| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Хохирогч П.Цогт-Эрдэнэ,
Шүүгдэгч Ч.Батмөнх,
Нарийн бичгийн дарга: Н.Ням нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Чулуундоржийн Батмөнхөд холбогдох эрүүгийн 2327000000017 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Тэс петролиум” ХХК-д ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 155-2б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овгийн Чулуундоржийн Батмөнх /РД: ЙФ91111813/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Батмөнх нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Жигүүр зоогийн газрын урд П.Цогт-Эрдэнийг зодож биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Батмөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр ийм таагүй харилцаанд орсондоо хохирогч П.Цогт-Эрдэнээс уучлалт гуйж байна. Хохирогчийн мэдүүлэгтэй танилцаж байхад ганц нэг буруу зүйл ярьсан байсан. Тухайн машины эзэнтэй маргалдаад хэрэлдээд зогсож байсан гэж хэлсэн байсан. Мөргүүлсэн машины эзэн бол бид ямар ч таагүй харилцаанд ороогүй бид төлөөд өгье гээд ярилцсан гэж хэлсэн байдаг. Тухайн үед энэ ах хажуу талаас маш таарамжгүй харилцаа үүсгээд байсан. Тэгээд би удаа дараа эзэн нь гараад ирсэн юм чинь та одоо явчих бид нар өөрсдөө учраа олъё гэж хэлсэн. Гэтэл бууж ирээд мөргүүлсэн машиныг улам өшиглөөд жаахан ёс суртахуунгүй үйлдэл гаргаж байсан. Миний хувьд яагаад цохисон бэ гэхээр би өөрөө удирдах албан тушаал хашдаг, маш олон өөр ааш зантай хүмүүстэй харьцдаг болохоор тэр үйлдлүүд дээр уурлаад бухимдаад байх зүйл байгаагүй гэхдээ хамгийн сүүлд манай эхнэр машины эзэн нь гараад ирсэн байхад та яваад өгчих гэж хэлсэн чинь над руу хараад наад хошногоо аваад зайл гэж хэлсэн. Тэр үед өөрийн эрхгүй миний уур хүрээд өөрийн мэдэлгүй цохиод авсан. Хамгийн гол нь яагаад эмэгтэй хүнийг тэгж хэлж байгаа юм бэ. Дээр нь манай эхнэр тэр үед 3 сартай жирэмсэн байсан. Жирэмсэн гэдгийг нь мэдэхгүй байсан ч гэсэн эмэгтэй хүнийг хошного гэж доромжлох нь өөрөө ёс суртахууны хувьд байж болохгүй байх. Миний хүмүүжилд бол тийм зан байхгүй. Эрэгтэй хүн ямар нэгэн үйлдэл гаргахаасаа өмнө сайн бодмоор юм байна. Хэдий гэр бүлээ хамгаалах, гэр бүлээ авч явах үүрэгтэй ч миний гэр бүлээ хамгаалсан үйлдэл маань буруу болсон тул та бүхнээс уучлалт гуйж байна. Хохирогч бол тухайн үеийн үйл явц ганц миний буруу юм шиг ярьж байна. Гэхдээ та бүхэн аль болох 2 талаас нь бодитой, үнэнээр нь харахыг хичээгээрэй гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч П.Цогт-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бат-Өлзий суманд мөсний баяр болоод гэртээ ирээд байж байтал манай ангийнхан цайны газар байна хүрээд ир гэсэн тэгээд би эхнэртэйгээ очсон. Би бие засаад байж байтал нэг машин ирээд манай найзын машиныг мөргөчихсөн. Манай нойл орсон залуу гарч ирээд эзнийг нь дуудъя гээд дуудсан. Өөр маргалдах юм болоогүй. Гэтэл намайг цохисон. Заавал намайг онцлох зүйл байхгүй, тэнд олуулаа байсан. Би тэгж илүү дутуу зүйл яриагүй. Тэгээд чи шүд унагачихлаа гээд хэлсэн чинь бүгдийг нь түүгээд хаясан ч яадаг юм гээд дахиад дайраад байсан. Тэгээд нэг эмэгтэй бариад байсан. Тэгэхээр нь би чи эхнэр нь юм шиг байна энэ асуудлаа зохицуулж өгөөд явчих гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг орж үзүүлээд эргээд иртэл өөрсдөө цагдаа дээр очсон байсан. Өөр зүйл болоогүй. Одоо би шүдээ л янзлуулмаар байна. Хохирлын мөнгө өгөх гэтэл өмгөөлөгчөөсөө асуугаад эргээд хэлье гэж хэлсэн гэж байна. Би тэгж хэлээгүй, би сайн мэдэхгүй байна эргээд хэлье гэсэн...гэв.
Хохирогч П.Цогт-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай арван жилийн найзууд Жигүүр зоогийн газар дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед би эхнэр М.Сарантуяатай хамт очсон. Очоод байж байхад Хатнаа гэж залуу хамт гараад бие засъя гэж хэлсэн. Тэгээд хамт гараад би буцаад орж явахад нэг машин ирээд Бямбацэрэн ахын машиныг мөргөсөн. Манай найз жорлонгоос гарч ирээд Бямбацэрэнг дуудсан. Нэг залуу бууж ирээд Бямбацэрэн ахтай нөхөөд өгнө гээд хэрэлдээд байсан. Би хажууд нь зогсож байгаад ийм болсон юмыг яаж нөхдөг юм гэж хэлсэн. Нэг залуу хажуу талаас цохиод авсан. Би тухайн хүнийг танихгүй хойшоо ухраад шүлсээ хаятал миний нэг шүд унасан хажуу талаас бас нэг залуу гарч ирээд миний гэдэс рүү өшиглөсөн. Би амаа бариад больцгоо миний шүд уначихлаа гэж хэлсэн. Нэг залуу нь намайг зодох гээд дайраад байсан манай эхнэр тухайн үед гарч ирээд салгах гэж байхад нь нүүр рүү нь цохисон. Миний шүд унасан, уруул сэтэрсэн өөр зүйл байхгүй. Миний шүдийг унагасан залуу нүүр рүү хоёр удаа цохисон, нөгөө залуу миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Миний шүдийг цохисон залуу ногоон өвлийн куртектэй нөгөө залуу нь намхан хар богино куртектэй залуу байсан. Нөгөө залуучууд 3 эмэгтэй, 4 эрэгтэй байсан. 2 эрэгтэй зодох гээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуу/,
Гэрч М.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Жигүүр зоогийн газар очсон. Хамт сууж байсан хүмүүс бүгд гараад явсан. Намайг гартал гупер гээд нэлээн маргаан гарсан байсан нэг харсан чинь манай нөхрийн шүдийг цохичихсон байсан. Би болиулах гээд байж байхад нэг залуу манай нөхрийг өшиглөөд байсан би тэр залууг нь салгах гэтэл эргэж хараад миний хацар руу цохисон нүд бүрэлзээд нэг нь миний хэвлий рүү өшиглөсөн. Манай нөхөр тонгойгоод байсан болохоор салгаж авах гэтэл намайг цохиж өшиглөсөн. Салгаад нөхөр бид хоёр эмнэлэг орсон. Тэр хүмүүсийг харвал би бүгдийг нь танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуу/,
Пүрэвжав овогтой Цогт-Эрдэнэ 40 настай эр 2023 оны 01 дүгээр сарын 01-нд хүнд зодуулсан гэнэ. Үзлэгээр “...Үүдэн шүд унасан. /Баруун талын/ шүдний буйланд цус хурсан байв. Биеийн байдал сайн. Биед ил харагдах шарх, хөхрөлт байхгүй...” Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төвийн эмч А.Долгормаа гэсэн газрын үсэгтэй эмчийн үзлэг гэсэн баримт /хх-ийн 43-р хуу/,
Гэрч О.Ганбямбын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Буянзаяа, найз Ч.Батмөнх түүний эхнэр Г.Хажидмаа бид дөрөв Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу зугаалгаар миний land-105 загварын машинтай явж байсан. Нэг хоолны газар хоол идээд би эхнэр Буянзаяагаар машинаа бариулаад буцаад Арвайхээр сум руу явж байсан. Хоол идсэн газраас хөдөлтөл манай эхнэр сайн харахгүй хойно байсан машиныг мөргөөд урд гуперийг нь хагалчихсан. Би эхнэртээ хандаж жолоочийг нь дотроос асуугаад гаргаад ирээч гэж хэлсэн. Нэг эрэгтэй гарч ирсэн. Манай найз цохиж гэмтээсэн гэх өндөр залуу хаанаас ирсэн пиздакууд ирээд сонин сонин юм яриад байна гэж орилж агсам тавиад томроод байсан. Ч.Батмөнхийн эхнэр тэр өндөр залууд болон цуг байсан эхнэрт нь хандаж та нарт хамаагүй юм чинь явчих тэгэх үү гэсэн чинь эхнэрийг нь барьж аваад сэгсэрч байгаад хошногоо аваад зайл гэж хэлсэн. Тэрийг нь Ч.Батмөнх сонсоод миний эхнэрийг хошного гэж хэллээ гэж уурлаад тэр өндөр залууг нэг удаа шанаадаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуу/,
Гэрч Т.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай найз П.Цогт-Эрдэнэ гадна нойл орно гээд гарсан буцаж орж ирээд машиныг чинь мөргөсөн байна гэхээр нь П.Цогт-Эрдэнэ бид хоёр гүйж гарч ирээд харахад нэг машин миний машины ард талаас нь мөргөсөн байсан. Нэг залуу ирээд “Уучлаарай ах би мөргөчихлөө таны машины гуперийг нөхөөд өгье гэхэд” П.Цогт-Эрдэнэ хажуу талаас ийм болсон гуперийг нөхөж болдог юм уу гээд хөлөөрөө өшиглөөд эргэж хараад алхаад явж байхад миний машиныг мөргөсөн залуу араас нь очоод нэг цохих шиг болсон. Тэгээд П.Цогт-Эрдэнэ шүд цохичихлоо гээд амаа дараад доошоо хараад сууж байсан. Би очоод алив харьяа гээд харахад 1 шүд нь унасан байсан. Тэгээд П.Цогт-Эрдэнэ миний машиныг мөргөсөн зулаа хоёрын эхнэрүүд нь ирээд тэр хоёрыг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуу/,
Гэрч Г.Нинжгаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...Барилцаж, зууралдаж зодолдсон удаа байхгүй. М.Батмөнхийг тэр өндөр залуу нь чи наад хошного аваад зайл гэж хэлэхэд М.Батмөнх чи миний эхнэрийг хошного гэдэг хэн бэ гэж хэлээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон тэр үед миний шүд уначихлаа гээд орилоод байсан. Бид нар шүдийг нь хайж байх үед Г.Хажидмааг эхнэр нь заамдаад барьж аваад хөл хэсэгт нь өшиглөж байхаар нь би очиж салгасан. Тухайн өндөр залуугийн биед М.Батмөнхөөс өөр хүн ойртоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуу/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №40 дүгнэлтэд: “...Үзүүлэгч П.Цогт-Эрдэнийн биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. 4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлэг тухайн үзүүлэгчийн биед учирсан гэмтэл, биеийн бодит үзлэг, эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоодог болно. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Батмөнхөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ч.Батмөнх нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Жигүүр зоогийн газрын урд П.Цогт-Эрдэнийг зодож биед тархи доргилт, дээд эрүүнд 1:1 дүгээр шүдний булгарсан хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч П.Цогт-Эрдэнэ, гэрч М.Сарантуяа, О.Ганбямба, Т.Бямбацэрэн, Г.Нинжгарав нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9, 14-15, 32, 34-35, 37-38 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл 43 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №040 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуу/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч Ч.Батмөнхийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Ч.Батмөнх нь хохирогч П.Цогт-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Батмөнх нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Цогт-Эрдэнийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Ч.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Хохирогч П.Цогт-Эрдэнэ шүүх хуралдаанд “...эмчилгээний зардалд 312,060 төгрөгийг гаргуулна, шүдээ хийгээгүй байгаа учраас шүдээ хийлгэнэ...” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч П.Цогт-Эрдэнэд 312,060 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Батмөнхөөс 312,060 төгрөг гаргуулж хохирогч П.Цогт-Эрдэнэд олгох нь зүйтэй.
Хохирогч П.Цогт-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Ч.Батмөнхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ч.Батмөнхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хувааж төлүүлэх...” гэсэн дүгнэлт гаргасныг дурдав.
Шүүгдэгч Ч.Батмөнх гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Батмөнхийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Батмөнх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Ч.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Чулуундоржийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Боржигон овгийн Чулуундоржийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батмөнх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Ч.Батмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Батмөнхөөс 312,060 төгрөгийг гаргуулж хохирогч П.Цогт-Эрдэнэд олгосугай.
6.Хохирогч П.Цогт-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Батмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН