| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/00953/И |
| Дугаар | 183/ШШ2019/01198 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2019/01198
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2019/01198 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...хаягт оршин суух Тайж овогт З Б /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..., өөрийн байр З ОНӨААТҮГазарт холбогдох
Ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 2 сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар тус байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд томилогдож, 2015 оны 11 сард амаржиж, захирлын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар 2018 оны 11 сарын 5-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. 2018 оны 8 сарын 1-ний өдөр байгууллагын удирдлагад ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргаж, 2018 оны 11 сарын 5-ны өдөр болон 11 сарын 20-ны өдөр хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзахад Дарга зөвшөөрөхгүй байгаа, шийдвэр гараагүй байна, чамайг ажилд авахгүй, чаддаг юм бол чаддаг газраа яваарай гэж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Уг асуудлаар Хүний эрхийн комисст өргөдөл гарган шийдэрлүүлэхэд миний эрхийг зөрчсөн болохыг тогтоож, ажилд томилуулах тухай 2019 оны 2 сарын 21-ний өдрийн 02/08 дугаар шаардлагыг ажил олгогчид хүргүүлсний дараа 2019 оны 2 сарын 27-ны өдрийн Б/98 дугаар захирлын тушаалаар намайг Дотоод хяналт шалгалтын хэлтэст Хяналтын операторын ажилд томилсон. Миний урьд ажиллаж байсан хэвлэл мэдээллийн орон тоо хэвээр байгаа бөгөөд ямар нэг байдлаар ажлын байр хасагдсан, цомхотгосон зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэж заасны дагуу миний ажлын байр хэвээр хадгалагдаж байх ёстой бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй.. гэж заасны дагуу намайг хүсэлт гаргасан даруйд ажилд маань эгүүлэн томилох учиртай. Өөрөөр хэлбэл миний бие хүсэлт гаргасан 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс ажилдаа томилогдон ажиллах ёстой, цалин хөлсөө хэвийн аваад хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлээд явах ёстой байсан. Гэтэл миний урьд эрхэлж байсан ажлын байр хэвээр байхад миний мэргэжлээс шал өөр хяналтын операторын албан тушаалд буруу шилжүүлэн томилсон. Иймд З ОНӨААТҮГ-ын даргын 2019.2.27-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Цалинтай тэнцэх олговрыг ажилд орох хүсэлтээ өгсөн буюу 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцож, 2015 оны 6, 7, 8 саруудад авч байсан нийт цалин 1 951 728 төгрөгийг, ажилласан 36 хоногт хувааж, 1 өдрийн цалинг 54 214 төгрөгөөр тооцож, нийт ажилгүй байсан 201 хоногоор тооцож, нийт 10 897 147 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь манай байгууллагад 2013 оны 3 сарын 05-ны өдөр Б/99 тоот тушаалаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. 2016 оны 1 сарын 13-ны өдрийн Б/54 тоот тушаалаар 2018 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон. 2019 оны 2 сарын 27-ны өдрийн Б/98 тоот тушаалаар өөртэй нь харилцан тохиролцож дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон. Бид Б/98 тушаалын үндэслэлийг маргахгүй бөгөөд хууль зөрчсөн тушаал гэдгийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинг хуульд заасан журмын дагуу тооцож олгоход татгалзах зүйлгүй. Харин цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 11 сарын 5-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 3 854 906 төгрөг болж байна. Энэ хэмжээнд олгоход татгалзахгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч З ОНӨААТҮ Газарт холбогдуулан ажилд буруу шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтны албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Б нь З ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалын хавсралтаар хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдсон ба 2016 оны 1 сарын 13-ны өдрийн Б/54 тоот Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2016 оны 1 сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс нэхэмжлэгч З.Б 2018 оны 8 сарын 01, 2018 оны 11 сарын 19-ний өдрүүдэд З ОНӨААТҮГ-т урьд эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтээ гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь уг асуудлаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисст хандаж З ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт шаардлага хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.
Харин З ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 2 сарын 27-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар З.Б г тус нэгтгэлийн Дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон ба дээрх тушаалыг гардан авч 2019 оны 3 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагч тал тус байгууллагын захирлын 2019 оны 2 сарын 27-ны өдрийн Б/98 дугаар З.Б г тус нэгтгэлийн Дотоод хяналт шалгалтын хэлтэст хяналтын операторын ажилд томилсон тушаал нь хууль зөрчсөн тул маргахгүй гээд, уг ажилд нь эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан ба ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс тооцож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд, цалин хөлс тооцох журмын дагуу тооцоход 3 854 906 төгрөгийг олгоход татгалзахгүй гэснийг, нэхэмжлэгч тал цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 8 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, 2015 оны 6, 7, 8 саруудад авч байсан цалингийн нийлбэрийг тухайн 3 сард ажилласан 36 хоногт хувааж, ажилгүй байсан 201 хоногт тооцож, нийт 10 897 147 төгрөг гаргуулна гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн тайлбар дараах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч З.Б нь 2018 оны 8 сарын 01-ний өдөр байгууллагын удирдлагад ажилд орох хүсэлтээ бичгээр гаргасан гэх үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 1 сарын 13-ны өдрийн Б/54 тоот Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар З.Б д 2016 оны 1 сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөг олгож, уг тушаал хүчин төгөлдөр хэрэгжсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж зааснаар хариуцагч З ОНӨААТҮГ-т нэхэмжлэгч З.Б г 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс ажилд нь авч ажиллуулах үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч З.Б г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 11 сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 134 хоногийн олговорт 4 054 706 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З.Б гийн цалинг түүний нийгмийн даатгалын дэвтрээс /хх-ийн 12/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 650 576 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 134 хоногийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 4 054 706 төгрөгөөр /134х30 259/ тогтоож, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Харин нэхэмжлэгч нь 2015 оны 6 сард 4 хоног, 7 сард 16 хоног, 8 сард 16 хоног ажилласан бөгөөд энэ саруудын нийт цалин 1 951 728 төгрөгийг, ажилласан 36 хоногт хувааж, 1 өдрийн цалинг 54 214 төгрөгөөр тооцож, олгох ёстой гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх шаардлагын үндэслэлээ хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас 36 хоног ажилласан, энэ нь өвчтэй, чөлөөтэй ямар шалтгаантай байсан талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч З.Б г З ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 054 706 төгрөгийг хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаас 6 842 441 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.Б г З ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 054 706 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулан З.Б д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6 842 441 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан З.Б гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг З ОНӨААТҮГазарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч З ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 79 825 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ