Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

                         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор), шүүгдэгч Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0235 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн Ч.П , 1973 оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.П нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.П-той “хувийн таарамжгүй” харилцааны улмаас маргалдаж зүүн чих орчим руу нь шаазан аяга шидэж зүүн чихэнд шарх, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч, М овгийн Ч.П  нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.П-той “хувийн таарамжгүй” харилцааны улмаас маргалдаж, зүүн чих рүү нь шаазан аяга шидэж, зүүн чихэнд шарх, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 11 дэх тал), иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №869 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 36-43 дахь тал), Даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 47 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал), шүүгдэгч Ч.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70 дахь тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байсан болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөд эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, хууль бус гаднын хүчин зүйл, бусдын дарамт шахалт нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр бүрэн дунд боловсролтой, монгол хэл бичиг мэддэг байхын зэрэгцээ шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул өөрийгөө өмгөөлөх үндсэн эрхийнх нь дагуу өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.2.     Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.П-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.П-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.П, хохирогч Б.П нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, нөхөр, эхнэрийн харилцаатай хамтран амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан...” гэж зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ... заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан хууль ёсны зарчмын дагуу шүүгдэгч Ч.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, прокурорын зүйлчлэл тохирсон гэж шүүх үзээд шүүгдэгч Ч.П-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэв.

1.3.      Хохирол, хор уршиг

Хохирогч  Б.П нь “...гомдол, саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.П-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг энэ тогтоолын тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.      Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокурор нь хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнд яллагдагчаас гаргасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцож, хуульд заасан хүрээ хязгаарын дотор санал гаргасныг яллагдагч Ч.П хүлээн зөвшөөрснөөр хэргийг шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.    

Иймд прокурорын саналаар Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 700,000.0 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтов.

Хэрэв шүүгдэгч Ч.П шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт сануулах нь зүйтэй.

2.2.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М овгийн Ч.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-т оногдуулсан долоон зуун мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын дотор төлүүлэхээр тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.П-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Талууд, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээс бусад үндэслэлээр гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг мэдэгдсүгэй.

7.Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг заасугай.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА