Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/02

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

Прокурор Д.Ганцэцэг

Шүүгдэгч О.А

Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор О.А, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1826000000158 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, Жижигийхэн овогт О.А,

Монгол Улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Co овогт Н.Б

О.А нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр 12 дугаар гудамжны 1 тоотод оршин суух иргэн Л.Т-н амбаараас 70 метрийн урттай цахилгааны утсыг хулгайлж 245000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Н.Б-тэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, хүнс, барааны захын хойно байрлах “Лаки” дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр байсан иргэн Ц.Б-н эзэмшлийн “Соната-5” маркын автомашинаас хүүхдийн хувцас хулгайлж 356000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр О.А-тэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр хүнс, барааны захын хойно байрлах “Лаки” дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр байсан иргэн Ц.Б-н эзэмшлийн улсын дугаартай “Соната-5” маркын автомашинаас хүүхдийн хувцас хулгайлж 356000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Жижигийхэн овогт О.А, Co овогт Н.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.А-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Б-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялыг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, О.А-гийн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Агийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн SOMEI DVD-R 4.7 GB 120 MIN 16х гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг DVD, цагаан өнгийн CD 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие өндөр настай ээжтэйгээ хамт амьдарч, асардаг. Би  өөрөө нас тогтож яваа учир дахин ийм үйлдэл гаргахгүй тул надад оногдуулсан ялаас хасч хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.   

Прокурор Д.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

О.А нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Л.Т-н амбаараас 70 метрийн урттай цахилгааны утсыг хулгайлж 245000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Н.Б-тэй бүлэглэн “Лаки” дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр байсан иргэн Ц.Бямбацэрэнгийн эзэмшлийн “Соната-5” маркын автомашинаас хүүхдийн хувцас хулгайлж 356000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Б нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр О.А-тэй бүлэглэн “Лаки” дэлгүүрийн гаднах автомашины зогсоол дээр байсан иргэн Ц.Б-н эзэмшлийн 49-61 ӨВА улсын дугаартай “Соната-5” маркын автомашинаас хүүхдийн хувцас хулгайлж 356000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Т-н...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17-18 цагийн үед гэрлийн утсаа тавиулах гээд гэртээ ороход манай байшингийн тамбар дотор байсан цахилгааны хар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд маргааш нь дэлгүүрийн камераа шүүхэд намайг дэлгүүр дотроо сууж байх хойгуур манай байшингийн тамбар руу гаднаас нэг хүн шууд нэвтэрч ороод үүдэнд байсан гэрлийн утас бариад гарч байгаа нь бичигдсэн байсан...гэх /хх-ийн 113-114 хуу/, хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг 40 минутын үед байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнс, барааны захын хойд талын уулзварын баруун талын “Лаки” дэлгүүрийн урд талын зогсоол дээр байсан “Соната-5” маркын автомашины арын суудал дээр тавьсан байсан хар саарал өнгийн цүнхтэй барааг алдсан. Миний автомашины түгжээ эвдэрсэн, машинаа түгжээгүй байсан... гэх /хх-ийн 51-52 хуу/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн /хх-ийн 34-35 хуу, 41-42 хуу, 115-116 хуу/ мэдүүлгүүд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэргийн ул мөрийг агуулсан бичиглэл бүхий CD, DVD зэрэг хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.А-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,  Н-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Агийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүгдэгч О.А-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

О.А, Н.Б нарт шинжээч томилох тогтоол танилцуулахдаа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байж яллагдагч гэж гарын үсэг зуруулсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Цагдаагийн газрын хуулбар үнэн гэсэн дардас дарсан, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй, хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар нь хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар О.А-гийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.