Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 20

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах “О” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, Б овогт Д.Т-д холбогдох,

“Орон сууцны хэрэглээний төлбөр 1,068,080 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орон сууцны хэрэглээний төлбөр болох хогны төлбөр, халуун хүйтэн ус түүнийг шахах насосны цахилгааны төлбөр, дулаан үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрс, орцны гадна дотно цэвэрлэгээ түүний цалин зуухны ажилчдын цалин зэрэг зардлуудыг урт удаан хугацаанд төлөөгүйн улмаас цаашид нүүрс худалдан авалт, ажилчдын цалингийн өглөг зэргээс үүдэн тус байрны дулааныг өгч чадахгүйд хүрсэн хүндрэл учирч байгаа болно. Д.Т нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 25-ны хооронд нийт 1,063,080 төгрөгний авлагыг удаа дараалан нэхэмжлэх хүргүүлсэн боловч төлж барагдуулаагүй тул зохих хуулийн дагуу манай компаний нэхэмжилсэн авлагыг авахтай холбогдсон тэмдэгтийн хураамжийн зардлын хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суугч иргэн Д.Т-с орон сууцны төлбөр болох 1,063,080 төгрөгний авлагыг нэхэмжилснийг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн манай компани талархаж байгаагаас гадна шүүхийн гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлье” гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Т би “О” ХХК-аас нэхэмжилсэн 1,063,080 төгрөгийг 2019 оны 03 дугаар сард багтаан төлж дуусгасан байна. Тус компаний захирал Б-тай уулзаж харилцан тохиролцсон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Д.Т-д холбогдуулан орон сууцны хэрэглээний төлбөр 1,068,080 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага орон сууцны хэрэглээний төлбөр 1,068,080 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч “О” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 30,064 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 15,032 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас 50 хувь болох 15,032 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага орон сууцны хэрэглээний төлбөр 1,068,080 төгрөгийг хариуцагч Д.Т нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,064 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 15,032 төгрөг, хариуцагч Д.Т-с 15,032 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                              Б.Н