| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 184/2019/01484/И |
| Дугаар | 001/ХТ2021/01135 |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01135
Б.Амарсанаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02446 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаар магадлалтай,
Б.Амарсанаагийн нэхэмжлэлтэй,
Г.Оюунзаяад холбогдох,
2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй ,
Зээлийн гэрээний үүрэгт 63,600,000 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байр 216 тоот орон сууцаар зээлийн үүргийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Амарсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Болдбаатар овогтой Амарсанаа надад 20,000,000 төгрөгний шаардлага гарч өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13-р хороолол 22а байр 216 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000641244 дугаартай, Ү-2204000166 дугаартай нэг өрөө орон сууцыг барьцаанд тавих шаардлага гарч, уг байраа барьцаалах 20,000,000 төгрөгийг Ганбаатар овогтой Оюунзаяагаас авах байраа барьцаалан зээл авах гэтэл Г.Оюунзаяа болон түүний нөхөр Т.Оюунбаатар нар нь орон сууц барьцаалж зээл олгохдоо заавал бид байрыг чинь нэр дээрээ болгож байж 20,000,000 төгрөгийг чинь өгнө гээд байхаар нь нотариатч дээр очиход нотариатч Н.Оюун нь 20,000,000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохгүй, 30,000,000 төгрөгнөөс дээш бол болно гэсэн. Тэгтэл Оюунзаяа нь та нарт мөнгө хэрэгтэй байгаа юм чинь 30,000,000 төгрөг авчихгүй юу даа, үндсэн мөнгө хүүгээ төлөөд хугацаандаа авахад болно шүү дээ, байрыг чинь зарж үрэхгүй бусдад шилжүүлэхгүй битгий санаа зов гэсэн. Аргагүйн эрхэнд Г.Оюунзаяатай 2018.5.01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 30,000,000 төгрөг авсан. Тэгээд 20,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор амаар тохирсон. Тэгээд 2018.5.01-ний өдөр Г.Оюунзаяа нь манай эхнэр Дашдунгарын Гантуяагийн Хаан банкны 5020854842 тоот данс руу 20,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгөөр нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр дор нь 2018 оны 06 болон 07 сарын хүү гээд 4,800,000 төгрөг, мөн Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татвар гээд 740,000 төгрөгийг нэмээд хийчих, би өөрөө тушаагаад нэр дээрээ болгочихно гээд нийт 5,540,000 төгрөгийг Г.Оюунзаяа нь өөрийн нөхөр Т.Оюунбаатарын Хаан банкны 5018071001 тоот данс руу хйилгэсэн. Үүнээс хойш байрны зээлийн хүүнд үндсэн хүү болох 2,400,000 төгрөг, 1 өдрийн алданги 60,000 төгрөг хий гэсний дагуу 2018.08.02-ны өдөр 2,460,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018.09.05-ны өдөр үндсэн хүүнд 2,400,000 төгрөг, 4 хоногийн алданги 240,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг тус тус хүү, алданги бодож Г.Оюунзаяагийн нөхөр Т.Оюунбаатарын Хаан банкны 5018071001 данс руу шилжүүлсэн. Миний бие нийт 10,640,000 төгрөгийг орон сууц барьцаалсан зээлд төлсөн. Үүнээс хойш төлж чадахгүй байсан тул Г.Оюунзаяа болон түүний нөхөр Т.Оюунбаатар нар нь удаа дараа утсаар болон биечлэн уулзаж 2019.03.01 гэхэд байраа суллаж өг, өгөхгүй бол хэдэн залуус явуулж байрыг чинь хүчээр суллуулна гээд байнга загнаж дарамталж байна. Уг байранд миний эмэг эх 87 настай Балганы Шилбазар амьдардаг болно. Миний бие анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Оюунзаяад худалдах хүсэл зорилго байгаагүй. Зөвхөн орон сууц барьцаалж 20,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байсан. 30,000,000 төгрөгийн зээл авах хүсэл зорилго байгаагүй. Иймд бидний байгуулсан 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Оюунзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 1. Б.Амарсанаагаас 2018.05.01-ний өдрийн зээлийн үүрэгт нийт 63,600,000 төгрөгийг гаргуулах, 2. Б.Амарсанаагийн 2018.05.01-ний өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Оюунзаяагийн нэр дээр шилжүүлсэн БЗД-ийн 18-р хороо 22А байр 216 тоот /30 сая төгрөгийн үнэлгээтэй/ байраар зээлийн үүргийг хангуулах, Болдбаатар овогтой Амарсанаа болон эхнэр Дашдунгар овогтой Гантуяа нар нь анх нөхөр Т.Оюунбаатарын фэйсбүүк рүү байраа барьцаалж 30 сая төгрөгийн зээл авах гэсэн юм гэж холбогдсоны дагуу нөхөр Т.Оюунбаатар 13-р хороололд байх байрыг нь очиж үзээд танай байран дээр 15 сая төгрөгийн зээл гарах юм байна гэхэд Амарсанаа болон Гантуяа нар Солонгос руу 50 гаруй хүн гаргах гээд 30 сая төгрөг дутчихаад байна, 2 юм уу 3 сарын дотор төлөөд дуусчихна, хүү, алданги үндсэн мөнгөн дээр санаа зоволтгүй эргэн төлөлт бол найдвартай, итгэхгүй байгаа бол байраа нэр дээр чинь шилжүүлчихье, харин мөнгөний гүйлгээний утга дээрээ зээл гээд биччихээрэй гэсэн. Ингээд Б.Амарсанаа нь 2018.05.01-ний өдөр 30 сая төгрөг 1 сарын 8 хувийн хүүтэй 2018.05.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай харилцан тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулж өгсөн. Харин хүү болон үндсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй бол өдрийн 60,000 төгрөгний алданги тооцохоор амаар харилцан тохиролцсон. /Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ нөхцөл байдлыг тодорхой дурдсан/ Б.Амарсанаагийн 2018.05.01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дараах зүйлийг тусгасан. Үүнд: Болдбаатар овогтой Амарсанаа миний бие БЗД-ийн 18-р хороо 22А байр 216 тоот байраа барьцаалж 30 сая төгрөг зээлж байгаа бөгөөд сарын 8 хувийн хүү болох төлбөр 2,400,000 төгрөг, үндсэн төлбөрөө харилцан тохиролцсон хугацаа болох 2019.05.01 хүртэлх цаг хугацаанд төлөх болно. Хэрвээ төлж барагдуулахгүй бол /цаг хугацаандаа/ тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж өөрийн хүсэл зоригийг тодорхой, ойлгомжтой бичиж өгсөн учраас миний бие хүлээн зөвшөөрсөн. Ингээд миний бие Б.Амарсанаагийн эхнэр Гантуяагийн дансанд Оюунзаяа миний бие Оюунзаяагаас зээл гэсэн гүйлгээний утгатайгаар 20 сая+10 сая нийт 30 сая төгрөг шилжүүлсэн. Б.Амарсанаа түүний эхнэр Гантуяа нар 2018 оны 06-р сар, 07-р сарын хүүг урьдчилаад шилжүүлчихье гээд нөхөр Оюунбаатарын хаан банкны 5018071001 тоот дансанд 2018 оны 06-р сар, 07-р саруудын хүү 4,800,000 төгрөг болон Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын 2 хувь болох 600,000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээний үнэ болох 40,000 төгрөг, нийт 5,440,000 төгрөгийг шилжүүлсэн. 2018.08.02-нд Амарсанаа нь 8-р сарын хүү болох 2,400,000 төгрөгийг 1 өдрийн алданги болох 60,000 төгрөгийн хамт нийт 2,460,000 төгрөгийг нөхөр Оюунбаатарын данс руу шилжүүлсэн. 2018.09.05-нд 9-р сарын хүү болох 2,400,000 төгрөгийг 4 өдрийн алданги болох 240,000 төгрөгийн хамт нийт 2,640,000 төгрөгийг мөн нөхөр Оюунбаатарын данс руу шилжүүлсэн. 2018 оны 10 сараас хойш одоог хүртэл Амарсанаа нь тохирсон ёсоор хүү, алданги огт шилжүүлээгүй, үндсэн зээлээ ч төлөөгүй бөгөөд Амарсанаа болон Гантуяа нар луу утасдаж авсан мөнгөө төлөхийг шаардахад 7 хоног хүлээчих, ...дараа сар зээлээ нэг мөсөн хаана гэж ярьсаар өдийг хүрсэн. Бидний зүгээс утсаар л мөнгөө төлөхийг шаардаж байснаас биш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тохиолдол байхгүй болно. Сүүлдээ манай нөхөр Оюунбаатарын утас руу 80941227 гэсэн дугаараас Амарсанаа, Гантуяа нарын ах үл таних хүн яриулж дарамталдаг болсон бид энэ дарамталсан асуудал дээр гомдолтой байна. Б.Амарсанаагийн 2018.05.01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.Амарсанаагийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22А байр 216 тоот байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Б.Амарсанаатай харилцан ярилцаж 30 сая төгрөгөөр байрыг үнэлж, хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.Амарсанаа хугацаандаа биелүүлэхгүй, үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.Оюунзаяа надад шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр шилжүүлэн авахаар тохиролцож 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан улмаар улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Оюунзаяа миний нэр дээр шилжсэн болно. 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн эрх шилжүүлэн авч буй миний гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг БЗД-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан миний мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул миний нэр дээр тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2018.05.01-ний өдөр миний нэр дээр бичигдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж заасан учир тус байрны өмчлөгчөөр намайг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр тул байрыг миний бие өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар Амарсанаа болон түүний эхнэр Гантуяа нараас авах ёстой үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүүнд 2018.10.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэлх нийт 8 сарын хүү болох 2,400,000 төгрөг*8 сар=19,200,000 төгрөг, алдангид 2018.10.01-ний өдрөөс 2019.05.01-ний өдрийг хүртэлх нийт 8 сарын алданги өдрийн 60,000 төгрөгөөр тооцоход 60*240,000 =14,400,000 төгрөг, нийт үндсэн зээл 30,000,000 төгрөг+хүү 19,200,000 төгрөг + алданги 14,400,000 = 63,600,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байна. Б.Амарсанаа болон Д.Гантуяа нар дээрх 63,600,000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлээ буцаан шаардах эрхгүй, өөрөөр хэлбэл зээлсэн мөнгө тогтоосон хугацаанд төлж чадаагүй тул зээлийн гэрээнд заасан байрны өмчлөх эрх Г.Оюунзаяа миний нэр дээр хүчин төгөлдөр үргэлжлэх болзолт нөхцөл бүрдсэн хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Б.Амарсанаа нь 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус болгох нэхэмжлэл гаргаж байгаа тул бид сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Амарсанаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Амарсанаа надад холбогдуулан 2018.05.01-ний өдрийн зээлийн үүрэгт 63,600,000 төгрөг гаргуулах буюу Г.Оюунзаяагийн нэр дээр шилжүүлсэн Б.Амарсанаа миний БЗД-ийн 18-р хороо 22А байр 216 тоот байраар зээлийн үүргийг хангуулахаар тус шүүхэд Г.Оюунзаяа нь сөрөг нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018.05.01-ний өдөр Т.Оюунбаатар, Г.Оюунзаяа нарт 20 сая төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалж мөнгө зээлмээр байна гэхэд Г.Оюунзаяа болон түүний нөхөр Т.Оюунбаатар нар нь бид орон сууц барьцаалж зээл олгохдоо заавал байрыг чинь өөрийн нэр дээрээ болгож байж 20,000,000 төгрөг өгнө гээд байхаар нь нотариатч дээр очиход нотариатч Н.Оюун нь 20,000,000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж болохгүй, үнийн дүн нь хэт бага байна. 30,000,000 төгрөгөөс дээш байвал болно гэсэн. Тэгээд заавал орон сууцаа Г.Оюунзаяагийн нэр дээр болгож байж мөнгө зээлэх юм байна гэж ойлгоод аргагүйн эрхэнд 20,000,000 төгрөг бус Г.Оюунзаяагийн хүсэлтээр 30,000,000 төгрөгийг түүнээс зээлсэн. Тэр даруйдаа 06, 07 дугаар сарын хүү болох 4,800,000 төгрөг, мөн Үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын татвар гээд 740,000 төгрөгийг нэмээд хийчих би өөрөө тушаагаад нэр дээрээ болгочихно гээд нийт 5,540,000 төгрөгийг Г.Оюунзаяа нь өөрийн нөхөр Т.Оюунбаатарын Хаан банкны 5018071001 тоот данс руу хийлгэсэн. Үндсэн хүү болох 2,400,000 төгрөг, 1 өдрийн алданги 60,000 төгрөг хий гэсний дагуу 2018.08.02-ны өдөр 2,460,000 төгрөг шилжүүлсэн. 2018.09.05-ны өдөр үндсэн хүүнд 2,400,000 төгрөг, 4 хоногийн алданги 240,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг тус тус хүү алданги бодож Г.Оюунзаяагийн нөхөр Т.Оюунбаатарын Хаан банкны 5018071001 данс руу шилжүүлсэн. Миний бие нийт 10,640,000 төгрөгийг орон сууц барьцаалсан зээлд төлсөн. Г.Оюунзаяад анх байраа барьцаалаад 20,000,000 төгрөгийн зээлийг 2018.05.01-ний өдөр хүсэхэд зээлийн гэрээ байгуулахгүй, зүгээр тодорхойлолт бичээд өгчих гэхэд эхнэр Д.Гантуяа нь тодорхойлолт бичиж миний бие гарын үсэг зурсан. Тэгээд уг тодорхойлолтыг Г.Оюунзаяа нь авсан. Надад уг тодорхойлолтын 1 хувь нь байхгүй болно. Дээрх тодорхойлолтонд хэрвээ цаг хугацаандаа төлж барагдуулахгүй тохиолдолд байраа хүлээлгэж өгөхөд гомдолгүй гэж заавал бич гэж Г.Оюунзаяа нь хэлж өгсний дагуу бичсэн. Миний бие анхнаасаа өөрийн өмчлөлийн орон сууцаа Г.Оюунзаяад 30,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зорилго байгаагүй. Зөвхөн орон сууц барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөг л зээлэх зорилготой байсан. Хэрэв Г.Оюунзаяа нь надтай хуулийн дагуу орон сууц барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан бол миний бие 30,000,000 төгрөг бус 20,000,000 төгрөг л авах байсан. Үүнийг Г.Оюунзаяа, Т.Оюунбаатар нар мэдэж байгаа. Миний бие нь 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж ойлгож байгаа бөгөөд хууль бусаар Г.Оюунзаяагийн өмчлөлд шилжсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18-р хороо 13-р хороолол 22А байр 216 тоотод байрлах 18 м.кв талбайтай Ү-2204000166 дугаартай орон сууцаа өөрийн өмчлөлдөө авах хүсэлтэй байна. Түүнчлэн Г.Оюунзаяа нь эхнэр Д.Гантуяа бид хоёроос 63,600,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж ойлгож байна. Миний бие үндсэн зээл 30,000,000 төгрөгөөс 10,640,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 19,360,000 төгрөгийг төлөх болно гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02446 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амарсанаа, хариуцагч Г.Оюунзаяа нарын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амарсанаагаас 29.360.000 /хорин есөн сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.Оюунзаяад олгож, сөрөг шаардлагаас үлдэх 34.240.000 /гучин дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 18 хороо 22 А байр 216 тоот орон сууцаар хангуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амарсанаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Оюунзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 308.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Г.Оюунзаяагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304.750+475.950=780.700 төгрөгнөөс 542.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Амарсанаагаас улсын тэмдэгтийн хураамжид 304.750 төгрөгийг, илүү төлсөн 237.750 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, Г.Оюунзаяад тус тус олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2019/02446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Амарсанаа, Г.Оюунзаяа нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 216 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Б.Амарсанаагийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Оюунзаяад даалгасугай. гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019.09.27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/02446 тоот шийдвэр, 2019.12.13-ны өдрийн НИХДЗШШ-ийн 2092 тоот магадлалтай иргэний хэрэгт эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хүрээнд магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үндэслэл нь: Магадлалд Талууд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд орон сууц барьцаалах хүсэл зоригоо худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар илэрхийлснийг шүүх Иргэний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь зөв байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Б.Амарсанаагийн 2018.05.01-ний өдөр бичгээр бичсэн гар бичмэлд дурдсаны дагуу зээлийн үүргийг хангах баталгаа болгон Б.Амарсанаагийн өмчлөлийн БЗД-ийн 18-р хороо 13-р хороолол, 22А байр 216 тоотод байрлах 18 м.кв 1 өрөө байрыг Б.Амарсанаатай харилцан ярилцаж 30 сая төгрөгөөр байрыг үнэлж, хэрэв зээлийн гэрээний үүргээ Б.Амарсанаа хугацаандаа биелүүлэхгүй үүргээ зөрчсөн бол байрны өмчлөх эрхийг Г.Оюунзаяад шилжүүлэх болзолт нөхцөлтэйгээр шилжүүлэн авахаар тохиролцож 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан улмаар улсын бүртгэлд бүртгүүлж байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Оюунзаяагийн нэр дээр шилжсэн болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна, 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, 24 дүгээр зүйлийн 24.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана, 24.3-т өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй, 18 дугаар зүйлийн 18.5-д бүртгэлийн гэрчилгээ нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно гэж тус тус зааснаар Г.Оюунзаяа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар холбогдох журмын дагуу худалдах, худалдан авах гэрээ, мэдүүлэг, татвар төлсөн баримтыг тус тус бүрдүүлж байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. 2018.05.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г үндэслэн эрх шилжүүлэн авч буй миний гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг БЗД-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээг надад олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан миний мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул миний нэр дээр тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ 2018.05.01-ний өдөр миний нэр дээр бичигдсэнээр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж заасан учир тус байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр хангах хууль зүйн үндэслэлтэй. Иймд 2019.12.13-ны өдрийн НИХДЗШШ-ийн 2092 тоот магадлалд өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Амарсанаа нь хариуцагч Г.Оюунзаяад холбогдуулан 2018.5.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Г.Оюунзаяа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүнд 19,200,000 төгрөг, алдангид 14,400,000 төгрөг, нийт 63,600,000 төгрөг гаргуулах, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон Г.Оюунзаяагийн нэр дээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 216 тоотын 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж буюу Б.Амарсанаагаас зээлийн төлбөрт 29,360,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Оюунзаяад олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Амарсанаа, Г.Оюунзаяа нарын хооронд 2018.5.01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 216 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Б.Амарсанаагийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Оюунзаяад даалгасугай гэж өөрчилжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Амарсанаа нь Г.Оюунзаяагаас 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн байх бөгөөд зээлдэгч тухайн өдөртөө 2018 оны 6, 7 дугаар сарын хүү болох 4,800,000 төгрөгийг орон сууц борлуулсны татвар 600,000 төгрөг, байрны гэрчилгээний үнэ 40,000 төгрөгийн хамт нийт 5,440,000 төгрөгийг зээлдүүлэгчийн нөхөр Т.Оюунбаатарын Хаан банкны 5018071001 тоот данс руу шилжүүлсэн, улмаар 2018 оны 8 дугаар сарын хүү, алдангид 2,460,000 төгрөг, 9 дүгээр сарын хүү, алдангид 2,640,000 төгрөгийг тус тус төлсөн нь тогтоогдсон, зохигч эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
Нэхэмжлэгч ...30,000,000 төгрөгийг хариуцагч Г.Оюунзаяагаас зээлсэн, ...зээлдүүлэгч нь зээлээ төлж дуустал орон сууцаа худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлчих, орон сууцыг зарж үрэхгүй, бусдад шилжүүлэхгүй гэсэн тул 2018.5.01-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны гэрчилгээг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн. ...орон сууцаа худалдах хүсэл зориг байгаагүй гэж маргажээ.
Талуудын хооронд 2018.5.01-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Б.Амарсанаа нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 216 тоот, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Г.Оюунзаяад 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байх боловч зохигчийн тайлбар, зээл эргэн төлсөн баримтууд болон бусад нотлох баримтуудаар гэрээний талууд тухайн гэрээг, орон сууцыг 30,000,000 төгрөгийн зээлийн барьцаа болгох зорилгоор байгуулсан нь тогтоогдсон байна.
Шүүхүүдийн ...талууд зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд орон сууцыг барьцаалах хүсэл зоригийн илэрхийллийг худалдах, худалдан авах гэрээ хэлбэрээр байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж дүгнэн, Б.Амарсанаа, Г.Оюунзаяа нарын хооронд байгуулсан 2018.5.01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа тухайн хэлцлийн үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн нь үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн хоёр шатны шүүхийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, зээлдэгчийн зээлийн хүү, алдангид тухайн үед зөвшөөрч төлсөн нийт 9,900,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй гэсэн дүгнэлт, мөн хариуцагч нь 2018 оны 10 сараас хойшхи хугацааны зээлийн хүү, алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэн, үндсэн зээлийн 30,000,000 төгрөгөөс Б.Амарсанаагийн илүү төлсөн 640,000 төгрөгийг хасч тооцон, нийт 29,360,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгон, бусад 34,240,000 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Оюунзаяагийн нэр дээр шилжүүлсэн орон сууцаар хангуулах тухай сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.
Иймээс магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ