| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2017/0003/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/2 |
| Огноо | 2017-01-09 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2017/ШЦТ/2
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 201621000190 дугаартай, 153/2017/0003/Э/ индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцааалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ийн ******* 1970 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 46 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, казак, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.*******ийн эзэмшлийн ******* ХОҮ улсын дугаартай Пажеро маркийн автомашины хойт талын салхины шилийг санаатайгаар хагалж гэмтээн 200000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гудамжинд шороо буулгуулаад тухайн газар дээр гэрчилгээ авсан байсан болохоор тухайн газрыг тэгшилж, янзалж байсан. Тэгтэл Г.******* машинтайгаа ирээд тухайн шорооноос тоосго ачаад манай эхнэртэй маргалдаад зууралдаад байсан. Тухайн үед би бухимдаад шороо авч шидсэнээс болоод машиных нь хойт талын салхины шил хагарсан. Хохирол 200000 төгрөгийг би 72 цагийн дотор төлж барагдуулсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Рашаант багийн нутаг дэвсгэрт уснаас урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын үлдэгдэл сул шороог асгасан байснаас би тоосгыг нь авч байтал Б.*******гийн эхнэр ирээд наад шороог чинь манайх 30000 төгрөгөөр буулгаж авсан гэсэн. Тэгэхээр нь би “ чи тэгвэл хашаандаа буулгахгүй яасан юм бэ? Би гудамжинд буулгасан шорооноос авч байна” гэсэн.Тэгтэл Б.*******гийн эхнэр машинд ачсан тоосгыг аваад шидээд байхаар нь “чи тэгвэл мөнгийг нь авал даа “ гэж хэлээд машиндаа орж хаалгаа хаасан.Б.*******гийн эхнэр машины хаалганаас зууралдаад байхаар нь би хүүхдээ “машинаа асаагаад явж бай, би энэ хүнтэй учраа олъё” гээд машинаас буусан. Миний машин Б.*******гийн дэлгүүр чиглээд явж байтал Б.******* дэлгүүрээсээ гарч ирээд 3,4 чулуу шидсэний нэг нь миний машины хойт талын шилийг хагалж гэмтээсэн. Б.******* хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-13-14-р хуудас/
Гэрч А.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед гэртээ байхад нэг эмэгтэй хүний дуу гарахаар нь гараад хартал манай хашааны үүдэн дээр Б.*******гийн эхнэр нэг эрэгтэй хүнтэй зууралдаад зогсож байсан. Намайг Б.*******г дууд гэхээр нь би дэлгүүр лүү нь орж дуудсан. Тэр машин Б.*******гийн хажуугаар өнгөрөөд явахад Б.******* араас нь чулуу шидсэн гэжээ. /хх -19-20-р хуудас/
Гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би аавтайгаа хамт ******* ХОҮ улсын дугаартай автомашинаар гудамжинд буулгасан шорооноос тоосго ялгаж ачиж байтал Б.*******гийн эхнэр ирээд наад шороог чинь манайх буулгасан гээд машинд ачсан тоосгоноос авч шидээд байсан. Тэгэхээр нь аав “тийм бол хашаандаа буулгахгүй яасан юм бэ, тэгвэл шорооныхоо мөнгийг ав” гэхэд тэр эмэгтэй машины хаалганаас зуураад байхаар аав намайг машинаа асаагаад явж бай гээд өөрөө машинаас буусан. Тэгээд би машинаа асаагаад явж байтал Б.******* дэлгүүрээсээ гарч ирээд намайг хажуугаар нь өнгөрөхөд араас чулуу шидээд машины хойт багажны шил хагалсан гэжээ. /хх- 21-22-р хуудас/
Гэрч Х.д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гудамжинд буулгасан барилгын шорооноос хүмүүс ачаад байхаар нь манай ээж тэр хүмүүстэй маргалдаад манай аав машиных нь араас чулуу шидээд арынх нь шилийг хагалсан гэсэн, нарийн асуудлыг би сайн мэдэхгүй гэжээ. / хх-36-р хуудас/
Гэрч Т. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай буулгасан тоосгоноос Пажеро маркийн машинтай 2 залуу ирчихсэн ачиж байсан. Наад тоосго чинь манай буулгасан тоосго, яагаад зөвшөөрөлгүй ачиж байгаа юм бэ гэхэд “чамд ямар хамаатай юм бэ,чи юугаа мэддэг юм, улсын мөнгөөр буулгасан тоосгоноос чинь авч байна” гэсэн. Тэгэхээр нь би машинаас нь 2 тоосго аваад газар буулгатал Г.******* гэх хүн намайг газар дарж унагаад хүүхдээ машинаа асаагаад яв гэсэн.Хүүхэд нь машинаа асаагаад явахад нь манай нөхөр дэлгүүрээс гарч ирээд машины араас нь чулуу шидээд цонхыг нь хагалсан.Г.******* бид хоёр сайн хараагүй, хол зогсож байсан. тэдний хажууд ирэхэд Г.*******ийн залуу машины шил хагалаад хаячихлаа гэхэд Б.******* би шороо самардсан чинь хагарчихсан байна гээд тэр хоёр маргаад зогсож байсан.Тухайн үед Г.******* намайг багалзуурдаад газарт унагасан.Миний хүзүү шалбарсан. Г.******* надаас уучлалт гуйж бид учраа олсон болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх-142-р хуудас/
Гэрч Б.Хусанбай, мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би хашаан дотроо амбаар барьж байхад гудамжинд хүмүүс хэрэлдээд байсан.Манай хашааны үүдэнд жийп машинтай залуутай Б.******* маргалдаж байсан.Тэр залуу Г.*******г миний машины шил хагалчихлаа гэхэд Б.******* “би чулуу шидээгүй, шороо самардаад шидсэн” гэж маргаж байсан гэжээ. /хх-143-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7-р хуудас/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9-р хуудас/
Үнэ тогтоолгох баримтанд: хөх саарал өнгийн Пажеро маркийн автомашины хойт багажны том шил 200000 төгрөг, Шинжээч Б.Нямчулуун гэжээ. / хх-25-р хуудас/
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-131-135-р хуудас/
Шүүгдэгч Б.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүртээ зогсож байтал манай доод талын хашааны эмэгтэй орж ирээд танай эхнэрийг чинь хүн зодож байна гэхээр дэлгүүрээс гараад очиход Г.******* манай эхнэрийг газарт унагаачихсан байсан. Тэгээд Г.*******ийн машин урдаас ирж байхаар нь зогсооч гэхэд зогсохгүй болохоор нь чулуу аваад шидэхэд машины хойт шилийг нь хагалсан... Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ./хх-29-30, 33-34-р хуудас/
Дээрхи баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн боловч шүүгдэгчийн хувьд өөрийнх нь хийсэн үйлдлээс хохирогчийн автомашины шил хагарах, машин гэмтэх зэрэг хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан ба хор уршгийг хүсээгүй боловч чулуу шидсэнээр автомашины арын салхины шилийг хагалж хор уршгийг зориуд хүргэж гэмтээсэн нь гэмт хэргийг шууд бус санаатайгаар үйлдсэн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.*******ийн мэдүүлэг, гэрч А.*******, Ц., Х.д, Т., Б.Хусанбай нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүний өмчлөлийн Ү 1617004416 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ******* тоотод байрлах авто дугуй засварын газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294- 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.******* нь нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Б.*******д хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн өмчлөлийн Ү 1617004416 улсын бүртгэлийн дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн ******* тоотод байрлах авто дугуй засварын газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч,хохирогч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС