Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/257

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Т.Мижиддорж, хохирогч Г.Г, шүүгдэгч Т.Ү , түүний өмгөөлөгч Д.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02552 1805 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овгийн Т.Ү , 1986 оны ** дүгээр сарын **-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 сар 23 хоногийн ялын хугацаа дуусахаас өмнө 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тэнсэн суллагдаж, ялын хугацаа дууссан;

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, 3 жил 7 сар 15 хоногийн хорих ялаас өршөөн хэрэгсэхгүй болгосон;

- Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 50 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэгдэл эд хөрөнгө хураах ялаас чөлөөлөгдөж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

- Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэгсэхгүй болгосон;

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 20 хоногийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар 8 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Ү нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны ард хохирогч Г.Г-оос “ХААН банкны картыг нь түр ашиглаад өгье” гэж картыг нь хууран авч түрийвчээс нь 60,000 төгрөг, картаас 1,140,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, И овгийн Т.Ү  нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны ард хохирогч Г.Г-оос “ХААН банкны картыг нь түр ашиглаад өгье” гэж картыг нь хууран авч түрийвчээс нь 60,000 төгрөг, картаас 1,140,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Г.Г-ын “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах яармагийн эцсээс өөрийн эзэмшилд байдаг *** улсын дугаартай цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байтал 11 цагийн орчим нэг залуу гар өргөөд миний машинд суусан. Тэгээд тухайн залуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал хүргүүлнэ гэж хэлээд суусан юм. Тэгээд гар утсаараа хэн нэгэн хүнтэй яриад байгаа бололтой байсан бөгөөд тухайн хүнтэйгээ дэлгүүрийн арын байрнаас лангуу авах гэж байгаа талаар хэлж байсан. Таван шарын автобусны буудлын ард нэг байрны гадаа зогсоод “ахаа таны данс руу одоо 1,500,000 төгрөг орж ирэх байх. Манай ээж явуулах юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залууд өөрийнхөө ХААН банкны дансны *** тоот дугаарыг хэлж өгсөн. Тэгтэл нөгөө залуу надад “та ХААН банкны картаа өгчих, мөнгө шилжүүлье” гэхээр нь би тухайн залууд өөрийнхөө картыг өгсөн бөгөөд нууц кодоо хэлчих гэхээр нь би *** гээд кодоо хэлж өгсөн. Тэгээд би машинаас буугаад арын багажид байсан хогоо хогийн цэг рүү хаячхаад машиндаа иртэл нөгөө залуу машинаас буугаад явчихсан байсан бөгөөд машин дотор байсан миний түрийвчнээс 60,000 төгрөгийг хулгайлаад явсан байсан. Харин машины түлхүүрийг багаж руу шидчихсэн байсан. Тэгтэл миний ХААН банкны *** тоот 13 цагийн орчим данснаас 1,100,000 төгрөг, удалгүй дахиад 40,000 төгрөгийг АТМ-д уншигдаад удалгүй гарчихсан байсан. Би тухайн залуу харвал шууд танина. Тухайн залуу 35-40 орчим насны, бор царайтай, хар өнгийн савхин хүрэм, цэнхэр өнгийн малгайтай байсан. Одоо надад нийт 1,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 26 дахь тал);

- 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Г.Г-оор гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-20 дахь тал);

- Хохирогч Г.Г-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 09 минутад 1,100,000 төгрөг, 13 цаг 11 минутад 40,000 төгрөгийг АТМ-ээс зарлага гарсан...” тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал)  зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Т.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй...” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдсан байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Ү-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Т.Ү нь хохирогч Г.Г-ын ХААН банкны *** тоот данснаас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 09 минутад 1,100,000 төгрөгийг, 13 цаг 11 минутад 40,000 төгрөгийг гарган авсан, мөн түрийвчнээс нь 60,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу нийт 1,200,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч Т.Ү нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсэн атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч явсан, өөрийн өмч хөрөнгө мэтээр захиран зарцуулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан бөгөөд мөн хуульд заасан өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Ү-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Т.Ү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.       Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Т.Ү гэм буруу дээр маргадаггүй, хохирлоо төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулаагүй, хувийн байдлыг харгалзан үзээд хамгийн бага ялын саналыг гаргаж байна. Өмнө нь 3 жил 4 сар 7 хоногийн эдлээгүй үлдсэн ялтай. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан дүйцүүлэн сольж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног хорих ял болгож, урьд эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 7 хоногийг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 7 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч өмнө нь нэг удаа алдсан. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг. Одоо л яг амьдрал нь жигдэрч яваа хүүхэд. Эхнэр нь жирэмсэн, Зүүнхараад амьдардаг. Хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эцэг нь хавдартай. Заавал асаргаанд байх шаардлагатай. Т.Ү хотод аавтайгаа хамт амьдардаг. 10-н жилийн сургуульдаа олон тэмцээн уралдаанд орж, шагнал авч байсан. Одоо бол амьдрал нь төөрч яваа л хүн. Түүний эдлээгүй үлдсэн 2 сарын л хугацаа байна. Ар гэрийн байдал хэцүү байна. Т.Ү-г явчихаар ард нь үлдэж байгаа настай хүн яах билээ. Тиймээс шүүгдэгч Т.Ү-д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Ү : “...энэ гэмт хэргийг хийсэндээ харамсаж байна. Би одоо хөгшин настай аавтайгаа амьдардаг. Өмнө нь гаргасан алдаагаа ухаараад ажил хөдөлмөр хийж байсан. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

2.2.      Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Ү-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55-56 дахь тал), Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3913 тоот албан бичиг (хавтаст хэргийн 57 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 58-59 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 60-62 дахь тал), Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 63-65 дахь тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 66-78 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 79-88 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 89-102 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 103-109 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 110-127 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЦХШЗ/301 дугаартай захирамж (хавтаст хэргийн 148 дахь тал), Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6/6 дугаартай захирамж (хавтаст хэргийн 151 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ЦХШЗ/24 дугаартай захирамж (хавтаст хэргийн 154-155 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Т.Ү нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Т.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Харин шүүгдэгч Т.Ү нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар 8 хоногийн хорих ялаар шийтгүүлжээ. Яллагдагч Т.Ү г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангид хоригдож байхад нь энэ гэмт хэрэг илэрсэн байх ба түүнийг уг хорих ангиас Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 461 дүгээр хаалттай цагдан хорих ангид шүүгчийн захирамжаар шилжүүлэн авчирч, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Иймд түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 9 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгүүлэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 10 (арав) сар 9 (ес) хоногоор тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Т.Ү-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ү нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.И овгийн Т.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Т.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Т.Ү-д энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун наян цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон түүний урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 8 (найман) сар 9 (ес) хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 (нэг) жил 10 (арван) сар 9 (ес) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү д оногдуулсан 1 (нэг) жил 10 (арван) сар 9 (ес) хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ү-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 44 (дөчин дөрөв) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ү нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.Ү-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ү-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА