Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/195

 

      2023         02           10                                  2023/ШЦТ/

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч А.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Энхбатад холбогдох 2308002120156 эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт

 

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч А.Энхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

 тоотод хохирогч Б.Батдэлгэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэвлийн тус газарт нь 2 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал : 

      

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч А.Энхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45-6-4 тоотод хохирогч Б.Батдэлгэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :       

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан.... 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганаран 45-6-4 тоотод Б.Батдэлгэр нь согтуу хүмүүст зодуулсан гэх....тэмдэглэл, шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3, 5 дахь тал/,

- хохирогч Б.Батдэлгэрийн...Би 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шөнө ээжийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 45-6-4 тоотод эхнэр, ээж, төрсөн ах, хүргэн Энхбат нарын хамт очсон, бид нар 4 шил архи уусан. Гэтэл эхнэр Отгонбаяр, хүргэн Энхбат 2 үл ялих зүйлээс болж маргалдаад байхаар нь больцгоо та нар гээд уурлаад эхнэр Отгонбаярыг аваад гэрээс гарах гэтэл хүргэн Энхбат намайг цамцнаас заамдаж авсан, салгасны дараа намайг зогсож байхад Энхбат хөлөөрөө өшиглөөд миний гэдэс хэсгийг оносон, би хагалгаа хийлгэсэн бие муутай учир хагалгааны шарх маань хөндөгдөөд эвхрээд тонгойсон чинь Энхбат дахиж миний гэдэс рүү өшиглөсөн...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн чинь та эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж хэлсэн тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 хоног эмчилгээ хийлгэж хэвтэж байгаад эмнэлгээс гарсан. Би өөрөө Улсын төв 1 дүгээр эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвд хяналтад байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 18-23 дахь тал/,

            - гэрч Б.Болормаагийн...тухайн үед Батдэлгэрийн уур нь хүрээд сандал авч эхнэр лүүгээ далайгаад ална шүү гэсэн чинь манай нөхөр А.Энхбат боль гээд голоор нь орсон, тэд харилцан заамдалцсан, давхралдаж унасан, манай нөхөр доор нь орж унаад тэгэхдээ хөлөөрөө Батдэлгэрийн гэдэс рүү жийчихсэн тэгтэл манай ах Болдбаатар тэднийг салгасан, Батдэлгэр манай ээжийн орны урд талын буйдан дээр сууж байтал А.Энхбат гүйж очоод Батдэлгэрийн гэдэс рүү жийчихсэн тэгтэл Батдэлгэр атиралдаж унаад орилоод цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-40 дэх тал/,

- шинжээчийн дүгнэлт: Б.Батдэлгэрийн биед хэвлийд зөөлөн эдийн няцрал, цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

- шүүгдэгч А.Энхбатын...тухайн үед Батдэлгэр эхнэрийгээ явъя гэхэд Отгонбаяр бас явахгүй байтал Батдэлгэр сандал авч эхнэр лүүгээ далайгаад ална шүү гэхээр нь голоор нь орж Батдэлгэрийг заамдаж автал Батдэлгэр зөрүүлээд намайг заамдсан тэгээд бид 2 давхралдаад доор нь орж унахдаа хөлөө нугалсан байсан учир миний өвдгөн дээр Батдэлгэр гэдсээрээ дарж унаад жийсэн, Болдбаатар салгахад Батдэлгэр унтлагын өрөөний буйдан дээр сууж байхад нь гэдэс рүү өшиглөтөл атиралдаж унаад, орилоод цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-86 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт : 

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч А.Энхбатын гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Б.Батдэлгэрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-82-86, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.

Иймд шүүгдэгч А.Энхбатыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :      

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь хохирогчид 800.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 411.000 төгрөг төлсөн байх тул /хх-21-23, 48, 88, 93, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Тус гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгааны хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүссэн байсан, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-38-40, 60, 63-69, 84, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхбатыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

 

1. Шүүгдэгч А.Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А.Энхбатад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхбатад оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхбатад оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай. .

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР