Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/260

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000142 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2023 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “*****” гэх караокены гадна хохирогч ********тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “********н шээс гээд, ээж рүү залгаад бас хэл амаар доромжлоод байхаар нь би хохирогчийг баруун нүд рүү нь 1 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ахиж ийм хэрэгт холбогдохгүй” гэв.

Эрүүгийн 2308000000142 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********ийн: “2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “*******” караокед ажлын ***** нартай 1 шил 0,75 литрийн архи уугаад сууж байтал эсрэг талын ширээн дээр хуучин ажлын газрын хүний хүүхэд ********сууж байсан. Би агаарт гарах гээд караокены үүдэнд зогсож байтал ********гараад ирэхээр нь би “******** ахын хүүхэд мөн үү” гэж асуусан чинь “Чамд хамаагүй” гээд намайг хайсан хашаа налуулж баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Баруун нүд хөхөрч хавдсан. ******** араас гарч ирээд салгасан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.01.09-ний өдрийн 1132 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Гэрч М.********гийн: “2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр найзуудын хамт “********” караоке орж сууцгаасан. Караокены гадаа ******** танил дүү ********н хүүхэд нэрийг нь мэдэхгүй байна, гадаа юм яриад зогсож байтал ******** тухайн хүүхэдтэй маргалдаж байх шиг байхаар нь би тооцоо хийх гэж ороод гараад иртэл ********ийг ******** ахын хүүхэд зодож байсан. Доороо унагаачихсан, нүүрэн тус газар нь цохиж байсан. Би очиж арайхийж салгасан. ********ийн хамраас цус гоожсон, баруун нүдний ухархай хэсэгт хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “2023 оны 1 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад “********” караоке орж суусан. Гадаа тамхи татаад зогсож байхад аав ********н танил ******** караокеноос гарч ирээд мэндийн зөрүүгүй намайг “********н шээс, яасан том болсон юм” гэх мэтээр яриад байсан. Тэгэхээр нь би “Та яагаад байгаа юм, зүгээр байгаарай” гээд бага зэрэг хэрүүл маргаан болоод сүүлдээ муудалцаад би ******** ахыг дагуулаад цааш явж байхдаа нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дахь тал),

камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тус бичлэгийн 23 цаг 15 минут 51 секундэд “********” караокены гадаа хар өнгийн цамцтай, хар өнгийн куртиктай 2 залуу зогсож байгаа залуу байшингийн хажуу тал руу ороод буцаж гарч ирэхдээ хар өнгийн цамцтай залуу цохиж байгаа хэсгийг харуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-60-63),

хохирлын баримтууд (хх-68-73), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2023.01.24-ний өдрийн 04-01/129 дүгээр “********нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.12-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг бүрэн биелүүлсэн...” гэх албан бичиг (хх-99),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-25), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-46), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-26), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-27), жолоодох эрхийн лавлагаа (хх-28), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-29-31), дансны хуулга (хх-32-40) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2023 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “********” гэх караокены гадна хохирогч ********тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан муудалцаж нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогчийн зүй бус үйлдэл тогтоогдоогүй. Хохирлын 121,200, 140,000 төгрөгийн баримт давхардсан тул 2,400,583 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх гэж бодож байна. Шүүгдэгч хохирлын хувьд маргахгүй байгаа тул хэлэх зүйлгүй. Хурлын өмнө 1 сая төгрөг өгье гээд ярихад дансаа өгөхгүй байгаа...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********согтуурсан үедээ 2023 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “********” гэх караокены гадна хохирогч ********хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, хүзүүнд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********ийн “...********гараад ирэхээр нь би “******** ахын хүүхэд мөн үү” гэж асуусан чинь “Чамд хамаагүй” гээд намайг хайсан хашаа налуулж баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-7), шүүх эмнэлгийн 1132 дугаар “1.********ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алим, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-18-19), гэрч М.********гийн “...********ийг ******** ахын хүүхэд зодож байсан. Доороо унагаачихсан, нүүрэн тус газар нь цохиж байсан...” гэх мэдүүлэг (хх-15-16), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-60-63) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********согтуурсан үедээ, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч ********ийн нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 2,661,783 төгрөгийн баримт (хх-67-73) гаргаж өгснөөс “ДУБ” ХХК-ийн 140,000 төгрөг, “Ай Ти лаборатори”-ийн 121,200 төгрөгийн баримтууд (хх-70, 71, 72) давхацсан тул хохирлын үнийн дүнгээс хасаж, шүүгдэгч ****** 2,400,583 төгрөг гаргуулж, хохирогч ******** (*******)-д олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн эрхэлсэн ажил, орлого, хувийн байдал зэргийг харгалзсан болно” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бага насны 3 хүүхэдтэй, гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтуурсан үедээ, тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн нүүрэнд 1-2 удаагийн үйлдлээр цохиж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол баримтаар 2,400,583 төгрөг тогтоогдсон, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн “Гомдолтой байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, бага насны 3 хүүхэдтэй ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*****” ХХК-д ажилладаг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч ********800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хохирогчийн “...********гараад ирэхээр нь би “******** ахын хүүхэд мөн үү” гэж асуусан чинь “Чамд хамаагүй” гээд намайг хайсан хашаа налуулж баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)-ээр үгүйсгэгдэж байгаа болно. Түүнчлэн шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн “...******** караокеноос гарч ирээд мэндийн зөрүүгүй намайг “********н шээс, яасан том болсон юм” гэх мэтээр яриад байсан. Тэгэхээр нь би “Та яагаад байгаа юм, зүгээр байгаарай” гээд бага зэрэг хэрүүл маргаан болоод сүүлдээ муудалцаад би ******** ахыг дагуулаад цааш явж байхдаа нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон. Ээж рүү залгаад хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ********н **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********800,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******** 2,400,583 (Хоёр сая дөрвөн зуун мянга таван зуун наян гурав) төгрөг гаргуулж, хохирогч ******** (*********)-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР