| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/26 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/26
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: *********************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************овогтой *************** холбогдох эрүүгийн 2327000000022 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ЗСУ 23-04м навотчик операторчин /агаарын довтолгооны хамгаалагч/ ************* сумын ************************** ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ****************** аймгийн **********сумын *********дугаар баг ************ тоотод оршин суух Энхийн төлөө медаль, эх орны төлөө 1, 2, 3 медаль, Дайчин алдар 3 медаль, Африкт энхийн төлөө 1, 2 хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан урьд ял шийтгэлгүй, **************овогтой ************ /РД:*****************/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч * нь Өвөрха***************нгай аймгийн ******* сумын*********** дугаар багт байрлах **************хөгжлийн төвд байх ************ өрөөнд эд зүйл хулгайлах зорилгогүйгээр нэвтрэн орсоны дараа ноос сэмлэгч төхөөрөмжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч *********** 1 800 000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****************мэдүүлэхдээ:
Хохирогч ************бид 2 Хужирт суманд байрлах бизнес хөгжлийн төвийн зэргэлдээ өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Би амралтын өдрүүдээр гар урлал хийдэг. Тухайн өдөр би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд ************** өрөө нь онгорхой байхаар нь яагаад онгорхой байгаа юм бол гэж бодоод шагайсан чинь хүн байгаагүй. Тэгээд юм нь алга болчих байх гэж бодоод аваад ажил дээрээ ирээд машиндаа хийсэн. Тэгээд маргааш нь цагдаагийн тэнд ************** таараад юу хийж яваа юм гэсэн чинь найз нь харин ажлын багажаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ би чиний юмыг алга болчих байх гэж бодоод авчихсан байсан шүү дээ одоо өгөх гээд явж байна гэж хэлсэн. Гэтэл өө тийм үү би дуудлага өгчхөөд явж байна. Ямар баларсан юм бэ гэж байсан гэв.
Хохирогч ********************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ явахдаа ажлын өрөөгөө цоожлохоо мартаад явсан байсан. Тэгээд маргааш нь амралтын өдөр байсан учир ажил дээрээ очоогүй. Манай найз *********** очиж үзээд ноос самнагч том машн чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Бизнес хөгжлийн төв дотор ажлын өдрүүдэд ажлын цагаар Монгол шууданд ажилладаг, гутал урлал, телевизор засвар, үсчин, эсгийн урлал зэрэг хувиараа үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ажлаасаа хамаарч цагийн хувиаргүй үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 04 дүгээр сард Польш улсад үйлдвэрлэсэн Loete брэндийн ноос самнагч машинаа Улаанбаатар хотоос 2 800 000 төгрөгөөр худалдаэ авсан. Гомдолтой байна алдсан юм аа олж авмаар байна. Миний ажлын гол багаж, төхөөрөмж минь юм байхгүй бол би ноосоо зулж юм аа хийж чадахгүй учир гомдолтой ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 28 дугаар хуудас/,
Гэрч ****************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тус өдөр би өглөө 11 цагийн үед эмнэнэлэг орж ээждээ хоол цай өгчөөд гэртээ харьчихаад Бизнес хөгжлийн төв дээр ажил дээрээ очиход 12 цаг болж байсан. Намайг орход манай ажил дээр хүн байгаагүй гадаа цас орсон манай ажил руу ороод гарсан арзгар ултай гутлын мөр байсан. Өөр мөр байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч **************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би ажил дээрээ байсан чинь орой 19 цагийн үед манай ажлын гадаа ирээд намайг дуудсан. Би гараад очсон чинь машинтайгаа ирээд зогссон байсан. Би машинд нь ороод суусан чинь ганц нэг татах юм уу гээд тэгээд билд хоёр хойд сандал дээр нь байсан хагас шил архийг хувааж ууж байсан чинь хойд сандал дээр нь ноос самнагч машин байсан. Надад манай найзын өрөө онгорхой байхаар нь алдчих байх гээд машиндаа аваад хийчлээ маргааш хүргэж өгнө гэж ярьж байсан. Машин нь ажлын гадаа байсан өөрөө явган тэврээд аваад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Шүүгдэгч **************мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн:
“...Намайг шагнал авсан гээд хүмүүс тулгаж уугаад би тасарсан байсан, ажлаасаа хэзээ гарсанаа мэлэхгүй байна нэг мэдэхэд л ************ байж байсан. Тэндээсээ өглөө 07 цагийн үед гараад буцаад ажил дээрээ ирээд амрах өрөөндөө орж жоохон амарч байгаад өглөө 11 цагийн үед өөрийнхөө *************улсын дугаартай автомашинаа унаад *************хөгжлийн төв орсон санагдаж байна би архи их уусан согтуу байсан учир сайн санахгүй байгаа яах гэж авсан, хэзээ авсанаа мэдэхгүй байна орой нь 23 цагийн үед машины дугуй хагараад машиныхаа дугуйг солих гээд багаажаа ойнголгоод байж байсан. Тэгээд би *************ноосны машин байна яагаад би авчихваа маргааш л аваачиж өгөхөөс гэж бодоод явж байсан. Миний буруу би хүлээн зөвшөөрч байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм юм боллоо. Би уул нь ноосны машиныг нь буцааж өгөх санаатай явж байгаад сумын төвийн гүүрэн дээр цагдаатай таарч саатуулагдлаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч ************* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн:
“...Тухайн үед намайг ************* хөгжлийн төв дотор байрлах өөрийн ажлын бус цагаар гар урлал хийх өрөө рүүгээ очиход түлхүүр байгаагүй учир буцаад гарах гэтэл *********** өрөөний хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь очоод хартал эзэгүй байсан ба ноос самнагч машиныг нь алга болчих байх гэж бодоод л авчихсан юм. Тухайн үеүүдэд би шинэ жилийн баяр тэмдэглээд согтуурсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, ********* аймгийн ***********сумын ******** дугаар багийн засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар, залуучуудын холбооны шагналаар шагнуулсан алба хаагчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, авсан шагналуудын үнэмлэхийн зурагнууд, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 31, 63-78, 80, 92 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч **********нь 2022 оны 12 дугаар сарын 24-оос 25-нд шилжих шөнө **********аймгийн ******** сумын *******дугаар багт байрлах ************* байх ******** өрөөнд эд зүйл хулгайлах зорилгогүйгээр нэвтрэн орсоны дараа ноос сэмлэгч төхөөрөмжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч ************ 1 800 000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ************* үйлдсэн болох нь
хохирогч *********** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч *************** нарын мэдүүлэг /хх-ийн 16-18, 41-42 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүгдэгч ************ нь нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хохирогч *************өмчлөлийн ноос сэмлэгч төхөөрөмжийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч *************нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокуророос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ялын саналдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан ба эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх хуулийн зохицуулалт бөгөөд
Шүүх, шүүгдэгч ************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 09 /ес/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ************************тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ***************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлаж шийдвэрлэв.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ***********нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Прокуророос 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхой тусгаагүй боловч шүүх хуралдаанд үүнийгээ зөвтгөн дүгнэлт тайлбараа гаргасан, мөн 2023 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 09 дугаартай яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 09 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргасан.
Уг хэргийн тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамласан нь хууль зөрчсөн, түүнчлэн эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан тул эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж ял тохирч байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд илүү зохимжтой болохыг прокурор анхаарах нь зүйтэй. Дээрх алдаанууд нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа биш байх тул шүүхээс хэргийг зөвтгөж хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************овогтой **************хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 09 /ес/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар **********тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан *********** тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ***********нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА