| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Дид холбогдох 2316000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... регистрийн дугаартай, А овгийн Ч.Д.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Дийг 2023 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Долоон тоорой гэх нэртэй газарт Г.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж газар унаган өшиглөх, нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, эрүүний зүүн талд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цогт сумын Долоон тоорой гэх нэртэй газарт Г.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж газар унаган өшиглөх, нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, эрүүний зүүн талд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Дээрх үйл баримтын улмаас Г.Сгийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ч.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...02 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагт Баянтооройгоос гарах гээд Г.Сгийн юмыг ачаад машиндаа орж суугаад миний ард суугаад янз бүрээр доромжлоод яваад байсан. Явж байгаад “Долоон тоорой” гэх газарт машин эвдрээд зогссон. Тэгээд намайг хаалгаа хаачих гэхээр нь “та чинь ямар сонин юм бэ, яагаад намайг янз бүрээр доромжлоод байгаа юм бэ” гэхэд “чи юу гэж хэлээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Г.С машинаас буугаад гарч ирэхээр нь би тэрлэгийн хормойноос барьж аваад толгой нүүр хэсэг рүү нь нэг цохисон. Тэгээд байж байтал буцаад явган Баянтоорой руу явна гээд уйлаад байхаар нь жолооч Ихбаяр авч ирж машинд саатуулсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед хөдөө гэр лүүгээ явахаар болоод Ихбаяр гэдэг хүний машинд суусан. Тухайн машинд Ч.Д, Ариунбат, Ихбаяр, түүний эхнэртэй нь хамт цуг явсан. Тэгээд замдаа явж байтал машин эвдэрсэн. ...гаднаас Ч.Д хаалгыг онгойлгож, шууд татаж буулгаад газар унагаагаад өшиглөн миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд өмсөж байсан тэрлэгнээс зулгааж аваад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ24-25/,
Гэрч А.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой нөхөр болох Ихбаяр бид хоёр хөдөө явах гээд Ч.Дийг суулгаж аваад Г.С явна гэж хэлсэн болохоор цуг дагуулаад явах гээд орой 21 цагийн үед гэрийнхээ гадаа нь очиж суулгаж аваад хөдөө гэр лүүгээ хөдөлсөн. Тэгээд замдаа хөдлөөд явж байхад Г.С нь Ч.Дийг муухай үг хэрэглээд загнаад байсан. Тэгээд явж байгаад тосгоноос холдоогүй байхад машин эвдэрсэн. Манай нөхөр машинаа засах гээд янзалж байсан. Тэгээд Ч.Д хаалгаа нээх гээд Г.С нь наад хаалгаа хаа би даараад байна өмхий санаатай шээснүүд гэсэн, тэгсэн чинь Ч.Д уурлаад түрүүнээс хойш чи намайг дүлий гэж бодсон уу ар талд суучхаад янз бүрээр хүн доромжлоод гээд уурласан чинь Г.С чи тэгвэл намайг алаадах гэж гэж хэлээд урдаас нь толгойгоо савлаад байсан чинь Ч.Д тэрлэгнээс нь татаж буулгаад гараараа нүүр лүү нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /ХХ02-03/,
Говь-Алтай аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №42 дугаартай “...Г.Сгийн биед тархи доргилт, зүүн хацар, эрүүний зүүн талд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Сгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ14-15/,
Ч.Дийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би та яагаад намайг түрүүнээс хойш янз бүрээр хэл амаар доромжлоод байгаа юм бэ? Гэж хэлэхэд урдаас чи тэр манай нөхөрт хэлэхгүй яасан юм гэж дайрсан. Тэгэхээр нь би очиж танай нөхөрт таныг аваад яв гэж хэлсэн. Өөрөө явахгүй байсан гэж хариулсан. Тэгсэн Г.С нь гэнэт намайг алаадах, цохиодох гээд дайрахаар нь миний уур бухимдал хүрээд, тэрлэгнээс нь татаж өөртөө ойртуулаад, нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авсан юм...” гэх мэдүүлэг /ХХ36-37/,
Хохирогч Г.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ч.Дид зодуулснаас болоод Говь-Алтай аймгийн эмнэлгийн байгууллагад хандсан. Надад санал байхгүй одоо эмнэлэгт болон эмчилгээний байгууллагаар явсан зардал хохирлоо бүрэн нэхэмжлэн гаргуулж авсан. Одоо надад гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх хүсэлт /ХХ66/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Дийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас Г.Сгийн эрүүл мэндэд хохирол учирсан ба Ч.Д нь хохирогч Г.Сгийн эмчилгээний зардалд 735,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогч Г.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ч.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г.Сд хохирол төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ч.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Дид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА