Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2019/ДШМ/01

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Прокурор У.Анхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Д.М, Ч.Д /цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.М, Ч.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.М, Ч.Д нарт холбогдох эрүүгийн 201503000455 дугаартай 5 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн гавьяа шагналгүй, Архангай аймгийн шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 100 төгрөгөөр торгох, 1991 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Бор бургас овогт Д.М

Шүүгдэгч: Монгол улсын иргэн гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Ч.Д

Д.М, Ч.Д нар нь бүлэглэж 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С.Г-г алсан гэмт хэрэгт холбогдсон гэж Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Бор бургас овогт Д-н М-г бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, Монгол овогт Ч.Д-г бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар Бор бургас овогт Д.М, Монгол овогт Ч.Д нарыг арван зургаан жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 729 хоног, шүүгдэгч Ч.Д-н цагдан хоригдсон 168 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ч.Д-с 11767500 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д олгохоор, Д.М нь хохирогч С.Г-д 11767500 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.М-н Ч.Д-д бичсэн гэх захидлыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, микро Грейс маркын автомашин битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-д 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Ч.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.М, Ч.Д нарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.М-г бусадтай бүлэглэж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. М нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нас барсантай маргадаггүй. Харин Д-тай бүлэглэж хүнийг алсан гэх хангалттай нотлох баримт байхгүй. Мөн Д-тай бүлэглэж хүнийг алсан гэх үйлдэл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 дугаар зүйлийн шинж агуулагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байхад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж таамгаар дүгнэлт хийж нөхцөл байдлыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой атал бодит үйл явдалд үнэлэлт дүгнэлтийг буруу өгч М-г Д-тай бүлэглэн хүнийг алсан гэж үзэж хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Ч.Д-н өмгөөлөгч Ц.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан  шатны  шүүх Д.М, Ч.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Ч.Д нь 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Г-н амь насыг М-тай бүлэглэн хохироосон буюу бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон. Ч.Д нь хохирогч Г-н амь насыг бусадтай бүлэглэн хохироосон гэх үндэслэл хангалттай, бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, харин хэргийн болсон үйл явдлыг хараагүй, хэрэг болсон газар орон байранд болон цаг хугацаанд байгаагүй мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрч нарын хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгүүдээр Ч.Д-г буруутгаж гэм буруутайд тооцсон нь буруу болсон. Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 82 дугаартай дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүдийг Ч.Д учруулаагүй, тухайн хэрэг болсон цаг хугацаанд өөрийн эзэмшлийн микро Грейс маркын автомашинаасаа буугаагүй байдаг. Түүнийг машинаасаа буугаагүй гэдгийг хамт явсан Д.М нь гэрчилдэг.

Мөн Ч.Д нь анхны удаа 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтэнээр мэдүүлэг өгөхдөө “М буюу М ах Г гэж танилцаж байсан ахыг алсан. Машинаас түлхэж унагаад тэгээд цохиод байх шиг байсан. Би юугаар цохиж зодсонг хараагүй, өшиглөж байх шиг байсан” гэсэн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаан дээр Д.М нь шүүгдэгчийн эцсийн үг хэлэхдээ хохирогч Г-г унагаагаад толгой, хэвлий тус газар өшиглөж байснаа хүлээн зөвшөөрөөд барахгүй энэ хэрэгт Ч.Д хамааралгүй Г-г цохиж зодоогүй талаар мэдүүлдэг юм.

Иймд Ч.Д нь бусадтай бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж Ч.Д-г цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор намайг Ч.Д-тай бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь би хүний амь насыг хохироосон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний цохиж, түлхэж унагааж өшиглөсөн үйлдлээс хүний амь нас хохирсон гэдэгтэй бол би маргадаггүй.

Харин Ч.Дтай сэтгэл санаа нэгдэж бүлэглэсэн мөн Даваажанцанд тусалсан, Даваажанцангаар туслуулсан ямар нэгэн хамжих, хатгах үйлдэлгүй мөн гэнэт болж буй үйлдлийг зохион байгуулсан гэж үзэх боломжгүй зэрэг нөхцөл байдлууд байхад анхаарч үзэлгүйгээр хохирогчийн таамаг дэвшүүлэн ярьж байгаа зүйлд хэт автан болсон үйл явдалд бодитой дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Би анхнаасаа Даваажанцанг талийгаачийг зодож, цохиж байхыг хараагүй гэдгээ тушаатай мэдүүлж байсан. Шүүх хурал дээр хохирогч миний санаснаар шүүх шийдэхгүй бол би өөрийн зүгээс арга хэмжээгээ авна гэж ярьж байсан ба энэ үг нь шүүгч нарыг шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн бөгөөд шүүх хохирогчийн нөлөөнд орж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь үндэслэлгүй болсон. Иймээс бүлэглэж бусдын амь насыг хохироосон гэж үзсэнийг буруу гэж үзэж байгаа учраас хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэн шийдүүлэх хүсэлтэй байна. Хэргийн зүйлчлэлийг зөвтгөн ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Ддавж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Мтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө хүний амь нас хохироосон хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би Галбаатарыг цохиж зодон түүнийг М-тай бүлэглэн алаагүй. Би өөрийнхөө машинаас буугаагүй. Хайрхан сум орж явахад Г зогс гээд зогсоход Г түрүүлж буугаад М ахыг машинаас чирээд буусан. М ах босож ирээд Г-г өшиглөөд түлхээд газар унагасан. Газар унахад нь дээрээс нь 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд намайг болиоч гээд машин дотроос дуудахад М ах машин дотор ирж суусан. Тэгээд бид хоёр Г-г хүлээгээд машиндаа сууж байхад Г босохгүй байсан. М ах бууж үзээд машин дотор орж ирэхдээ Г өнгөрчихсөн юм шиг байна чи ахыгаа хот хүргээд өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудъя гэхэд хэрэггүй үхчих шиг боллоо. Хоёулаа З-г гэрт нь хүргэж өгчихөөд хот явъя гээд хот явсан. Би М-тай бүлэглэн Г-г зодож алаагүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М, Ч.Д нар нь бүлэглэж 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С.Г-г алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Д.М, Ч.Д нар нь 2015 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө С.Г-г алсан болох нь хохирогч С.Г-н ...2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 10-11 цагийн хооронд С.Г-н мобикомын дугаар луу залгаж үзэхэд түүний утас холбогдохгүй байсан. Тэгээд өдөр 13 цагийн орчим ...миний утас руу С.Г-н ажиллаж байгаа компаний захирал Ж гэх залуу залгаж хэлэхдээ ... та С.Г-н ах мөн үү, дүү чинь өнгөрчихлөө гэж хэлсэн... гэх /1-p хх-ийн 70-71хуу/,

эд мөрийн баримтаар хураагдсан Д.М нь цагдан хоригдож байхдаа Ч.Д-д бичсэн гэх ... утга бүхий захидал /1-р хх-ийн 46 хуу/,

гэрч Б.Ц-н ... Би уг зөрчлийг хяналт шалгалтаараа илрүүлж Б.М-тай уулзаж энэ номон дээр бичсэн байгаа захидал чиний бичиг мөн үү гэж асуухад хоригдогч Д.М нь энэ номон дээр байгаа захидал бичээс миний өөрийн бичиг мөн. Би уг бичгийг өөрийн номон дээр бичиж Ш-д өгсөн гэж хэлсэн...гэх /1-p хх-ийн 123-124хуу/,

гэрч Б.П-н ...Д.М, Ч.Д, З, сумын төвийн барилга дээр ажиллаж байгаа нэг залуу дөрвүүлээ орж ирээд манайд 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи хувааж уусан ... Д.М тэр кранчин залуутай цагдаад баригдсан хоёр залуугаа очиж авна, авахгүй гээд хоорондоо маргасан... гэх /1-р хх-ийн 74-77хуу/,

гэрч В.З-н ...өглөө нэг мэдсэн гэртээ сэрсэн. Гэтэл манай эхнэр надад Д.М ах чамайг оруулж ирээд ах нь хүн алчихлаа гэж хэлсэн гэсэн байх, би тухайн үед архи гараагүй согтуу байсан болохоор сайн санахгүй байна... гэх /2-р хх-ийн 108хуу/,

гэрч Ч.Н-н ... 2015 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ... Д.М ах, Ч.Д хоёр нөхөр В.З-г оруулж ирсэн. Тэр үед Д.М надад хандаж ах нь хүн цохиод алчихлаа, танай нөхөр В.З хамааралгүй шүү гэсэн... бид хоёр ч, З, Д хоёр ч гэж хэлээгүй... гэх /1-p хх-ийн 81-83хуу, 2-р хх-ийн 107хуу/,

гэрч Х.З-н ... Ч.Д-тай хамт манайд ирсэн Д.М гэх ах бид нарт буюу манай нөхөр Г.М, түүний найз Г.Э нарт хандаж ах нь урд өмнө хүн амины хэргээр шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн. Энэ хэрэг Ч.Д чамд хамаагүй, би энэ хэргийг ганцаараа хүлээнэ гээд яриад байсан. Тухайн үед тэр хоёр манайд ирэхдээ архи уучихсан халамцуухан байсан... гэх  /1-p хх-ийн 99-103хуу/,

гэрч Г.Э-н ... Ч.Д, Д.М хоёр ярихдаа бид хоёр хүн алчихсан. Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан суманд барилгын ажил хийхээр ирсэн байсан кранчин залуутай хамт архи ууж машинтайгаа явж байгаад хоорондоо маргаж хэрүүл хийгээд, Ч.Д, Д.М нар тэр хамт явсан залуугаа зодоод алчихсан гэж ярьж байсан... бид хоёр Д.М гэх ахтай хамт давхар дэлгүүрийн тийшээ Д.М-г айлд хүргэж өгөх гээд явсан. Тэр үед Ч.Д надад хандаж Д.М ах бид хоёрын хамт архи уугаад явж байсан кранчин ах бид хоёрт томроод бид хоёр луу дайраад байх үед нь М ах гараараа талийгаачийг цохиод тэр үед нь би хашааны банз хуу татаж хугалж аваад тэр кранчин ахын толгой руу 2 удаа банзаар цохичихсон гэсэн... гэх /1-р хх-ийн 95-98хуу/,

гэрч Н.Б-н ...М манай ажил дээр ирээд нэг залуугийн үсийг засуулсан. Тэгээд  тэр залуугаа Хайрхан суманд байж байгаад хүн алсан гээд байсан. Автомашин дотор архи ууж байгаад нэг хүнийг түлхэж унагаасан. Тэр хүн нь нас барсан юм шиг байна. Би энэ залуу хүнийг шоронд явуулж байхаар хэргийг нь даагаад өмнөөс нь явах  гэж байгаа гэж хэлсэн.., хамт явсан залуугаа гаргаж байгаад машинаас түлхэж унагаасан гэж байсан. Хэн нь түлхсэн талаар мэдээгүй, согтуу байсан гэж байсан. Хамт явсан залуугаа яаж шоронд явуулахав дээ, өмнөөс нь өөрөө хэрэг хүлээх гэж байгаа гэж ярьж байсан... гэх /1-р хх-ийн 108-110 хуу, 4-р хх-ийн 44-45хуу/,

шинжээч С.Х-н ... талийгаачийг амьд байх үед дух, зулай, зүүн чамархайн орчимд тус тус цохих үед буюу хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн 3-4 удаагийн цохих үйлчлэлээр уг гэмтлүүд үүснэ. Дээрх гэмтлүүд нь нүүрэн тус хэсэгтээ цохигдож цогцос олдсон байрлалд унахад үүсэх боломжгүй. ...талийгаачийн гавал ясны хугарал, суурь ясны хугарлын шинж байдал, хуйхны дотор талд үүссэн хэгзэрсэн шарх зэргийн байдлаас үзэхэд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтлүүдийн байдлаас үзэхэд талийгаачийг банз модоор буюу хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлээр цохих үед талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд үүсэх боломжтой... гэх /1-р хх-ийн 177-178/ мэдүүлгүүд, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 82 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 168-171хуу/ болон хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөх талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.М, Ч.Днарыг бүлэглэж С.Г-г алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нарт 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, Ч.Д тэдний өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Д.М, Ч.Д нар нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 322 хоног цагдан хоригдсныг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, Ч.Д, тэдний өмгөөлөгч Г.Энхбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.М, Ч.Д нарын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 322 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.