Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

    2019       10            29                                             2019/ДШМ/1084

 

 

Н.Цд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.Ундармаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/1476 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Арвинбуудайгийн бичсэн эсэргүүцлээр Н.Цд холбогдох эрүүгийн 1903007400336 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, уулын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэж заасныг зөрчиж, согтуурсан үедээ “Тоуоtа Нarriег” маркийн 07-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас гүүрний бетон суурь мөргөж, зорчигч В.Сандагмоогийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ө.Түмэндэмбэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Н.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цагаан овогт Намсрайжавын Ц-г согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын биед хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Н.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Н.Цд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг нь тоолохоор тогтоож, Н.Цгийн 545785 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч В.Сандагмоо, Ө.Түмэндэмбэрэл нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Дээд шатны прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ... хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Цд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/1476 дугаартай шийтгэх тогтоолыг дээр дурдсан үндэслэлийн дагуу хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй гэж үзэж байна. Хохирогч нар хэдийгээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч эрүүл мэндийн хувьд эдгэрээгүй байгаа гэдгээ мэдүүлдэг. Монгол Улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нөхцөл байдал багасаагүй л байна. Гэтэл анхан шатны шүүхээс оногдуулж буй ихэнх ял шийтгэл нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байна. Эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирохгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт хохирлыг барагдуулаад явж байгаа. Машинаа цалингийн зээлээр авчихсан байгаа.  ...” гэв.

Шүүгдэгч Н.Цгийн өмгөөлөгч Ж.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан хэм хэмжээг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэглэсэн ба үүнтэй холбоотой нотлох баримтууд хавтас хэрэгт буйг үнэлсэн учраас хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх хэмээн гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийг хорих, баривчлахыг урьтал болгох нь хүний эрхийн үндсэн зарчимд нийцэхгүй буюу шүүхээс хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан ял оногдуулсан. Тиймээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, ял хөнгөдөөгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурорын эсэргүүцэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь заавал цээрлүүлж, хорихдоо гол нь биш тухайн хүнийг нийгэмшүүлэх, өөрт нь ухамсарлуулах зорилготой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч В.Сандагмоо давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н.Ц нь надад учруулсан хохирол эмчилгээний зардлыг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас миний зүгээс түүнд оногдуулсан ялд гомдолгүй байна. ...” гэжээ.

Хохирогч Ө.Түмэндэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н.Ц нь надад учруулсан хохирол эмчилгээний зардлыг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас миний зүгээс түүнд оногдуулсан ялд гомдолгүй байна. ...” гэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Н.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, уулын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэж заасныг зөрчиж, согтуурсан үедээ “Тоуоtа Нarriег” маркийн 07-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас гүүрний бетон суурь мөргөж, зорчигч В.Сандагмоогийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ө.Түмэндэмбэрэлийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч В.Сандагмоогийн “...Миний сууж явсан машин гэнэт чигээрээ яваад зам хааж тавьсан улаан түмбэ болон зам хаасан овоолсон шороог гэнэт дайраад нэг юм мөргөөд зогссон. Яг юу дайрч гараад байгааг анзаарч хараагүй. ... Зам дээр байгаа зүйл чөлөөтэй харагдаж байсан. Би жолоочийн зүүн хойд суудалд сууж явсан. ... Ц- шоун дээр ирэх үедээ согтуу байгаа бололтой харагдаж байсан. Шоун дээр лав 1 лааз 0.5 литрийн пиво уусан. Тэгээд шоу тараад бид хоёрыг гэрт хүргэж өгнө гээд явсан. Ц- шоунаас гараад нилээд хурдтай явсан. Барагцаагаар 100 орчим км/цагийн хурдтай явсан. ...” /хх 15-18/,

хохирогч Ө.Түмэндэмбэрэлийн “...гэнэт машин хүчтэй юм мөргөсөн, энэ үед би сэрээд хартал миний сууж явсан машин нэг юм руу үсрээд, урд талаараа гүүрний суурь шон мөргөж харагдсан. ... Автомашиныг Ц- жолоодож явсан. Ц- 2, 3 пиво л уусан байх, яг хэр согтуу байсан эсэхийг мэдэхгүй... Жолооч Ц- лав 100 км/ц хурдтай явсан. Их хурдтай давхиад явж байсан. ...” /хх 21-23/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 18252 дүгнэлтэд “...В.Сандагмоогийн биед умдаг яс, суудал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”/хх 29/,

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 18053 дүгнэлтэд “...1. Ө.Түмэндэмбэрэлийн биед баруун, зүүн уушигны няцрал, баруун талын 1, 2, зүүн талын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын 2 дугаар хавирганы хоёрлосон хугарал, баруун эгэмний далд зөрөөтэй хугарал, өвчүүний дунд хэсгийн хугарал, сээрний 11 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун мөр, цээж, хэвлий, баруун өвдөг, хоёр шилбэний цус хуралт, баруун эгэм, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. … гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх 26/ гэсэн дүгнэлтүүд,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-13 /,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.59 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох тэмдэглэл /хх 14/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл “Жолооч болсон огноо 2008/08/11, Үнэмлэх хүчинтэй огноо 2018/10/30 /хх 58/, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17 , 18 дугаар зүйлд “Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхний хугацаа 10 жил, ... жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно...” гэж хуульчилсан зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Цг согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын биед хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Цгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

Дээд шатны прокурорын “...согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Цд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэж байна...” гэсэн утга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд хохирогч М.Сандагмоо “...өмнө эмчилгээ хийлгэсэн 500,000 орчим төгрөг болсон, үүнийг жолооч Ц- бүрэн төлсөн. ...гомдол алга. ...М.Ц- цаашид гарах хохирлыг төлнө гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” /хх 18, 123/, Ө.Түмэндэмбэрэл “...1,500,000 төгрөгийн хохирол гарсан. Энэ хохирлыг жолооч Ц- бүрэн барагдуулсан. ...1.600.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй. ...оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...”/хх 23, 123, 125/, шүүгдэгч Н.Ц “...өөрийн бурууг ойлгож, маш их гэмшиж байна. ...эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж шийдэж өгнө. ...гэм буруугаа ухамсарлаж ойлгож байна...” /хх 52, 123/ гэсэн мэдүүлгүүдийг өгчээ.

Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч Н.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан зарим хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Шүүгдэгч Н.Цд холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Н.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч нарт учирсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчид гомдол, саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж тодруулан хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Цгийн үйлдлийг согтуурсан үедээ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан гэж гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Шүүгдэгч Н.Цг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тохироогүй, ял хөнгөдсөн хэмээн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Үүнээс гадна давж заалдах шатны шүүх Н.Цг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчим, 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчих юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх хорих ял оногдуулахаас илүүтэй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь тухайн хүний гэм бурууг өөрөөр нь ухамсарлуулах, хохирол нөхөн төлүүлэх зэргээс гадна тухайн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх ёстой байдаг.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/1476 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ