Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01349

 

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01349

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: ... өөрийн байранд байрлах М ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... өөрийн байранд байрлах Н газарт холбогдох

 

Тоног төхөөрөмжийг үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөр, Л.Гантуяа, хариуцагчийн төлөөлөгч Э.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний 01401 дугаар шүүгчийн захирамжаар М  ХХК-аас 2 268 724 797 төгрөг гаргуулж, Б.О  олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Тус газрыг үнэлж, дуудлага худалдаанд оруулах зорилгоор шинжээч томилж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр М ХХК-ийн хийсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг авсан. Бидний зүгээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1-д заасны дагуу үнэлгээний зүйлийг өртгийн эсвэл жишиг үнийн буюу зах зээлийн эсвэл орлогын аргуулар үнэлэх боломжтой байсан боловч өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь хэт бага үнэлэгдсэн гэж үзэж байна. Мөн үнэлгээг хийхдээ адил, төстэй хөрөнгөтэй жишиж, харьцуулсан бодит үнийг тогтоож үнэлээгүй, онцлог талуудыг тусгаж үнэлээгүй байх тул №31 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н газрын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/01401 дүгээр захирамжаар М ХХК-иас 2 274 475 583 төгрөгийг гаргуулж Б.О  олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 ны 9 сарын 18-ны өдрийн 17290908 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж М ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 1 сарын 04-ний өдрийн тогтоолоор битүүмжилж, 2019 оны 2 сарын 12-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 17290908/03, 17290908/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177-р зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2019 оны 2 сарын 13, 19-ны өдрүүдэд албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 2 сарын 25-ны өдрийн 8-р тогтоолоор хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийг томилоход нэр бүхий 11 хөдлөх эд хөрөнгийг нийт 989 091 800 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 3 сарын 12-ны өдөр албан бичгээр талуудад мэдэгдэж, мэдэгдлийг 3 сарын 13-ны өдөр М ХХК-ийн үйлдвэр эрхэлсэн захирал О.Б  гардуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн эзэмшил, өмчлөлийн нэр бүхий 27 хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 сарын 15-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, хурааж талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2019 оны 3 сарын 15-ны өдрийн албан бичгээр, 3 сарын 20-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийг томилоход нийт 479 670 300 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 4 сарын 05-ны өдрийн 4/8311 дүгээр албан бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг О.Б  гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан тоног төхөөрөмжийг үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд уг хугацааг алдсан явдал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 1401 дугаар захирамжаар хариуцагч М ХХК-иас хохиролд 2 268 724 797 төгрөгийг 45 хоногийн дотор Б.О  төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагчийн хөрөнгөөс төлбөр гаргуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Төлбөр төлөгч М ХХК нь 2 268 724 797 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 8 сарын 04-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 9 сарын 18-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 17290908/02, 2019 оны 2 сарын 12-ны өдрийн 1729908/04 тогтоолуудаар М ХХК-ийн өмчлөлийн 11 төрлийн тоног төхөөрөмж /бүрдэл хэсгийн хамт/-ийг битүүмжилж, 2019 оны 02 сарын 12-ны өдрийн 17290908/03, 17290908/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар тус тус хурааж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тус компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал О.Б  хариуцуулан үлдээж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна. хх-ийн 79-83/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахаар төлбөр төлөгч М ХХК-д 2019.01.19-ний өдрийн 4/4359, 2019.02.13-ны өдрийн 4/3937 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн ч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2019 оны 02 сарын 25-ны өдөр ирүүлснээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 55.2.2-т зааснаар 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 8 дугаар тогтоолоор М ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 88-89/

 

М ХХК нь хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Олон улсын стандартыг баримтлан газар дээр нь очиж, хөрөнгийн талаар захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох баримт бичгүүд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг үндэслэн 2019 оны 3 сарын 11-ний өдрийн 31/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Нэг удаагийн тариурын үйлдэр-ийн зориулалттай 11 төрлийн тоног төхөөрөмжийн нийт үнийг 989 091 800 төгрөгөөр төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээний тайланг 2019.3.12-ны өдрийн 4/6625 дугаар мэдэгдлээр М ХХК-д хүргүүлж, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал /ҮЭЗ/ О.Байгалмаа 2019.03.12-ны өдөр танилцаж, гарын үсгээ зурсан байх ба дээрх үнэлгээний тайланг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 103-104/

Нэхэмжлэгч нь дээрх хөрөнгө үнэлсэн тайлангийн талаар ямар нэг гомдол хүсэлтийг гаргаж байгаагүй байна.

 

Үүний дараа буюу 2019 оны 3 сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх 17290908/06, 17290908/07 тоот тогтоолуудаар М ХХК-ийн өмчлөлийн 17 нэр төрлийн, 15 нэр төрлийн, нийт 32 нэр төрлийн тоног төхөөрөмж /бүрдэл хэсгийн хамт/-үүдийг битүүмжилж, 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 17290908/08, 17290908/09 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар хурааж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тус компанийн үйлдвэрлэл хариуцсан захирал О.Б  хариуцуулан үлдээж, дээрх эд хөрөнгүүдэд 2019.03.18-ны өдрийн дотор үнийн санал өгөхийг мэдэгдэж энэ талаар тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 105-110/

НШШГГазар 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоол гаргаж дээрх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор М ХХК-ийг шинжээчээр томилж, тус компани нь 2019 оны 3 сарын 28-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан №31-02/Ш гаргаж ирүүлсэн байх ба уг дүгнэлтээр Тариур үйлдвэр зориуулалттай 27 нэрийн 32 ширхэг /төрөл/ тоног төхөөрөмж, эд хөрөнгийг 479 670 300 төгрөгөөр үнэлж, 2019 оны 3 сарын 29-ний өдөр НШШГ Газарт ирүүлснийг төлбөр төлөгч М ХХК-д 2019.04.5-ны өдрийн 4/8311 тоот мэдэгдлээр мэдэгдснийг ҮЭЗ О.Байгалмаа хүлээн авч, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 126-127/

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон дээрх ажиллагаануудад нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ тогтоосон М ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ 3 төрлийн арга хэрэглэх байтал зөвхөн өртөгийн аргыг хэрэглэж, үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй, түүнчлэн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн үнэлгээний тайлангуудыг Монэнзем мед ХХК-д хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа хэдий ч энэ нь дараах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, төлбөр төлөгч М ХХК-ийг шийдвэр гүйцэтгэх дээрх ажиллагаанд оролцуулж байсан үйл баримт тогтоогдож байх ба төлбөр төлөгчийн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан байна.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлэх ажиллагаа нь явуулахдаа болон хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн НШШГГазраас төлбөр төлөгч М ХХК-д хүргүүлсэн 2019.03.12-ны өдрийн 4/6625 дугаар, 2019.04.5-ны өдрийн 4/8311 тоот мэдэгдэлүүдэд шинжээчээр Хөрөнгө эстимейт ХХК-ийг томилоход гэж алдаатай бичсэн байх ба үүнийг хариуцагч маргаагүй бөгөөд энэ шинжээчийн дүгнэлтийн хүчинтэй эсэхэд хамааралгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан тоног төхөөрөмжийг үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ