| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0091/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/256 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/256
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Чанцалням, шүүгдэгч О.Н, Ч.С, тэдний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01426 1574 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ГО овгийн О.Н , 1967 оны ** дүгээр сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
2.Монгол Улсын иргэн, ХТИ овгийн Ч.С , 1969 оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Н, Ч.С нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашааны гадна байрлуулсан Я.О-ын эзэмшлийн Hyundai HD 1000 маркийн *** улсын дугаартай, том оврын ачааны машины түлшний савнаас дизель түлш хулгайлан авч, улмаар Toyota Harrier маркийн *** улсын дугаартай машиныг ашиглан тээвэрлэж, 1,260,000.0 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Г овгийн О.Н , Х овгийн Ч.С нар бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашааны гадна байрлуулсан хохирогч Я.О-ын эзэмшлийн “Hyundai HD-1000” маркийн *** улсын дугаартай, том оврын ачааны машины түлшний савнаас 400 литр дизель түлшийг нууцаар, хууль бусаар авч, улмаар “Toyota Harrier” маркийн *** улсын дугаартай машинаар тээвэрлэж хэргийн газраас явсан бөгөөд бусдад нийт 1,260,000.0 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Шүүгдэгч О.Н, Ч.С нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон болно. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал);
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал);
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал);
- 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Түлш 1 гэсэн нэр бүхий бичлэг рүү ороход хяналтын камер нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гудамжны урд талын шинэ зам гэх газрыг харуулсан камерын бичлэг байв. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 00 цаг 09 минутад уг бичлэг эхлээд 10 дахь минутад цагаан өнгийн улсын дугаар тодорхойгүй Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсож буй бичлэг байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд хаалганаас хар бараан өнгийн хувцастай 45-55 орчим насны эрэгтэй бууж ирээд хохирогчийн замын хажууд байрлуулсан тээврийн хэрэгсэл рүү алхаж очиж байгаа нь харагдана. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний шөнийн 03 цаг 39 минутад цагаан өнгийн Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсож буй харагдана. Хохирогчийн байрлуулсан *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү үл таних хоёр эрэгтэй хүн сав бариад алхаж буй бичлэг бүдэг харагдана...” гэх (хавтаст хэргийн 12-14 дэх тал);
- Хохирогч Я.О-ын “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Баянзүрх дүүрэгт Их засаг их сургуулийн ойролцоо байрлуулсан байсан том оврын *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ авахаар өдөр 12 цагийн үед очоод тэндээсээ ачаа ачиж аваад тухайн машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ирж Баруун салаа явах зам дагуу задгай газар тухайн тээврийн хэрэгслээ ачаатай нь байрлуулаад 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 13 цагийн орчим ачаагаа буулгаад машинаа асаатал миний машины шатахуун хэмжих зүү нь буугаад бензингүй болсон гэж заагаад байсан тул банкаа шалгатал хоосон болсон байсан. Миний машинд нийт 400 литр түлш байсан. Би тухайн түлшийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр АТМ-ээс 600,000 төгрөг бэлнээр авч түлш дүүргэж нөхөж хийсэн ба тухайн түлшийг хийхээс өмнө миний банканд 180 гаруй литр түлш байсан. Би тухайн түлшийг фейсбүүк зар дээрээс дуудлагын Запровшикоос худалдан авсан. Надад нийт 400 литр түлш буюу 1,200,000 төгрөгийн хохирол учирсан ... *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Си Эйч Эй Эн Эй байгууллагын нэр дээр байдаг миний тээврийн хэрэгсэл байгаа юм ... машины банкинд байсан түлшийг би өөрийнхөө мөнгөөр авсан, байгууллагаас ямар нэгэн мөнгө гаргаагүй ... Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж, надаас уучлалт гуйсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 24, 150 дахь тал);
- Иргэний нэхэмжлэгч М.А-ын “...Би *** улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгслийг зүс таних О.Н-оос 1,500,000 төгрөгийн авлага авах ёстой дээрээ нэмж бэлэн 1,000,000 төгрөг өгөөд 2022 оны 02 сард худалдаж авсан ба машиныхаа нэрийг шилжүүлж авч чадаагүй байж байгаад 2022 оны 05 дугаар сард нэрийг шилжүүлж авсан. О.Н-оос авсан *** тээврийн хэрэгсэл хуучин эвдрэл ихтэй болохоор хэд хэдэн удаа өгч засвар хийлгэж байсан ба 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хроп янзлуулах гээд өгсөн байсан. Надаас машин засах гэж авсан байх үедээ түлш хулгайлсныг сая цагдаагаас дуудах үед мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал);
- Мастер үнэлгээ ХХК-ийн 22/034 дугаартай “...нийт дүн 1,260,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50-51 дэх тал);
- Toyota Harrier маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59 дэх тал);
- Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Д22/43 дугаартай “...нийт дүн 2,579,148 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 66-71 дэх тал);
- Хохирлын 1,260,000 төгрөгийг хохирогч Я.О-ын эзэмшлийн ХААН банкны *** тоот данс руу шилжүүлсэн талаарх баримт (хавтаст хэргийн 113 дахь тал);
- Hyundai HD 1000 маркийн *** улсын дугаартай том оврын ачааны машины эзэмшигчийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 144-145 дахь тал);
- Си Эйч Эй Эн Эй ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/254 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 147 дахь тал);
- Гэрч З.Э-ын “...манай найз Я.О *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний мэдэхээр 2016 оноос хойш унаж ашиглаж байгаа ... 2022 оны 04 дүгээр сард Я.О-тай хамт тээвэрт явах гэж байхад машины банкнаас нь түлш алдагдсан байсан ба манай найз дүүрэн түлш хулгайлагдсан гээд ойр орчмын хяналтын камер шүүж явсан. Би *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж тээвэрт явж байсан ба 400 литр орчим түлш ордог гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 152 дахь тал);
- Гэрч Б.М-ын “...Би *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр олон удаа тээвэр хийлгэж байсан ... *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тээвэрт явах гээд тээврийн хэрэгслийнхээ банкийг намайг байхад зөөврийн түлш өгдөг Запровшик дуудаж дүүргүүлсэн ... 400 литр түлш ордог банктай...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 154 дэх тал);
- Шүүгдэгч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчим ганцаараа халамцуу очоод хагас шил архи надад өгөөд би гэрт нь ганцаараа уучхаад О.Н-оор гэр рүүгээ хүргүүлэх гээд машинд нь суугаад явсан. Би замдаа явж байгаад Баруун салаанаас урагшаа явах замд зогсоож бие зассан ба замын хажууд том ачааны машин байхаар нь онгойлгож үзэхэд түлштэй байхаар нь уг машины банкнаас түлш авъя гэж хэлсэн ба эхэндээ О.Н хулгай хийж яах юм гээд дургүйцсэн. Би зүгээр гээд бид хоёр уг ачааны машины банкнаас хуванцар саваар зөөж түлш хулгайлсан ... би бусдад учруулсан хохирлоо 400 литр байсан гэсэн хохирогчийн нэхэмжилсэн дүнгээр төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82, 142 дахь тал);
- Шүүгдэгч О.Н-ийн “...Би найз Ч.С-г гэр рүү нь хүргэж өгөх гээд *** улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замын хажууд зогсож байгаач гэж Ч.С хэлээд, би замын хажууд зогссон. Ч.С машинаас буугаад бие засчхаад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баруунсалаа явах засмал замын хажууд том оврын ачааны машин байсан ба уг ачааны машины банкнаас саваар түлш зөөж *** улсын дугаартай Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан ... Уг ачааны машинаас авсан түлшийг Ч.С танихгүй ачааны машинтай хүнд бэлэн мөнгөнд зарсан гэсэн ... Би *** улсын дугаартай хэрэгслийг тухайн үед А гэх залууд зарахаар тохироод мөнгийг нь авсан байсан ба нэрийг нь шилжүүлээгүй байсан. Уг хэрэг гарсан өдөр А гэх залуу “хроп болохгүй байна, та үзээд өгөөч” гээд над дээр машин үлдээсэн байсан ... Түлш зөөсөн гэх хуванцар савууд манай амбаарт байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90, 141 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд шинжлэн судлагдсан нотлох баримтаар батлагдаж байх тул тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нар нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдсон хэргийн талаар харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд тэдэнд нэг өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь хүний эрхийн зөрчилгүй байсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч О.Н, Ч.С нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох дизель түлшийг нийт 1,260,000.0 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 1,260,000.0 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч О.Н, Ч.С нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Я.О-ын эзэмшлийн Hyundai HD 1000 маркийн *** улсын дугаартай том оврын ачааны машины дизель түлшний савнаас дизель түлшийг Toyota Harrier маркийн *** улсын дугаартай авто машин ашиглаж халдлагын зүйл болох дизель түлшийг тээвэрлэж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь материаллаг бүрэлдэхүүнтэй боловч хууль тогтоогчийн аутентик тайлбараар тус гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “их хэмжээний хохирол учирсан” гэдгээс бусад хүндрүүлэх шинжүүд бүхэлдээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцогдохоор байгаа билээ.
Иймд шүүгдэгч О.Н, Ч.С нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэгдсэн үндэслэлээр бусдад 1,260,000.0 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэрэгт тооцогдоно.
Шүүгдэгч О.Н, Ч.С нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч нарын үйлдлийн хувьд давхар зүйлчлэх өөр гэмт хэрэг, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй болохыг дурдахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас шүүгдэгч нар архидан согтуурсантай, нөгөө талаас тэдний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн явцуу бодолтой холбоотойгоор гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Н, Ч.С нарыг “хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Я.О учирсан 1,260,000.0 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан, хохирогчид одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэх үед шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Н, Ч.С нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч О.Н, Ч.С нар бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч О.Н, Ч.С нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.Н, Ч.С нар баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй. Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлсөн. Болсон бодит байдлыг үнэнээр нь мэдүүлдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял оноож хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн орлого дээр маргахгүй, хувь тэнцүүлээд гаргуулах боломжтой гэж үзэж байна...” гэв.
Шүүгдэгч О.Н: “...Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Ч.С: “...Гэмшиж байна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.С-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дэх тал),
- Шүүгдэгч О.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 100 дахь тал), Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2077 тоот албан бичиг (хавтаст хэргийн 102 дахь тал), Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 103-104 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), *** ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн AU-22/35 тоот тодорхойлолт (хавтаст хэргийн 112 дахь тал), Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 115-123 дахь тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамж (хавтаст хэргийн 157 дахь тал), 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн О.Н-ийн зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт (хавтаст хэргийн 158 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын талаарх хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч О.Н, Ч.С нар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгааг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалт билээ.
Шүүгдэгч О.Н, Ч.С нар нь хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх боломжтой байна.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Н, Ч.С нарт нэг жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдний эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, үйлдлийн тоо, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна..”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нараас 2,579,148.0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н, Ч.С нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Н, Ч.С нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Г овгийн О.Н , Х овгийн Ч.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Н, Ч.С нарт тус тус нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Ч.С нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрд нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Ч.С нараас 2,579,148.0 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н, Ч.С нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О.Н, Ч.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч О.Н, Ч.С нарын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Н, Ч.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА