| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 171/2017/0022/э |
| Дугаар | 2017/ШЦТ/07 |
| Огноо | 2017-01-04 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2017/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0022/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Л.Э***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***, Д.Ц***,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э***,
Шүүгдэгч Ц.А***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А*** холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.А***, 1982 оны 5 дугаар сарын 03- ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хайрхан групп ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Хурд хорооллын ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.
Шүүгдэгч Ц.А***нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Ц.А***нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хороолол, Дархан зочид буудлын ард байрлах 1 га газрыг зарна гэж иргэн Э.Э***гээс 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газар шилжүүлэх гэрээ хийж бэлнээр 50 000 000 төгрөг авсан боловч тухайн газрын татварыг төлж, хугацааг нь сунгуулна гэж хэлэн газрын гэрчилгээ, засаг даргын захирамжийг 2013 онд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*** авч уг газрыг өөр хүмүүст худалдсан болох нь
Шүүгдэгч Ц.А***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2011 оны 9 дүгээр сард М*** над дээр ирээд манай дүү Герман улсад ажиллаж амьдардаг. Тэр дүү маань газар сонирхож байгаа. Чи газраа үзүүлэх үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Дархан зочид буудлын арын 2 га газраа үзүүлэхэд 1 га газрыг нь 50 000 000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Ингээд 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Э*** рүү газар шилжүүлэх гэрээ хийгээд 1 га газрыг нь Э***д шилжүүлээд би Э***гээс 50 000 000 төгрөг бэлнээр авсан. Ингээд газрыг шилжүүлэх гэсэн чинь газрыг хэсэгчилж шилжүүлэхгүй гэсэн хариу өгч байсан. Ингээд 2012 онд билүү 2013 онд М***, Б*** гэж хоёр хүн надтай холбогдоод таны Дархан зочид буудлын арын газар дээр чинь хаус барья гэсэн. Тэгэхээр нь би газраа шилжихгүй байгаа, талыг нь бусдад зарсан гэж хэлсэн чинь М***, Б*** хоёр бид хоёр бүтнээр нь худалдаж авъя гэсэн. Тэгэхээр нь би М***тай холбогдоод Э*** энэ газрыг бүтнээр нь авч чадах уу гэж асуухад мөнгөний боломжгүй байгаа гэж М*** надад хэлсэн. Тэгэхээр нь би М***, Б*** хоёр бүтнээр нь авъя Э***д мөнгийг нь буцааж өгье гэж байна гэж хэлэхэд 14 хоногийн дотор мөнгийг нь гаргаад өгөх юм бол болж байна гэж М*** надад хэлсэн. Ингээд М***, Б*** хоёрт газраа 115 000 000 төгрөгөөр зарсан боловч мөнгийг нь хугацаандаа гаргаж өгөөгүй бага багаар цувуулж өгсөн учир Э***гийн мөнгийг өгч чадаагүй. Тэгээд ч Э*** газар авна гэснээс мөнгө авна гээгүй. Би улсаас 0.5 га газар гаргуулж авах ёстой бөгөөд түүнийгээ Э***д үзүүлж таалагдах юм бол авна, таалагдахгүй бол 50 000 000 төгрөгөө 65 000 000 төгрөг болгож авна гэсэн гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э***ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Миний хүү Э.Э*** Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдардаг. Миний хүү Э.Э*** 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Монголд ирээд Дарханд ирсэн. Дархан-Уул аймагт ирээд газар авч БНГУлсаас хөрөнгө оруулагч олж үйл ажиллагаа явуулна гэж байсан. Ингээд миний хүү Э.Э*** Дархан-Уул аймагт ирээд өөрийн хамаатны залуу болох М***тай хамт явж байгаад Ц.А***гэж хүнээс Дархан зочид буудлын ард 1 га газар 50 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болоод газар шилжүүлэх гэрээ хийгээд Ц.А***гэж залууд 50 000 000 төгрөг өгсөн. Мөнгө өгч авахад М*** хамт явж байсан. Ингээд миний хүү Э.Э*** буцаад БНГУлс руу явах болоод тухайн газрыг М***д итгэмжлэх хийлгэж үлдээгээд явсан. Одоо миний хүү Э.Э*** газар ч үгүй, мөнгө ч үгүй болоод байна.
Өнөөдрийн байдлаар Ц.А***той тохирсон зүйл байхгүй 50 000 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,
Гэрч Б.М***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай үеэл дүү Э.Э*** БНГУлсаас Монголд ирсэн бөгөөд Дархан-Уул аймагт ирээд Э.Э*** надтай уулзаад –газар авмаар байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн танил Ц.А***той санамсаргүй ярьж байгаад газар хайж байгаагаа хэлэхэд Ц.А***Дархан зочид буудлын ард надад 2 га газар байгаа би тэр газраа 100 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц.А***ыг Э.Э***тэй уулзуулаад Ц.А***, Э.Э*** бид гурав Дархан зочид буудлын арын газрыг очиж үзээд Ц.А***оос нэг га газрыг нь 50 000 000 төгрөгөөр авахаар болоод 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нотариатаар ороод Ц.А***Э.Э*** рүү газар шилжүүлэх гэрээ хийгээд, Э.Э*** газраа надад итгэмжлэл хийж өгөөд нотариатаас гараад миний машинд сууж байгаад миний хажууд 50 000 000 төгрөг Э.Э*** Ц.А***од бэлнээр өгсөн.
...2013 онд байхаа /би он сарыг сайн санахгүй байна/ Ц.А***манай гэрт ирээд газрын татвар төлж сунгалт хийхгүй бол газар хураагдах гээд байна, газрын гэрчилгээ болон засаг даргын захирамж хоёр хэрэгтэй байна татварыг нь төлж сунгалт хийлгээд буцаагаад аваад ирье гэж хэлээд аваад явсан. Тэгээд алга болсон. Тэгээд Э.Э*** дараа нь Монголд ирээд уулзахад Ц.А***би архины үйлдвэрээ зарж байгаа, мөнгө нь ороод ирэхээр би чамд өөр газар авч өгье гэж хэлээд Э.Э***г дагуулаад газар үзүүлээд яваад байсан. Ц.А*** надад өөр хүмүүс газар авах гэж байгаа талаар хэлээгүй худлаа ярьж байна.
...Би 2014 оны 5 дугаар сард Герман явсан. Герман явахаас 14 хоногийн өмнө Ц.А***той уулзаад Би Герман явах гэж байна чи надад мөнгийг нь гаргаж өг, эсвэл өгөх гээд байгаа газрынхаа гэрчилгээг надад өг би Э***д энэ хоёрын аль нэгийг аваачиж өгөөд асуудлаа дуусгая гэж би хэлсэн. Энэ үед Э***д зарсан газраа өөр хүнд зарсан байсныг би мэдэж байсан. Ц.А***той уулзахаар М*** надад мөнгө өгөхгүй байна гэдэг байсан. М***тай уулзахаар би чамтай наймаа хийгээгүй, би Ц.А***той наймаа хийсэн чамтай ярих зүйл байхгүй гэж надад хэлсэн. Ц.А*** худал мэдүүлэг өгсөн байна. Би мөнгө авахгүй газар авна гэж огт хэлээгүй.
2014 онд Э***г Монголд ирэхэд Ц.А***, Э*** бид хоёрыг машиндаа суулгаж авч яваад, одоо Дархан буудлын арын газрыг авахаасаа өнгөрсөн өөр газар авч өгье гээд газар үзүүлээд яваад байсан тэр газар нь өөрийнх нь ч газар биш юм билээ гэх мэдүүлэг,
Гэрч Д.М***ын мөрдөн байцаалтад өгсөн:
2013 онд би сар өдрийг нь санахгүй байна. Ц.А***гэж миний хуурай дүү надтай өөрөө ирж уулзаад М*** ахаа би Дархан зочид буудлын арын 2 га газраа хугацаа дуусаад алдах гээд байна. Уг нь М*** /М***/ гэж хүнд талыг нь 50 000 000 төгрөгөөр зарсан чинь тэр хүн маань газар дээр үйл ажиллагаа явуулж чадахгүй болоод мөнгөө буцааж авъя гээд байна яах уу 115 000 000 төгрөгөөр зармаар байна гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тухайн үед аймгийн татварын хэлтэст хамт ажиллаж байсан Б***, Б***, О***, У*** нарт энэ талаар хэлээд Ц.А***оос уг газрыг нь 115 000 000 төгрөгөөр худалдаж аваад, Ц.А***хүн нэг бүр дээр нь газар шилжүүлэх гэрээ хийж шилжүүлж өгсөн. Тухайн үед Ц.А***-би М*** /М***/-д 50 000 000 төгрөгийг нь өгөх хэрэгтэй байна гэж хэлж байсан болохоор Б***, Б***, О***, У*** бид тав хүнээс мөнгө зээлэх нь зээлээд, байр орон сууцаа барьцаалах нь барьцаалаад эхний ээлжинд 50 000 000 төгрөгийг нь бэлнээр өгсөн.
Би Ц.А***оос тухайн газрыг нийт 115 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би эхний ээлжинд Ц.А***од 80 000 000 төгрөгийг өгөөд дараа үлдэгдэл мөнгө болох 35 000 000 төгрөгийг өгөөд дуусгасан. Одоо миний хувьд Ц.А***той газартай холбоотой ямар нэгэн мөнгө төгрөгний тооцоо байхгүй. Би Ц.А***од мөнгө өгч байсан ямар нэгэн баримт надад байхгүй би дээрхи мөнгийг бүгдийг нь бэлнээр өгч байсан. Намайг Ц.А***од мөнгө өгөх үед миний хажууд Б*** хамт байдаг байсан тэр талаар Б*** мэдэж байгаа гэх мэдүүлэг/ хх-ийн 19-20, 102-р хуудас/,
Гэрч Х.Б***ын мөрдөн байцаалтад өгсөн:
2011 онд байсан санагдаж байна Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст ажиллаж байсан М*** гээд залуу Б***, У***, О*** бид хэдтэй уулзаад Дархан зочид буудлын ар талд манай хуурай дүү Ц.А***ын 1,5 га газрын хугацаа нь дууссан гэж байна тэгээд газраа зарна гэнэ бүгдээрээ мөнгөө нийлүүлж байгаад худалдаад авъя гэхээр нь бид зөвшөөрсөн. М*** дүүгээсээ газар авахаар боллоо гэхэд нь бид банкинд зээл тавиад, өөрийн мал хуйгаа зараад М***д 11 000 000 төгрөгийг өгч байсан бөгөөд би Ц.А***той 1200 м2 газар шилжүүлэх гэрээ хийж байсан. Би тухайн газар дээр өөрийн найз Дархан хариг ХХК-ний захирал Төмөр гэх залуутай хамтарч 6 айлын орон сууц бариад, айл тус бүрд нь газрын эрхийг шилжүүлж өгсөн байгаа.
Би тухайн үед М*** өөрийнхөө машин дотор Ц.А***од мөнгө өгч байхыг харсан гэхдээ би нийт хэдэн төгрөг Ц.А***од өгсөн талаар нь мэдэхгүй гэх мэдүүлэг/ хх-ийн 16, 103-р хуудас/,
Гэрч Н.******* мөрдөн байцаалтад өгсөн:
2012 оны 6 дугаар сард санагдаж байна. Тухайн газар манай найз Б***ын нэр дээр байсан. Тэгэхээр нь би Б***той ярилцаж байгаад хамт хаус барья гэж тохироод тухайн газарт 6 ширхэг Таун хаус барихаар болоод би өөрөө гардаж хаусны зураг төсөл, шугам, сүлжээ, техникийн нөхцөлийг хийсэн.
Тэгээд тухайн газарт баригдсан 6 ширхэг Таун хаус бариад 4-ийг нь гадны улсуудад зараад хоёрт нь Б*** бид хоёр нэг нэгээрээ орсон. Тухайн газарт баригдсан 6 ширхэг хаусны гэрчилгээг худалдаж авсан иргэдэд гаргаж өгөхийн тулд тухайн газрыг заавал хүн тус бүрээр хуваах шаардлагатай болсон. Надад 347/0,0375 м2 га газар үлдсэн. Тухайн газрыг би өөрийнхөө нэр дээр 2014 онд шилжүүлж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/,
Гэрч Х.О***ийн мөрдөн байцаалтад өгсөн:
2012 он билүү 2013 онд байсан санагдаж байна өмнө нь надтай хамт Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст ажиллаж байсан М*** гэж хүн уулзаад –Дархан зочид буудлын ар талд газар байна, тус газрын зориулалт нь амины орон сууцны зориулалттай Ц.А***ын эзэмшлийн газар юм байна. Б***, Б***, У*** бүгдээрээ нийлж тухайн газрыг шилжүүлж хувааж авъя гэсэн. Тэгэхээр нь би М***д зөвшөөрч хэсэг хугацааны дараа М***д 1 билүү 2 сая төгрөг цувуулж өгсөн. Нийт хэдэн төгрөг М***д өгсөн талаараа сайн санахгүй байна. Миний хувьд Ц.А*** гэж хүнд ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй харин миний өгсөн мөнгийг М*** цааш нь Ц.А***од өгсөн гэх мэдүүлэг/ хх-ийн 100-р хуудас/,
Гэрч Х.Б***гийн мөрдөн байцаалтад өгсөн:
Яг хэдэн оны хэдэн сарыг нь сайн санахгүй байна өмнө нь надтай хамт Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст ажиллаж байсан М*** гэх залуу Б***, У*** бид нартай уулзаад Дархан зочид буудлын ар талд 1.5 га газар манай хуурай дүү Ц.А*** гэх залууд байдаг юм байна. Ц.А*** газраа зарна гэж байна бүгдээрээ мөнгө нийлүүлж байгаад хуваагаад авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Хэсэг хугацааны дараа М*** газраа авахаар боллоо гэхээр нь би банкнаас зээл аваад эхний ээлжинд М***д 10 000 000 төгрөг өгөөд дараа нь 2 000 000 төгрөгний цалингийн зээл аваад М***д нийт 12 000 000 төгрөг өгч байсан. Тэгээд М*** миний өгсөн мөнгийг Ц.А***од өгсөн, миний хувьд Ц.А***од ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд би газар шилжүүлэх гэрээ Ц.А***той хийж тухайн газраас 2385 м2-ыг өөрийн төрсөн Ц.Б*** гэж хүний нэр дээр шилжүүлж өгсөн юм гэх мэдүүлэг/ хх-ийн 101-р хуудас/,
хохирогч Э.Э***гийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, тайлбар /хх-ийн 4-5-р хуудас/, Э.Э***г хохирогчоор тогтоож, эрх үүрэг тайлбарласан мөрдөн байцаагчийн 2016.5.24-ний өдрийн тогтоол /хх-ийн 8-р хуудас/, хохирогч Э.Э***гийн өөрийн эцэг Д.Э***г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах тухай итгэмжлэл /хх-ийн 9-р хуудас/, газрын эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 35-р хуудас/, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010.3.15-ны 99 тоот захирамж, захирамжийн хавсралт /хх-ийн 36-37-р хуудас/, хохирогч Э.Э***гийн гэрч Б.М***д газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг газрын албанд өгөх тэдгээртэй холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах газар эзэмших гэрээ, газрын гэрчилгээг хүлээн авах эрх олгосон итгэмжлэлийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийг гэмт хэргийн субьектив тал буюу санаа, сэдэлт, зорилго анхнаасаа байгаагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох, мөн хохирогчийг биечлэн байцаагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаах санал гаргасныг аль алиныг нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А***нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** дугаар хороолол, Дархан зочид буудлын ард байрлах 20310м2 газрыг иргэн С.А***, Ш.Х***нараас 2010 оны 3-р сарын 15-ны өдөр шилжүүлэн авч улмаар уг газраас 1 га газрыг 2011 оны 9-р сарын 30-ны өдөр Э.Э***д 50 000 000 төгрөгөөр худалдаж Э.Э***д газар шилжүүлэх гэрээ болон засаг даргын захирамжийг хавсралтын хамт өгч улмаар сонгуулийн жилтэй холбогдуулан газар шилжүүлэх боломжгүй болсон нэрийдлээр өөрөөр хэлбэл газрын эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан Э.Э***д шилжүүлэх ёстой байсан газрыг шилжүүлэлгүй Э.Э***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***аас газрын гэрчилгээ болон Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг хавсралтын хамт газрын татвар төлж сунгалт хийхгүй бол газар хураагдах гээд байна гэж авч итгэл эвдэн улмаар иргэн Д.М***д 115 сая төгрөгөөр худалдсан болох нь гэрч Д.М*** /хх-ийн 1-20-р хуудас/, Б.М*** /хх-ийн 12-13, 127-р хуудас/, Х.Б*** /хх-ийн 16, 103-р хуудас/, Н.Төмөр /хх-ийн 96-р хуудас/ нарын мэдүүлэг, газрын эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 35-р хуудас/, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010.3.15-ны 99 тоот захирамж, захирамжийн хавсралт /хх-ийн 36-37-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, дээрхээс шүүгдэгч Ц.А***ыг гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилго агуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Хохирогч Э.Э*** нь ХБНГУлсад ажиллаж амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан тайлбар, өөрийн эцэг Д.Э***ыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай итгэмжлэл, Д.Э***ы мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд Цагдаагийн байгууллага Э.Э***г хохирогчоор тогтоож, эрх, үүрэг тайлбарлан түүний эцэг Д.Э***г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүйгээс гадна хохирогчийг оролцуулаагүйгээс хэргийн байдлыг бүрэн тогтоох, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бололцоогүй байдал тогтоогдоогүй байна. Тиймээс хохирогчийг оролцуулахгүйгээр шүүгдэгч Ц.А***од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгч Ц.А***нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 41-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 50 000 000 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Д.Э***д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал зэргийг харгалзан 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч Ц.А***ыг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Ц.А***ыг 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.А***од оногдуулсан 10 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ц.А***ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.А***оос 50 000 000 /тавин сая/ төгрөг гаргуулж хохирогч Э.Э*** /**** регистрийн дугаартай/-д олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ
Г.ГЭРЭЛТ-ОД