| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0746/З |
| Дугаар | 221/МА2025/0197 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0197
Б.Б нарын нэр бүхий 7 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгч: Б.Б, М.Б, Ц.Б, Б.Б, Ю.Э, Д.Н, Ж.Ц нарын 7 иргэн
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “ГК” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийн “ГК” ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд “ГК” ХХК-д олгосон XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1065 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0746/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б, М.Б, Ц.Б, Б.Б, Ю.Э, Д.Н, Ж.Ц нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрийн “ГК” ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд “ГК” ХХК-д олгосон XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.1.25, 17 дугаар зүйлийн 17.5.2, 20 дугаар зүйлийн 20.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, М.Б, Ц.Б, Б.Б, Ю.Э, Д.Н, Ж.Ц нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн “ГК” ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд “ГК” ХХК-д олгосон XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмшдэг болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь тухайн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон хэмээн үзэж нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд “маргааны зүйл нь газар эзэмшигчийн газраар дамжиж дайран өнгөрөх. нэвтрэн орохтой холбоотой маргаагүй” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь уг тусгай зөвшөөрлийг олгосноор нэхэмжлэгч нь хуулийн дагуу газар болон бэлчээр ашиглах эрх, гэрээ байгуулсан газарт чөлөөтэй зорчих эрх хөндөгдөх ба өвөлжөө, хаваржааны газарт хайгуулын үйл ажиллагаа явуулснаар тухайн нутаг дэвсгэрийг дээрх зориулалтаар ашиглах боломжгүй байгаа юм.
3.2. Нэхэмжлэгчдийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээдийг уг тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олж авсан гэхээс илүүтэй, хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон гэж үзэж байгаа. Тодруулбал, хариуцагч нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа талбайтай давхцуулан хайгуулын зөвшөөрөл олгосноос гадна тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон талбайд тусгай зөвшөөрөл олгосон. Хариуцагч нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчиж Тогоот голын хамгаалалтын бүс болон Хавчирангийн дээд, доод булгийн хамгаалалтын бүсэд давхцуулан хайгуулын зөвшөөрөл олгосон болох нь хэрэгт цугларсан баримтаас тодорхой харагдана.
3.3. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.1 дэх хэсэгт Засгийн газрын тогтоолуудад тус тус сонгон шалгаруулалтаар олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол хамаарахгүй байна” гэсэн дүгнэлт нь маргаж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол, гол мөрний энгийн болон тусгай хамгаалалтын бүсийн солбицол давхцалтай, эсхүл давхцаагүй гэж дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв маргаж байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол нь гол мөрний энгийн болон тусгай хамгаалалтын бүсийн солбицолтой давхцаагүй гэж үзвэл хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй буюу хэргийн материалын 22, 23 дугаар талд байгаа баримтуудыг үгүйсгэх баримтгүй байна.
Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаартай шийдвэр, түүний хүрээнд “ГК” ХХК-д олгосон ХV-021951 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/1065 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Гуравдагч этгээдээс гомдолд ямар нэг тайлбар ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болно.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2.1. Нэхэмжлэгч Б.Б, М.Б, Ц.Б, Б.Б, Ю.Э, Д.Н, Ж.Ц нар нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн “ГК” ХХК-д холбогдох хэсэг, түүний хүрээнд “ГК” ХХК-д олгосон XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2.2. Маргаан бүхий дээрх 365 дугаар шийдвэрээр ...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад шалгарсан “ГК” ХХК-д Дорнод аймгийн Б сумын нутагт орших ББ нэртэй 1514.05 га бүхий (СШ-57-10) талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон, харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс тооцож, 2027 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байх ба нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдэд ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн саналыг аваагүй, тухайн газарт ажиллаж, амьдардаг иргэдэд мэдэгдээгүй, хамгаалалтын бүсэд давхцуулан зөвшөөрөл олгосон, энэ нь тухайн газарт мал, аж ахуй эрхлэн амьдардаг нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөөс гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангагдах эрхүүд хөндөгдөж болзошгүй байна хэмээн маргасан байна.
2.3. Харин анхан шатны шүүх “...маргаан бүхий хайгуулын талбай нь шууд хориглосон газарт хамаарахгүй байна, ...маргаан бүхий үйл баримт болох нэхэмжлэгч нарын эзэмшил газраар дамжин өнгөрөх, түүний өвөлжөөг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг хариуцах байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой ба үүнийг хязгаарлах үндэслэл алга байна, Энэ утгаараа маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.4. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар Засгийн газар улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан, уг журмын 1.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ордын талбайн хил заагт хамаарсан талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ”, 2.3-д “Засгийн газар нь Төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны 9.1.11 дэх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтооно”, 4.7.1-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч нь эхний жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
2.5. Гуравдагч этгээд “ГК” ХХК нь дээрх журмын дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зарлагдсан ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад оролцож Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 365 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Б сумын нутагт орших ББ нэртэй газарт 1514.05 га талбайд XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, улмаар мөн даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 407 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан хариуцагчийн шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг өргөдлийг хүлээн авч бүртгэх”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан хуулийн шаардлагад тус тус нийцсэн байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад “...танай аймгийн нутагт 944,728.15 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой” талаар мэдэгдэл хүргүүлсний дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/379 дугаар албан бичгээр Сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбай нь орон нутгийн нөөцөд авсан газар, усан сан, ойн сан бүхий газар, малчдын өвөлжөө хаваржааны бэлчээр нутаг, хадлан бэлтгэлийн нөөц газруудтай давхцалтай байгаа тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сэргэлэн сумын 23, 24 дүгээр талбайгаас бусад бүх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоос татгалзах саналтай байна гэх хариуг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлсэн, мөн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/857 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсаргасан Б сумын нутаг дэвсгэрт байрлаж буй “ББ” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал, газрын байршлын зураг зэргээр маргаан бүхий “ГК” ХХК-д олгосон XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь нэр бүхий иргэдийн эзэмшлийн талбайтай давхцалтай гэх боловч нэхэмжлэгч нарын эзэмшил газартай давхцалтай болохыг бүрэн тодорхойлоогүй.
2.7. Тодруулбал, Дорнод аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар Ю.Э, мөн сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/68 дугаар захирамжаар Д.Н, Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/83, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дүгээр захирамжуудаар Ц.Б, Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар М.Б, Б.Б, Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Ж.Цт тус бүр нэг га газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгохдоо Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/617 дугаар албан бичгээр санал авах мэдэгдэл хүргүүлсэний дараа, мөн зарим нэхэмжлэгч нарт гуравдагч этгээд “ГК” ХХК-д XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа тус тус олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нар “...хуулийн дагуу газар болон бэлчээр ашиглах эрх, гэрээ байгуулсан газарт чөлөөтэй зорчих эрх хөндөгдөх ба өвөлжөө, хаваржааны газарт хайгуулын үйл ажиллагаа явуулснаар тухайн нутаг дэвсгэрийг дээрх зориулалтаар ашиглах боломжгүй байгаа” гэж тайлбарлах боловч гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан гэдэг нь хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн “Шинэ хайгуулын талбайн зураг” буюу ББ 1514,05 га өргөдлийн дэлгэрэнгүй зураг, Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн зургуудаар тогтоогдоогүй, мөн өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсхүл эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл ноцтой байдлаар зөрчигдсөн болохоо хангалттай нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй байгаа энэ тохиолдолд бодит байдлаар зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
2.8. Харин дээрх Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/379 дугаартай албан бичиг, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын сонгон шалгаруулалтын талбайд санал өгөх тухай” 10 дугаар тогтоол, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/857 дугаартай албан бичгүүд болон Онон-Улз голын сав газрын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар, 2024 оны 100 дугаартай албан бичиг, тус албан бичгийн хавсралт зэргээс үзэхэд гуравдагч этгээд “ГК” ХХК-д олгосон Дорнод аймгийн Б сумын нутагт орших ББ гэх газар байрлах, XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбай нь тухайн сумын нутаг дэвсгэрт байрлах Тогоот голын онцгой хамгаалалтын бүстэй 140.3 га, энгийн хамгаалалтын бүстэй 131 га, Хавчирангийн дээд, доод булгийн онцгой хамгаалалтын бүстэй 1 га, энгийн хамгаалалтын бүстэй 11.7 га газартай тус тус давхцалтай болох нь тогтоогдож байна.
2.9. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг ойлгоно, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулах бөгөөд уг солбицол бүхий талбай нь 17.5.2-т зааснаар ... ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар,...-тай ямар нэг байдлаар давхцаагүй байх хуулийн заалттай.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд “ГК” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбайн холбогдох хэсэг нь голын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй, булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байхад уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр гуравдагч этгээдэд ийнхүү давхцуулан олгосон нь дээрх хуульд заасныг зөрчсөн байна.
2.10. Түүнчлэн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлахаас өмнө усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага болох Усны сав газраас урьдчилан санал авах байтал ийнхүү авалгүйгээр зөвхөн Талбайн солбицол тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн гуравдагч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосны улмаас тухайн газрын тодорхой хэсэг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцсан, энэ нь тус орон нутгийн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг хомсдох, бохирдох эрсдэл учруулж болзошгүй байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн “ГК” ХХК-ийн XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбайгаас голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2.11. Ингэхдээ шүүх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх ба нэхэмжлэгч нарын тухайд тэдний эзэмшиж буй газар нь маргаан бүхий XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай ямар нэгэн байдлаар давхцалтай болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэлд дурьдсан үндэслэл хангалттай нотлогдохгүй байх бөгөөд харин тухайн нутаг дэвсгэрийн усны эх үүсвэр хомсдох, бохирдох, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэл учрах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч нь ...тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон талбайд тусгай зөвшөөрөл олгосон” талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.
2.12. Хэдийгээр “ГК” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 1514.05 га талбайн зарим хэсэг нь голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай боловч энэ нь нэгэнт холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад шалгарч, улмаар улсын төсөвт 306,813,231 төгрөгийг төлбөр төлсөн тус компанийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Нөгөө талаас, уг нөхцөл байдал нь гуравдагч этгээд “ГК” ХХК-ийн буруугаас бус, хариуцагч захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахдаа усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагаас санал аваагүй буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан хэдий ч мөн л давхцалтай хэсгийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.19, 17 дугаар зүйлийн 17.4, 17.5.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б, М.Б, Ц.Б, Б.Б, Ю.Э, Д.Н, Ж.Ц нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн “ГК” ХХК-д холбогдох хэсгээс, түүний хүрээнд “ГК” ХХК-д олгосон XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас Дорнод аймгийн Б сумын нутагт байрлах Тогоот голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, Хавчирангийн дээд болон доод булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай хэсгийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА