| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/03781/И |
| Дугаар | 183/ШШ2019/01390 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2019/01390
| 2019 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2019/01390 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Дүнжингарав овогт Ж Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Бэрхчүүд овогт Л Ц /РД:.../
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Их Монгол овогт Ц Д /РД:.../ нарт холбогдох,
Гуравдагч этгээд: ... тоотод оршин суух, Н Т /РД:.../,
Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,
Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагч нарын өмгөөлөгч З.Ариунжаргал, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Нямгомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б ийн нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь иргэн Л.Ц , Н.Т , Ц.Д нартай зээлийн гэрээ байгуулсан. Үүнийгээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ-0003 тоот гэрээг шинэчлэн байгуулан 70 000 000 төргөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ... тоот хаягт байрлах, 100.9 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, Ү-2206052772 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц өмчлөгч, өөрт ногдох хэсгээсээ хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ байгуулан тус тусад нь өмчлөгч нартай гэрээ байгуулан авсан болно. Тухайн зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01341 тоот шүүхийн шийдвэр гаран хариуцагч Л.Ц , Ц.Д нараас 96 166 648 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 663 283 төгрөгийн хамт гаргуулан иргэн Ж.Б д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул төлбөр авагчийн зүгээс шүүхэд хүсэлт гарган албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардлын гэрээг байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа болно. Гэвч төлбөр төлөгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт надаас гадна 4-5 гүйцэтгэх хуудастай бөгөөд нилээдгүй өр төлбөртэй болно. Иймд миний хувьд өөрийн өмчлөлгчийн хөрөнгийг албадан чөлөөлүүлэн авах хүсэлтэй байгаа тул зохих хууль журмын дагуу ... тоот хаягт байрлалтай 100.9 м.кв талбайтай амины орон сууц болох миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 сарын 10-ны өдөр орон сууц өмчлөгч нарт ногдох хэсгээс хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээг байгуулан авсан. Гэвч тухайн үед зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 5 сарын 30-ны өдрийн 01300 тоот шүүхийн шийдвэрээр 96 166 648 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 644 000 төгрөгийг хариуцагч Ц.Д , Н.Т нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч нар биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Гэвч төлбөр төлөгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгч болон 2 аж ахуйн нэгж, 3 иргэнд нилээдгүй өр төлбөртэй болно. Иймд Ж.Б ийн өмчлөлийн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хүсэлттэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 10 сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ хийгээгүй. Харин 60 сая төгрөг зээлж аваад 92 сая төгрөг болгож өгнө гэж шүүхээр ороод эвлэрсэн үүнд үл хөдлөх хөрөнгө огт хамаагүй, Н.Т гэдэг хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө тул бид түүнийг чөлөөлж өгөх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 70 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байсан учир тус дүүргийн шүүхээр 340 тоот шийдвэрээр 96 166 648 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн гэсэн байдаг. Энэ шийдвэр байгаа боловч бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргадаг. Нэхэмжлэгч үл маргаж, энэ шийдвэр байгаа гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Гэтэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал дахин үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дахь заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зөвхөн хариуцагчийн өмчлөлийн зүйл биш байхад албадан гаргуулж, өмчлөлдөө авах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус шаардлага тавьж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэглэлийн гэрээнд Н.Т гарын үсэг зураагүй бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Ж.Б өөс мөнгө аваагүй. Түүнчлэн бэлэглэлийн гэрээ хийсэн гэх тухайн үед Н.Т өөрөө гадаадад байсан гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг түүний өмгөөлөгч дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 10-ны өдөр Л.Ц , Ж.Б нарын хооронд байгуулсан Хан-Уул дүүргийн 10-рхороо, Морины гудамж, 813б тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ нь анхнаасаа дээрх үл хөдлөх хөрөнгийг бэлэглэх санаа зорилгогүй, зээлийн гэрээг халхавчилсан хууль зөрчсөн гэрээ байсан. Тухайн үед зээлийн гэрээний үлдэгдэл 60 000 000 төгрөгийг хүү, алдангитай тооцож 90 000 000 төгрөг буюу үндсэн зээлээс тал хувиар нь нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулан гэрээ хийсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тиймээс үлдэгдэл төлбөр 60 000 000 төгрөгийг баталгаажуулах зорилгоор 180 000 000 төгрөгийн зах зээлийн ханштай уг үл хөдлөх хөрөнгийн тал үнэнд барьцаалж баталгаажуулсан болохоос бэлэглээгүй. Учир нь хариуцагчид бэлэглэх, захиран зарцуулах эрх байгаагүй. Гэтэл Ж.Б нь мэдсээр байж, ярилцаж, тохиролцсон зээлийн гэрээний барьцаанд авсан гэрээ байхад бодит байдал дээр хийсэн байж тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмч гэж үзэж, уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус юм. Зээлсэн мөнгөө төлнө гэдгээ хэлж, шүүхээр баталгаажуулан шүүгчийн захирамж гарсан байдаг. Дахин үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгох гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56.1 дэх заалтыг зөрчиж, хууль зөрчин хийсэн. Мөн зээлийн гэрээг халхавчилсан гэрээ байдаг. Бэлэглэлийн гэрээ нь зөвхөн Л.Ц ийн өмч биш бөгөөд гуравдагч этгээд болох Н.Т ийн өмчлөлийн зүйл байдаг. Н.Т нь үл хөдлөх хөрөнгийн тал хувийг Л.Ц д өгсөн мэт гэрээ харагддаг. Гэхдээ үлдсэн 50 хувь нь Н.Т ийн нэр дээр одоо хүртэл байдаг. 180 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр барьцаалаад Л.Ц ийн нэр дээр тал хувь нь байдаг гэдэг боловч одоог хүртэл Н.Т ийн өмчлөлд байгаа учраас үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь өгөх үндэслэл байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б нь Л.Ц тай 2017 оны 10 сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, орон сууц өмчлөгч өөрт ногдох хэсгээсээ хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээ байгуулж, хариуцагч нар нь тухайн үед 110 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Н.Т нь өөрийн хүү болох Л.Ц д орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг өгсөн байдаг. Маргагч тал өөрийн гарын үсэг биш гэж шинжээч томилуулсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Л.Ц , Ц.Д нарт холбогдуулан ... тоот хаягт байрлалтай 100.9 м.кв талбайтай амины орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шаардсныг хариуцагч Л.Ц нь Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хууль зөрчиж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргасан байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Ц.Д , гуравдагч этгээд Н.Т нарын хооронд 2017 оны 7 сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 30 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг гэрээний барьцаа болгож Н.Т ийн өмчлөлийн ... тоот хаягт байрлалтай 100.9 м.кв талбайтай амины орон сууцны өөрт ноогдох өмчлөх хэсгээс 50%-тай тэнцэх өмчлөх эрхийг 2017 оны 7 сарын 4-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээний дагуу шилжүүлж, өмчлөгчөөр Ж.Б нэмж бүртгэгджээ.
Үүний дараа нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Л.Ц , Л.Д нарын хооронд 2017 оны 10 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.Д , Л.Ц нар нь Ж.Б өөс нийт 70 000 000 төгрөгийг зээлж /уг гэрээгээр 40 000 000 төгрөгийг зээлж, өмнөх зээлийн гэрээний 30 000 000 төгрөгийг нэмж, нийт 70 000 000 төгрөг/, уг гэрээний барьцаа болгож гуравдагч этгээд Н.Т аас 2017.10.02-ны өдөр Л.Ц ид олгосон итгэмжлэлийн дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн үлдэх 50%-ийн өмчлөх эрхийг 2017 оны 10 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээгээр Ж.Б өд шилжүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Б бүртгэгджээ./хх-ийн 7-12/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүсч нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ц.Д , Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 101 066 648 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг, тус шүүхийн 2018 оны 05 сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01341 дугаар шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг захирамж хүчинтөгөлдөр байна./хх-ийн 6/
Нэхэмжлэгч Ж.Б нь дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхдээ талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээний талаар шаардлага гаргаагүй байх ба зохигчид уг асуудлаар мэтгэлцсэн зүйлгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж, бусдын хууль бус эзэмшлээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шаардаж байна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд Н.Т ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг асуудлаар маргаагүй байна. Түүнчлэн хариуцагч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч биш байх тул уг нэхэмжлэлээр хариуцагч нараас орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.
Хариуцагч Л.Ц нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээний дагуу шилжүүлсэн үйл баримтад маргаж сөрөг нэхэмжлэл гаргасан хэдий ч энэ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдохооргүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бусдад бэлэглэх гэрээ Н.Т , Ж.Б нарын хооронд байгуулагдсан байх тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг Л.Ц ид олгоогүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж үзэв.
Тус шүүх хуралдаанд хариуцагч Л.Ц , Ц.Д нар нь оролцохгүй талаар хариуцагч нарын өмгөөлөгч тайлбар гаргаж, нэхэмжлэгч тал эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б ийн хариуцагч Л.Ц , Ц.Д нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Л.Ц ийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хууль зөрчиж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Б өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас гаргуулан Л.Ц ид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ