Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0208

 

 

 

 

 

 

С аймгийн У сумын

Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э

Нэхэмжлэгч: С аймгийн У сумын Монгол Ардын намын хороо

Хариуцагч: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: С аймгийн У сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.Б, түүний өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 122/2025/0002/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С аймгийн У сумын Монгол Ардын намын хорооноос “С аймгийн У сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.4, 17 дугаар зүйлийн 17.3.4, 73 дугаар зүйлийн 73.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С аймгийн У сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг ханган, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай 34 дүгээр тогтоолын хавсралтын 16-д бичигдсэн Ашигт малтмал газрын тосны газрын-ын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

1. “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Нэр дэвшигчийн дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 32.1.2-т “Энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй, 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож нийтэд мэдээлнэ” гэж заасан байтал А.Б нь нэр дэвшигчээр бүртгэгдэж улмаар төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсоноор тус тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн төлөөлөгчөөр сонгогдох эрх зөрчигдсөн гэсэн нэхэмжлэх гаргасан.

2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... дахин нотлохгүй”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д ... эсхүл уг нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан бол ... шүүх нэхэмжлэх хүлээж авахаас татгалзана гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 122/ШЗ2024/0124 дүгээр захирамжаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ..., Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дугаар хэсэг ..., У сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 дүгээр тогтоолын хавсралтын 16-д бичигдсэн Ашигт малтмал газрын тосны газрын-ын Б-д холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/ШТ2024/0890 тоот тогтоолоор анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. Өмнө нь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хүлээн авч шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3. Хэрэв нэр дэвшигч А.Бг сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Шүүх тогтоох хэсэгтээ энэ заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөнийг тогтоох ёстой.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, гуравдагч этгээдийн гомдолд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

2.1. Нэхэмжлэгч С аймгийн У сумын Монгол Ардын намын хорооноос Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “С аймгийн У сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага,

Гуравдагч этгээд А.Бгаас “У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ардчилсан намаас нэр дэвшигч А-ын Б-г түр түдгэлзүүлэх тухай 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус гарган маргасан байна.

 

2.2. С аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нэр дэвшигчдийг бүртгэж улмаар санал хураалтад Ардчилсан намаас нэр дэвшигч А.Б өрсөлдөж, хамгийн олон санал авснаар тус хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор намуудаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийг У сумын иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

 

2.3. Харин нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу С аймгийн У сумын Сонгуулийн хороо 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 36 дугаартай тогтоол гаргаж, Ардчилсан намаас нэр дэвшигч А.Бг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаартай тогтоолоор уг тогтоолоо өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

2.4. Үүний дараа С аймгийн У сумын Монгол Ардын намын хороо, У сумын 4 дүгээр багийн иргэн Г.Ч нараас С аймгийн У сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “А.Бг тус сумын 4 дүгээр багт Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэсэн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 тоот тогтоолын А.Бд холбогдох хэсгийг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 тоот тогтоолын хавсралтын 16 дугаарт байгаа А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх “...нэр дэвшигчээр бүртгэсэн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 27 тоот тогтоолын А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр, харин мөн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 34 тоот тогтоолын А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий этгээдэд хандаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221/ШТ/2024/0890 дугаартай тогтоолоор хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2.5. Улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр Сүхбаатар аймгийн Сонгуулийн хороонд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан байх бөгөөд тус хорооны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/33 дугаартай албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар хариу хүргүүлсний дагуу С аймгийн У сумын Монгол Ардын намын хорооноос дээрх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

 

3. Нэхэмжлэгчийн С аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3.1. Анхан шатны шүүх “...Нэр дэвшигч А.Б нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө С аймгийн У сумын 2 дугаар баг /Жаргалант/-д оршин сууж байсан боловч тэрээр 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр У сумаас Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол *** байр, **** тоот хаягт шилжиж, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр У сумын 2 дугаар баг /Жаргалант/-д шилжин ирж бүртгүүлснээр тухайн нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад хариуцагч түүнийг нэр дэвшигчээр бүртгэж, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэр гаргасан нь хууль бус...” гэж дүгнээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.4, 17 дугаар зүйлийн 17.3.4, 73 дугаар зүйлийн 73.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй”, 73 дугаар зүйлийн 73.3-д “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ” гэж хариуцагчийн эрх, үүргийг болон тухайн орон нутагт нэр дэвшигчийн оршин суух хугацаа, мөн байнгын оршин суугч этгээдийг тодорхойлон зохицуулсан байна.

3.3. Гуравдагч этгээд буюу нэр дэвшигч А.Бгийн хувьд 1993 онд Хөдөө Аж ахуйн Их сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөж, 1995 онд У суманд Мал эмнэлгийн тасагт тасгийн эрхлэгчээр томилогдон, 1999 онд Улсын мал эмнэлэг хувьд шилжсэнээр “ХБ” нэртэй хувийн мал эмнэлэг байгуулснаас хойш одоог хүртэл тус суманд мэргэжлээрээ 30 дахь жилдээ ажиллаж амьдарсан байна. Харин шилжсэн гэх 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд бодит байдлаар тус сумаас шилжин нүүгээгүй, ажил үүргээ гүйцэтгэн амьдарч байсан болох нь Сүхбаатар аймгийн мал эмнэлгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 25-2/10 тоот, тус сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 тоот албан бичгүүд, 2024 оны 04 дүгээр сарын 20, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрүүдийн малд тарилга хийсэн актууд, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “ХБ” мал эмнэлгийн малд тарилга хийсэн нэгтгэл, Мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч Ж.С-ийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх төдийгүй нэр дэвшигч А.Б нь тухайн хугацаанд шилжилт хөдөлгөөн хийсэн шалтгаанаа “...банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан машиныхаа зээлийг бага хүүтэй мөнгө авч төлөх зорилгоор тухайн үед Голомт банкнаас 24 сарын хугацаатай тэтгэврийн зээл хөөцөлдөхөөр суманд тус банкны салбар байдаггүй учир хотод хүүхдийнхээ амьдардаг хаяг руу түр шилжилт хийлгэсэн хэдий ч сумандаа амьдарч, ажлаа хэвийн хийж байсан...” гэж шүүхэд мэдүүлсэн байна.

 

3.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум ...т шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, ... иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлснийг байнга оршин суугч байхаар зохицуулсан нь орон нутгийн удирдах байгууллагын төлөөлөлд нэр дэвших эрх нь иргэнд сонгууль болохоос 6 сарын өмнө нэр дэвших орон нутагтаа шилжин оршин сууж, нутаг орны цаг уур, эдийн засгийн болон хүн амын амьдралын түвшин, нөхцөл байдлыг таньж мэдэх, өөрийгөө нутгийн иргэдэд таниулах, тодорхой хэмжээгээр орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжит хугацааг тодорхойлсон гэж ойлгохоор байна.

 

3.5. Харин нэр дэвшигч А.Б нь тус аймгийн У суманд 30 гаран жил тасралтгүй ажиллаж амьдарч нутгийн иргэдэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөнөөр С аймгийн У сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэн 4 дүгээр тойрогтоо хамгийн олон санал авч, тус аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор нэр дэвшигч А.Бг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон, мөн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор “А.Бг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй” болгосон нь дээрх хуульд заасантай нийцэж байх тул хариуцагчийн уг шийдвэрүүдийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

3.6. Анхан шатны шүүх маргааны үйл баримт болон хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг иргэд өөрсдөө сонгож бүрдүүлэх, тухайн орон нутгийн харьяалал бүхий иргэний нэр дэвших, сонгогдох эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн С аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Гуравдагч этгээд А.Бгийн “У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ардчилсан намаас нэр дэвшигч А.Бг түр түдгэлзүүлэх тухай 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагын тухайд:

 

4.1. Дээр дурдсанчлан С аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг тус хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор нэр дэвшигч А.Бгийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоныг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

 

4.2. Харин С аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар тогтоолоор “А.Бг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй” болгосон ба тогтоолын 2 дугаар заалтаар “...34 дүгээр тогтоолын А.Бд холбогдох хавсралтад дурдсан хэсгийг хүчинтэйд тооцсугай...” гэснээр гуравдагч этгээдийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

4.3. Үүнээс үзвэл, гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргахаас өмнө уг маргаан бүхий тогтоол нь хэдийнээ хүчингүй болсон байх тул тус бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 73 дугаар зүйлийн 73.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С аймгийн У сумын Монгол ардын намын хорооноос тус аймгийн У сумын сонгуулийн хороо (Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал)-нд холбогдуулан гаргасан “С аймгийн У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд А.Бгаас гаргасан “У сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ардчилсан намаас нэр дэвшигч А.Бг түр түдгэлзүүлэх тухай 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                           

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

           

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА