нийтлэг гаргаж байгаа нэг алдаа нь тооцооллын алдааг санаатай эсхүл санаандгүй байдлаар гаргаж байна. Тухайлбал, 2014-2016 онуудын хугацаанд “Ч*******” ХХК-иас 3 удаагийн импорт хийсэн. Үүнийгээ он тус бүрээр гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлдээ 63.3 тэрбум төгрөгийн бараа импортолсон гэж тайлбарлаад байдаг. Энэ тоо нь анх гаргасан нэхэмжлэл дээр ч байгаа, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээр ч байна. Гэтэл яг бодит байдал дээр энэ 3 тооны нийлбэр нь 62.511.002.690.00 байдаг. Энэ хоёр тооны зөрүү л гэхэд 859.384.529.00 төгрөг гарч ирнэ. Энэ бол маш их зөрүү юм.

Нэхэмжлэгч компани гаргасан нэхэмжлэл дээрээ ч хүртэл тооцооллын маш олон зөрүү дурдсан байгаа учраас тус компани нь санхүү болон нягтлан бодох бүртгэлийн маш том алдаа гаргадгийн нэг нотолгоо гэж харж байна. Гаалийн улсын байцаагч нар гаалийн мэдүүлэг, статистикийг бүрэн шалгаагүй, анхан шатны баримтыг шалгаагүй зөвхөн журналын мэдээллийг үндэслэж акт тавьсан гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа. Уг үйлдэл нь хуульд нийцэхгүй байна гэж маргадаг. Гаалийн тухай хуульд зааснаар бүрдүүлэлтийн дараа хийх шалгалтын зорилго нь өөрөө мэдүүлэгч улсын хилээр оруулж ирсэн бараагаа гаалийн байгууллагад мэдүүлж гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ хэр үнэн зөв мэдүүлснийг шалгах ёстой байдаг. Тухайн аж ахуй нэгжийн санхүүгийн баримт бичгийг гаалийн мэдүүлэгтэй нь тулган шалгах замаар үнэн зөв байсныг шалган тогтоодог. Манай улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн гаалийн баримт бичиг, материалыг бүрэн шалгасны үндсэн дээр шийдвэр гаргасан. Анхан шатны баримтыг үзээгүй гэж нэхэмжлэгч тал маргаад байгаа. Дансны зөрүүгээр буюу өглөг, авлага гэж байхгүй байна хэмээгээд акт тавьсан нь үндэслэлгүй байна гэж хэлж байгаа нь бас буруу. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалттай нэхэмжлэгч компанийн тайлбар огт нийцэхгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн аж ахуй нэгжийн мэдүүлэг нь үнэн, зөв, тасралтгүй, жинхэнэ хэрэгжилттэй байх ёстой гэдгийг хуульчилсан. Цаашлаад нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг тус хуулийн 14 дүгээр зүйлд ямар дараалалтай байх талаар заасан. Нэгдүгээрт, анхан шатны баримтаа бүрдүүлнэ, түүний дагуу журналд бичилт хийгдэнэ, хийгдсэн журналын бичилтийг үндэслэн дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтөлнө, түүний дараагаар ажил гүйлгээний мэдээ, тайлан гаргах зэргээр нягтлан бодох бүртгэлийн дарааллыг тодорхой заасан. Гаалийн улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн анхан шатны баримтад үндэслэн хөтөлсөн журналд нь шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны баримт болон журнал хоёуланг нь шалгасан. Журналд шалгалт хийсэн нь буруу байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Журналын бичилтээр бол орлогыг орсон үед нь, зарлагыг гарсан үед нь бүртгэл хөтлөх ёстой. Үүнийг мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан. Үүнийг нэхэмжлэгч компани хэрэгжүүлдэг. Тус компанийн санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт мөн тусгасан байсан. Үнэхээр 2013-2015 онуудад уг компани нь авлагатай байсан бол түүнийгээ тухай жил бүрд нь бүртгэх байсан. Өглөгтэй байсан бол түүнийгээ мөн бүртгээд, жилийн эцсийн санхүүгийн тайлан, бүртгэлдээ тайлагнах байсан.

Тус компани 2014 онд “Ч” ХХК-д урьдчилгаа шилжүүлсэн, зөрүүг нь 2015, 2016 онуудад хувааж авсан гэх тайлбарыг хэлдэг. 2015-2016 онд импортолж оруулж ирсэн барааг 2014 онд шилжүүлсэн мөнгөнд харьцуулж тооцоогүй хариуцагч нарын үйлдэл алдаатай байна гэж тайлбар хэлдэг. Нэхэмжлэгчийн энэ тайлбар үнэн байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлээд нягтлан бодох бүртгэлийн тайланд энэ бүх авлага тусгагдах байсан. Гэтэл тайландаа түүнийгээ огт тусгаагүй. Аудитын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу тус компани хараат бус аудитын компаниар жил бүрийн шалгалтаа хийлгэсэн байдаг. Уг тайлангаас харахад 2014-2016 онуудад аудит хийлгэж, дүгнэлт болон зөвлөмж гарсан байна. Тэрбум төгрөгийн авлагатай байсан бол тэр нь аудитын дүгнэлт, зөвлөмжид тусгагдаж гарч ирэх байсан.  “Д” ХХК хараат бус аудитын тайлан гаргадаг компани нь нэхэмжлэгчийг 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа нийт 10.721.617.00 төгрөгийн дансны авлагатай, 807.000.00 төгрөгийн дансны өглөгтэй байна гэж тусгасан. Энэхүү дансны өглөг, авлагын тухайн санхүүгийн тодруулга, тайланд дэлгэрэнгүй харуулсан байсан. Тэр задаргаанаас үзвэл, хувь хүн иргэн н.Батхуяг гэх хүнээс болон хэдэн компаниас авлагатай гэж тусгагдсан байсан. Түүнээс бол “Ч” ХХК-иас ямар нэгэн байдлаар авлагатай гэх тайлан гараагүй.

10.6 тэрбум төгрөгийн авлага бол маш их хэмжээний мөнгө. Ийм авлагыг ямар ч хүн мартахгүй. Үүнийг нягтлан бодох бүртгэлд тусгахгүйгээр тайлагнах нь хуулийг зөрчсөн үйл ажиллагаа болно. Цементийн клинкертэй холбоотой тайлбар хэлбэл, 83.978 тонн цементийг 6.9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хэрхэн тохирч байгаа болон гэрээгээ хэрхэн хийсэн нь тодорхойгүй. 1 тонн цементийг хэдэн төгрөгөөр тохирсон болоод гэрээнд заасантай тохирсон гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй. Өөрсдийнх нь хийсэн гэрээ нь бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй байна. “М” ХХК-ийн бүрдүүлэлтийн дараах шалгалтад хамруулан өгсөн баримт бичигт байгаа 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр бол нийт 200.000 тонн цементийн клинкер худалдаж авахаар заасан байсан. Уг гэрээн дээр цементийн клинкерийн 1 тонныг 225 юаниар, тээврийн зардалд 1 тонн тутамд нь 299 юань, нийт 524 юаниар худалдаж авахаар тохирсон. Энэхүү гэрээний урьдчилгаа гэж 23.1 тэрбум төгрөгийг 2015 онд шилжүүлсэн. Хэрвээ энэ гэрээний үнээр бодвол нийт 83.978 тонн цементийн клинкерийн үнийг гаалийн байгууллагад “М” ХХК 13.806.434.153.00 төгрөгөөр дутуу мэдүүлсэн. 83.978 тонн цементийн клинкерийн тээврийн зардлыг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гаалийн мэдүүлгүүдээс харах боломжтой.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлдээ гэрээний үнэ нь 67% нь 4.216.000.00 юань байхыг тайлбарласан байна. Гэтэл үүнээс урьдчилгаанд төлсөн 23.1 тэрбум төгрөгөөс татан авалт хийгдээгүй 115 тонн цемент клинкерийн төлбөр болох 34.017.955.00 юанийг толгой компанидаа буцаан төлөхөөр харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу 2018 оны 01 дүгээр сард төлбөрийг буцаан төлсөн гэж тайлбарладаг. Нэгдүгээрт, 67% нь 4.216.000.00 юань юм бол яаж 34.017.955.00 юанийг буцааж авах гээд байгаа нь тодорхойгүй. Татан авалт хийгдээгүй уг барааны үнийн дүнг буцаан авна гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн тайлбарууд хоорондоо авцалдахгүй байна. Хоёрдугаарт, татан авалт хийгдээгүй 115 тонн цемент клинкерийн төлбөр л дутуу байх шиг байна. Дээр дурдсан 200.000 тонноос хүлээн авсан хэсгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо.

34.017.955.00 юанийг 2018 оны 01 дүгээр сард буцаан төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл гаалийн улсын байцаагч нар актыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон. Уг өдөр цементийн төлбөрийг буцаан төлөхөөр тохиролцсон гэрээ гэх баримт байгаагүй. Тус компаниас уг баримтыг шүүх хуралдаан дээр ярилцсан тоо, баримтад тулгуурлан нөхөж хийсэн гэж үзэж байна. Цементийн клинкерийн тайланг “Д” ХХК-иар аудит хийлгэсэн. 16.2 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол тэр нь жилийн эцсийн тайлан дээр гарч ирэх ёстой байсан. “М” ХХК нь бараагаа тухайн хугацаандаа татаж авсан гэдгийг бид өөр нэг баримтаар нотолж үзсэн. “М” ХХК-ийн холбогдох хэд хэдэн компанитай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Клинкер тээвэрлэх гэрээ” байдаг. Уг гэрээгээр 200.000 тонн цементийн клинкерийг 1 тонн тутамд нь 299 юанийн зардалтайгаар “М” ХХК-ийн үйлдвэр хүртэл тээвэрлэхээр заасан байна. Уг гэрээний хүчинтэй хугацаа нь 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй. Уг хугацаанд татан авалт хийгдсэн гэдэг нь тээвэрлэлтийн гэрээгээр нотлогдсон.

83.978 тонн цементийн клинкерийн гаальд мэдүүлбэл зохих үнийн дүн нь 44 сая юань буюу 13.8 тэрбум төгрөг байх байсан. Тус компани үнийн дүнгээ ч дутуу мэдүүлсэн, тээврийн зардал, тоо хэмжээ бүгдийг дутуу мэдүүлсэн байна. Сонсох ажиллагаа хийгдээгүйгээс болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж нэхэмжлэгч хэлж байна. Аль захиргааны актад сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаад байгааг нь сайн ойлгохгүй байна. Гаалийн мэдүүлгийг гаалийн байгууллагаас гаргасан захиргааны акт гэж үзээд түүнд сонсох ажиллагаа хийгдээгүй байна гэж тайлбарлаад байх шиг байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг Гаалийн ерөнхий газраас хэзээд хүчингүй болгох боломжтой гэж хэлж байна. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь эрх зүйн тодорхой этгээдэд чиглэсэн, үүрэг бий болгосон эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгохоор хуульд заасан. Гаалийн мэдүүлгийг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж тайлбарлаж байгаа бол хуульд нийцэхгүй.

Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлт хийж байж нэвтрүүлдэг. Улсын хилээр нэвтрүүлж байгаа этгээд гаалийн байгууллагад өөрийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр мэдүүлдэг. Ийм учраас 2013-2016 онд хилээр нэвтрүүлсэн цементийн клинкерүүдээ “М” ХХК-иас өөрсдөө мэдүүлэг хийсэн. Мэдүүлэгч өөрөө бүрдүүлэлт хийх горимоо өөрөө сонгодог. “М” ХХК-ийн мэдүүлгүүд бүгд 400 буюу гаалийн нутаг дэвсгэрт бүр мөсөн оруулах мэдүүлгээр орж ирсэн. Энэ горимыг “М” ХХК өөрөө сонгосон ба тус горимын дагуу гаалийн байгууллагын бүрдүүлэлт хийсэн. Гаалийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Энэ хуулийн 78.1.1-д заасан горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан. Гаалийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно” гэж заасан байна. Энэ заалтын дагуу гаалийн байгууллагаас бүрдүүлэлт хийхдээ гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, хурааж авсан.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна” гэж заасан ба гаалийн байгууллага энэхүү хуульд заасан заалтыг хэрэгжүүлж, улсын хилээр орж ирж байгаа бараанд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа, гаалийн бүрдүүлэлт хийх бүрд сонсох ажиллагаа хийнэ гэх боломж бол байхгүй. Нөгөө талаар энэ бол мэдүүлэгчийн өөрийнх нь сонгосон горим, хүсэлтийнх нь дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч тал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-д заасантай холбоотойгоор гаалийн татвараас заавал чөлөөлөх ёстой байсан гэж тайлбарлаад байна. Бүрдүүлэлтийн дараа шалгалт хийгдэж байгаа үндэслэл нь гаалийн мэдүүлэг байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалт бол шууд эрх олгосон эсхүл үүрэгжүүлсэн заалт биш. Тухайн хуулийн 11.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан байдаг учраас “М” ХХК-ийн импортоор авч байгаа цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжид зориулагдсан барааг гаалийн татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0% хэмжээгээр ногдуулах талаар батлагдсан хууль өнөөдрийн хувьд байхгүй.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор бол гаалийн татвараас чөлөөлөх тухай харилцааг зөвхөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар зохицуулж байгаа ба тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна” гэж заасан. Уг хуулийн 38.1-д гаалийн татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг оруулсан ба уг жагсаалтад “М” ХХК-ийн импорттой холбоотой зохицуулалт огт байхгүй. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь заалтуудад нарийвчилсан зохицуулалт оруулсан. Уг заалт нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн хэрэгжилттэй холбогдоно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт хууль хэрэглэх зарчмыг зааж өгсөн. Энд зааснаар тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байгаа тохиолдолд уг хуулийг хэрэглэх тухай заасан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт холбогдох хамгийн сүүлийн зохицуулалт нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дээрх заалт болно. Уг заалт нэхэмжлэгч компанид хамааралгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласантай бид ч санал нэг байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар гадаад улсаас Монгол Улсад импортолж оруулж ирж байгаа бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10% байхыг тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан. Мөн Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар нь 0% байхыг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан. Үүнээс үзэхэд, “М” ХХК-ийн импортоор авч байгаа бараанд ногдуулах татварын хувь хэмжээ 0% байхаар заасан хуулийн зохицуулалт байхгүй байна. Иймд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд гаалийн байгууллага үйл ажиллагаагаа явуулсан тулд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь “Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн Цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник, тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдуулсан, шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцох” гэсэн нэмэгдүүлсэн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортлогдсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг О хүртэл хувь, хэмжээгээр ногдуулж болно”, 11.2.1-т “Барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж тус тус заасан энэ заалтуудыг зөрчин 2013-2016 онуудад гаалийн татварт 3813'106'977.35, Нэмэгдсэн өртгийн албан татварт 7'644'489'108.39 төгрөг, нийт 11'457'596'085.74 төгрөгийг төлүүлсэн. Энэ асуудлаар гаалийн байгууллагад хандаж байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэлгүй, тодорхой хариу өгөлгүй, шалгалт оруулан багагүй хугацаа өнгөрч өдийг хүрлээ” хэмээсэн байна.

 Энэхүү нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, мөн Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг зөрчсөн байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

“М” ХХК Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортолсон бараанд 2013 онд 18 мэдүүлгээр, 2014 онд 81 гаалийн мэдүүлгээр, 2015 онд 106 гаалийн мэдүүлгээр, 2016 онд 27 гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийж, тухай бүртээ ногдуулсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” Гэсэн заалтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг нь захиргааны актад хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч үүнийг нэхэмжлэлд хийсэн нэмэлт тайлбартаа дурдсан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн "14.1.1 дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” тухайн захиргааны шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байна.

Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2013-2016 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийхдээ импортолж буй бараанд гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, ногдуулсан татварыг төлүүлэх шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн баримт болох “Гаалийн мэдүүлэг”-ийг тухай бүрт нь нэхэмжлэгч тал болох “М” ХХК-д гардуулан өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч тал гаалийн байгууллагын гаргасан шийдвэр болох 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэгт гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл гаалийн бүрдүүлэлт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бүтэн 4 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.

Гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн гаргасан гаалийн шийдвэрийг түүний дээд шатны захиргааны байгууллага болох бүрдүүлэлт хийсэн тухайн гаалийн гаалийн байгууллагын удирдлагад, эсхүл Гаалийн ерөнхий газрын татварын хөнгөлөлт, чөлөөлтийн асуудал эрхэлсэн чиг үүргийн нэгжид гомдол, хүсэлт гаргаж, хянан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ асуудлаар ямар ч хүсэлт, гомдол гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн “93.1. “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий заалтыг зөрчиж, шууд шүүхэд захиргааны байгууллагад гаргана.” Гэсэн нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь заалтыг тус тус үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн шаардлага болох “Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник, тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдуулсан, шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцох” шаардлагыг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргая. Нэхэмжлэгч нь гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бус  болохыг тогтоолгох гэсэн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гээд, 11.2.1-д “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих” гэж заасныг тус тус зөрчиж, 2013-2016 онд гаалийн татварт 3.8 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 7.6 тэрбум төгрөг, нийт 11.4 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Энэ асуудлаар гаалийн байгууллагад хандаж байсан бөгөөд асуудлыг шийдвэрлэлгүйгээр, тодорхой хариу өгөлгүйгээр, шалгалт оруулж багагүй хугацаа өнгөрч өдийг хүрлээ” хэмээсэн байна.

Дээрх шаардлагад нийт 5 үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Нэгдүгээрт, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Нэхэмжлэгч компанийн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас импортолсон бараа нь 2016 оны нийт 232 гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж, тухай бүрд ногдуулсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөөр ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн заалтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг нь захиргааны актад хамаардаг. Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу 2013-2016 онуудын гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийхдээ импортолж буй бараанд гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, ногдуулсан татварыг төлүүлэх шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн баримт болох гаалийн мэдүүлгийг тухай бүрд нь нэхэмжлэгч тал болох “М” ХХК-д гардуулж өгч байсан. Гэтэл нэхэмжлэгч тал гаалийн байгууллагын гаргасан шийдвэр болох гаалийн бүрдүүлэлт хийсэн бүх мэдүүлэгт гомдол гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн гаалийн бүрдүүлэлт хийсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бүтэн 4 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг түүний дээд шатны захиргааны байгууллага болох тухайн гаалийн байгууллагын удирдлагууд эхлээд гаргах ёстой. Тухайн гаалийн байгууллагын удирдлага уг шийдвэрийг эс зөвшөөрвөл Гаалийн ерөнхий газрын Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал эрхэлсэн чиг үүргийн нэгжид гомдол гаргах ёстой. Энэ хүсэлтийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах ёстой байсан боловч уг дарааллыг огт хэрэгжүүлээгүй. Шууд шүүхэд хандсан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно” гэж заасан нь шууд эрх олгосон заалт биш. Эсхүл тухайн хэм хэмжээг шууд үүрэгжүүлсэн заалт биш. Хэрвээ биелүүлэх тохиолдолд 11 дүгээр зүйлийн 11.3-д “Хөрөнгө оруулагчид үзүүлэх энэ хуулийн 11.1, 11.2-т заасан дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасныг баримтлах байсан. Өөрөөр хэлбэл, барилгын материалын үйлдвэр барих зорилгоор импортлон оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэлх хувь хэмжээгээр ногдуулах татварын тухай хуул шинээр батлагдан гарч байж энэхүү дэмжлэг нь хэрэгжих боломжтой болно. Гэтэл нэхэмжлэгч компанийн хэлж буйгаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой гээд байдаг.

Цементийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж импортлон орж ирсэн хугацаанаас хойш өнөөг хүртэл тухайн барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай ямар ч хууль батлагдаагүй. Харин 2008 онд шинэчлэгдсэн батлагдаж байсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13-т “хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа” гэдэгт дурдсаны хууль гэдэгт татварын тусгайлсан хуулиуд багтдаг. Жишээлбэл, Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж ирж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй агаар халаагч төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд уг заалтад хамаарна. Хөрөнгө оруулалтын тухай хууль нь хөрөнгө оруулалттай холбоотой бүх харилцааг зохицуулдаг хууль болохоос биш татварын тухай хууль биш юм.

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулж ирсэн техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэлх хувь хэмжээгээр ногдуулах биш, харин 2 жилийн хугацаагаар татвар төлөхийг хойшлуулах эсхүл хэсэгчлэн төлүүлэх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд нь гаалийн албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болно. Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ хуулийн заалтыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлтээр оруулсан хоёрхон заалт байдаг. Нэг нь татваржуулах гэрчилгээтэй холбоотой заалт, нөгөө нь ногдуулсан албан татварыг 2 жилийн хугацаатайгаар хойшлуулах тухай.

Дөрөвдүгээрт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд гаалийн татвараас чөлөөлөгдөх барааг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 12 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварыг 0% хэрэглэх, 13 дугаар зүйлийн 13.1-д нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх барааг тодорхой зааж өгсөн. Эдгээр жагсаалтуудад нэхэмжлэгч компанийн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй холбоотой нэг ч заалт байхгүй. Цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тусгайлсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль байхгүй.

Тавдугаарт, “М” ХХК нь “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгатай яг ижил агуулгаар гаалийн байгууллагыг хариуцагчаар татсан хэрэг байдаг. Уг хэрэгт манайх хариуцагчаар оролцоод, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн шийдвэр нь хариуцагчийн талд шийдвэрлэгдсэн байдаг. Цементийн үйлдвэртэй холбоотой асуудлаар татварыг хойшлуулах асуудлаар нийт 3 компани Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу 2 жилийн хугацаатайгаар татвараа хойшлуулж байсан. “М” ХХК болон “Э” ХХК нар болно. Ховд аймгийн баруун бүс нутагт баригдаж байгаа цементийн үйлдвэр нь татвар нь хуваарийн дагуу төлөгдөөд явж байгаа. “Э” ХХК-ийн маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлээд, манай талд шийдвэрлэгдсэн гэх зэрэг практикууд байна. 11.2 тэрбум төгрөгийн татвар гэдэг бол ямар ч компанийн хувьд их хэмжээний татвар. Хуулийн хүчин төгөлдөр болоод Хөрөнгө оруулалтын тухай хуулиар энэ татвараас чөлөөлөгдөх байсан бол дээрх компаниуд ч бас чөлөөлөгдөх л байсан. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан 2 жилийн хугацаатайгаар татвар төлөлтийг хойшлуулсан л үйл баримтууд байгаа. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Г, С.З нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5,412,094,828,25 төгрөгийн төлбөр тогтоосон 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгох, мөн өдрийн 265,735,005,89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Ван Мао  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гаалийн байгууллагын болон улсын байцаагчийн Цементийн үйлдвэрийг барихад зориулагдсан техник, тоног төхөөрөмжийг гаалийн хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж шалгалт хийж нөхөн татвар, торгууль ногдуулсан ажиллагааг хууль бусад тооцуулж, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нийт 5,412,094,828,25 төгрөгийг төлүүлсэн 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж өөрчилж[1], 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц “Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан, татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах, гаалийн улсын байцаагчийн нөхөн татвар, торгуульд нийт 5,412,094,828,25 төгрөг ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 тоот актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох” гэж тодруулжээ.

          Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны асуулт хариултын шатанд 265,735,005,89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөгийг төлөхийг[2] хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд хариуцагч нараас ийнхүү бууруулсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийгээ баталгаажуулж шүүхэд бичгээр[3] гаргаж өгсөн байна.

          Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн талаар нэхэмжлэгч төлбөр тогтоосон актын дүнг 35 сая төгрөгөөр бууруулж үлдсэн 230 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийнхүү бууруулсан үнийн дүнтэй маргахгүй байх тул хариуцагчийн 265,735,005.89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байхаа илэрхийлсэн хэмжээгээр нэхэмжлэгч хэсэгчлэн татгалзсаныг баталж төлбөл зохих төлбөрийн хэмжээг 230,545,166 төгрөгөөр тогтоож, мөн тус актын үнийн дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулсныг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг, Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд Гааль  болон НӨАТ ногдуулсан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон, хэрэгт цугларсан болон нотлох баримтаар ирүүлсэн санхүүгийн баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн 5,412,094,828,25 төгрөгийн төлбөр тогтоосон 44/17 дугаар актыг эхний хэсэг буюу 10652448256 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн татвар, торгуулийг хүчингүй болгож, 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд ногдуулсан 3,265,626,504.66 төгрөгийн татвар торгуулийг хэвээр үлдээж 44/17 дугаар актын төлбөр тогтоосон төлбөрийн хэмжээг 3,265,626,504.66 төгрөг болгон бууруулж шийдвэрлэв.

          1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагын нэг болох 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актаар тогтоосон 265,735,005.89 төгрөгийн төлбөрийг 35,189,938 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаагаа нэхэмжлэгч компанийн зүгээс илэрхийлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч[4] маргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч 17/42 тоот актаар тогтоосон төлбөрийн дүнг 35 сая төгрөгөөр бууруулж үлдсэнийг төлөхийг зөвшөөрч, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгаагаа  илэрхийлсэн нь нэхэмжлэгч бууруулсан нэхэмжлэлийн үнийн дүнг хасаж үлдэх шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан гэж үзэхээр байх тул хуулийн 66.1-д зааснаар төлбөрийн хэмжээг 230,545,166 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр нэхэмжлэгчийн хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, холбогдох хэргийг, харин хариуцагч уг актын үнийн дүнг 35,189,938 төгрөгөөр бууруулсан хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Гаалийн байгууллагын цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд Гааль  болон НӨАТ ногдуулсан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан .

Харин шүүх нэхэмжлэгч компанийн нэмэгдүүлсэн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл нөхөн татвар, торгууль ногдуулсан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хариуцагчийн актыг хүчингүй болгуулах шаардлагаар тус шүүхэд захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас даруй 2 жилийн дараа уг захиргааны актыг гаргасан ажиллагааг хууль бусад тооцуулах үндэслэлээр маргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй,захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол...шийдвэрийг мэдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн;”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалттай нийцүүлж авч үзвэл маргаан бүхий захиргааны актыг гаргасан ажиллагааг хууль бусад тооцуулах нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага тухайн маргааны талаар шүүхэд хандсанаас тодорхой хугацааны дараа гаргаж байгаа нь түүнийг хүлээн авч дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.1-д заасан үндэслэлээр цементийн үйлдвэр барьж ашиглалтад оруулсан нь хуулийн энэхүү заалтын дагуу татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг авч, татвараас чөлөөлөгдөх боломжтой гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5,412,094,828,25 төгрөгийн төлбөр тогтоосон 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагын 10,652,448,256 төгрөгийн зөрчилд 2,146,468,323.58 төгрөгийн татвар, торгууль ногдуулсан тухайд;

Нэхэмжлэгч “М” ХХК 2014 онд Монгол улсад цементийн үйлдвэр барих зорилгоор БНХАУ-ын “Б” ХХК-тай “Тоног төхөөрөмж нийлүүлэлтийн гэрээ”[5] байгуулж, уг гэрээний дагуу урьдчилгаанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 53,935,894,669 төгрөгийг Ч Т ИХХК-д шилжүүлсэн нь тус компанийн 2014 оны Ерөнхий журналын бүртгэл, Ерөнхий журналын товчоо баримтуудаар[6] тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу 2014-2016 онуудад нийт 63,370,387,216 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлж оруулж ирсэн байхад гаалийн улсын байцаагчид 2015-2016 онуудын гаалийн бүрдүүлэлтийн мэдээтэй тулган шалгаагүй орхигдуулж 2.1 тэрбум төгрөгийн татвар торгууль ногдуулсан нь хууль бус гэж, хариуцагч 2014 онд тус компани Ч Т ИХХК-иас импортолсон 10,652,448,323.58 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж тус тус маргасан.

Тухайлбал “М” ХХК 2014 онд 43,283,446,413 төгрөг, 2015 онд 17,940,365,664 төгрөг, 2016 онд 1,287,190,613 төгрөг нийт 63,370,387,216 төгрөгийн тоног төхөөрөмжийг Ч Т ИХХК-иас импортолсон болох нь Гаалийн ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03-2/3293 дугаар албан бичгээр ирүүлсэн Гаалийн бүрдүүлэлтийн мэдээллээр[7] нотлогдсон байна.

Түүнчлэн хариуцагч нараас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хариу тайлбар ирүүлэхдээ Ч Т ИХХК-ийн нэр дээр 2015-2016 оны хооронд хийсэн гаалийн бүрдүүлэлтийн мэдээг[8] хавсарган нотлох баримтаар ирүүлсэн болно.

 Гэтэл хариуцагч улсын байцаагчид маргаан бүхий актын үндэслэлээ тус компани 2014-2015 онуудад БНХАУ-аас импортолсон барааны тоо, хэмжээ, нэр төрлийг худал, дутуу мэдүүлсэн гэж, харин тайлбарлахдаа 2014 оны санхүүгийн баримтад үндэслэн акт тогтоосон, 2015, 2016 оны импортын барааг хүлээн авсан санхүүгийн бүртгэл, анхан шатны баримт байхгүй гэсэн нь хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн энэ хэсгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үндэслэлийг харвал 2014-2015 онуудын санхүүгийн бүртгэлийн дагуу шалгаж акт тогтоосон гэж ойлгогдохоор байгаа атлаа 2015, 2016 онуудад импортын барааг хүлээн авч бүртгэсэн анхан шатны баримт байхгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Гэвч хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны болон гаалийн бүрдүүлэлтийн мэдээг үзэхэд 2015 онд 17,940,365,664 төгрөг, 2016 онд 1,287,190,613 төгрөг нийт 19,227,556,289 төгрөгийн тоног төхөөрөмжийг хил гаалиар оруулж мэдүүлсэн нь баримтаар тогтоогджээ.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн тухайд шалгалтад хамрагдсан хугацааны санхүүгийн анхан шатны баримт бүртгэл хангалтгүй хөтлөгдсөн, тайлан буруу гаргасан, тоног төхөөрөмжийг анхан шатны  баримтад дутуу авсан гэх мэт зөрчил байсан байж болох ч импортоор оруулж ирсэн барааны хувьд гаальд мэдүүлээгүй зөрчил байхгүй гэж үзэхээр байгаа нь дээр дурдсан зөрчилд холбогдуулан буруутгахад учир дутагдалтай гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл 2014 онд 10,652,448,256 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэж үзэж 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгууль ногдуулсан хариуцагч улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актын энэ хэсэг Гаалийн тухай хуулийн 2931 дүгээр зүйлийн (2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн нэмэлт өөрчлөлт)2931.2-т заасантай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч “М” ХХК 2014-2016 онуудад “Ч Т И” ХХК-иас импортолсон нийт 63,370,387,216.71 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалиар үнэн зөв мэдүүлж, татвараа төлсөн нь нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.Хариуцагчийн 44/17 дугаар актын 3,265,626,504 төгрөгийн татвар ногдуулсан шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч компани 2014 онд БНХАУ-ын “У” ХХК-тай 200000 тонн цементийн клинкер худалдан авах гэрээ[9] байгуулж, уг гэрээний дагуу 83978 тонн клинкерийг импортлон 6.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэнтэй талууд маргаагүй байна.

Харин цементийн түүхий эдийн татвар нэмэгдсэнтэй холбоотой үлдэх 115000 тонн клинкерийг авалгүйгээр урьдчилан шилжүүлсэн үнийн дүнгийн хэмжээгээр тус компанийн толгой компанид  буцаан төлөхөөр тохиролцсоны дагуу 2018 оны 01 дүгээр сард буцаан төлсөн гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна.

Үүнтэй холбогдуулан  2014 онд 23,137,776,080 төгрөгийн урьдчилсан төлбөр хийгдэж, 2015 онд 6,931,192,930 төгрөгийн худалдан авалт хийснээр үлдэгдэл 16,206,583,149 төгрөг 2015, 2016 оны санхүүгийн тайланд өглөг, авлагаар бүртгэгдээгүй байгаа нь санхүүгийн зөрчил гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан хугацаанд, эсхүл мөн хуулийн 41 дүгээр зүйлд заасан баталгааны дагуу гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хурах ажиллагааг Татварын ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлнэ.”, Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;”, Татварын ерөнхий хууль (2019 он)-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-д “татварын хяналт, шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах;”, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.1-д “Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, 2931.2-т “Энэ зүйлийн 2931.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75-д заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч компани 2014 онд байгуулсан гэрээний дагуу цементийн түүхий эд татан авах, түүнтэй холбоотой санхүүгийн анхан шатны бүртгэл тооцоог хууль журмын хүрээнд ойлгомжтой хөтөлж, эрх бүхий этгээдийн шаардсанаар холбогдох баримт бичгийг саадгүй гаргаж өгч шалгуулах, импортолсон бараанд гаалийн болон НӨАТ-ыг хуулийн хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч  цементийн түүхий эдийн гаалийн татвар 5%-20% болж нэмэгдсэн тул гэрээ цуцлагдаж үлдсэн төлбөр толгой компанид буцаагдсан шалтгаанаар хариуцагчийн төлбөр тогтоосон актыг хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл “ ” ХХК-д нэхэмжлэгч компанийн толгой компани болох “У” ХХК-ийн төлсөн 23,137,776,080 төгрөгөөс гаалиар орж мэдүүлсэн үнийн дүн болох 6,931,192,930 төгрөгийг хасаж  зөрүү бараа татан авалт хийгээгүй үнийн дүн болох 16,206,583,149.69 төгрөгийн зөрчилд албан татвар, торгууль алданги ногдуулсан хариуцагчийн шийдвэрийн энэ хэсэг хуульд нийцсэн гэж дүгнэв.

Мөн гаалийн улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн тухайн цаг хугацаанд цементийн клинкерийн урьдчилгаа 23 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр авсан эсэх, толгой компанидаа хэзээ хэрхэн шилжүүлж буцаалт хийсэн нь тодорхойгүй, анхан шатны санхүүгийн баримтаар нотлоогүй зэрэг зөрүүтэй тайлбарлаж байсан нөхцөл байдлыг дүгнэж хариуцлага ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн зүгээс шалгалтын явцад дээрх төлбөртэй холбоотой дансны хуулга, санхүүгийн бүртгэл, анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй, санхүүгийн баримтын дагуу шилжүүлсэн төлбөрийн дүнгээр барааг хүлээн аваагүй талаараа санхүүгийн баримтаар хангалттай нотлоогүй байхад хариуцагчийн 3,265,626,504 төгрөгийн татвар ногдуулсан шийдвэрийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13, 109.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “М” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.Г, С.Знарт холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөгийн төлбөр тогтоосон 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, төлбөрийн дүнг 230545166 төгрөгөөр тогтоож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч 17/42 дугаар актын дүнг 35189938 төгрөгөөр бууруулсныг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар Гаалийн байгууллагын Цементийн үйлдвэр барихад зориулагдсан тоног төхөөрөмжийг Монгол улсын хилээр оруулж ирэхэд Гааль  болон Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцуулах гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

          4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Татварын ерөнхий хууль(2008 он)-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13, Татварын ерөнхий хууль(2019 он)-ийн 41 дүгээр зүйлийн 41.12.3, Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2 /2017 оны/-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий 44/17 дугаар актын төлбөрийн хэмжээг багасгаж 10,652,448,256 төгрөгийн зөрчилд оногдуулсан 2,146,468,323.58 төгрөгийн нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгож, актын үлдэх хэсгийг хэвээр үлдээж, 44/17 дугаар актын төлбөрийн хэмжээг 3,265,626,504.66 төгрөгөөр тогтоосугай. 

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад давж заалдах гомдол гаргах эрхгүй.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.НАСАНДЭЛГЭР

                                  ШҮҮГЧ                         Ц.МӨНХЗУЛ

                                             ШҮҮГЧ                         Ц.ОДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас

[2] 3 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр хуудас

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[4] 4 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[5] Нотлох баримт 1 дүгээр хавтас 3-17 дугаар хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 195-211 дүгээр хуудас

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас

[9] Нотлох баримт хавтасны 89-91 дүгээр хуудас