| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0025/э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Хид холбогдох 2216002320006 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн ... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой бага эмч мэргэжилтэй, Ховд аймгийн “...” эмнэлэгт сувилагч, бариа засалч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ... суманд оршин суух хаягтай, Одоо Ховд аймгийн ... түр оршин сууж байгаа, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ... регистрийн дугаартай, М овгийн Э.Х
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Хийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Төрийн сангийн төлөөлөгч Р.Цын данс андуурч хийсэн 1,320,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Төрийн сангийн төлөөлөгч Р.Ц нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Э.Хийн эзэмшлийн данс руу 1,320,000 төгрөгийг андуурч хийсэн бөгөөд шүүгдэгч Э.Х нь уг 1,320,000 төгрөгийг өөр данснаас андуурч өөрийн дансанд орж ирсэн гэдгийг мэдсээр байж буцааж өгөлгүйгээр өөртөө зарцуулжээ. Дээрх үйл баримт нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгнөөс дээш хэмжээний хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Х гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Анх наадмын үеэр урьдчилгаа мөнгө авах гэж байсан үдээс хойш урьдчилгаа ороод давхар мөнгө орсон байсан. Амралт болоод бүх зүйл хаасан байсан. Хорин хэд хоног наадам үргэлжлээд эхний хоёр гурван хоног ярих нуу гэсэн яриагүй тэгээд мөнгө хэрэглэж байсан нөгөө мөнгө рүү орсон байсан. Наадмын амралт дуусаад ирээд тэндээс гараад Ховд руу ажиллахаар явсан. Данс руу чинь алдаатай гүйлгээ хийсэн байна мэдсэн үү гэсэн мэдсэн, буцааж хийнэ гэсэн. Ажлаа хүлээлгэж өгөөд Ховд аймагт очоод сум орон нутаг руу ажилладаг байсан. Нэг удаа залгасныг нь анзааралгүй байж байгаад Цагдаагаас дуудаад та ийм хэрэгтэй болсон байна гээд Эрдэнэ сумын байцаагч мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Р.Цын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би төсөвт байгууллагуудын гүйлгээг хийж байгаад программ гацсаны улмаас тус сумын хүн эмнэлгийн төвийн халаадны үнэ болох 1,320,000 төгрөгийн гүйлгээг хийх гэж байгаад Эрүүл мэндийн төвийн багийн эмч Э.Хийн ... гэсэн данс руу андуурч хийсэн юм. Тэгээд тухайн үед сумын баяр наадам эхлээд ажилтай, баярын амралтууд эхэлсэн тул анзааралгүй орхиод 2022 оны 07 дугаар сарын сүүлээр мэдсэн юм. Тэгээд Э.Хтой утсаар ярихад, тэгсэн байна лээ гэхдээ би тэр мөнгийг чинь хэрэглэчихсэн. Тэр мөнгийг чинь төлнө гэж хэлсэн юм. Тэгээд 08 дугаар сарын амралтын мөнгийг бодож суутгаж 550,000 төгрөг аваад бусад мөнгийг буюу 770,000 төгрөгийг авалгүй үлдээсэн боловч утсаа авалгүй байж байгаад, ажлаа хаяад явчихсан юм. Иймд би 770,000 төгрөгөө олж авч байгууллагын дансанд хийхгүй бол Эрүүл мэндийн төвийн жилийн эцсийн тайланд авлага үүсээд байна...” гэх мэдүүлэг /ХХ27/,
Хохирогч Р.Цын мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Э.Х 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 770,000 төгрөгийг манай Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн ... тоот дансанд хийсэн байсан учир гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ29/,
Гэрч Т.Гн мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн... ХХК-ны Хас банкны ... данс руу 1,320,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Уг мөнгийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрийн сангийн төлөөлөгч андуурч манай байгууллагын ажилтан Э.Хийн ... тоот данс руу уг мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын сүүлээр мэдээд Э.Хийн цалингаас 290,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын амралтын мөнгөнөөс 260,000 төгрөг нийт 550,000 төгрөг суутгаж авсан. Одоогоор манай байгууллага уг хүнээс 770,000 төгрөг авахаар болоод байна. Уг мөнгөө асуухад би хэрэглэсэн байгаа тул одоо төлнө гэж хэлсэн байгаа. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөхдөө 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үлдсэн мөнгөө хийнэ гээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ32-33/,
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нябо журналын мөнгө шилжүүлсэн талаарх баримт /ХХ4/,
Э.Хийн Хаан банк ХХК дахь эзэмшлийн ... дугаартай дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ16-20, 59-68/,
Э.Хийн 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн ... тоот дансанд 770,000 төгрөг хийсэн талаарх шилжүүлгийн баримт /ХХ52/,
Э.Хийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би энэ тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор өмгөөлөгч авахгүй. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1,320,000 төгрөгийг миний Хаан банкны ... тоот дансанд орсон бөгөөд тухайн өдөр 5 дахь өдөр байсан. Би мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би тухайн мөнгийг ашиглаж 400,000 төгрөгийг гар утасны төлбөрт өгч, үлдсэн мөнгийг ойр зуурын хэрэгцээндээ зарцуулсан. Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч буюу нягтлан Ганчимэг хэсэг хугацааны дараа над руу яриад 1,320,000 төгрөгийг андуураад хийсэн байна гэж хэлээд 550,000 төгрөгийг суутгаад авчихлаа үлдэгдэл мөнгийг нь хийгээрэй гэж хэлсэн. Одоо үлдэгдэл 770,000 төгрөг буцааж төлнө гэсэн... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу эмнэлгийн хохирлын мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг /ХХ47рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Хийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Р.Цд 1,320,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулсан хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Р.Цд хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Э.Хийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Э.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Хид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Хид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА